Шууд Chart

Монголын хамгийн анхны кино "Монгол хүү"

2020-12-28 18:00:13

Өнөөдөр буюу жил бүрийн 12 дугаар сарын 28-нд “Олон Улсын киноны өдөр“ тохиодог билээ. Тийм учраас та бүхэнд Монголын хамгийн анхны кино “Монгол хүү” киноны талаар танилцуулъя.

“Монгол хүү” киноны гол утга агуулга нь бид бүхэнд тусгаар тогтнол, эх орны үнэ цэнэ, монголчуудын үнэт зүйлийг ойлгуулж ухааруулахад оршдог.

Тус кино нь 1935-1936 онд хийгдсэн бөгөөд “Аршийн мод ” Монгол ардын үлгэрээс сэдэвлэн бүтсэн байдаг. Шороотын Цэвээн хэмээх Архангай аймгийн нэгэн цайлган сэтгэлт, итгэмтгий, дайчин зоригтой малчин эр, зальхай хятад данжаад Буяндалай, бадарчин лам хоёрт хууртагдан өөрийн дурлалт бүсгүй Дулмаатай гэрлэн, аз жаргалтай амьдрахын тулд шидэт модны эрэлд харь газар буюу Японы эзлэн түрэмгийлэгч, милитаристуудын нөлөөний хүрээнд орсон Өвөр Монголын Цахар нутгаар аялан явдаг. Тэрбээр зовлонд учран, тэндэхийн хар шар феодал, засаг ноёд нь харийн эзлэн түрэмгийлэгчидтэй нийлж, хэрхэн ард түмнээ мөлжин дарлаж буйг харж, эцэст нь төрөлх БНМАУ нутагтаа эргэн ирснээр бүрэн эрхт тусгаар тогтносон, зол жаргалын дээд болсон хичнээн сайхан улс эх оронд амьдарч буй гэдгээ ойлгон ухаарч буй тухай гардаг юм.

1937 онд энэхүү киног хийсний дараа МАХН-ын Төв Хороо, Засгийн газраас “Ард” кино театрыг байгуулж “Монгол хүү” киног гаргаж байжээ. Гэтэл тухайн үед хэлмэгдүүлэлт эхэлж байсан учраас Төв хорооноос “Монгол хүү” киног гаргахыг хориглосон байна. Учир нь энэхүү кинонд тухайн үеийн Архангай аймгийн эсэргүү лам нарыг үзүүлсэн, гол дүр Цэвээн нь улсын хилээр зөвшөөрөлгүй гарч байгаа, гадаад улсад оргон гарсны дараа буцаж ирээд Засгийн газарт хууль бусаар авирлаж байна гэж шүүмжилсэн. Тийм учраас тус киног дахин гаргахыг хориглосон байна.

Энэхүү киноны сонирхолтой баримтаас дурдахад Шороотын Цэвээн энэ кинон дээр нэгэн бөхийг давж буй хэсэг гардаг. Тэр бөх нь Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Улсын арслан Лундаа хэмээх Лундаажанцан бөгөөд кино зураг авалт хийх үеэр “Монгол бөхөд худал унаж, бууж өгдөг ёс байхгүй. Жинхэнээсээ барилдаад намайг хаявал хая” гээд хөлс мөнгө амлан хичнээн гуйгаад ч хөдлөөгүй гэдэг. Найруулагч олон удаа гуйсны эцэст тус зураг авалтыг хийжээ. Кино гарсны дараа Лундаа арслан “Надад ганцхан удаа унана гэж хэлсэн. Гэтэл кино гарах болгонд л унаад байна. Энэ хэсгээ хас. Хөлс мөнгөө буцааж ав” гэж гомдол мэдүүлж байжээ.

Мөн энэхүү кинонд 1930-аад оны үед Ар, Өвөр Монгол нь улс төр, нийгэм, соёлын зааг ялгаа ямар их болсныг харуулжээ. Гэсэн хэдий ч тус кинон дээр Өвөр Монголын Цахар нутагт ард иргэд нь ихэнх нь Монгол үндэстэн байсныг харуулдаг.
Мөн Японы эзлэн түрэмгийлэгч, милитаристууд Өвөр Монголын Цахарын хар, шар феодал, ноёд түшмэдтэй нийлж ард олныг хэрхэн тамлан зовоож буйг болон тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа алдсан ард түмний эмгэнэлт байдлыг харуулсан байдаг. Манж Чин улсын үеийн бүрэлдэхүүнд адил байсан Ар, Өвөр Монгол, 1911 оноос хойш эрс өөр замналаар явж, Ар Монгол нь тусгаар тогтнолоо тунхаглаж, 1921 онд Ардын хувьсгал ялан 1924 онд БНМАУ байгуулагдсанаар хичнээн их аз завшаан, ололт амжилттай үйл хэрэг байсныг тодотгон харуулж, бүрэн эрхт улс, тусгаар тогтнолын үнэ цэнийг Монголын ард түмэнд ойлгуулах утга агуулгатай юм.

Эх сурвалж: Соёл, урлагийн газар 


Монголын хамгийн анхны кино "Монгол хүү"   
Үзсэн: 4820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-11-16 20:26
гоё
Зочин [127.0.0.xxx] 2022-11-16 20:26
ншүорш

Бидэнтэй нэгдээрэй