Шууд Chart

Монгол адууны тухай бас нэгэн гайхалтай түүх

2022-11-16 09:39:21

Уншихаар нүдэнд нулимс бүрхэж исгэрэх сум гал төмрийн там дундуур чихээ хулмайлган давхиж буй гайхамшигт Монгол морьд минь харагдах шиг.

1990 оны эхээр Герман явж ирсэн нэгэн хүний дурсамжаас уншигч танаа хүргэе.

Тэрбээр “Анх удаа  Герман Улсад хөл тавьж баруун гэдгийг үзэж ангайж билээ. Тэгээд буцах болж манай нэг нөхөр Опель маркын машин хямд аваад тэр үеийн жишгээр хөлөөр нь Москва оруулаад ачуулахаар гарцгаалаа. Хил давахдаа Беларуссын Гродно боомтоор гарлаа. Оросоос арай хямд хахууль нэхээд байхгүй гайгүй газар байсан даа тэр үедээ.  Тэгээд бид явсаар нийслэл Минск хотод ирлээ. Нэг танил оросындоо түр буув. Хямдхан дэн буудал олж тухалж амарлаа. Гэтэл машин маань жаахан эвдрэл гараад ойр байх засварын газар очиж янзуулж засууллаа. Машинаа засахыг хараад л хүлээж сууж байтал нэг том "Краз" орж ирэв. Жолооч нь ч бууж ирээд манай машиныг сонирхож байна. Том нүсэр биетэй эр байлаа ёстой л Кразны л жолооч гэмээр. Тэр үед Беларуссд ч барууны тэрэг ховор байсан үе л дээ. Тэгснээ мань эр бидэн дээр ирж яриа өдөн хөөрөлдөв. Биднийг Монголоос яваа гэдгийг дуулаад их л сонирхож хаана буусан гэж асууж байна. Тэгснээ "Та нартай ярих яриатай хүн дээ би" гэх юм.

Бид ч буусан буудлаа зааж өглөө. Орой буудалдаа ирээд хоорондоо ярилцав "Тэр оросд буудлаа зааж өгсөн нь зөв үү" гээд л жаахан хардаж байв. Манай орос хэлтэй нөхөр "Гайгүй байхаа тохитой хүн харагдана билээ" л гэж байна.

Тэр яриагаа тэгсгээд мартав, хоолоо идчихээд амархаар бэлтгэж байтал хаалга тогшлоо. Хэн байдаг билээ гээд л онгойлговол нөгөө аварга орос эр тортой юм барьчихсан "Орж болох уу" гээд л зогсож байна. Бид ч яахав ор ор л гэлээ. Мань эр орж ирээд л орос ёсоор мэндлээд торноосоо нэг шил водка бас даруулга бололтой идэх уух юм гаргаж ирээд ширээн дээр өрж эхэллээ. Тэгээд биднийг ширээнд урьж суулгаад нөгөөхөө задалж аягаллаа. Бид ч талархаад хийж өгснийг нь татчихаад юмнаас нь идэв. Янзтай сайхан орос даруулгууд байлаа "Нэрлээд ч яахав нэрэлхээд ч яахав" гэдэг л боллоо.

За тэгээд мань Орос яриагаа эхэллээ. “Би Минскээс холгүй нэгэн тосгонд төрсөн хүн. Манай тосгон тиймч том биш бас баян ч биш байдаг л нэг тосгон. Дайны хөлд нэлээн сүйрч амьдрал дорой талдаа байлаа. Дайн дуусах үед би жаахан хүү байлаа. Манайх их л ядуу айл байсан юм. Нэг удаа тосгоны зөвлөл дээр дайнаас (фронтоос) ирсэн морьдыг ардуудад тарааж байгаа тул “Ирж морьдоо сонгож аваарай” гэсэн зар дуулгалаа. Аав маань явлаа гэтэл гай ч гэхүү аз ч гэх үү замд нь хэдэн танил нь таарч архи ууцгаажээ. Аав маань балгах дуртай эр байсан даа хөөрхий. Тэгээд халамцуу юм салгалсаар оройхон Зөвлөлд очиж. Тэнд ирсэн хамаг морьдыг нь хүмүүс аваад явчихаж, ганц жижигхэн хар морь л байна гэнэ. Морьдыг авчирсан цэргийн дарга эр бичиг дансаа янзлан буцахдаа бэлдэж байгаа бололтой байж. Тэгснээ аавыг хараад "За та энэ морийг л авна даа" гэхэд аав ундууцан "Энэ муу давжаа хар юмыг морь гэх үү, больё" гэхэд нөгөө дарга "Энэ бол Монгол морь Берлин хүрсэн хүлэг шүү. Та авсандаа харамсахгүй ээ" гэж. Аав ч бодож байснаа хоосон очвол ээжид загнуулна гэдгээ санаад нөгөө морийг авч дээ. Тэр цагаас хойш тэр Монгол морь манай гэр бүлийн хүндэт гишүүн болж билээ. Аав түүнд "Монгол" гэдэг нэр өглөө. Манай "Монгол" их чадалтай хавар газар хагалахад анжис чирээд ганцаараа манай талбайг хагална. Өмнө нь манай талбайг хагалахад хоёр тоомсог морь шаардлагатай байлаа. Гэтэл Монгол ганцаараа энэ ажлыг тоох ч үгүй дуусгана. Дээрээс нь хажуу айлуудын газрыг хөлсөөр хагална. Эцэж цуцахыг мэдэхгүй. Аав түүнтэй айлуудын газрыг хөлсөөр хагалж нэлээд мөнгө олдог байв. Монгол ачаа даахдаа гарамгай дэнхийтэл ачсан будаатай тэргийг тоох ч үгүй чирээд явна. Уг нь хоёр морь хөллөж байж л даадаг ачаа. Монгол хашаа хороонд дургүй зад дайраад гараад явчихна. Өөр тоомсог морьдтой нэг жүчээнд хийчихвэл зодолдоод сүйд хийнэ. Дураараа л сул явах дуртай. Өөр орос адуутай нийлэхгүй ганцаараа л явна. Манай ааваас өөр хүнийг өөртөө ойртуулахгүй. Аав л унана өөр хүнийг нуруун дээрээ гаргах ч үгүй. Аав нэг удаа тосгоны эрчүүдтэй "Монголын нуруун дээр хэр удаан тогтох вэ" гэж мөрий хүртэл тавьж,  аав л их “юм” олсон. Өвөл бол ууланд л явж байна тэжээл овьёос хэрэггүй. Гэтэл айлууд тоомсог адууныхаа тэжээлд их мөнгө зардаг байлаа. Манай тэнд чоно их байлаа. Нэг удаа аавыг ууланд очиж морио авахаар очиход Монголд тархиа хага тангаруулсан залуу чоно хэвтэж байсан гэдэг. Тэгээд Монгол улам их алдартай хүмүүсийн хүндлэл хүлээсэн адуу болсон доо. Өвөл тосгоны дундуур цан хүүрэг болчихсон сагсайсан зэрлэг “юм” сүртэй алхана. Хүмүүс "Хараач тэр Монгол явж байна" гэж шуугилдахад хүүхдүүд харах гэж гүйлдэнэ. Аав минь Монголдоо их хайртай. Түүнийг ирсэнээс хойш манай амьдрал өөдөлж бүр чинээлэг айлын тоонд орсон байлаа. Ээж минь "Энэ жижигхэн хар морь манай амьдарлыг ивээх гэж явуулсан бурханы элч" гэдэг байлаа. Аав халамцуу үедээ "Ийм морийг хүмүүжүүлсэн тэр хүмүүст талархах юмсан мундаг хүмүүс байгаа даа. Даанч би амьддаа чадахгүй байх хүүхдүүд та нар минь л тэр талархлыг дамжуулаарай" гэдэг байж билээ. Би сургуульд сурахаар тосгоноосоо явлаа. Аав Монголоо хөллөн тэргээрээ хотод хүргэж өгсөнсөн. Олон жил өнгөрч би ч том болж, Минскт амьдрах болсон юм. Нэг удаа ааваас захиа ирлээ. Монгол маань өнгөрсөн байлаа. Сүүлдээ хөгшрөөд жүчээнд байдаг болсон юм хөөрхий минь: Тэгсэн жүчээндээ зогсоогоороо үхсэн байсан гэнэ билээ. Аав их л гашуудаж байсан ч удалгүй мөн л Монголынхоо араас явсан хөөрхий” гээд дуугүй боллоо.

Тэр өндийж өврөө уудалсанаа хуучин гэрэл зураг гаргаж ирлээ. Нэгэн хөгшин эр жижиг биетэй хар морины хамт авхуулжээ. Мань эр “Ааваас минь үлдсэн ганц зураг даа.  За би ингээд аавынхаа гэрээслэлийг биелүүллээ. Монгол хүнтэй уулзаж мориных нь тухай дуулгалаа. Та нар манай Монгол шиг жижиг биетэй ч их айхтар улс бололтой. Хаа холын Германаас хуучин машин унаад явж байдаг” гээд хундагаа өргөхдөө Монгол морины төлөө, түүнийг минь хүмүүжүүлсэн баатарлаг ард түмний төлөө" гээд хүртэж билээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол адууны тухай бас нэгэн гайхалтай түүх  
Үзсэн: 1699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй