Шууд Chart

Д.Баярсайхан: Аавыгаа би баярлуулж амжсандаа бахархдаг

2022-12-13 12:41:33

МИНИЙ АНХНЫ МЭРГЭЖИЛ ЭСГҮҮРЧИН

МҮОНРТ-ийн “MNB Sport сувгийн ахлах редактор, БНМАУ-ын хөлбөмбөгийн спортын мастер, спортын сэтгүүлзүйн анхны магистр, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Дашхүүгийн Баярсайханыг энэ удаагийн “Редакцийн зочин” буландаа урилаа.

Түүнийг үеийнхэн болон ах нар нь “Бүдүүн” Баяраа гэж хочилдог ч ер тоодоггүй. Учир нь “Миний энэ хочыг аав минь өгсөн юм. “Тунгалаг тамир” кинонд “Аавын минь өгсөн хоч шилийн сайн эр болсон ч дагах юм даа” гэж киноны гол дүрүүдийн нэг “Хоовон хөх хочит” Хонгор хэлдэг. Түүнтэй адил “Аав минь намайг багад өгсөн “Бүдүүн” Баяраа хоч Үйлдвэр комбинат, 120 мянгатаас телевиз хүртэл дагаж явна” хэмээн бахархангуй хэлсэн юм. Түүнтэй хөлбөмбөг ярихгүй бол бараг “алдас” болно. Тиймээс яг одоо үргэлжилж буй “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ээр яриагаа эхэлсэн юм.

"Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ өндөрлөхөд хэдхэн хоног үлдлээ. Энэ спортыг шимтэн үздэг хүний хувьд та аль улсын багийг түрүүлнэ гэсэн таамагтай байна вэ. Таны дэмждэг Бразилын шигшээ багийн тоглолтын талаар сэтгэгдлээ хэлнэ үү?

-Таван тивийн сая сая үзэгч олны хүсэн хүлээдэг спортын баяр наадмын нэг нь олимп, нөгөөх нь хөлбөмбөгийн ДАШТ. Миний хувьд дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ багийг дэмждэг нь үнэн. Энэ багийг дэмждэг болсон шалтгаан минь их учиртай. Миний бага нас 120 мянгатын 14 дүгээр байранд өнгөрсөн.

Д.Баярсайхан аав, төрсөн ах, дүү, авга ах, эгч, эмээгийнхээ хамт. Зураг дээр хамгийн баруун талд 7 настай Баяраа. Харин хамгийн баруун талд аяганд өндгөөр салатны майонез зуураад гашилгахгүй гээд барьж зогссон" Pele"-ийн зураг бэлэглэсэн эрхэм ах Д.Батчулуун нь.

Долоон настайгаасаа энэ багийг дэмждэг болсон юм. Тэр жил буюу 1978 онд Аргентинд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ийг Оросын төв “ОРТ-1” телевизээр үзэхэд эзэн орны баг аваргалж байлаа. Хожлын гоолыг нь урт гэзэгт Марио Кемпес гэдэг тоглогч оруулахад нь би “Энэ ямар мундаг довтлогч вэ. Энэ тэмцээнийг Монголдоо үзэж болох болов уу” гээд гайхаж асуусан. Тэр үед би аав, авга ах хоёртойгоо хамт үзэж байсан юм. Тухайн үед ЗХУ-ын Эрхүү хотод сурч байсан Д.Батчулуун ах “Энэ тэмцээн Монголд зохиогдоно, Монголчууд очиж үзнэ ч гэж юу байх вэ. Гэхдээ энэ гоё “юмыг” ахын дүү боломж гарвал үзэх хэрэгтэй шүү” гэж хэлж билээ. Ингээд удаагүй байтал Д.Батчулуун ах “Марио Кемпес мундаг тоглогч нь үнэн. Гэхдээ хөлбөмбөгийн хаан нь энэ” гээд хар арьстай хүний зураг өгсөн. Арагш нь эргүүлээд үзэхэд “Баяраа дүүдээ дурсгав. Дэлхийн хөлбөмбөгийн хаан Пеле” гэсэн байлаа. Тэгэхээр нь би хүүхэд байсан болохоор “Хаан нь хар царайтай хүн байдаг юм уу” гээд гайхаж хүлээж авсан. Тэгэхэд ах “Дэлхийд хөлбөмбөгөөр гайхуулдаг баг бол Бразил. Багаараа 1958, 1962, 1970 онд гурван удаа дэлхийн аварга болж, “Алтан дагина” цом авч, үүрд хадгалсан домогт баг. Энэ багийн гол хүн нь агуу Пеле” гэж танилцуулж байлаа. Түүнээс хойш би энэ багийг хамгийн мундаг нь юм байна гэж ойлгож, үзэж эхэлсэн.

-Тамирчны замнал чинь хэдэн оноос эхлэлтэй вэ?

-1981 онд “Хөдөлмөр” нийгэмлэгийн хөлбөмбөгийн секцэнд орсон. Анхны багш маань спортын мастер Б.Түмэндэмбэрэл, дараа нь дасгалжуулагчаар Р.Жамъян, Д.Рэндоо багш нар ажиллаж байсан. Ингээд уг спортынхоо тухай илүү ойлголттой болж, дараа жилээс нь “Испани-1982” ДАШТ-ийг телевизээр улам шимтэн үзэж эхэлсэн дээ.    

-Д.Батчулуун ахдаа хэлж байсан үг телевизээр ч болтугай биелжээ ...

-“Хит” энтертайнментийн захирал, сэтгүүлч Д.Давааням агсан бид хоёр нас чяцуу. 1979 онд найман настайдаа самар цөмөөд сууж байхдаа тэр надад “Найзынх нь мөрөөдөл алдарт Английн алдарт “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд “Queen” эсвэл “Битлз” хамтлагийн тоглолтыг дэргэдээс нь үзэх” гэсэн юм. Тэгэхээр нь би “Надад ч бас мөрөөдөл байгаа. Тэр нь хөлбөмбөгийн ДАШТ гэдэг агуу “юмыг” би хажуугаас нь үзэх юмсан” гэж ярьж байлаа. Тухайн үед тэднийх манайх хоёр Сэлбэ зуслангийн хойно урд аманд байрлах Хадатын зусланд гардаг байсан юм. Аж үйлдвэрийн комбинатын арьс ширний үйлдвэрийн лагерь гэсэн үг. Юм гэдэг сонин. 2000 онд Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газрын спортын “Чандмань” студид би дагалдангаар ороод сурвалжлагчаар гүйдэг болоод байлаа. Тэгэхээд найз маань “Хит” энтертайнментаа байгуулчихсан, телевизийн ерөнхий продюсероор ажиллаж байв. Нэг өдөр намайг өрөөндөө дуудаад “Найз нь чиний мөрөөдлийг биелүүлэх гэж байна. Япон, БНСУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг сурвалжлах баг Монголын телевизийн түүхэнд анх удаа явахаар боллоо. Үүнд “Хит” Даавка, комбинатын “Бүдүүн” Баяраа гэдэг хоёр хүн явахаар боллоо шүү” гээд хамтдаа нисэв. Би явахаасаа өмнө Д.Батчулуун ахад “Хөлбөмбөгийн ДАШТ-ийг би зөвхөн үзэх биш, сурвалжлахаар боллоо” гэж хэлтэл “Ахынхаа мөрөөдлийг цуг биелүүлээрэй” гээд нэг сая төгрөг өгч билээ. Тэр жилийн тэмцээнд миний шүтдэг Бразилын баг түрүүлж, тав дахь удаагаа цом өргөж байлаа. Харин энэ жил манай баг хожигдсон. Бөмбөг бөөрөнхий юм даа. Гэхдээ Өмнөд Америкийн Аргентины багийг түрүүлэх болов уу гэж харж байна.  

БНСУ-ын Сөүл хот. 2002 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ажиллагааны үеэр найз Д.Даваанямын хамт 

-Хөлбөмбөгийн спортын хувьд ийм байж. Харин спортын сэтгүүлч болоход юу нөлөөлөв ...

-1981 онд Монгол хүн анх сансарт нисч, улс даяар хөөр баяр болж байх үед би “Хөдөлмөр” нийгэмлэгт хөлбөмбөгийн секцэд орсон. Энэ тухай дээр хэлсэн дээ. Тэр цагаас энэ сайхан спортын амтыг мэдэрч эхэлсэн. Ингээд 1983 онд “Мини футбол” хотын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, улаан алаг (тухайн үеийн хэлдгээр Буратино) гидрээр шагнуулж билээ. 1985 онд “Арьсан бөмбөг” тэмцээнээс мөнгө медаль хүртэж, 1986 онд 15 настайдаа Монголын хөлбөмбөгийн домог “Хөдөлмөр” нийгэмлэгийн Идэрчүүдийн шигшээ багт харьяалагддаг болсон. Тэр цагаас хойш хотын аварга, УАШТ-ээс мөнгө, 1988 онд пионер сурагчдын спартакиадын хүрэл медаль хүртэж, 1989-1991 онд Зүүнбаянд хоёр жилийн цэргийн алба хаахдаа элсэн дээр хүртэл хөлбөмбөг тоглож түрүүлж байлаа.

Энэ үедээ “Алдар” нийгэмлэгт тамирчин цэрэг байснаараа маш их бахархдаг. Цэргээс халагдаж ирээд “Хөдөлмөр” нийгэмлэгтээ иртэл баг маань “Сор” клуб болсон байлаа. Тэнд би шигшээ багийн тамирчин, давхар эсгүүрчнээр ажилладаг болсон. Үслэг эдлэлийн “Сор” компани нь хонины нэхий, ангийн арьс боловсруулдаг, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргадаг 1500 ажилтантай Монголдоо томоохонд тооцогдох үйлдвэр байлаа. Миний хувьд нэхий дээл, бойтог, бээлий, тарвага, булган шүүб, хар үнэгэн зах, чонын арьсан дээл, нохойн арьсан дээл, зурман дээл зэргийг эсгэдэг байлаа. Би сэрүүний улиралд эсгүүрээ хийж, дулаан орохоор хөлбөмбөгийн тэмцээнүүдэд оролцдог байв. “Сор” компанид 1989-1999 оны хооронд ажилласан. Дээрх компанид эхлээд өөдөсний ялгагчаар ажлаад хоёр сар болж байхад “Сор” клубыг үүсгэн байгуулагч, дугуйн спортын ОУХМ С.Эрдэнэбаатар “Энэ хүнээр өөдөс ялгуулахгүй ээ. Эсгүүрчин болго” гээд анх удаа 281 гэдэг загварын эрэгтэй богино нэхий дээл эсгэж байлаа. Сүүлдээ сайжраад тарвага, булга, хар үнэг, кракул, зурам, чонын арьс гэх мэт үнэт арьсаар гоёмсог дээл эсгэсэн болсон. Одоо ч би цаасан дээр бээлний загвар зурж гаргаад оёж чадна шүү. Тэр үеэс одоо эсгүүрийн Герман хутга л үлдсэн байна.

-Тухайн үед таны хүчин зүтгэж байсан “Сор” клуб ямар амжилт үзүүлж байсан бэ?

-Манай клубт тухайн үеийн Монголын шороон талбайн алдартай мастерууд бүгд тоглож байсан. “Сор” клубыг тоглолтынх нь хувьд хөлбөмбөгийн хорхойтнууд “Монголын Бразил” ч гэж нэрлэдэг байсан. Бид тоглолтын (шар футволк, цэнхэр шорт, цагаан гидр) ганцхан өнгийн өмсгөлтэй байлаа. 1991 оны улсын аварга, 1992 оны Монголын бүх ард түмний спартакиадын хотын алт, улсын мөнгөн медаль, Монголын хөлбөмбөгийн цомын анхны аварга. Үүнээс гадна Монголын хөлбөмбөгийн багуудаас анх удаа хилийн дээс алхан ОХУ-ын Якутад Сибирийн бүсийн шилдэг баг “Локомотив-2” багтай тоглосон гээд олон амжилт хөвөрнө.

-Спортын сэтгүүлч болсон тухайд сонсмоор байна. Ямар тохироо бүрдэв?

-1996 онд Монголын анхны лигийн тэмцээн болоход “Бизнесийн чөтгөрүүд” багтайгаа мөнгөн медаль хүртсэн бол хоёр дахь лиг 1997 онд болоход “Дэлгэр” багт тоглож алтан медаль зүүж, цом өргөж билээ.

Харин 1999 онд Монголын хөлбөмбөгийн лигийн хамгийн шилдэг баг, аавын маань багын найз, алдартай дасгалжуулагч “сахал” хэмээх Л.Доржсүрэн багшийн удирдсан “Эрчим” багийн бүрэлдэхүүнд тоглож, лигийн дэд аварга болж байлаа. Энэ тэмцээний үеэр гуяныхаа хойд талын булчинг бэртээгээд гэртээ сар гаруй хэвтсэн. Тэгэхэд Анагаах ухааны дээд сургуулийн багшаар ажиллаж байсан улсын арслан П.Дагвасүрэн гуай миний хөлийг эмчлэхээс гадна ээж маань сүүлний тосоор иллэг хийж босгосон доо. 

"Бизнесийн чөтгөрүүд" багийн хамт.

Тэр үед нөхөр “Хит” Д.Давааням манайд ирээд “Баяраа минь чи бүр хөлгүй болох нь. Олон жил ширэн бөмбөг хөөсөн үр шимээ өөр юманд гарга” гээд алдартай найруулагч Б.Бадар-Ууган багшийн үүсгэн байгуулсан Радио телевизийн дээд сургуульд конкурс өгүүлж, би ч тэнцсэн. Тэр жил 100 гаруй хүн шалгалт өгөхөд би гуравт жагссан байсан. Тийнхүү 2002 оны хавар сургуулиа төгсч, ачтай буянтай ажилдаа хөл тавьсан даа. Гэхдээ БНСУ-руу хөлбөмбөгийн ДАШТ-ийг сурвалжлахаар явж байхдаа сургуулиа төгсч амжаагүй байлаа. Мэдээгээ телевиз рүүгээ өгчихөөд телевизийн Ө.Нарангэрэл захирал руу залгаж, “Нараа даргаа би ДАШТ-ий эхний мэдээгээ телевиз рүүгээ скайтелийн “ОО-2” шугамаар утсаар өгч байна аа” гэхэд “Сайн байна аа. Чамайг Монголын үндэсний телевизийн “Чандмань” студийн редактороор тушаалыг чинь гаргалаа” гэж билээ. Тэр үед Ө.Нарангэрэл дарга Алтан гадас одонгийнхоо найрыг хийж байсан юм билээ. Бусад багш нартаа ч хэлж, баяраа дуулгахад тэд хамт байгааг нь мэдсэн. Тэр өдрөөс эхэлж би энэхүү байгууллагынхаа босгыг бүтэн алхсан даа.

ХҮҮХЭД БАЙХДАА БОГД УУЛНААС САМАР ШУУДАЙЛЖ ЗАРЖ ҮЗСЭН

-Гэхдээ та одоо ч хөлбөмбөгөө орхиогүй шүү дээ. Ахмадын УАШТ-д өрсөлдсөөр байгаа ...

-Тийм ээ. Ахмадын УАШТ-ээс олон медаль хүртсэн. Хүүхэд байхдаа хурдаараа тоглодог байсан бол одоо санаа, туршлагаараа тоглодог болсон байна. 1989-1991 оны хооронд Зүүнбаянд цэргийн алба хааж байхдаа 71 кг жинтэй, армийн марш тактик тэмцээнд туг баригч буюу чиглүүлэгчээр гүйдэг байлаа. Тэгж бодохоор адуу мал шиг л гүйдэг байсан шиг байгаа юм. 1999 онд ч лигээс мөнгөн медаль хүртэхдээ тэр хэмжээндээ байсан бол 2003 онд телевизийн шигшээ багт тоглохдоо 90 орчим кг жинтэй болж, сонирхогчдын тэмцээнд орж эхэлсэн. Тэр жилийн “Хөлбөмбөг-Эв нэгдэл” тэмцээнд түрүүлсэн. Харин энэ жил МҮОНРТ-ийн 88, 55 жилийн ойн нэрэмжит хэвлэл мэдээлэлийн байгууллагуудын дунд болсон хөлбөмбөгийн тэмцээнд байгууллагынхаа залуучуудтай нэг баг болж мөн түрүүлсэн.  

-Таны аав ээж ямар мэргэжилтэй, спорт сонирхдог хүмүүс үү?

-Аав ээжийгээ ярихаар гоё санагддаг юм. Би ерөөсөө л Аж үйлдвэрийн комбинат, Арьс ширний үйлдвэр, Цагаан хаалга, Богд хааны музей, танктай хөшөө, Зайсан толгой, Богд уул, Туул гол орчимд өссөн. Ажилчны районы хүүхэд. Манай байранд ардын жүжигчин, нэрт найруулагч Д.Чимэд-Осор, илбэчин Х.Цэнд-Аюуш, БНМАУ-ын анхны улсын баатар Ш.Гонгор, ардын жүжигчин, төгөлдөр хуурч Д.Мяасүрэн гуай нарын зэрэг хүмүүс амьдарч байлаа. Телевизийн салбарт ороход тэд ч нөлөөлсөн байж магадгүй. Манай эмээг Л.Бямбажав гэдэг. Завхан аймгийн Сонгино сумын харьяат хүн байв. 1921 оны хувьсгалын жил Улаанбаатар хот руу хоёр дүүтэйгээ орж ирсэн гэдэг. 1934 онд Аж үйлдвэрийн комбинатын тулгын чулууг тавилцсан буурал байсан. Эмээг тэнд ажиллаж байсан болоод ч тэрүү аав маань 16 насандаа Аж үйлдвэрийн комбинатын том ширний үйлдвэрт орсон Б.Дашхүү гэдэг хүн байсан. Таван балчир дүүтэй байсан болохоор ажилд эрт орж л дээ. Ажлынхаа зэрэгцээ “Хөдөлмөр” нийгэмлэгийн хөлбөмбөгийн багийн долоон номерийн тоглогч байж. 1976 онд хуучнаар Чехословак Улсад мэргэжил дээшлүүлэхээр явсан байдаг. Аавын үндсэн мэргэжил Аж үйлдвэрийн комбинатын арьс ширний будгийн оператор. Үндсэндээ нэхий, ширний өнгийг гаргадаг нарийн технологитой ажил. 1976 онд гадаадад сурч байхдаа Чехословакийн нийслэл Прага хотод хуучнаар ЗХУ, Канадын шигшээ баг хоорондын хоккейн тоглолтыг үзсэн байгаа юм. Тэгэхдээ надад резинэн жижиг шайб, цохиур мод авч ирж байлаа. Ээжийг Л.Цэрэнбадам гэдэг. Савхин эдлэлийн үйлдвэрт эсгүүрчин мэргэжилтэй хүн бий. Найман сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн нэг, хоёрдугаар одонтой буурай бий.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Дашхүүгийн Баярсайхан аав, ээж, ах, дүүсийн хамт 

-Тэгэхээр та ээжийнхээ мэргэжлийг анх эзэмсэн хүн байх нь ээ ...

-Тийм. Эсгүүрчин мэргэжил маш нарийн ур чадвар, мэдрэмж шаарддаг ажил. Тэр дундаа үслэг ангийн арьс бол үсний ширхэг, өнгө, сор зэргийг тааруулж, олон арьсаар нямбай эсгэдэг нарийн технологитой. Одоо энэ мэргэжлээр хүн сургахаа больжээ. Үйлдвэр нь ч алга.

-Би энгийн асуулт асууж байж ч мэднэ. Гэхдээ сэтгүүлч мэргэжлээрээ бахархаж, ижий аавдаа өөрийгөө цэнхэр дэлгэцээр харуулахад хэрхэн хүлээж авсан бол ...

-Дахиад л түүх ярих нь дээ (инээв.сурв). 1986 онд намайг идэрчүүдийн хотын аварга болоход аав маань дөрвөн литрийн бидонд хар цай хийчихээд үзээд сууж байсан. Харин 1997 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөөх тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд “Эрчим”, “Дэлгэр” багийн хооронд 15:00 цагаас эхэлнэ гэж байхад аав маань “Миний хүү аавынхаа мөрөөдлийг биелүүлэх гэж байна даа” гээд нисэхээс Москвич машинаа хөлөглөөд ирнэ гэж байсан юм. Би тэр үед “Дэлгэр” багт тоглож байсан бөгөөд алтан медаль хүртэж чадлаа. Хамт олонтойгоо хөөрч догдлоод байж байтал дүү ирээд “Аав ирж байх замдаа машин дотроо харвачихсан байна. Одоо эмнэлэгт байгаа” гэдэг юм байна. Тэгэхээр нь би алтан медалиа атгасан чигээрээ гүйсээр П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлэгийн сэхээний тасагт очсон. Намайг очиход одоо Сэхээн амьдруулах тасгийн Мэдээгүйжүүлэлтийн тасгийн эрхлэгч А.Эрдэнэдалай найз маань сэхээнд оруулаад хэвтүүлчихсэн байсан. Надад “Баяраа миний хөгшин санаа зоволтгүй ээ. Аав нь амьдарна” гэж билээ. Тэгээд миний гараас медалийг минь аваад “Хүү чинь алтан медаль хүртэжээ. Та амьдрах ёстой шүү” гээд орных нь толгойд уяж байсан алтан гартай эмч дээ. Би дөрвөн өдөр дараалан аавынхаа тасгийн үүдэнд сонин дэвсээд хоносон. 2001 онд телевиздээ дагалдангаар ороод байхдаа аавыгаа мөн л сахиад сууж байлаа. Аав маань гурван удаа харвасан л даа. Тэр үед аав надад маш их зүйл ярьсан. “Миний хүү ингэж сайн тоглож байгаа шүү. Аав нь хүүгээрээ дандаа бахархдаг” гээд л ... Тэр үед гурван зүйлийг онцолж хэлсэн. Эхнийх нь “Чамайг 1986 онд бага цэнгэлдэхийн талбайд хотын аварга болоход ажилчны районы ажлын ногоон хувцастай хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид чамайг дээш нь шидсэн шүү дээ. Тэгэхэд аав нь уйлсан. Харин чи хол байсан болохоор хараагүй. Дараа нь лигийн аварга болчихоод над дээр алтан медиалаа атгаад ирсэн байсан байна билээ. Эмч орны толгойнд уясан байсан. Би маш их баярласан. Нэг зүйлийг би мартдаггүй юм. Миний хүү амьдралын төлөө сайн тэмцдэг байсан. Харин би дандаа загнадаг. Учир нь чамайг улам сайн байлгах гэж тэгдэг байсан юм шүү. Чамайг жаахан тааруу сурахаар би “Онц сурсан хүүхдэд би хоккейн малыш гэдэг цохиур авч өгнө” гэхээр чи онц сурдаг байсан” гээд л ... Тэр үед бид бизнес гэж хийдэггүй байлаа. Гуравдугаар ангид сурч байхдаа найзуудтайгаа гэрийнхнээсээ нууцаар Богд уулнаас цайруулсан самар авч ирээд Арьс ширний нэгдлийн үүдэнд зарсан юм. Тэр үед тус үйлдвэр 34 мянган ажилтантай байлаа. Харин би 50-ийн шуудайны эхэн тал самраа үүрийн 04:30 цагт уулнаас буулгаж авч ирээд хүмүүсийг ажилдаа ороод үүд хаагдах хооронд зараад дуусгах төлөвлөгөөтэй байлаа. Гэтэл аав ирж байгаа харагдлаа шүү. Намайг буруу юм хийж байвал шууд загнадаг болохоор айгаад сууж байтал хараагүй юм шиг хажуугаар өнгөрөөд явчихсан. Маш олон хүн надаас самар авч байсан болохоор би ч завгүй байлаа. Нэг стакан самраа нэг төгрөгөөр зарсан. Сүүлд нь мөнгөө тоолоход 184 төгрөгтэй болсон байсан. Тус мөнгөөрөө пүүз авч өмсөх гээд л тэр. Тийм пүүзээр хөлбөмбөг тогловол янзтай байлаа шүү дээ. Тэр цагаас хойш би самар зарсан явдлыг аавтай ярихгүй байсаар гуравдугаар эмнэлэгт сахиж байхдаа “Ааваа, та намайг самар зарж байхад харсан хэрнээ яагаад загналгүй явчихсан юм бэ” гээд анх удаа асуухад “Чиний зарсан самар хурдан зарагдаж байсан шүү, тийм ээ” гээд инээмсэглэж билээ. Би тэр мөнгөө ээж аавын 200-гийн төмөр цагаан орны доор эвсэн төмөр лаазыг цоолоод хийчихсэн. Одоо бодоход мөнгө халгалдаг “сейф” байсан юм уу даа. Тэгэхдээ  “Ээжээ энэ миний мөнгө шүү. Хүн битгий хүргээрэй” гээд хадгалж байгаад хүссэн пүүзээ авч өмссөн. Дараа нь аав надад цанын гутал хүртэл янзалж өгсөн. Би тэр гутлыг өмсөөд хичээлдээ ч явна, хөлбөмбөгөө ч тоглоно. Гүэ мөн бөх шүү. Цаначид мэднэ дээ. Би хоёр жил өмсөхөд урагдаагүй.  

ТЕЛЕВИЗДЭЭ ОРООГҮЙ БАЙСАН БОЛ БНСУ-Д АЖИЛЛАЖ БАЙСАН БАЙХ АА

-Хөлбөмбөг тоглох, сайн сэтгүүлч байхаас гадна та их сайхан дуулж, гитарддаг. Энэ хэзээнээс илэрсэн авьяас вэ?

-Би 75 дугаар сургуулийг төгссөн л дөө. Манай сургуулийн багш нар биднийг урлагийн үзлэгт их оруулна. Намайг ихэвчлэн дууны төрөлд оруулдаг байж билээ. Дөрөвдүгээр ангид сурч байхдаа “Прекрасное далеко” гэдэг орос дууг гитартай дуулж байлаа. Гитараа зөв дарсан ч юм уу, бүү мэд ээ. Харин 1980 оны сүүлчээр “Харанга” хамтлагийн дууг их сонсдог болсон. Ер нь миний үеийнхэн энэ хамтлаг руу хошуурч байлаа. Би тус хамтлагийн “Шүүдэр цэцэг” гэдэг дууг анх гитартай дуулж сурах гэж өдөр шөнөжин л юм болсон. Энэ дууг сурснаар Зүүнбаянд “Дуулдаг цэрэг” гэдэг нэр авч, шал зүлгэх ажлаас хэсэг хугацаанд чөлөөлөгдсөн. Харин 2007 онд “Харанга”-ын Ц.Чулуунбат ахын “Хайр” дууг дуулж сурсан. Надаас олимпын аварга Н.Түвшинбаяр дүү маань ч сурч авсан. Энэ ер нь жүдочдын сүлд дуу болсон гэхэд хилсдэхгүй. Нэг түүх хэлэхэд, 2019 онд Японд болсон жүдо бөхийн ДАШТ-ий үеэр одоо мундаг тамирчин болоод 2014 онд бидний хийж байсан “Жүдо Кид” шоуны ялагч, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаатар Токиогийн гудамжинд хамт алхаж байхдаа надаар өнөө алдарт “Хайр” дууг дуулуулж, утсан дээрээ бичлэг болгож хадгалсан. Учир нь “Энэ дууг таниар дуулуулахаар олимп, дэлхийн аварга болдог гэж Н.Түвшинбаяр ах ярьсан” гэж билээ. Хөгжилтэй түүх шүү. Ямартай ч их гоё дуу даа. Намайг гитар тоглох дуртайг дэмжиж, Кино албаны орчуулагч Эрдэнэбаатар маань гитар бэлэглэсэн. Өрөөндөө байрлуулчихаад л чөлөөт цагаараа тоглодог. Өөртөө л дуулж, хөгжимдөнө дөө.

Радио, телевизийн дээд сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ баг 

-Та дээрх нэг асуултанд хариулсангүй. Аав ээж тань таныг анх эфирээр хараад хэрхэн хүлээж авсан бэ?

-2001 онд “Чандмань” студийн спортын группын ахлах найруулагч Ж.Баярбаатар намайг эфирт оруулах гээд “Студи-600”-д гэрэл тавиад, дөрвөн зураглаачийн дунд суулгачихав. Тэгсэн миний өвдөг чичрээд, хамаг хөлс асгараад “Сайн байцгаана уу, үзэгчидээ” гэдэг үгнээс өөрийг хэлж чаддаггүй. Найруулагч ч намайг загнаад гаргав. Тухайн үед шортныхоо дээгүүр хүний костюм, цамц өмссөн байсан болохоор тайлж өгчихөөд “Телевизэд би тэнцэхгүй юм байна дөө. Солонгосын виз хөөцөлдөөд хар ажил хийдэг ч юм билүү” гэсэн юм бодоод гэрийн зүг алхлаа.

"Чандмань" студын найруулагч Ж.Баярбаатарын хамт 

“Тунгалаг тамир” кинонд Эрдэнэ цагаантны цэрэгт орчихсон хаашаа явахаа мэдэхгүй хэсэг юм болдог доо. Тэрэн шиг би хаашаагаа мэдэхгүй болчихсон алхаж байгаад харьлаа. Тэгтэл аав “Юу болов” гэхээр нь “Миний чаддаг ажил биш байна аа” гэхэд “Хөлбөмбөг тоглохтой адилхан эвийг нь л олох хэрэгтэй дээ. Даваад л гарна шүү” гэдэг юм байна. Ингээд би маргааш нь ажил руу ч явалгүй гэртээ байж байтал гэрийн утас дугарч, найруулагч Ж.Баярбаатар “Чи чинь хаашаа алга болчихвоо. Өнөөдөр чиний пробыг олон хүн үзнэ гэж байна. Хурдан ир. Ирэхдээ өөрийнхөө костюмыг өмсөөрэй” гэдэг юм байна. Найруулагч “Өөрийнхөө хувцасыг өмсчихсөн чи ёстой гоё харагдаж байна” гээд хэлэх үг зааж өгөөд оруулсан. Би ч түгдрэлгүй хэлж, тэнцсэн. Тэр бичлэгийг програмын албаны дарга Ө.Нарангэрэл, найруулагч Г.Жигжидсүрэн гуай нарын зэрэг хүмүүс үзчихээд “Өнөө оройны нэвтрүүлэгт шууд оруулаарай” гэв. Ажил дээрээ өөрийгөө үзэх гэсэн боловч санаа зовоод байсан болохоор гэртээ харьж, аавдаа “Өнөөдрийн эфирээр би гарна шүү” гээд хүлээж хүлээж үзэхэд би өөрийнхөө хоолойг бараг таниагүй. Аавыг юу гэж хэлэх бол гэж харж байлаа. Тэр үед аавын минь бие тааруу байсан болохоор туниагүй болсон гараараа миний нэг гарыг хамаг чангаараа атгаад уйлж байсан. Хөөрхий минь тэр гар нь мэдээгүй болсон байсан шүү дээ. Ээж ч гэсэн сандарч уйлсан. Ах нь аавыгаа баярлуулсан хүн шүү. Таван жил аавыгаа сахиж баярлуулсан, зурагтаар гарч баярлуулсан, лигийн аварга болж баярлуулсан. Аавыгаа баярлуулсан хүн азтай, урт настай байдаг гэж ярьдаг. Аав минь хамгийн сүүлд хэлсэн үгэндээ “Аав нь 52-хон наслалаа даа. Үлдсэн насыг минь миний хүү аваарай” гээд өнгөрсөн (уйлав,сурв). Би өмнө нь энэ тухай хэнд ч ярьж байгаагүй юм байна.

-Тантай хамт байхдаа би уйлж байхыг тань анх удаа харж байна. Эфирээр бол Монгол даяар харсан. Та ер нь нулимс ойр хүн үү?

-Тийм. Харахад бүдүүн, ууртай юм шиг гэж хүмүүс ярьдаг. “Бээжин-2008” олимпын наадамд Н.Түвшинбаяр дүү алтан медаль хүртэж, Монгол Улс анх удаа олимпын аваргатай болоход би хэлэх ч үггүй болж уйлсан. Дараа нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсантай гадаа явж байгаад таархад “Нулимс бол хүний сэтгэлийн хамгийн дээд илэрхийлэл. Миний дүүгийн баярын нулимс баярласан сэтгэлийн хамгийн дээд илэрхийлэл байсан шүү” гээд үнсчихээд яваад өгсөн. Гэхдээ эфирээр гарахдаа уйлсан нь би л болохоос Монголчууд бүгд баярласан даа.   

“Бээжин-2008” олимпын наадмын шууд дамжуулалтын үеэр МУГТ Т.Үйтүмэнгийн хамт 

“БЭЭЖИН-2008” ОЛИМПЫН НААДМЫН ҮЕЭС БИДНИЙ ГЭР БҮЛИЙН ГЭРЭЛ ГЭГЭЭ ЭХЭЛСЭН

-Та энэхүү буянтай газар ажлаад өдгөө 22 жил болсон байна. Хоёр жилийн өмнө Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм цол хүртсэн. Цол авсан тамирчдын сэтгэгдлийг сонсоод, ярилцлага авдаг хүн өөрөө тийм ярилцлага өгөхөд ямар санагдаж байсан бэ?

-Их сонин мэдрэмж юм билээ шүү. Өмнөх өдрийн орой Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас надтай нэг хүн утсаар ярьж мэдэгдсэн л дээ. Тэгэхээр нь “Маргааш юу ярина аа” гэж бодсон. Эхнэрээсээ ч асуусан. “Цол хүртсэнд баяр хүргье” гэж асуухад их амархан боловч хариулахад маш хэцүү юм билээ. Үүнийг би тэр үед мэдэрсэн. Нөгөөтэйгүүр хэтэрхий их урт юм яривал телевизийнхэн монтажлаад хасчих байх гэж мэргэжлийнхээ үүднээс бодолцоод богинохон хэрнээ товч ярих ёстой юм байна гэж ойлгосон.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Дашхүүгийн Баярсайхан гэр бүлийн хамт

-Түрүүн та эхнэртэйгээ ярих үгээ зөвшилцсөн гэж хэллээ. Гэр бүлийнхээ хүнийг манай сайтын уншигчдад танилцуулна уу. Үүгээр хоёулаа ярилцлагаа өндөрлье ...

-Манай гэр бүлийн хүнийг Ц.Цэрэнжав гэдэг. МҮОНРТ-ийн “ММ” агентлагийн гадаад мэдээний албаны тоймчоор ажиллаж байсан. Бид буянтай сайхан саарал (одоо цэнхэр алаг болсон) байшин дотроо танилцаж, Анужин гэдэг охин, Түвшин гэдэг хүүтэй болсон. 2008 оны Бээжингийн олимпын нээлтийн үйл ажиллагааг би бусад нөхдийнхөө хамт дамжуулах үүрэгтэй болов. Харин гаднаас англиар орчуулах нэг хүн байх хэрэгтэй болоход “ММ” агентлагийн гадаад мэдээний албаны тоймч бүсгүй ирсэн байлаа. Бид өмнө нь хэн хэнийгээ танина л даа. Ц.Цэрэнжав өөрт оногдсон орчуулгаа хийж байтал тамирчид дэлгэц дээр гараад ирсэн чинь дуугүй болчихлоо. Учир нь би залгаад ярих ёстой байлаа. Гэтэл намайг ярихгүй болохоор тэр миний өвдөг дээр хурууныхаа өндгөөр цохиод “Ярь” гэсэн дохио өгөхөд нь би гарыг нь атгачихсан. Огт тавиагүй. “Энэ эмэгтэй миний эхнэр болоосой” гэж бодоод маш чанга атгасан. Тэр өдрөөс хойш бидний амьдралын гэрэл гэгээ эхэлсэн. Дараа жилийнх нь дөрөвдүгээр сарын 29-нд буюу миний төрсөн өдрөөр хүү минь мэндэлсэн. Хурим хийх бас сайхан юм билээ. Бид шатаар сугадалцаад өгсөөд явж байхад эхнэр жаахан бүдэрсэн юм. Тэгэхээр нь би “Миний хайраа битгий сандар аа. Чамайгаа би насан туршдаа түшээд явна аа” гэж хэлсэн. Яагаад ч юм өөрийн эрхгүй хэлчихсэн. Гэтэл тэр үг камерны бичлэгт орчихсон байсан. Дараа нь үзчихээд “Би ямар гоё үг хэлээ вэ” гэж бодсон. Эхнэр маань телевизийн хүн. Дээрээс нь багш болохоор надад их зааж зөвлөнө өө. Хувцас хунар, үс толгойндоо анхаар. Сүүлийн үед “Жингээ барь, жингээ барь” гэж байнга хэлдэг. Хэдийгээр “Бүдүүн” Баяраа гэдэг хочтой ч гэсэн эфирийг хүндлэх хэрэгтэй. Эхнэр маань одоо Монгол Улсын Боловсролын Их сургуульд Сэтгүүл зүйн танхимд багшилж байгаа. Охин МУИС-ийг сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн. Одоо Энэтхэгт магистр хамгаалах гэж байгаа. Харин хүүгээ жүдо, хөлбөмбөгийн секцэнд оруулж үзсэн. Тамирчин болох юм уу, өөр мэргэжил сонгох юм уу сайн хэлж мэдэхгүй л байна. Юутай ч гэсэн өөртөө итгэлтэй, зөв хүн болж төлөвших нь л чухал шүү дээ. Амьдрал баян юм даа. Телевиздээ, спортдоо, гэр бүлдээ хайртай. Тэгээд эцэст сүүлийн үед хийж байгаа Монголын спортын түүх нэвтрүүлэгтээ хэлдэг “Спорт мандтугай, Монголчууд мандан бадраг” гэдэг ерөөлийг өргөе.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Баярсайхан: Аавыгаа би баярлуулж амжсандаа бахархдаг  
Үзсэн: 2479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-12-15 11:34
Аав тэмцээн үзэх гэж яваад хагас харваж үзээгүй нь болж үзээд түрүүлэхийг нь харсан бол бүтэн харвах байжээ.
үзэгч [127.0.0.xxx] 2022-12-13 15:39
ярилцлагыг шимтэн уншлаа. Уйлж инээж аз жаргалтайгаар дуусгалаа. Бүх зүйлд тэгш дүүрэн сайхан байх болтугай
Зочин [127.0.0.xxx] 2022-12-13 15:34
Миний сайхан ах таньдаа амжилт бүхний дээдийг хүсье Бурханы оронд байгаа аав тань ,ах тань (миний сайхан аав Д.Батчулуун) хүүгээрээ дүүгээрээ үргэлж бахархаж байгаа гэдэгт итгэж байна.
Үзэгч [127.0.0.xxx] 2022-12-13 13:31
Ямар гоё юм уншваа. Гэр бүлд нь аз жаргал сайн сайхныг хүсье!

Бидэнтэй нэгдээрэй