Шууд Chart

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ онд ашиглалтад оруулна

2023-06-06 14:12:27

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хийж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаар тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа нийслэлийн удирдах ажилтнуудад мэдээллээ. 

Сүхбаатар дүүрэг 1965 онд байгуулагдсан, 20.8 мянган га газар нутаг, 145 мянга орчим хүн ам, 39 мянга гаруй өрх бүхий 20 хороотой. Төрийн болон төрийн бус өмчийн 49 сургууль, 64 цэцэрлэгтэй. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 цэцэрлэг, найман сургууль, Насан туршийн боловсролын төвийн барилгад дээвэр, фасад, сантехник, цахилгаан, урлаг болон спорт заалны засвар зэрэг ажлын 36 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн, хүүхдийн сурч, хөгжих эрүүл, аюулгүй таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэггүй байсан 12 дугаар хороонд найман айлын газрыг орон нутгийн төсвөөр чөлөөлөн, 150 хүүхдийн шинэ цэцэрлэг барьж, 2021-2022 оны хичээлийн жилд ашиглалтад оруулжээ. Тус цэцэрлэгт 200 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

Эрүүл мэндийн салбарт 220 ортой, амбулатори, лаборатори бүхий хоёр блок орчин үеийн стандартын Нэгдсэн эмнэлгийн барилгыг 2020 онд эхлүүлж, 2023 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн Ахмадын хөгжлийн төвийн барилгын ажлыг гүйцэтгэж буй. Энэхүү төв нь 277 ам метр талбай бүхий хоёр давхар барилга бөгөөд ахмад настнуудын нийгмийн оролцоог хангах, хөгжүүлэх, чөлөөт цагийг өнгөрөөх зориулалтаар үйл ажиллагаа явуулна. Түүнчлэн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хорооны барилгагүй байсан 2-р хороонд хорооны Засаг даргын ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэг бүхий цогцолбор барилгын ажлыг 2021 онд эхлүүлж, ашиглалтад оруулахад бэлэн болжээ.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд энэ онд 30 байршилд 715 гарааш буулгаж, тохижилт ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам бүхий тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 12 байршилд 260 гарааш буулгаад байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх 257 ТҮЦ-ээс нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам, тохижилт хийх байршилд зөвшөөрөлгүй тавьсан 32 ТҮЦ-ийг албадан чөлөөлөхөөр төлөвлөсөн. Одоогийн байдлаар таван байршлын 23 ТҮЦ-ийг албадан нүүлгээд байна.

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр орон сууцны хорооллын 43,635 ам метр талбайд авто замын нөхөөс, засвар хийсэн бол гэр хорооллын гурван байршилд 0.7 км хатуу хучилттай зам тавьсан. Түүнчлэн гэр хорооллын 49 байршилд тоосжилт бууруулахаар хайрга, дайрган хучилт хийж байна.

Мөн зургаан байршлын 467 цэгт гэрэлтүүлэг, найман хороонд 573 хяналтын камер суурилуулсан. Нийтийн эзэмшлийн 23 байршилд автомашины гүүр, зургаан байршилд явган хүний гүүр, таван байршлын 1039 ам метр талбайд орц дундын ногоон байгууламж хийжээ. 13 байршлын 10,402 ам метр талбайд явган хүний зам, 26 байршилд 36,329 ам метр талбайд авто зогсоол, ногоон байгууламж, амралтын талбай, хүүхдийн тоглоомын талбайн тохижилт хийв. Мөн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд барьж байгаа 960 хүүхдийн сургуулийн бохирын холболтын зардал, Спорт цогцолборын барилга, 159-р сургууль, 71-р сургуулийн өргөтгөл зэрэг санхүүжилт нь зогссон асуудлуудыг шийдэх шаардлагатай байгааг хэлж байлаа. 


Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ онд ашиглалтад оруулна  
Үзсэн: 278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй