Шууд Chart

О.Гомбожав: МҮОНРТ үйл ажиллагаандаа тогтвортой хөгжлийн зарчмуудыг нэвтрүүлж байна

2023-06-06 15:54:59

МҮОНРТ нь ард түмнийхээ өв соёл, уламжлалыг тээн хадгалах, түгээн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүртээмжтэй мэдээллээр тэгш хангах зорилгоор Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн дагуу өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага юм.

2022 онд Монголын радиогийн 88, телевизийн 55 жилийн ойг салбарын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлжээ. Олон жилийн түүхтэй хэвлэл мэдээллийн энэхүү ууган байгууллага 20-р зуунд Монгол улсад шинэчлэлт, өөрчлөлтийг авчирч, орчин үеийн улс болоход жинтэй хувь нэмэр оруулсан юм. Харин 21-р зуунд МҮОНРТ нь дэлхийн сайн сайханд хувь нэмрээ оруулах мэргэжлийн байгууллага болохын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

“Уур амьсгалын өөрчлөлт, хүнсний хомсдол, тэгш бус байдал, хүний эрх гэх мэт аливаа нийгмийн суурь асуудлууд зөвхөн тухайн улс орны асуудал биш, дэлхий нийтийн хамтдаа шийдвэрлэх асуудал гэдгийг хүн төрөлхтөн тунхаглаад багагүй хугацаа өнгөрчээ. Олон нийтийн эрх ашгийн төлөө үйлчилдэг байгууллагын хувьд МҮОНРТ ч энэ асуудалд нухацтай хандаж, бодлого, үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна. 21-р зуунд олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана гэдэг зөвхөн Монгол улсаар хязгаарлагдах биш, Монгол улсад бий болгосон нөлөөгөөрөө дэлхийн сайн сайханд хувь нэмрээ оруулах ёстойг  ухамсарлаж, өдөр тутмын үйл ажиллагаа, нэвтрүүлгийн бодлого чиглэлдээ нягт тусган ажиллаж эхлээд байна” гэж МҮОНРТ-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч О.Гомбожав ярилаа.

МҮОНРТ нь 2022 оны үйл ажиллагааны тайландаа (тайланг эндээс үзнэ үү) ОНРТ-ийн хуулийг хэрэгжүүлж ажилласнаас гадна Тогтвортой хөгжлийн зарчмуудын талаар дурджээ. Жишээлбэл 2022 оноос хурдан морины хүүхдүүдийг даатгалд хамруулаагүй морин уралдааныг дамжуулахгүй байх, хуванцар савтай усыг нэвтрүүлгийн тайзнаа байршуулахгүй байх бодлого хэрэгжүүлж эхэлснээс гадна эх сурвалж бүрдүүлэх, нэвтрүүлэг, хэлэлцүүлгийн зочдыг сонгохдоо хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахад анхаарах зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлжээ.  

“Өөрчлөлт аажим явагдана. Эхлээд байгууллага дотроо, дараа нь гадагшаагаа мэдрэгдэж эхэлнэ. Өнгөрсөн хугацаанд Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр гэх мэт байгууллагуудтай цөөнгүй төсөл дээр хамтран ажилласан нь тогтвортой хөгжлийн зарчмууд манай үйл ажиллагаанд илүү хурдан нэвтрэхэд түлхэц болсон. Энэ чиглэлээр бид том, жижиг гэлгүй олон байгууллагатай нээлттэй хамтран ажиллаж байна.

Хамгийн сүүлийн байдлаар “Монголын тогтвортой хөгжлийн гүүр” ТББ-тай хамтран ажилчдадаа сургалт хийсэн бол “ХААН Банк сан”-ийн Тогтвортой хөгжлийн 3-р зорилтын хүрээнд зохион байгуулж буй “Эрүүл мэндийн аян”-д нэгдээд байна.

МҮОНРТ хуучинсаг, нүсэр гэх шүүмжлэлд өртөх нь бий. Харин Тогтвортой хөгжлийн зарчмуудыг нэвтрүүлж эхэлснээр “орчин үеийн” байгууллага болох хувьслын зөвхөн нэг хэсэг нь гэдгийг О.Гомбожав захирал дурдаж байлаа. “Бид олон нийтийн дундах нэр хүнд, итгэлээ судалж, хэмжиж эхэлсэн. Ингэснээр бодит байдлыг олж харах, шинэ боломжийг эрэлхийлэх, олон нийтийн итгэлийг улам нэмэгдүүлэхийн төлөө ажиллахад зөв алхам болсныг дурдах хэрэгтэй юм.

Бид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, уламжлалаа хадгалахтай зэрэгцээд олон чиглэлд шинэ бодлого хэрэгжүүлж байна.

Технологийн хувьд Аж үйлдвэрийн IV хувьсгалын хөдөлгөгч хүчин зүйлсийн нэг болох AR/VR технологид хөрөнгө оруулалт хийж байна. Нийт техникийн хөрөнгө оруулалтын 20% нь AR/VR технологид чиглэсэн байх бодлоготой уялдуулан санхүүгийн удирдлагыг цоо шинэ түвшинд гаргахаар тэмүүлж ажиллаж байна. Манай 2023 оны төлөвлөгөөнд Монголын кино үйлдвэрлэлийг дэмжих, санхүүжилт хийж хамтран ажиллахад зориулсан Бондын тухай тусгагдсан байгаа. Ер нь дунд болон урт хугацаанд манай хөрөнгө оруулалтын бодлого зөвхөн МҮОНРТ-ээр хязгаарлагдахгүй, Монголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт чиглэнэ. Үүнд тохирох санхүүгийн механизм, дэд бүтцийг бид бэлтгэн ажиллаж байна.


 
МҮОНРТ-ийн хамт олон “Дэлхийн сайн сайханд хувь нэмрээ оруулсан 21-р зууны Монгол идентитиг бүтээлцэнэ” гэсэн зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа юм байна. Энэ зорилгын нэг чухал хэсэг нь Тогтвортой хөгжлийн зорилтууд ажээ. “Бид бүх салбарт боловсролын асуудалтай тулгардаг. Санхүүгийн боловсрол, сонгогчийн боловсрол, мэдээллийн боловсрол гээд л. Үүний нэг нь тогтвортой хөгжлийн боловсрол. Үүнд нөлөөлөх, дээшлүүлэх боломж нь МҮОНРТ-д бий. Тиймээс бид харилцагч, түншүүдтэйгээ хамтраад Монгол улсыгаа тэгш байдлыг сайн хангасан, байгаль орчиндоо ээлтэй, нүүрсхүчлийн хийн илүүдэлгүй, тогтвортой, хүчтэй эдийн засагтай улс болгохын төлөө хувь нэмрээ оруулна. Үүгээрээ олон нийтийн байгууллагын үнэ цэнийг батлан харуулах болно.


О.Гомбожав: МҮОНРТ үйл ажиллагаандаа тогтвортой хөгжлийн зарчмуудыг нэвтрүүлж байна  
Үзсэн: 324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй