Шууд Chart

Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо

2025-05-09 17:54:43

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.05.09/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Улсын Их Хурлын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан. Энэ талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хийв.

Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсныг дурдаад нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан хуулийн үйлчлэх хугацааг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс гэж өөрчлөх саналыг хуулийн төсөлд нэмж тусган, хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэснийг онцлов.

Хуулийн төслийн эцсийн найруулгатай холбогдуулан Улсын Их Хурлын Ө.Шижир, О.Цогтгэрэл, Б.Түвшин, Б.Хэрлэн, Б.Батбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл сүүлийн 30 жил хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн бодит нөхцөл байдлыг дүгнэн цэгнэх цаг болсныг тодотгоод, эл салбарт бодлогын томоохон өөрчлөлт хийхэд салбарын яам ямар байр суурьтай байгааг лавласан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хариултдаа, сүүлийн 30 жил Монгол Улс уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн бодлогыг явуулж, өрөөсгөл бүтцийг бий болгосон. Үүний эрсдэлийг ч бид амсаж байгаа. Уул уурхайгаас ангид эдийн засгийн гол тулгуур нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар байдаг. Аливаа улс орон үйлдвэрлэлээ хөгжүүлж байж хөгждөг. Монгол Улс хэрэглэгч орон болсон нь дэлхий нийтэд тархсан “КОВИД-19” цар тахлын үеэр тодхон харагдсан. Иймд “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Улсын Их Хурлаас бодлого гарган, үйлдвэрлэгч улс болох зорилго тавин ажиллаж байна гэж байлаа.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нүүдлийн мал аж ахуй, газар тариалан, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байж эдийн засаг бэхжих тул улаан буудай үйлдвэрлэгчид тариалсан буудайгаа асуудалгүйгээр худалдах ложистикийн тогтолцоонууд бэлэн эсэх, нөгөөтээгүүр бүтээгдэхүүний үнийг зохион байгуулалттайгаар өсгөдөг асуудлыг хэрхэн зохиуцуулахыг лавлахын зэрэгцээ шатахуун, тээврийн зардлаас үүдэн алс баруун бүс нутагт гурилын үнэ өсөж байгаа тул тухайн бүс нутагт тодорхой хэмжээнд гурилыг импортын татвараас чөлөөлөх талаар санал хэлж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлттэй зээл, урамшуулал дэмжлэг туслалцааг илүү хариуцлагатай үр ашигтай болгоход бодлогын өөрчлөлт хийж буй эсэхийг тодруулаад хөдөө аж ахуйн чиглэлээрх эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллах замаар ургамлын бордоо, хортон шавж устгах зэрэг бодисуудаа дотооддоо үйлдвэрлэдэг болох, олон улсын чанар стандартад нийцсэн лабораторитой болоход хөрөнгө оруулалтыг чиглүүлэх нь чухал гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов.   

Хуралдааны төгсгөлд баталсан хуулийн эцсийн найруулгыг сонслоо. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэсний дагуу Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонсов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо  
Үзсэн: 188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй