Шууд Chart

Хүүхэд бүр инээд хөөр, хайр халамжаар бялхаж байг

2026-06-01 06:47:24

Гэвч бид энэ өдрийг “Хүүхдийн баяр” хэмээн хэлж заншсан. Хүүхдүүд ч энэ өдрийг догдлон хүлээж, аав ээж, эмээ өвөө, ах эгчдээ эрхлэн наадаж, амттан бэлэгт умбаж, ёстой л өөрийнхөөрөө баярладаг билээ.

Харин энэ өдрийн цаана хүүхдийн инээд хөөрөөс гадна эрх, хамгаалал, хайр халамжийн гүн утга учир бий.

Түүх сөхвөл, 1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж, 1925 онд Женевт болсон хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга уулзалтаас зургаадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээр “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэх уриалга гаргажээ.

Мөн 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байх шийдвэр гаргасан байна.

1959 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан. Энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон хүний эрхийн бусад олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдсан чухал алхам байлаа.

Тус тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд бүрэн боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” хэмээн онцолсон байдаг.

Үүнийг НҮБ анхааралдаа авч, хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзжээ. Улмаар 1989 оны 11 дүгээр сарын 20-нд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар баталсан. Энэхүү конвенцид дэлхийн 191 орон нэгдэн орсон нь өнөөдөр хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын баримт бичгийн нэг болжээ.

Манай улсын хувьд 1925 оны тавдугаар сарын 8-нд их зохиолч Д.Нацагдорж журмын нөхдийн хамт хүүхдийн байгууллага, хөдөлгөөнийг санаачлан бий болгосон түүхтэй.

Мөн 2002 оны зургаадугаар сарын 1-нд Монгол Улсын Засгийн газар “Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний арван жилийн хөтөлбөр”-ийг /2002-2010/ хэлэлцэн баталж, хэрэгжүүлсэн юм.

Өдгөө Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхийн 40 гаруй улс орон өөр өөрийн онцлог, уламжлал, ёс заншлаар тэмдэглэдэг.

Тухайлбал, Украин улс энэ өдрийг өргөн цар хүрээтэй наадам болгон зохион байгуулж, шилдэг хүүхдүүдэд Засгийн газрын шагнал олгодог. Польш улсад үзвэр үйлчилгээ, худалдааны газрууд хүүхдүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилж, телевизүүд хүүхдэд зориулсан нэвтрүүлэг хүргэдэг байна.

Мозамбик улсын Засгийн газраас зорилтот бүлгийн хүүхдүүдэд амин дэм, амттан өгдөг бол Лаосчууд хүүхдийг сүмд мөргүүлж, элдэв муу ёрын сүнсийг үргээх зорилгоор хонх цохидог уламжлалтай. Дараа нь гэр бүлээрээ цуглан баярладаг аж.

Никарагуа улс энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэггүй ч ерөнхийлөгч нь хүүхдүүддээ зориулан мэндчилгээ дэвшүүлдэг байна. Харин Европ болон бусад зарим улс орон хүүхдийн баярыг өөр өөр өдөр тэмдэглэдэг. Тухайлбал, Германд есдүгээр сарын 20-нд, Кубад долоодугаар сарын эхний ням гарагт, Бразилд 10 дугаар сарын 12-нд, Мексикт дөрөвдүгээр сарын 30-нд, Япон болон Өмнөд Солонгост тавдугаар сарын 5-нд, Туркт дөрөвдүгээр сарын 23-нд, Нигерьт тавдугаар сарын 27-нд, Иранд 10 дугаар сарын 8-нд, Камерунд 12 дугаар сарын 25-нд, Египет, Финлянд, Канад, Ирланд улсад 11 дүгээр сарын 20-нд тус тус тэмдэглэдэг.

Монгол Улс хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчилж тэмдэглэдэг цөөн орны нэг юм. Манай улс 1952-1994 онд Хүүхдийн баяр, 1995 оноос Эх үрсийн баяр, 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр иржээ.

Хүүхэд бүр хамгаалагдах, хайрлуулах, хөгжих, сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд өсөж торних эрхтэй.

Монголын нийт хүүхэд багачууддаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе.

Бяцхан үрсийн маань инээд хөөр гэр бүл бүрийн жаргал болж, хүүхэд бүхэн хайр халамжаар дутаж гачигдалгүй, аз жаргалтай, эрүүл энх өсөж торнихын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.


Хүүхэд бүр инээд хөөр, хайр халамжаар бялхаж байг  
Үзсэн: 65 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй