Шууд Chart

Жавахарлал Неру буюу Жаргалтай Энэтхэгийн эхлэл

2015-01-13 14:27:20

Жаргал, зовлон ээлжилсэн хүний орчлонгийн нар, сар ургаж, унасаар. Өрнө дахины давамгайлал, хөгшин Европын түрэмгийлэл улмаа дэлгэрсэн 19 дүгээр зууны сүүлч дөхөж байсан юм. Хэсэгхэн хугацааны өмнө цэцэглэн хөгжиж, заримдаа өөр хоорондоо алалдан байлдавч, төдөлгүй анд нөхөд мэт оршиж чаддаг байсан Ази тив нэг л дорой болчихжээ. Эртний түүхт Хятад, домогт дайнч Монгол зэрэг томоохон гүрнүүд, далайд шахагдсан Солонгос мэт бусад жижиг улсууд цөм Манж Чин улс хэмээх аварга том хар халимны мэдэлд очжээ. Эзлэгдсэн улсуудын хөгжил дэвшил, соёл иргэншил бүхэлдээ уналтанд орчихсон байв. Энэтхэг орон ч мөн ялгаагүй зогсонги байдалтай. 18 дугаар зуунаас илтэд мэдэгдэх болсон англичуудын нөлөө нэгэн зууны дараа бүр ч илүү тодорч, бурхан багшийн төрсөн нутаг харийн колони хэлбэртэйгээр арай ядан орших ажаам. Өдөр ирэх тусам ядуусын тоо нэмэгдэж, нийгмийн дундаж гаралтай хүмүүсийн нуруу бөхийж, цөөхөн хэдэн харийнхантай үгсэгчид хөлжиж байв. Тэгэвч эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүс амьдарсаар байсан амой. 1889 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр байсан юм. Перс хэлээр “бурханы суурин” хэмээх утгыг бүрнээ илэрхийлж чадах, Энэтхэгийн хоёр дахь хамгийн эртний хот болох Аллахабадын чинээлэг өмгөөлөгч, улс төрч Мотилал Неру хүүгээ тэвэрлээ. Ээж нь түүнийг диваажингаас авчрах гэж тарчилж байхдаа торгон сайрынынхаа алтан утаснуудыг тас татчихжээ. Асан дүрэлзэгч алтан наран доор шинэ хүмүүн ирэх гэрэлт мөчид хэдхэн ширхэг алтан утас унасан нь юу ч билээ дээ. Хүүг Жаварахарлал Неру гэдэг болсон юм. Неру нь түүний овог нэр Жаварахарлал нь хүүгийн жинхэнэ нэр.

Хойд Энэтхэгийн Уттар Праш мужийн нийслэл болсон Аллахабад хотод овоо хэдэн жил өнгөрчихсөн байлаа. Нөгөө бяцхан Жаварахарлал Неру чинь өсч өндийгөөд, бусдын өмнөөс үг хэлэх, зовсон зүдэрсэн ард түмнээ өмгөөлөн хамгаалахад бас л бага хугацаа үлджээ. Ноён Мотилал Неру хайртай хүүгээ Европын боловсрол эзэмшсэн хүчтэй, ухаалаг нэгэн болгохыг амьдралын гол зорилгоо болгосон юм. Тэр үеийн Энэтхэг оронд Английн боловсрол эзэмшээгүй бол сэхээтэн болох тухай бодох ч хэрэггүй. Тиймийн учир Неру хүү 1905 онд холын холыг зориод Их Британи улсын Хардоугийн язгууртны тусгай сургуульд суралцаж, амжилттай төгсчихсөн байлаа. Тэгээд үргэлжлүүлэн суралцах нь юу юунаас илүү чухал гэдгийг мэдсэн, мэдэрсэн залуу алдарт Кембрижийн их сургуульд элсэж хууль зүйн чиглэлээр мэргэжил эзэмшээд амжлаа. Атлантын далайд урд өмнө нь хэзээ ч байгаагүй аварга том хөлөг онгоц ердөө анхныхаа аялалаас буцаж хэзээ ч ирэхгүй болсон, зуу зуун хүний эрдэнэ агуулсан амь насыг аваад гүн далайн харанхуй ёроол руу живсэн тэр жил Неру эх орондоо эргэж ирэв. Мэдээж 1912 онд шүү дээ. Үхэр сүргээ хамгаас илүүд хайрлаж, бүр түүнийг шүтэн биширч, биеийн шингэнийг нь духандаа хүргэх хөл нүцгэн мянга мянган Энэтхэгчүүд залуу сэхээтний зүрх сэтгэлийг гуниглуулна. Неру эх орондоо эргэж ирээд өвдсөн юм. Гэхдээ түүний эрүүл мэндэд ямар нэгэн асуудал байхгүй. Харин тэр сэтгэлээр өвдсөн юм. Хоосны туйл болсон ард түмнээ үзээд зоригт залуугийн зүрх шаналсан юм.

Жавахарлал Неру унасан нутаг, угаасан усандаа буцаж ирсэний дараа хөдөө тосгонд өмгөөлөгчийн алба хаших боллоо. Англичуудын ноёрхол гэдэг бүр ч хүчээ авчээ. Эрт цагт заан, хүн хоёр үй зайгүй сайхан нөхөрлөж, Тамилийн их хаадын сүр хүч, алдар суу амнаас ам дамжигдан яригддаг байсан аглаг буйд газар шороо одоо бол цагаан арьст хүмүүсийн эдлэн болчихож. Энэтхэгчүүд өөрсдөө ямар ч хүчгүй байх нь даанч харамсалтай. Өөрийн гэсэн бүх зүйлээ тэд хүний хүмүүст алдчихаад хөл нүцгэн амьдарч байх нэн гунигтай.

Энэ үед гэвч Махатма Гандигийн тэмцэл хүчээ авч байсан юм. Ганди 1915 онд Энэтхэг нутагтаа эргэж ирээд үндэсний Конгресс намыг байгуулан, колончлогчидтой ёстой үзэж байсан юм. Неру Гандид хайртай. Учир нь туримаг, жижигхэн биетэй, цагираг шилтэй тэр хүмүүн Неру мэт сая сая Тамиль хүний итгэл найдвар байсан. Ганди Неругийн хувьд Будда байлаа. Тэр амьд Будда гэж итгэдэг эрхэм хүмүүнийхээ “Үнэний төлөө шударга байх”  гэсэн гол чиг шугамыг баримтлан, Англичуудыг эсэргүүцэж эхлэв. Тосгонд ирж ажиллаад хоёр жил өнгөрч байсан тэр үед буюу 1923 онд хачин жигтэй юм боллоо. Мартагдах шахсан буйдхан суурингийн өмгөөлөгч гэнэтхэн галзуурсан юм хачин жигтэй юм ярьж, ядарч туйлдсан, өлсөж ундаассан хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх боллоо. Гэтэл яг үнэндээ манай хүн Үндэсний Конгресс намын нөлөө бүхий албан тушаалд бусад нөхдийнхөө хүсэлтээр сонгогдоод дарангуйлагчдын эсрэг ард олныг нэгтгэн зангидах ажлыг гүйцэтгэж байжээ. Үүнийг мэдсэн Англичууд “муу хар чөтгөр, чамайг даа” гэсэн харанхуй бодлыг бусдын газарт эзэн суусан будант биенээсээ өчүүхэн ч салгалгүй, хувьсгалч эрийг бариад авчээ. Жавахарлал Неруг тэд үнэхээр баривчилж, хамгийн хатуу дэглэмтэй гянданд хорьж орхих нь тэр. Неру тэгэхэд хань ижилтэй, үр хүүхэдтэй болчихсон байв. Түүний эхнэрийг Камала Неру, охиныг нь Индира Ганди гэдэг. Ингээд л хөөрхий эх оронч маань золиос болох нь тэр. Колончлогчид түүнийг суллаж явуулах тухай өчүүхэн ч бодсонгүй. Харин ч бүр эцсийн өдрийг нь хүртэл төмөр торны цаана хэрхэн шаналж, хэрхэн тарчилж, яаж өршөөл гуйж, үс нь бууралтан унаад, үхэхийг нь харах тухай мөрөөдөж байлаа. Тэгэвч Буддагийн сэтгэл Неруд байсан юм. Тэр өөрийгөө шоронд орсон гэж бодоод, эрх чөлөөг хүсэмжилж, түүнээсээ болж галзууран тарчлах зарим нэг хоригдлууд мэт байсангүй. Тэр өөр зүйл хийж байлаа.

Хайрт охин минь, чамайгаа юутай ихээр санан бэтгэрч, тэвэрч үнсэхийг хүснэ вэ? ... ийм гунигтай үгсээр эхэлсэн  захидлыг шар шавраар болхи дуу гэгч нь шавж наагуур нь нимгэн шохойн уусмалыг түрхэж орхиод он удсан чийгтэй хүйтэн өрөөнд Неру бичнэ. Гэхдээ охин Индира Гандид бичсэн эдгээр захидлууд бол зөвхөн шоронгоос эцэг нь охиноо санасан сэтгэл байгаагүй. Неру хамгийн харгис, харанхуй ертөнцөөс “Энэтхэгийг нээсэн нь”, “Ертөнцийн түүхийг сөхөж үзвэл” зэрэг түүхэн алдарт зохиолуудаа хорвоогийн хоёр нарны нэг Индира Ганди охиндоо захидал болгон бичиж байлаа. Тэр охиноо орхигдсон газраас, алсын алсаас боловсруулж байсан юм. Хатуу, хахир хуягууд хоригдлуудын захидлыг байнга шалгана. Тэр тусмаа улс төрийн хэргээр хоригдож байгаа ялтнуудын бичсэн өчүүхэн төдий зурвасыг задалж үзэхгүй өнгөрөөнө гэж харин ч нэг үгүй. Гяндангийн бусад хоригдлууд гэр бүл рүүгээ цөхөрсөн, айсан үгсээр дүүрэн захиаг өдөр болгон шахуу бичих бол Неру нэг л хачин зүйлийн тухай хайртай охиндоо өгүүлээд байх. Энэ нь хуягуудын инээдийг хүргэнэ. Өөдгүй нэг муу хоригдолд ертөнцийн түүх ямар хамаа байна гэж бодсон ч тэдний чулуун агуй шиг харанхуй сэтгэлд өнчин арвай шиг гэрэл байсан уу, эсвэл Неругийн захидлыг ямар нэгэн улс төрийн зорилгогүй гэж үзсэн үү дугтуй дээр тодоос тод бичсэн хаяг руу илгээчихдэг байсан юм. Энэ бол бурханы авралтай адилхан зүйл байжээ. Охин Индира Гандич аавынхаа захидлуудыг нэг бүрчлэн дугаарлаж хадгалаад байх. Уншиж ухааран, мэдэж боловсроод байх. Улс төрийн гэмт хэрэгтний гэр бүл гэдэг хаана ч адилхан ад үзэгдсэн хүмүүс. Хөөрхий Камала Неру,  Индира Ганди хоёр ч ийм хатуу тавиланг халгалгүй туулсан хүмүүс.

Арав гаруй жил өнгөрлөө. Хамт хоригдож байсан хүмүүсийн ихэнх нь байхгүй болжээ. Тэдний заримыг нь өөр шорон руу шилжүүлж, зарим нь ялаа дуусгаад наранд гарч, үлдсэн хэсэг нь үгүй болчихжээ. Хүсэл тэмүүлэлдээ үнэнч Неру харин эцэж, цуцсан биенийхээ тэргүүнээс энгүй гунигтай нүдээр өдөр, шөнийг тоолно. Чухам яг хэдэн жил өнгөрсөн нь бас л эргэлзээтэй. Гадаад ертөнцийн тухай үнэн бодитой ойлголт түүнд үгүй. Гандигийн тэмцэл хөдөлгөөн юу болсон тухай мэдээ бол бүр ч үгүй.
Хүйтэн тамд нэгэн арваныг өнгөрөөсөн Неру дахин улс төр рүү өмнөхөөсөө илүү хүчирхэг орж ирлээ. Махатма Ганди өөрийн байр суурийг аль хэдийнэ олоод авчихсан, улс эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө хатуу тэмцэж байлаа. Неру түүнтэй хүчээ нэгтгэв. Тэр Үндэсний Конгресс намд дахин томоохон албан тушаал эрхэлж, эхлээд нарийн бичгийн дарга, дараа нь ерөнхий нарийн бичгийн дарга гэх шат дараалалтайгаар хурдтай ахиж байв. Төдөлгүй Энэтхэгийн үндэсний конгресс намын их хурал дээр түүний дэвшүүлсэн “Бүрэн тусгаар тогтнол” уриа бүх Энэтхэгийн зүрх зоригийг сэрээлээ. Түүгээр ч зогсохгүй Үндэсний Конгресс намын мөрийн хөтөлбөр болох улс эх орны эдийн засаг, нийгмийн ахиц дэвшлийг хурдасгах чухал баримт бичгийг үйлдэхэд Неру гар бие оролцон батлалцав. Эсрэг тал харин Неру, Ганди хоёрыг шуудхан барьж аваад шийтгэчихэж чадахгүй байсан юм. Хэрэв тэгвэл уурссан, ассан сая сая Энэтхэгчүүд тэднийг ёстой газрын хөрснөөс арчиж орхих  байсан биз.

Бараг л нүд ирмэхийн зуур 1946 он ирлээ. Аймшигт дайны ард гарсан холбоотнуудын харилцаа өдрөөс өдөрт муудаж, Коммунист засаглал, эрх чөлөө хоёр эрэгчин, эмэгчнээ үзэлцэх тийшээ хандчихаад, улс гүрнүүдийн байдал тогтворгүй болоод ирлээ. Тэгэвч Энэтхэг орон тэмцсээр, Ганди, Неру хоёр зовлонт ард түмнийхээ төлөө зовхио даахүй болтолоо зүтгэсээр сая нэг юм хонгилын үзүүрт гэрэл харагдах. Гадныхан ямар ч хамаагүй арга замаар Тамиль орныг засаглах гэсэн авч энэ нь эцэстээ бүтэлгүйтэл болж хувирсан юм. Неру энэ онд Энэтхэгийн түр Засгийн газрын дэд даргаар ажиллаж, нэг жилийн дараа эх орныхоо анхны Ерөнхий сайдын албыг гадаад харилцааны сайдын үүрэгт ажилтай хавсран гүйцэтгэлээ. Бүгд Найрамдах Энэтхэг орон дэлхий дахинаа тусгаар тогтнолоо зарлалаа. Гэлээ ч улс эх орноо эхний ээлжинд тийн цэгцэлж авсны дараа бүр хэцүү ертөнц болох олон улстай хэл амаа зөв ололцох нь Неругаас өөр хүний хийж чадах ажил биш байсныг түүх гэрчилнэ. Махатма Ганди улсын жолоог түүнд атгуулжээ. 78 настай болсон өвгөн хувьсгалч бүх амьдралынх нь зорилго биелэж, хайртай эх орноо ертөнцийн давцанд гарч ирэхийг тэгж харж чадсан юм.

Улс орноо шинэчлэн бүтээн байгуулах нөр их ажил ирлээ. Зарим судлаачид Неругийн шинэчлэлийг социалист хэлбэртэй байсан гэж дүгнэсэн нь олонтаа. Нэг талаараа тэр үнэхээр Энэтхэгийн аж үйлдвэрийг хөгжүүлж, түүн дээр тулгуурлан хүчирхэгжих, зэвсэгт хүчнийг сайжруулах, газрын шинэтгэл хийх, мянга мянган шинэ ажлын байрыг бий болгох, эрчим хүчний салбарт төрийн монопол эрхийг тогтоох зэрэгт онцгой анхааран ажиллахын зэрэгцээ гадаад харилцаанд илүү их ач холбогдол өгч байлаа. Эдгээр шат дараалал, эмх замбараатайгаар зохион байгуулсан ажлууд нь Неруг Коммунист дэглэмийн талд зогсож байгаа мэт харагдуулж байсан нь Зөвлөлтүүдийг тэгж эндүүрэхэд хүргэсэн юм. Гэвч Неру хэзээ ч Коммунист байсангүй. Тэр зөвхөн тухайн үед Орос төвтэй байсан захиргаадалтын дэглэмийн хэрэгтэйг нь сонгон авч, өөрийн хөрсөн дээр буулгажээ.
Неругийн төр барьж байсан он жилүүд болбоос гантиг чулуу шиг хатуу эрин үе байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Учир нь тэгэхэд нөхөр Сталин Зөвлөлтийг базаж, нөхөр Мао Чан Кай Ши-г хөөж орхиод Бүгд Найрамдах Хятад Ард улсыг байгуулж, Ким Ир Сен Солонгосыг хоёр хуваачихсан байлаа. Зөвлөлтүүд Неруг хамаг улсаа аваад наашаа, наашаа гээд байх. Гэвч ухаант хүмүүн тэднийг хэн гэдгийг бас мэднэ.

Неру уйлж байлаа... 1948 онд 79 настай буурал хувьсгалч Махатма Гандиг индуист шовнист хэмээх алан хядах бүлэглэлийн нэг өөдгүй амьтан буудаж хөнөөсөнд тэр харамсан уйлж байлаа... Орь ганцаардсан Жавахарлал Неру яг л хүүхэд шиг алгаараа нүүрээ таглаад уйлж суулаа.

1950-иад оны дунд, төгсгөл үед дөнгөж байгуулагдаад байсан Энэтхэг мэтийн орныг удирдан жолоодно гэдэг амаргүй даваа байв. Тэр тусмаа өөр нэгэн улстай дотно түнш юм уу, эсвэл түүнийг шууд түшсэн байдалтай бус бие даасан улс орон 20 дугаар зууны эхний хагасын төгсгөлд дорно дахинд Энэтхэгээс өөр бараг байсангүй.  14 дүгээр далай лам хийгээд Түвд орны байдал хурцдаж, дээрхийн гэгээнтэн арга буюу Тамиль нутагт сарлаг унаж ирлээ. Тусламж хүссэн бүхий л улс орнууд нь бурханы шашны тэргүүнээс нүүр буруулсан байтал Энэтхэг улсын хил түүний өмнө дааман хаалга цэлийлгэж, цаана нь Жавахарлал Неру тосон угтсан юм. Жавахарлал Неру Түвдээс болж Хятадуудтай багагүй зөрчилдсөн. Америкчууд энэ асуудалд шуудхан бодит байдлаар тусламж үзүүлэхийг түүнээс хүсч, Түвдийн тусгаар тогтнолд гар бие оролцохыг санал болгосон ч Неру ийм эрсдэлтэй алхмыг хийгээгүй. Хэрэв тэгсэн бол наран мандах зүгийн хоёр их гүрэн илүү том дайныг дэгдээж мэдэх аюултай байсан юм. Жавахарлал Неру бас зөвлөлтүүдтэй маш зөв харьцаж байсан. Тэр тэдний мэдэлд эх орноо өгөхийн оронд зүгээр л тусламж авах замаар хамтран  ажиллаж чадсан. Тэр бас 1954 онд энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг бий болгосон нь эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний үндэс болсон байдаг. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн гэдэг нь хэний ч хараат бус бүрэн бие даасан оршин тогтнол гэсэн үг болно.

1964 оны 5 дугаар сарын 27-ны тэр өдрийг бүх Энэтхэгчүүд хийгээд энх тайвныг эрхэм болгосон бусад улс үндэстнүүд хэзээ ч мартахгүй. Зөвлөлтийн домогт маршал Жуковтой, ариун хүмүүн Махатма Гандитай, зөвлөлтийн нам төрийн удирдагч Леони́д Ильи́ч Бре́жневтэй, сансарын баатар Юрий Гагаринтай, дээрхийн гэгээнтэн 14 дүгээр далай лам Данзанжамцтай, эгэл жирийн ард түмэнтэйгээ халуун дотноор инээмсэглэн, нүд дүүрэн жаргалтай зогссон түүнийг нүгэлт алуурчны заналт хурууны ганцхан хөдөлгөөн үгүй хийчихлээ. Ургах наран зүгийн ухаант хүмүүн Жавахарлал Неругийн гунигт төгсгөл ертөнцийн төгсгөл шиг байлаа.  

Үргэлжлэл бий ...  

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Жавахарлал Неру буюу Жаргалтай Энэтхэгийн эхлэл  
Үзсэн: 3853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй