
Цавуулаг ширхэг нь хүний биеийн бүх эрхтэн тогтолцоог бүрдүүлэгч эрхтнүүдийг өөр хооронд нь холбож хэлхэж нэгдмэл үйл ажиллагааг нь бүтцийн хувьд хангадаг эс завсрын чухал бүтэц юм. Цавуулаг ширхэг хүний биед олон чухал үүрэг гүйцэтгэдэг. Яс тэдгээрийн хооронд үүсдэг холбоос бүхэлдээ цавуулаг ширхэгээс бүтдэг цавуулаг ширхэгээс бүтсэн үений уут орчны холбоос нь олон чиглэлд сунаж, агшиж ажилладаг биологийн асар уян бүтэц юм.
Дэлхий дээр цавуулаг ширхэгээс бүтсэн бүтцийг орлох тийм онцгой бүтээгдэхүүнийг хараахан олоогүй байна. Хэрвээ цавуулагийг оролсон эд бүтээж хүний өвчин эмгэгийн зарим асуудлыг шийднэ гэж зоригловол өвдөг, тохой нь язарч тасарсан хөгийн хүнцэр гарах биз. Нэг үгээр хэлбэл хүн амьтны арьсыг орлох тийм шилмэл синтетик бүтээгдэхүүнийг хүн төрөлхтөн хараахан бүтээгээгүй байна. Цавуулаг ширхэг-fibra collagenosa бүтцийн нэгж нь бие биеэ ороосон аминхүчлийн гурван гинжний мушгиа юм. Нэгийг нь альфа гинж гэнэ. Гинж бүхэн амин хүчлийн гурвалын цуваанаас бүрэлдэнэ. Амин хүчлийн гурвалын I амин хүчил нь ямар ч амин хүчил байж болдог. II нь пролин юмуу лизин байдаг. III нь глицин байдаг. Ийм альфа гинжийг энгийн буюу альфа 1 гинж гэдэг. II,III, IV, V төрлийн цавуулаг ширхэгийн бүтцийн нэгж нь гурван альфа 1 гинжний мушгиа байдаг. Харин нэгдүгээр төрлийн цавуулаг ширхэгийн бүтцийн нэгж 2 ширхэг альфа 1 гинж, нэг ширхэг альфа 2 гинжний мушгиа байдаг. Альфа 2 гинж гэдэг нь альфа гинжийг бүтээж байгаа амин хүчлийн гурвалын гуравдугаар амин хүчил болох глицины араас пролин залгасан хоёр гурвал (X байрлал) тутамд глицины өмнө гидроксипролин залгасан нэг амин хүчлийн гурвал (У байрлал) орж бүтдэг альфа гинжийг хэлдэг.
Фибробластаас ийм мушгиа гарч хэд хэдээрээ багцран протофибриллыг бүтээнэ. 5-6 протофибрилл багц үүсгэн 280 нм урттай, 1.5 нм өргөнтэй микрофибриллийг бүтээнэ. Цахим дуранбайгаар энэ нь махирласан утас мэт харагдана. Олон ийм микрофибрилл глюкозаминогликанаар багц үүсгэн наалдаж сая утаслагийн фибриллийг бүтээдэг. Тэрээр 0.2- 0.5 мкм голчтой. Эдгээр фибриллээс коллаген ширхэг бүтнэ. Ямар эдэд байхаасаа хамаарч, коллаген ширхгийг бүтээлцэх фибриллийн тоо өөр өөр байна. Үүгээр коллаген ширхэг дунджаар 1-20 мкм голчтой. Одоогоор 12 төрлийн коллаген ширхэг байгааг тодорхойлоод байна.
Арьс, нүдний эвэрлэг, артерийн хананыхыг I төрөл, шиллэгний мөгөөрсөн эдийнхийг II төрөл, том судас ургийн арьсныхыг III төрөл, суурийн мембран, болрын уутныхыг IV төрөл гэх мэт нэрлэж бичиж байна. Судасны хананы эсийн эргэн тойрон бас байдаг. Экзоцитоскелетийн үүрэг бүхий Y төрөл коллагенийг одоо эрдэмтэд тодорхойлж бичээд байна. Арьсан бүтээгдэхүүн гэдэг нь цавуулаг ширхэгийн торон бүтэц гэсэн үг юм. Арьс ширийг бордоно гэдэг нь цавуулаг ширхэгийг цавуужихаас хамгаалах урвал юм. Хүний амьд бие дээр ч иймэрхүү үйлд чиглэсэн урвал байдаг. Хүн ард ч түүнийг өдөр дутмын амь амьдралдаа бодож хэрэглэж хэрэгжүүлж ирсэн түүхэн уламжлал баялаг туршлагатай.
Сүүлийн жилүүдэд цусны хялгасан судасны ханаар нэвчсэн хоол тэжээл хэрэгцээт эс эддээ хүртэл бас нилээд зайтай, тэр замыг ямар арга замаар туулж эс эдэд хүрч тэнд байгаа эс эдэд хэрэггүй зүйл цус руу ирж улмаар биеэс яаж гадагшилж буйг мэдэж тайлбарласан ажил төдийлэн олон биш гэтэл эд эсийг хооронд нь холбож тогтсон цавуулаг ширхэгийн багц түүний гадаргуугийн горивтож ороож тогтсон бүтэц үүнийг бүтээдэг болохыг одоо параселлюрар тогтолцоо гэж тогтоогоод түүнийг судлах асуудал руу дэлхийн эрдэмтэд ханцуй шамлан орцгоож байна. Монголчууд бөхчүүдээ уралдаан тэмцээн даншигт бэлдэхдээ хэвтэр мах өгөхгүй эвхсэн суран дээр унтуулдаг ёс заншилтай. Энэ нь угтаа холбогч эдийн цавуулаг ширхэгийн дутмагшилд оруулахгүй эрүүл чийрэг байлгах уран ухаан юм. Аймаг хошуу сум дамжиж адуу хөөж наймаалцдаг хулгайчид (манайхан шилийн сайн эр хэмээн нэрийддэг) ч бөх хүн шиг дэглэм барьж биеэ бэлддэг учиртай. Бүр 13-р зууны үеэс их хаан Чингэс энэ талаар өргөн мэдлэгтэй байжээ. Түүний төмөр морин цэрэг дэлхийн талыг эзэлж сүр хүчээ мандуудж Монгол хэмээх үндэстэнг дэлхийд мандуулсан түүх түүний шинжлэх ухааны үндэс үүнтэй мөн холбогддог. Холын аян дайнд мордож байгаа цэрэг эрийн эхнэртээ захисан ажил амьдралын сургаалын үнэн учир ч үүгээр тайлбарлагдана. Холын аянд мордох гэж байгаа цэрэг эр эхнэртээ захисан захиаснаас өчүүхэн хэсгийг дор сийрүүлье.
"За халамжит хань минь холийн аянд явахдаа захиж хэлэх үг байна. Миний ээжийг намайг байхгүй хойгуур гэр гадаагүй хар бор ажилд сайн зарж байгаарай, тогоотой хоолны даргилж буцлаж байгаагаас нь чи өөрийн ээждээ аягалаад миний ээжид нөгөө талаас нь аягалж байгаарай" гэж захижээ. Үүний учир нь тураг мах ч бай таван цулын шөл ч бай хэт их хүчтэй галаар төөнөж хурдан боловсруулах нь идэж байгаа махны цавуулаг ширхэгийн бүтцийг алдагдуулж зарим амин хүчил задарч хүний биед нэн таатай нөхцөл бүрэлддэггүйг хашир шадар цэрэгт хэн ингэж ухаж ойлгуулсан нь тодорхой юм. Нөгөөтэйгүүр тэр хашир цэрэг эр миний ээжид шаант, шагай, богт чөмөг, гүзээхэн өгч байгаарай гэсэн нь ээжийгээ цавуулаг ширхэг түүнийг бүтээгч амин хүчлийн дутмагшилд оруулахгүй пролин лизин глицин гэсэн амин хүчлээр элбэг хоолоор хооллох нь эрүүл хооллолт гэдгийг сургасан хэрэг байжээ. Ингэж захисны дагуу эр нөхрийнхөө сургаалыг ёсчлон дагасан эхнэрийн үйлдэл гурван жил үргэлжилсэн аян дайнаас цэрэг эр буцаж ирэхэд ээж нь амьд жавхалзаж явахад хадам ээж нь бурханы оронд явсан байсан домог байдаг.
Энэ бүхэн их хааны мэргэн ухаан, цэрэг эрсээ хүмүүжүүлж цэрэг дайны өндөр бэлтгэлтэй байлгах соргог ухааны тод гэрч юм. Шинжлэх ухаан техник өндөр хөгжсөн өнөө үед идээний сайхныг идэж, ундааны амттайг сонгосон энэ цагт толгой шийр гүзээг эс тоож аж төрснөөс өндөр хөгжилтөй улс орон түүний иргэд цавуулаг ширхэгийн дутмагшилд орж шаналж байна. Эхнэр нь хоёроос дээш хүүхэд төрүүлж чадахгүй цорой нь хүүхэд тээсний дараа татарч хэвэндээ орж чадахгүй зовиурласан бодит байдалд ч үүнтэй холбоотой юм. Дөчөөс дээш насны эрчүүдэд цоройны олдмол эвэрхий манайд ихэсч байгааг эрдэмтэн н.Мөнхбаярын нэг сэдэвт зохиолд тусгасан мэдээлэл монголд тэр тусмаа монгол эрчүүдэд цавуулаг ширхэгийн дутмагшил нүүрлэж буйн илрэл юм. Их нутгаа эргэх хүсэлд хөтлөгдсөн шар хөвийн дөрөлж дээгүүр давахад бойны газраас хаясан бог малын шийр өмхийрч өгөршиж хэвтэж байгааг харахад монгол хүн их цамаан болж төр засагч их бэлэнчлэх болж. Тэр хэмжээгээрээ монгол хүний эрүүл мэнд доголдох сэжим энд байна гэж бодсоноо нуух юун. Гэр орноосоо дайжиж хөлхөж яваа нөхдийг дайчилж толгой шийр хуйхлуулж хоол цайны газарт стүжень (нунжгай) бэлдэж амталгаа болгоход мөн ч их буян хураана даа.
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эмзүй-Биоанагаахын Сургуулийн Морфологийн тэнхмийн багш АУ-ны магистр М.Лхагважаргал
Монголын Анагаах Ухааны Академийн Академич, АШУ-ны доктор, профессор Д.Амгаланбаатар
Цавуулаг ширхэг ид шидтэй молекул | ||
Үзсэн: 2628 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.