
МҮОНТ Испанийн телевизийн бүтээл “Энэ бол дуурь” 30 ангит баримтат нэвтрүүлгийг өчигдрөөс үзэгчдэд хүргэж эхлээд байгаа билээ. Жинхэнэ шүтэн бишрэгчээс авахуулаад энэ урлагийн талаар огт мэддэггүй хүнд хүртэл ойлгогдохоор энгийн, сонирхолтой хэлбэрээр хийсэн энэ цуврал нэвтрүүлгийн гол зорилго нь дуурь, дуурийг бүтээсэн түүх болон түүний далд нууцуудыг тайлбарлан ярих юм.
Цувралаар хөтлөгч болон киноны баг дэлхийн олон улс орноор аялж, алдарт дуурийн дуучин, төгөлдөр хуурч, хөгжим судлаач болон бусад мэргэжлийн хүмүүсээс ярилцлага авч, дуурийн талаар санал бодлыг нь сонссон байдаг. Түүгээр ч барахгүй, анги болгонд тэд үзэгчдэд ойлгомжтой аргаар дуурийн зохиомжийн нууц, тодорхой нэгэн нот, хөгжмийн хэсгүүдийг онцгойлон үзүүлсэн байдаг.
Өнөө орой /12 дугаар сарын 2/ “Энэ бол дуурь” цувралын гарах дугаарт "Парсифаль" дуурийг танилцуулах болно.
Парсифаль
Парсифаль бол агуу хөгжмийн зохиолч Ричард Вагнерийн хамгийн сүүлчийн бүтээл. Дуулалт жүжгийн үзэл санаа нь гол баатрынхаа оюун ухаан, сэтгэл зүрхний гүн рүү хийсэн аялал боловч дуурийн өгүүлэмж домогт өгүүлдэг мөнхийн аз жаргал, залуу нас, эд баялгийн бэлгэдэл болсон Холи Грейлийг эрэх эрэлд тулгуурлана. Холи Грейл гэж юу сан билээ, Христийн ариун рашааныг хүртэх алтан хундага уу, ямар нэг бодит биет зүйл үү, эсвэл өөр зүйл юм уу, хариултыг олж мэдэхийн тулд кино багийнхан гурван өөр газраар аялна. Эхлээд Францын өмнөд нутагт орших нэгэн хотоос бид Катарчуудыг эргэн тольдох болно. Дараа нь зарим хүний жинхэнэ грейл мөн гэж баталдаг алдарт ариун хундага хадгалагдаж буй Валенсиа дахь катедрал сүмд зочилно. Хамгийн сүүлд Барселоны ойролцоо дахь Монсеррат хийдэд очиж, Германы Нацист намын тэргүүн байсан Хейнрих Химмлерийн Холи Грейлийг эрж тус хийдэд зочилсон тухай бодит түүхийг эцэг лам Бернатаас сонсох болно. Түүнчлэн Вагнер өөрөө энэхүү хийдээс уран бүтээлийн сэдэл авч дуурийн үйл явдал өрнөх гол газраа бүтээсэн байдаг. Мөн Парсифаль дуурийн хувьд үнсэлт их чухал утга санааг агуулдаг учраас бид үнсэлт гэдэг хэр хүчтэй, хүний амьдралыг хэрхэн орвонгоор нь өөрчилдгийг хамтдаа сонирхоно. Хамгийн сүүлд нь, маш сонирхолтой баримт. Яагаад 13-ын тоо Ричард Вагнерт аз авчирдаг байсныг бид олж мэдэхээр хичээсэн билээ.
Алдарт "Парсифаль" дуурийн нууцыг тайлна | ||
Үзсэн: 331 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.