Шууд Chart

Ж.Амарсанаа: Хэвийн боов, еэвэндээ транс тос хэрэглэхгүй байхыг уриалж байна

2016-01-14 15:33:42

Сар шинийн баяр ирэх хоёрдугаар сарын 8-нд тохионо. Хэдийгээр сар шинэ болоход 20 гаруй хоног үлдсэн ч нийслэл төдийгүй хөдөөд ч сар шинийн бэлтгэл ажил аль эрт эхэлжээ.

Эдгээр өдрүүдэд хамгийн их гүйлгээтэй байдаг бараа бол хэвийн боов. Харин хэвийн боовны орц найрлагад сүүлийн үед хурцаар яригдах болсон транс тос ихээр агууллагддаг талаар Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа хэвлэлийн хурал зарлан мэдэгдсэн.

Харин түүний яриа хэр үнэн болохыг нягтлахаар зарим хүнс үйлдвэрлэгчээр орлоо. Эхний орсон газар “Өгөөж чихэр боов” ХХК. Дараа нь “Бамбууш”, “Атар Өргөө” зэрэг үйлдвэрээр ороход тэдний хэлж буй үг нэг ижил байв. Компаниудын зүгээс хэвийн боовны үйлдвэрлэл өнөөдөр /өчигдөр/ эхэлсэн учраас энэ талаар мэддэг техникчид завгүй, хуралтай байгаа гэх шалтгаанаар мэдээлэл өгөхөөс татгалзав. Харин нэрийн барааг худалдаалдаг дэлгүүрүүдийн зарим худалдагчийн хувьд энэ талаар мэдээлэл өгч чадахгүй, мэдэхгүй хэмээн бултаж байлаа. Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн худалдагч “Бүх л хүнс үйлдюэрлэгч компани транс тосыг тодорхой хэмжээгээр хэрэглэдэг” гэхээс өөр зүйл ярьсангүй.

Хүнсний компаниуд ийнхүү тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан учир нэрийн барааны дэлгүүрт худалдаалагдаж буй нарийн боов, талхны орцыг харж үзлээ. Жишээлэхэд, “Атар Өргөө” компанийн үйлдвэрлэдэг нарийн боовны орц найрлагад маргарин түлхүү орсон байна. Маргарин бол транс тос. Тиймээс Монголын хүнсний компаниуд их, бага хэмжээгээр транс тосыг хүнсэндээ хэрэглэсээр байгаа юм.

Транс тосны хор хөнөөлийн талаар Анагаах ухааны доктор, НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаагаас тодрууллаа.

-Зарим хүнс үйлдвэрлэгч компаниуд транс тос хэрэглэсээр байна. Транс тосноос татгалзах арга ер нь бий юу?
-Хүнсэнд хэрэглэхгүй байвал хамгийн сайн. Ихэнх орон транс тосны доод хязгаарыг тогтоож өгсөн байдаг. Зарим нь бүр хэрэглэхийг хориглосон ч байдаг. Жишээ нь, АНУ өмнө нь тодорхой хэмжээнд хэрэглэхийг хүлээн зөвшөөрч байсан ч энэ жилээс огт хэрэглэхгүй татгалзсан байна. Европын холбооны улсууд ч бас хүнснээсээ шахаад эхэлчихсэн. Бид тэдэнтэй адил татгалзахгүй бол энэ өндөр хөгжилтэй орнуудаас “хөөгдөж” ирсэн чанарын шаардлага хангахгүй транс тос маш хямд үнээр Монголын зах зээлд нэвтрэх аюултай болчихоод байна.

-Транс тосыг бүр хязгаарлалаа гэхэд орлуулах зүйл хэрэгтэй байх?
-Транс тосыг цөцгийн тос, шар тос, зөөхий, байгалийн гаралтай ургамлын тос,  өөхөн тос гэх мэт маш олон эрүүл бүтээгдэхүүнээр орлуулж болно.

-Гэтэл ийм олон орлуулж болох бүтээгдэхүүн байхад хүнсэнд хэрэглээд байгаа шалтгаан юу юм бэ?
-Транс тосны зах зээлийн үнэ хамгийн хямд байдагт оршиж байгаа. Тиймээс л би Монгол Улсад транс тосыг 100 хувь хэрэглэхгүй, импортлохгүй, үйлдвэрлэхгүй байя гэх уриалгыг гарган, өдөр, шөнөгүй яриад байгаа юм. Хамгийн гол нь сар шинэ ирж буй эдгээр өдрүүдэд хэвийн боов, еэвэн зэрэгтээ транс тосыг битгий хэрэглээч ээ гэх уриалгыг хүргүүлээд байна. Би энэ талаар Эрүүл мэндийн яаманд ажиллаж байх үеэсээ л ярьж байсан ч тодорхой ахиц гараагүй. Харин өнөөдрийн өнцгөөс надад шийдвэрлэх эрх мэдэл байхгүй учраас уриалахаас цаашгүй сууж байна даа.

Нийтэлсэн: Т.Түмэнзаяа

Ж.Амарсанаа: Хэвийн боов, еэвэндээ транс тос хэрэглэхгүй байхыг уриалж байна  
Үзсэн: 706 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй