Шууд Chart

“Яамныхан өөрсдөө “шок”-нд орсон”

2017-07-24 15:27:33

Хөвсгөл нуурт амарч аялаагүй монгол хүн  цөөхөн болов уу.  Зарим нь нэг бус удаа хөл тавьсан байх. Тэдний цөөнгүй нь  Хөвсгөл нуур орчмын байр байдал амруулж, зугаацуулах биш харин ч бүр сэтгэл  зовинуулж, шаналал төрүүлж  байгааг шүүмжилсээр байна.  Энэ тухай  миний бие судалгаа хийсэн мэргэжлийн хүнтэй сар гаруйн өмнө ярилцсан байсан ч “сонгуулийн  золиос” болгочихгүйн тулд ярилцлагаа нийтлэхээ түр азнаад байсан юм.  Амрагчдын шүүмжлэл хэр ортойг “Хөвсгөл далай ээж” ТББ-ын тэргүүн, биологийн ухааны доктор Ж.Оюумаагийн ярилцлагаар өдгөө хүргэе.  

Тус байгууллага Азийн сангийн дэмжлэгээр Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар нутгийн Хөвсгөл далай орчимд өнгөрсөн нэг жилд судалгаа хийж, газар ашиглалт, байгаль экологийн нөлөө, амрагчид, ажил үйлчилгээ эрхлэгчдийн нөхцөл байдал гээд олон чиглэлээр  дүгнэлт гаргасан байна.


“Гэр буудлууд өтгөн шингэнээ хөрсөнд шингээсээр л...”


- Судалгаагаар чухам  ямар дүгнэлт  гарав?

- Хөвсгөл нуур  экологийнхоо тэнцлээрээ байсан бол ийм байдал үүсэхгүй байсан.  Харин өнөөдөр хог хаягдалдаа дарагдчихсан, нуурын зах  орчим чулуу нь шороо шавраар хучигдсан, замаг ургачихсан гээд бохирдлын олон шинж илэрч байна. Зундаа  ялгадас үнэртэх болсныг ч  иргэд хэлдэг.  Энэ бүхэн юунаас болов гэдгийг мэдэхийн тулд манай ТББ АНУ-ын Азийн сангийн тэтгэлгээр  судаллаа.  Салбарын яам нь  Хөвсгөл нуур орчимд тусгай зөвшөөрлийг  хуулийн дагуу өгсөн үү, үгүй юу? гэдгийг ч тандсан.   Манай “Хөвсгөл далай ээж” нийгэмлэг ихэвчлэн судалгаа мониторингийн ажил хийдэг л дээ. Судалгаа хийхдээ жуулчны  баазуудын ажилтан, удирдлагуудтай уулзаж байршлын цэгүүдийг нь  тэмдэглээд, нуурын эргээсээ хэдэн метр зайд байна, Усны хуулийг зөрчиж үү, Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль, Аялал жуулчлалын стандартад нийцэж үү гэх зэргээр  холбогдох  хууль, журмаа  барьж,  судалсан.   Өнөөдөр Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар 168 жуулчны бааз, 100 гаруй гэр буудал нийлээд 268 зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй аж ахуй нэгж үйл ажиллагаа эрхэлж байна. Гэр буудал, жуулчны баазад тавигдах тогтсон стандартаар бол 2 жуулчны баазын хооронд зай 1км-ээс доошгүй байх ёстой.  Малын өвөлжөөнөөс 500м-ээс доошгүй.  Нуурын эргээс 100-200м дотогш биш гэсэн  заалттай. Энэ бүх заалт Хөвсгөл нуурт зөрчигдсөн байна.

Жишээ нь Жанхайд 6 км газар дээр 30 гаруй жуулчны бааз бий.  2014 оноос жуулчны бааз, гэрүүдийн тоо огцом өссөн байсан.  Уул нь 2012 онд  С.Оюун сайдын тушаалаар газар олгох зөвшөөрлийг нь цуцалж байсан. Тэр үед ердөө 68   газар л зөвшөөрөлтэй байсан. Гэтэл өнөөдөр 200 гаруй болчихсон байна. Мөн шууд юмаа барьчихаад  дараа нь зөвшөөрлөө хөөцөлддөг хүмүүс ч байна. Ерөөсөө Хөвсгөл нуурын хамгаалалт хяналтаа алдчихжээ.

- Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авчихсан жуулчны баазуудын нөхцөд байдал   ямар байна вэ?

- Усны тухай хуулиар Хөвсгөл нуурийн эргээс 50м зайд ямар ч үйлдвэрлэл эрхэлж  болохгүй гэж заасан байдаг. 100-150м газар байгальд халтай биш үйл ажиллагаа явуулж болно гээд тогтоочихсон. Гэтэл бодит байдал дээр 50м дотор 32, 100 метр дотор ахиад 22 жуулчны бааз байж байна. Ингээд 50 иад нь  Усны тухай хуулийг зөрчөөд байгаа юм. Хөвсгөл нуур нь өөрөө байгалийн онц сайхан тогтоцтой гэдгийг монголчууд бид бүгд мэднэ. Өөрөөр хэлбэл усны эрэгтэй залгаад шууд ой мод байдаг. Тиймээс тэнд үйл ажиллагаа явуулж байгаа баазууд Усны тухай,  Ойн тухай хуулийг зөрчиж байшин барилга барьж байна.

Тэнд үйл ажиллагаа эрхэлж байгаа жуулчны баазууд бохироо зөөж асгаж байна. Бохир усаа хийдэг лагийн талбайтай болчихсон. Тэрийг асгах чадвартай жуулчны бааз ховор. 30аад км газар, тэр өндөр уулын даваа давж 6 тн бохир асгана.  Өнөөх нь ахиад л дүүрчихнэ. Тэгэхээр мөнгө санхүүгийн боломжтой  бааз нь л бохироо шүүнэ. Олонхи нь  доошоо шууд газар луу шингээчихдэг. Ялангуяа гэр буудлууд бүгд өтгөн шингэнээ нуурын хөрсөнд шингээж байгаа.


Байгаль орчны яамныхан өөрсдөө “шоконд” орсон


- Яг энэ талаар тэнд ухуулдаг, ярьдаг, мэдээлдэг хүн гэж байна уу? Үйлчилгээ эрхлэгчид өөрсдөө ойлгодог юм болов уу?

- Ухуулга бол бий. Үүнийг хариуцаж байгаа гол газар нь Хөвсгөлийн тусгай  хамгаалалттай газар. Яамнаас зөвшөөрөл авахад нь ч гэсэн үүнийг хэлээд явуулж байгаа. Гэсэн ч одоо бүр  хяналтаа алдчихаад байна.  Бид энэ талаар БОАЖ-ын яаманд  хэлэхэд  “Шантааж хийж байна, ард түмэнд хар муу юм тараах гэж байна” гэж хүлээж авсан.  Тэгээд бид судалгааны үр дүнгээ Байгаль орчны сайд, нөөцийн газрын аудитын хэлтэс, тусгай хамгаалалттай газар гээд бүх газарт  тараагаад үзүүлсэн чинь Байгаль орчны сайд ажлын хэсэг гаргаж, судалгаа хийлгээд  “Хөвсгөл нуур чинь ийм болчихсон юм уу” гээд өөрсдөө очоод шоконд орсон. Яагаад гэвэл хоёр  жуулчны баазын хооронд 1км зайтай байх  стандарт бий ч  1км т л 30-аад жуулчны бааз, гэр буудал хэлхэлдэн, гэр хорооллын хамар хашаанууд шиг болчихсон. Тиймээс  аялал жуулчлалын даац  хэтэрсэн.  Хамгийн гол нь бид бохир усны асуудлаа шийдэж өгөөч ээ гэдэг шаардлагыг тавьж байгаа юм.  

Хөвсгөл нуурт бохирын асуудал яагаад шийдэгдэхгүй байна вэ гэхээр энэ бүс нутаг тэс өөр цаг ууртай.  Зундаа  3 сар дулаан, үлдсэн цагт нь хүйтэн. Ийм хүйтэнд биологийн бактерүүд задралд орж, идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжгүй. Тэгэхээр манайд нэвтэрсэн  технологийг хэрэглэж болохгүй учраас л  бохирыг зөөхөөс өөр гарц одоогоор алга.  Тиймээс Хөвсгөл нуурт тохирсон цэвэр, бохир усыг нь ялгах, стандартад нийцсэн шинэ технологийг гаргаж авах хэрэгтэй байна.   Ингэж л өөрчлөхгүй бол бид, Хөвсгөл нуур  үнэхээр  хүнд, хэцүү байдалтай үлдэх гээд байна.

-БОАЖЯ-наас ажлын хэсэг гарсан гэж та хэллээ. Судалгааны ажил нь ямар шатандаа яваа бол?

- Өнгөрсөн гуравдугаар  сард  яамнаас, мөн Хөвсгөл аймгаас ажлын хэсэг гарсан. Гэсэн ч  газар олголтынхоо учрыг нь олж чадаагүй л байна.  Очоод  харахад л андашгүй. Ямар  аймшигтай байдалд орсныг зарим амрагчид анзаарсан л байх.  Ямар ч ажлын уялдаа холбоо байхгүй. БОАЖЯ,  нутгийн захиргаа өөрөө удирдах байгууллага хооронд хоёр өөр чиглэлд газар өгөх зөвшөөрөл, бүртгэл мэдээлэл явагдаж байх жишээтэй.  Орон нутгийн бүртгэлийн сан, яамны бүртгэл хоёр зөрөх, давхцах нь их.  Харин саяхан тэд  нэгдсэн нэг мэдээллийн сантай болсон банйа лээ. Зун ажлын хэсэг дахин Хөвсгөл нуурт ажиллаж, зөвшөөрөлгүй, хууль зөрчсөн баазуудын эрхийг нь цуцлах байх.  Цуцлахад бас хор нөлөө бий.  Хөвсгөлийн зүүн эргээр 40 шахам жуулчны баазад газар олгочихсон байгаа. Тэдний ихэнхи нь зөвшөөрөлтэй ч  баазаа барьж амжаагүй . Тэгэхээр бариагүй байгаа дээр нь энэ хүмүүсийг бушуухан цуцлаач ээ гэдэг саналыг манай ТББ-аас  гаргаж байгаа юм. Яагаад гэвэл эдийн засгийн хохирол гарахгүй. Төр, иргэд аль аль нь хохирол багатай.

- Хөвсгөл нуур орчмын байдал энэ хэвээрээ үргэлжилбэл бид цаашид ямар эрсдэл   хүлээх вэ? Судлаачийнхаа хувьд таны бодол?

- Маш олон эрсдлийн хүлээнэ. Хөвсгөл нуурын хувьд одоо бохирдоод эхэлчихсэн. Хуучин цэнгэг усанд нь нуурын гүнд орших чулуу харагддаг байсан бол одоо замгаар хучигдсан.  Нуурынхаа эргээр бохирдлын элементүүд үүссэн. Энэ байдлаараа Хөвсгөл нуурын цэнгэг байдал алдагдана.

- Дэлхийн цэнгэг усны нөөцийн тодорхой  хувийг агуулсан  Хөвсгөл нуураа  хамгаалах монголчуудын олон улсад хүлээсэн үүрэг гэж бас бий байх аа.  

-Байлгүй яахав. Хөвсгөл нуур чинь манай дэлхийн цэнгэг усны 2 хувийг агуулж байгаа. Дэлхийн цэнгэг усны 10 хувь нь Байгаль нуурт, 2 хувь нь Хөвсгөл нуурт, үлдсэн хувь нь Хойд мөсөн далайд мөс хэлбэртэй байдаг. Хүн шууд ууж болох цэвэр ус нь Хөвсгөл нуур, Байгаль нуур хоёрт байж байгаа юм. Бид түүнд гамшиг учруулж байна. Хоёрт, хэрэв Хөвсгөл нуур бохирдвол  Эгийн голоор дамжиж Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурт цутгана.  Энэ бол  байгальд учруулах хохирол. Эдийн засгийн хохирол ч их.

 

Сүүлийн үед Хөвсгөлд ирэх гадаадын жуулчид  эрс багассан.  Хөвсгөл нуур орчимд  аялал жуулчлалаас өөр орлогын эх үүсвэр тун хүнд.  Ганцхан мал аж ахуй л байгаа.  Одоо Хөвсгөлийн зүүн эргийг хадгалах хэрэгтэй байна. Монголын онгон зэрлэг байгалийг судлах аялал тэнд л үлдэж байна даа.  Хөвсгөл нуурын зүүн эрэг Сантын даваагаар давж  Ханх сум ордог.  Зам нь маш их бартаатай. Усанд унаж,  шаварт суух  сонирхолтой аялагчид ч олон.  Тиймээс л зүүн эрэгт жуулчны баазын  зөвшөөрөл  олгохоосоо өмнө технологийн шийдлээ боловсронгуй болгооч гэж хэлэх гээд байгаа юм.


“Үүргэвчтэй аялагчид Монголд зарлагагүй  аялах аргаа олчихсон”


- Гадаадын жуулчид ирэх нь ховордсон гэв үү?

- 2005 оны тоон мэдээгээр 5000 жуулчин Хөвсгөл нууранд ирж байсан. Өнгөрсөн жилийн тооллогоор 2000 жуулчин ирсэн гэсэн. Яагаад гэхээр манайд аялал жуулчлал маш бохир хөгжиж байна. Экологийн тав тухтай нөхцөлд аялахаар  иртэл хоёр, гурван метр хүрэхгүй зайд буудлууд нь шавчихсан. Машин тэрэгтэй хашгиралдаж давхилдаад л, нуур нь бохирдоод,  хүмүүс нь ил задгай бааж шээгээд байдаг.  Энэ байдлыг харсан гадныхан чинь “бид  ахиж ирэхгүй ээ” гээд дайжаад байна шүү дээ.  Би өөрөө бас жуулчны  хөтөч хийдэг. Өөрөө судлаач хүн учраас аялалын баг авч явдаг.  Гадныхан ахиж ирнэ гээд буцдаг байсан бол ирэхгүй ээ гээд явдаг болсон байна.

- Нөгөө талд үүргэвчтэй аялагчид аялал жуулчлалыг хөгжүүлдэггүй гэдэг. Манайд аялагчдын чанарт хир өөрчлөлт орж байгаа бол?

- Газраа зөв ашиглаж,  сурталчилгаагаа сайн хийж чадвал тусгай сонирхлын аялал, эко аялал хийх боломж бидэнд их бий.  Хуучны үүргэвчтэй аялагчид  өөр байсан л даа.   Одоо тэд ямар системд шилжсэн гээч?  Нэг ч төгрөг зарлагдахгүй аялах аргаа олчихож. Зальтай болчихсон байна. Хоорондоо мэдээлэл солилцоно.  Хот хоорондын  нийтийн тээвэрт 32 мянган төгрөг төлж  Хөвсгөлийн Мөрөнд бууна. Тэндээс  Хатгал сум руу 10 мянган төгрөг төлөөд явна.  Гэтэл тэдний зарим нь сум, аймаг хооронд мөнгөгүй явах аргаа олчихсон. Замаар явган алхчихдаг. Гадаадын хүн болохоор монголчууд сонирхоод “надад мөнгө байхгүй.” гэхээр нь зүгээрээ суугаад яв гээд хүргээд өгчихдөг.  Хатгалаас хэдүүлээ нийлээд буцаад явган алхчихна.  Тэгээд бас л унаа таараад “суугаад яваач” гэхээр нь “Бид  мөнгөгүй” гээд суухгүй.   Монголчуудын өрөвч, гэнэн занг мэддэг болчихсон.   Үүнээс эхлээд олон шалтгаанаар Хөвсгөл нуурийн аялал ашиггүй болж байна.


“Тусгай хамгаалалттай газартаа амьтны эд эрхтэн зардаг улс - Монгол”

- Нэг үеэ бодоход бид мөсний, тэмээний, бүргэдийн гээд  жуулчдыг татах арга хэмжээнүүдийг  цөөнгүй зохион байгуулдаг болсон.Энэ мэтчилэн  жуулчдыг татах үйл явдал, баяр наадмыг  та хир хүртээмжтэй гэж бодож байна?  Олон жил  аялал жуулчлалын бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа  судлаачийн хувьд  ямар санаа оноотой байгаа бол?

- Яахав эвэнтүүдийг  зохион байгуулж байна.  Гэхдээ манайд ерөөсөө болоогүй байна. Бид аялал жуулчлалыг хөгжүүлж байна гээд дур зоргоор нь орхичож.  Нэн түрүүнд газар олголтыг цэгцлэхгүй бол энэ салбарыг ном ёсоор нь хөгжүүлэх боломжгүй болчихлоо.  Дараа нь иргэдээ бэлтгэх хэрэгтэй байна. Наад зах нь энэ салбарынхан монгол хүн гэсэн сэтгэлтэй болох хэрэгтэй л дээ.   Тэрдундаа  хөтчүүд.  Гараар нэхсэн оймс авах гэхэд нь хөтөч нь “наадах чинь болхи нэхээстэй. Амархан цоорно” гээд хятад оймс авахуулчих жишээтэй.   Монголчууд өөрсдийнхөө, монголынхоо онцлог, түүх, соёл, ахуй амьдрал, зан заншлыг харуулсан эд хэрэглэлээ л хийж, сурталчилж, борлуулах хэрэгтэй байна. Хятадаас бөөндсөн  бараагаа  биднийх, манайх гээд зараад байх  юм бол Хятадын  эдийн засаг л тэлнэ.  Монголыг зорьж ирээд  хятад бараа аваад буцсан  жуулчид  мэдэж л таараа.  Бид өөрсдөө л  худалч гэсэн нэр зүүнэ шүү дээ. Хөвсгөл нуур орчимд голдуу Хятад бараа зардаг болоод байна. Гараараа урлах нь ховордсон шүү.  

Бас нэг эмзэглэмээр зүйл нь Хөвсгөлд эмийн ургамлыг маш ихээр зарж борлуулж байна. Бүр ховордсон ургамлыг ногооноор нь тасдаж ирээд л зарж борлуулдаг. Үүнд хяналт тавих цаг нь болсон.  Дараа нь загаснууд. Бариад, алаад  утаж, даршлаад л  зараад байна.  Гэтэл Хөвсгөл нуурын загасны нөөц дуусчихсан. Одоо том загас байхаа больсон.

Мөсний баярын үеэр яадаг гээч. Мануул, хярс, үнэгний арьсаар хийсэн эд хэрэглэл зардаг. Дэлхийн тусгай хамгаалалттай газруудад  тэдгээрийг зарах нь битгий хэл,  ангын арьсан хувцас өмсөхийг ч хориглодог. Гэтэл манайд, Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газарт  амьтдын арьс, эд эрхтнийг эгнүүлээд  өрчихсөн  зараад сууж байдаг.  Заримдаа бүр амьтныг тэр чигээр нь хөлдөөгөөд зарж байдаг.  Жуулчид  тэдгээрийг  хараад  “яагаад тусгай хамгаалалттай газар ийм зүйлийг зараад зогсож байгаа юм?” гээд гайхаж,  их зэмзэглэж, гонсойдог.


“Жуулчдыг анх удаа тайгад хүргэж өгч байлаа”


- Та аялал жуулчлалын салбарт хичээн жил ажиллаж байна вэ?

- Би 1994 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд амьдарч байсан юм. Тэр үед хамгийн анхны гадаад жуулчин манайд ирж байлаа.  Жуулчин гэж мэдэхгүй байхад Францын гурав,  Швейцари хоёр  хүн ирээд манайд гурван сар амьдарсан. Хатгалд англи хэл мэддэг нь  би байж л дээ.  Дөнгөж  л “Хэлло” гээд сурч эхэлж байсан л даа.  /инээв/ Тэгээд цаатан руу явах гэхэд нь манай хүн морьтойгоо Баруун тайгад аваачсан.   Анх удаа л жуулчин тайгад хүрсэн нь тэр байх.  Тэр үед цаатангуудын амьдрал үнэхээр доройтож, өлбөрч үхэх шахаж байсан үе. Жуулчид цаатны амьдралыг судалж, гурван сар амьдарч байгаад буцсан.  Тэд Монголд, монголын тайгад аялснаа, Монгол гэж онгон зэрлэг байгальтай улс байдгыг ОУ-ын аялал жуулчлалын   сэтгүүлд нийтэлж байсан.  Дахин ирэхдээ тэд цаатангуудад туслах гэж  цагаан бүрээснээс эхлээд  хэрэгтэй зүйлсүүдийг ачсан хоёр том хөсөгтэй байж билээ. 

Дараа нь  манай нөхрийг урьж  Францад гурван сар амьдруулсан. Тэнд байхдаа  тосгонуудаар мориор  аялдаг байсан гэсэн.  “Энэ бол Монгол хүн. Бид монголд энэ айлд очсон. Монгол айл ийм зочломтгой, найрсаг хүмүүс байдаг” гэж тайлбарлаж байсан гэсэн. Мөн “залуу айл мөртөө таван хүүхэдтэй. Таван хүүхэдтэй мөртөө ажлаа ингэж амжуулдаг. Их ажилсаг хүмүүс байдаг юм байна лээ” гэж танилцуулахад нь  Францчууд манай хүнийг их  халуун дотноор хүлээн авдаг байсан гэсэн.  Ингэж л аялал жуучлалтай холбогдож, гараагаа  эхэлж байлаа.  Би Америк,  Солонгос гээд ОУ-ын аяллын багтай олон удаа хамтран ажиллаж, судалгаа хийсэн. Сүүлд  Энхтайваны корпусын хүмүүс Хатгалд ирэхэд нь хамтран ажлаад  гадны жуулчдын сэтгэл зүй ямар нөхцөлд,  хэрхэн өөрчлөгддөгийг  илүү мэдэрсэн.  Мөн Хөвсгөл аймагт “Далай ван” дээд сургуульд найман  жил аялал жуулчлалын чиглэлээр багшилж байхдаа онолыг нь судалсан гэх үү дээ.

Нийтэлсэн: Д.Даваадулам

“Яамныхан өөрсдөө “шок”-нд орсон”   
Үзсэн: 20144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Өөрөөсөө [103.9.90.xxx] 2017-10-30 13:35
Ж. Оюумаа таныг Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт мэргэжилтнээр ажиллаж байх үед л энэ замбараагүй байдал эхэлчихсэн байсан шүү дээ.
humuun [66.181.186.xxx] 2017-08-22 15:27
humuusiin oi uhaand mungu l gehees eh baigalaa uzesgelent baidlaar n daraa uedee uldeeh setgel ene ued lav ygui boljee, deer door gehgui bugd l mungu tsagaan nud ulaan ,shunaliin tulmuud bolson bn, iim bhd yaj shn hugjih ve!
Өмнөговь. Х.Түмэндэлгэр [103.57.95.xxx] 2017-08-18 22:59
Хог новш бол замаа алдсан байна билээ. Ер нь цаашдаа Монголын аль ч тусгай хамгаалалттай газруудад дотоодын аялагчдын ирэхдээ авчирсан бүх л органик биш хог хаягдлыг ялангуяа шил сав, пластик уут савыг өөрсдөө гэрээсээ аваад ирсэнийх нь хувьд буцаагаад өөрсдөө авч яваад аливаа нэг сум, суурин, төвлөрсөн газруудын зориулалтын хогийн цэгт хаядаг, хог хаясаныхаа төлөө хогийн цэгийн дэргэд байрлуулсан дансны дугаараар ядаж 5000 төгрөг шилжүүлээд тухайн суурин газрын хог хаягдлын санд оруулчихдаг соёлыг л тогтоох хэрэгтэй. Хаа холын Говь-Алтайн алдарт "Ээж хайрхан" ууланд ч ээж ээж гэж очоод бохирдуулаад хогийн савыг нь дүүргээд овоолоод явж байгааг хараад ийм бодол төрсөн билээ. Харин Хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагчид ирсэн зочиддоо хогийн сав өгдөг, хогийг нь буцаагаад явуулдаг журмыг хэвшүүлэх ойлгуулах хэрэгтэй байх. Хүн бүхний хог нийлсээр дийлэхийн аргагүй их хог үлдэж байгааг хараад ингэж бодож байлаа. Бид хогоо авч яваад суурин газрын цэгт хаяж болоод л байгаа юм даа.
Өмнөговь. Х.Түмэндэлгэр [103.57.95.xxx] 2017-08-18 22:48
Яам үүнийг яаж ч чадахгүй. Харин ч нутгийн иргэдийн үнэн хэмээн баталж хэлж байгаагаар нуурын эрэг дагуу суулгасан дүнзэн хязгаарын тэмдгээсээ гадагш, нууран талдаа баазуудад газар олгохгүй гэж, олгосон хууль бус газруудын зөвшөөрлийг цуцалж нүүлгэнэ гэж иргэдийн өмнө амалсан хирнээ Яамны сайд өөрөө гарын үсэг зурж газар олгосон гэж байгааг сонсоод Хөвсгөл бол Тэрэлжийн адил аялал жуулчлалын бүс биш болжээ гэж бодсон. Зүүн эргийг бол одоо зөндөө газрууд эзэлчихсэн юм билээ. Энэ нь бас яамны зөвшөөрлөөр олгогдсон гэх юм билээ. Тийм болохоор Яам яаж учрыг нь олох билээ дээ. Уг нь зүүн эрэг нь л лав Монгол улсын Улаан номонд бичигдсэн, жуулчдын сонирхдог Apollo эрвээхэйн хамгийн их тархсан нутаг гэсэн. Гэх мэт олон маш олон асуудал тэнд байна лээ дээ.
Өмнөговь. Х.Түмэндэлгэр [103.57.95.xxx] 2017-08-18 22:40
Хөвсгөлд 7 сард очлоо. Үнэхээр тэнд 2-хон жуулчны бааз л бохироо зөөж бусад нь шууд 50 хүрэхгүй метр зайд шууд хөрсөндөө, цэвдэг рүүгээ асгаж байна лээ. Үнэхээр Далай ээж нь бохирдож дуусаж байна. Тэнд эко нэртэй олон жуулчны бааз байгаа ч би л лав тэднийг эко гэж хэлэхгүй. Бохироосоо гадна тэд зун ч гэсэн өдөр шөнөгүй мод түлж гэрээ дулаацуулдаг юм байна. Гэрийн бүрээс, хаалга үүд нь дулаан хадгалах ямар ч үндэсгүй учир байн байн галлаж нэг бааз зундаа наад зах нь 2-4 машин мод түлдэг нь, нуурруугаа бохироо цутгаж байгаа нь эко лоож, эко бааз гэх үндэсгүй болгож байна билээ дээ. Хөвсгөлд үнэхээр гамшиг нүүрлэсэн байна даа.
Зочин [39.110.209.xxx] 2017-08-11 11:26
Дэндүү олон гэртэй, тоос шороондоо дарагдсан, хятад бараа зардаг зэрэг нь үнэн байсан. Анх удаа очиж үзсэн надад тийм ч гайхамшигтай санагдаагүйг нуух юун.
Зочин [66.181.160.xxx] 2017-08-10 20:35
Европууд жуулчидыг эсэргүүцэж байна гэсэн, гэхдээ ядаж зальтай үүргэвтэнгүүдийг оруулмааргүй байнаа
дотоодын жуулчин [202.70.37.xxx] 2017-08-07 23:17
Өтгөн шингэнээ газраар дамжуулж нуурандаа шингээгээд тэндээсээ ууцгаагаад усанд орж сэлээд магнай хүргээд л аялал жуулчлал хөгжиж байна гэж яамдынхан амаа урагдтал яриад сэжиг хүрмээр ажлаа хийхгүй түшмэлүүд
Зочин [112.72.11.xxx] 2017-08-07 18:07
Манай багш үнэхээр мундаг хүн дээ. Хөвсгөлд битгий хэл Монголдоо ховорхон биологич, судлаач хүн шүү. Багшдаа хайртай шүү сайн сайхныг хүсьe
Зочин [27.123.214.xxx] 2017-08-05 13:29
хүн болгон байгалиа хамгаалах ухамсартай боломоор байна байгаа зүйлээ хайрлаж зөв ашиглаж сурах хэрэгтэй хөвсгөл далай ирээдүйд бидний цэвэр усны маш том нөөц учираас одооноос зөв хэрэглэх хэрэгтэй хариуцсан яам гэж бусдад буруугаа тохохоо болих хэрэгтэй тэгээд байгаль орчины хууль тогтоомж сургалт суртчилгааг тэр жуулчины баазуудаар дамжуулж хийж баймаар юм байна даа
Зочин [202.4.248.xxx] 2017-07-28 16:54
Хариуцсан яам нь ажлаа хиймээр юм.

Бидэнтэй нэгдээрэй