
Өчигдөр үдэш “Бөхийн Өргөө”-ний тайзнаа одод чууллаа. “Элэг зүрхний хайртай ээждээ” хэмээн тэнгэрлэг нэрийн доор нийтийн дууны бүх одод буяны мөр эгшиглүүллээ.
МУГЖ Ш.Дэлгэржаргалын охин, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч СТА Б.Гантигмаагийн төрсөн эгч Б.Болормаагийн элэг шилжүүлэн суулгах мэс засалд зориулсан хандивын тоглолт хайр хайлгаж, цайлгасан дуун түрлэгээр дүүрэн байлаа.
Нэвтрүүлэгч Б.Гантигмаа эгчийнхээ донор болж Энэтхэг улс руу удахгүй зорих гэж байгаа бөгөөд түүнд шаардлагтай байгаа санхүүгийн дэмжлэгийг хоёр өдөр үргэлжлэн явагдах хандивын тоглолтын орлогоос босгох ажээ. Өчигдөр нийтийн дууны одод чуулсан бол өнөөдөр үдэш рок, попын одод Бөхийн өргөөнөө 19:00 цагт хуран чуулж залуучуудыг буяны мөрөөр дагуулах гэнэ.
Нийтийн дууны оддын тоглолтын дараа тус тоглолтыг зохион байгуулж буй нэвтрүүлэгч Б.Гантигмаагийн сэтгэгдлийг сонссон юм. Тэрээр “Өнөөдрийн хандивын тоглолт үнэхээр сайхан боллоо. Хүн бүрийн хайр сэтгэл бүхнийг хүлээж чадсан аав, ээж хоёртоо болон урлагийнхандаа баярлалаа. Тэр тусмаа урлагийн салбараар овоглож явдаг гэр бүлээрээ бахархаж байна. Биднийг ийм сайхан өндөр хэмжээнд хүндэлж, хайрлаж байгаа дуучид, үзэгчид, анги хамт олон, найз нөхөддөө маш ихээр мянгантаа талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Эгчийгээ босгож, эдгээж ирчихээд илүү сайхан үг хэлж баяртайгаар уулзахын ерөөлийг өргөе.

Өнөөдрийн тоглолтыг хараад байхад заал дүүрэн үзэгчидтэй байна шүү. Үүнийг хараад танд юу гэж бодогдох юм?
Харахад үнэхээр сайхан байна. Монголчууд бие биенийгээ үнэхээр хайрлаж чаддаг. Тиймээс үеийн үедээ бие биенээ хайрласаар ирсэн ард түмэн юм. Ганц бидний гэр бүлд ч гэлтгүй хэн бүхэнд халуун сэтгэлээ зориулж чаддаг сайхан сэтгэлтэй зон олон бол Монголчууд байж чаддаг” гэлээ.
Дашрамд өгүүлэхэд тоглолт үзэж амжихгүй ч, хандив, дэмжлэг үзүүлэхийг хүссэн хэн бүхэн Хаанбанк: Данс - 5026 37 6207, 5031 71 7129, Төрийн банк: Данс -1020 000 2856, Мессеж 150 850 гэсэн дансаар халуун сэтгэлийн хандиваа өгч болохын зэрэгцээ, мессеж илгээж болох юм байна.
Гэрэл зургийг С.Батгүр
Б.ГАНТИГМАА: Монголчууд халуун сэтгэлээ зориулж чаддаг ард түмэн | ||
Үзсэн: 4122 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.