Шууд Chart

Нийслэлд 2030 он хүртэл 84 сургууль шинээр шаардлагатай байна

2026-07-09 12:47:30

Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын төлөөлөл, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар болон нийслэлийн холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзаж, ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр нийслэлийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагын талаар танилцуулсан байна.

Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн ам болон боловсролын байгууллагын 50 орчим хувь төвлөрч байна. 2022 оноос Боловсролын яам, нийслэл хамтран цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд хүсэлт гаргасан бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрджээ.

Харин сургуулийн насны хүүхдийн тоо 2030 он хүртэл өсөх төлөвтэй бөгөөд судалгаагаар нийслэлд 84 сургууль шинээр шаардлагатай гэж тооцсон байна. Үүнийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд зөвхөн улсын болон нийслэлийн төсвөөр бүрэн шийдвэрлэх боломж хязгаарлагдмал байгааг онцоллоо.

Иймд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд олон улсын хөгжлийн түнш байгууллагуудын зээл, буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтын боломжийг ашиглах чиглэлээр Дэлхийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов.

Дэлхийн банкны Ахлах эдийн засагч Salman Asim нийслэлийн боловсролын хүртээмж, чанарыг сайжруулахад хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэх нь чухал гэдгийг онцолж, бодит үр дүнд чиглэсэн хамтарсан төслүүдийг шуурхай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.


Нийслэлд 2030 он хүртэл 84 сургууль шинээр шаардлагатай байна  
Үзсэн: 74 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй