
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу намрын эхэн сарын шинийн нэгний өглөө МҮОНРТ-ийн үүднээс хөдөлсөн уран бүтээлийн аяны цуваа Сүхбаатар аймгийг зорьлоо.
...Наран ургах зүгт нутаг минь байдаг юм аа... гэсэн сайхан дууны мөр бадаг орж ирнэ. Бид богино холбоогоор харьцаж, хаа явна, ойр уу, хол уу гэлцсээр бас ч үгүй нэгийгээ цаашлуулан хөгжилдсөөр Хэнтий аймаг руу орж ирлээ. Аймгийн төвийн босго болох сүрлэг хаалган дээр батиараа татуулаад, “Нэгдэлчин” зоогийн газар хэдийн нь захиалсан хоол зоогондоо орлоо.
Намрын наран таатайяа ээж, зам алслана. Зам гэснээс Сүхбаатар хүртэл тавьж буй засмал зам ирэх жил гэхэд ашиглалтанд орчихоор тун дөхсөн харагдана.
Уран бүтээлчид бидний хувьд хаа явсан очсон газар бүртээ шинэ сониныг эрэлхийлж бүтээж босгосон басхүү болж бүтэхгүй байгаад ч нүд хурц, дуран бэлэн явдаг билээ. Энэ оны хавар Завхан нутагт мөн л ийм уран бүтээлийн баг гарч амжилттай ажилласан хийгээд МҮОНРТ жилийнхээ төлөвлөгөөний дагуу хоёр аймагт ажиллаж, Сүхбаатар аймгаар энэ жилийн аймгийн нэвтрүүлгийг отголж байгаа нь энэ.
МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяраар ахлуулсан уран бүтээлийн багийг аймгийн ЗДТ газар, ИХурал, захиргааны ажилтнууд хүлээн авч аймаг орныхоо тухайд мэдээлэл өглөө. Аймгийн засаг дарга Ж.Батсуурь шинийг сэтгэх, бодох төлөвлөх, бүтээх тал дээр үнэхээр бахархмаар ажиллаж иржээ. Гар сэтгэл нийлсэн шижигнэсэн залуусын хүчээр өнгө төрх, хөгжил дэвшил нь нүднээ ил болсон энэ аймгийн тухайд хэн хүнгүй сэтгэл өөдрөг байлаа.
Найруулагч Аля үүрийн хяраанаар сэмхээн босч бэлдэж тавьсан богц ганзаглаагаа аваад гарах нь босох арай болоогүй биднийг сэрээхгүй гэсэн хэрэг. Үнэхээр хөдөө явж сурсан хүн гэдэг нь юухан дээр ч анзаарагдана. Зургаан сумаар явах хүн яаралгүй горьгүй.
“Дорно талын алтан гургалдай” хэмээх дуучин Ичинхорлоо гуай:
- “Телевизийнхэн байна уу” гэсээр ирж Ёолк бид хоёртой хууч хөөрөөд “Соёл эрдэнэ” теле сэтгүүлд ярилцлага өглөө.
“Өглөө” хөтөлбөрийн уран бүтээлчид залуу дуучин Анхбаяр, Чанцалдулам болон аймгийн “Жаахан шарга” театрын уран бүтээлчдийн хамт “Замд гарья” нэвтрүүлгээ бэлдэхээр “Шилийн богд”, “Талын агуй”, “Ганга нуур”, “Алтан овоо” зэрэг алдартай сайхан газруудаар явсан бол “Гэрэлтэй цонх” хөтөлбөрийнхөн хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлэгтээ Сүхбаатарын залуусыг урьсан юм.
“Амьдралын үргэлжлэл” Бадарч зураачаар Баруун уртад үргэлжилж баримал болоод уран зураг, хөрөг зургуудыг нь хальснаа буулгаж, яриа хөөрөө үдлээ.
“Эргэх дөрвөн цаг”, “Эрх зүйн хөтөч”, “Аяны богц”, Сүхбаатар-Өнөөдөр” гэсэн тэмдэглэл гээд нийгмийнхэн тал тал тийш мордохын сацуу, хүүхдийнхэн “Алим” мэдээллийн хөтөлбөр, хөрөг, концерт бичнэ ээ гээд явж өглөө.
МҮОНР-гийн захирал Л.Цэрэн-Очир дөрвөн албатынхаа хамт явсан хэдий ч мэдээ мэдээлэл, уран сайхны нийт 18 нэвтрүүлгийн ард гарахаар амсхийх завгүй.
ММ агентлаг ажил буцалсан халуун цэгүүдээр тойрч, MN2 суваг “Дөрвөн зүг найман зовхист” хараачилж, “Хойморын авдар”-аа дүүргэхээр шулууджээ.
Г.Гэрэл, П.Ганболд, М.Эрдэнэбат гээд залуу дарга нар Ц.Алтанцэцэг, Б.Энхтуяа гээд бөөн бөөн туршлагууд түрүүлж очоод бэлтгэл ажлыг маань хийчихсэн болохоор зурганд гарахад саадгүй сайхан. Бид очсоныхоо гурав дахь өдөр аймгийн театрт үзэгч, сонсогчдын уулзалт хийлээ. Би буудлаас гарахдаа:
- За даа зарласан цагаас лав гучин минутын дараа л цуглана даа , тэгэхдээ яахав, эрт очоод сууж байя гээд гарсан чинь хоцорч ороод суудалгүй болох шахсаныг яана гээ. Ямар ч гэсэн цагийг яг барьж, яс тооцдог улс юм. Хүмүүсийн ярихыг сонсвол театр тийм ч амар дүүрчихдэггүй, танай радио, телевизийг ирнэ гэхээр цуглачихлаа гэх.
Судалгааны албаныхан хаа байгаа газартаа маягт тарааж, үзэггүйд нь үзэг бал өгч өндөлзөх нь ажлаа их л шаргуу амжуулж байгаа болтой. “Үндэснийхээ телевизийг л үздэг дээ” гэсээр асуулт, хариулт үргэлжиллээ. Үсэг толгой холбож, цээжээр цэцлэн ярьж, ерөөл айлдах шиг урсгах нь ер Сүхбаатарчууд найрагч талдаа улс уу даа гэж бодогдсоон.
Уулзалтын дараа “Жаахан шарга” театрын уран бүтээлчидтэй хамтарсан цомхон хөөрхөн тоглолт боллоо. Залуу дуучин Анхбаяр, Чанцалдулам нар хослон дуулж, Диктор Д.Цовоо ээжийнхээ нутгийн түмэнд зориулж өөрөө үг, аяыг нь зохиосон “Эгшиглэнт нутаг” гэсэн сайхан дууг өргөн барьлаа.
МҮОНТ-ийн бүтээл “Тусгай салаа” олон ангит киноны Дэндэвийн дүрийг бүтээсэн киноны дуу оруулагч, жүжигчин Т.Эрдэнэбаяр зохиолын гурван дууг дахиулан байж дуулаад сая л “Ааваа зорино” дуугаа дуулж үзэгчдийн санааг амраав.
Дарьгангын хөргийн хөндийд 7, 8 хүн чулуу бий. Ёолк “Шилийн Богд” дээр тангараг тавьсан гэх, харин юун тухайг нь “Шилийн Богд” л мэднэ.
Зоогийн газарт нэгэн ховрын хүнтэй таарсан нь Морь зурсаар морь шигээ болчихсон “Болор цом”-д биш “Молор цом”-д өчнөөн түрүүлчихсэн цагаахан найрагч Ай.Төмөр-Очир байлаа.
“Уухгүй тухлахгүй, гэвч та нартай таарсных...” гэснээ бидний эргүүлж тойруулж харангаа
- Хараас Эрка
- Хашираас Цэрэн-Очир
- Царайлагаас Цовоо
- Мяраалагаас Сараа
- Можгороос Билгүүнхангал
- Морин толгой Отгонжаргал гээд ирж шив
- Модон чихт Батча алга
- Мойл нүдэн Ихо алга
- Хаздагаас Намсрай алга
- Баздагаас Эсээ алга хэмээн юу юугүй урсгангаа лонх сархад ширээн дээр тавьчихаад гарч одов. Бид юу дутах вэ гэсэн шиг араас нь залгуулаад
- Зартайгаас Ёолк
- Завгүйгээс Байгал
- Унаган хүүхдээс Томоо
- Улсын цолтноос Сүхээ
- Сахал үстээс Хуузаа
- Сахил хүртсэнээс Зоригоо
- Оддоос “Дэндэв”
- “Оросоос” Хурцаа
- Даргаас Даваабаяр
- Даруухнаас Энхтуяа
- Улаанаас Шаагаа
- Уул шугамандаа бүгд ирсэн хэмээн нэмж хэлж хөхрөлдлөө.
Ийнхүү жанжны нутагт томилолтоор ажилласан 5 хоног юу юугүй өндөрлөж богц дүүрэн ганзаглаатай бор гэрээдээ яарав аа.
Ж.Сарантуяа сэтгүүлч, яруу найрагч
“Жанжны нутагт жаруулаа...” | ||
Үзсэн: 3987 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.