
Монгол Улсын Их Хурлын чуулганы (2018.01.05) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 17 минутад эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайдын “Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн талаар” мэдээлэл хийв.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор 2013 оноос эхлэн нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах 24 байршилд 75 хэсэгчилсэн талбайд “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл” хэрэгжүүлж байгаа бөгөөд гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах найман байршлыг сонгон төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг мэдээллийнхээ эхэнд Ерөнхий сайд тэмдэглэлээ. Энэ төсөл нийслэлийн гэр хорооллын нутаг дэвсгэрийн 15 хувь, гэр хорооллын хүн амын 10 хувийг хамарч байгаа аж. Төсөл хэрэгжүүлэх талбайд орон сууцны барилга, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд зориулан нийт 1472 нэгж талбарын газрыг чөлөөлж, гэр хорооллын 957 айл өрхийг шинэ орон сууцанд, 491 айл өрхийн иргэдийг түрээсийн орон сууцаар ханган, 24 айл өрхийн газрыг худалдан авчээ. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш төсөл хэрэгжүүлэгчид 9,654 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд 2014 онд 960, 2015 онд 1,656, 2016 онд 2,273, 2017 онд 308 айлын орон сууц нийт 5,2 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулсан бөгөөд орон сууцны талбайн хэмжээ 28-85 м2 хооронд, нэгж талбайн дундаж үнэ 1.8 сая төгрөг байгаа юм байна.
Зарим нэг төсөл хэрэгжүүлэгч эрсдэл, бизнес төлөвлөгөө зэргээ нарийн тооцоололгүйгээр төсөлд оролцсоноос санхүүжилтгүй болж газар чөлөөлсөн иргэдийг орон сууцаар хангах үүргээ биелүүлээгүй, түрээсийн зардал олгохгүй байх гэх мэт иргэдийг хохироосон асуудал гарч байгааг мөн Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдсан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулж, газар, үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлсөн боловч түр суурьшуулах байраар хангагдаж чадаагүй, гэрээнд заасан хугацаанд орон сууцаар хангагдаагүй хохирсон иргэд болон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзан 180 өрхийг түр суурьшуулах байраар хангаад байгаа аж. Үргэлжлүүлэн тэрбээр БНХАУ-ын Засгийн газраас олгох 350.0 сая юанийн буцалтгүй тусламжаар “Ногоон нуур орчмын түр суурьших орон сууцны хотхон” төслийн талаар, нийслэлийн төвлөрлийг сааруулж гэр хорооллын инженерийн шугам сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх дэд төв байгуулах, инженерийн шугам сүлжээг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн орон сууц барих төслүүдийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Эдгээр ажлууд хэрэгжсэнээр “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт тусгагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах эхний ээлжийн 42,8 мянган айлын орон сууцны барилга, 13,3 мянган хүүхдийн сургууль, 4,7 мянган хүүхдийн цэцэрлэг, 210 хүний эмнэлгийн дэд бүтцийн асуудал бүрэн шийдвэрлэгдэж, иргэд оршин сууж байгаа газартаа инженерийн хангамжтай тохилог амины орон сууц барьснаар, нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад багагүй хувь нэмэр оруулна гэж тооцсон байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх үргэлжлүүлэн орон сууцны хангамж, ипотекийн зээл олголтын талаар танилцууллаа. Улаанбаатар хотод өнөөгийн байдлаар 80 орчим мянган айлын орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байгаагаас 30 мянган айлын орон сууц ашиглалтад орсон, борлуулалт нь 30 орчим хувьтай байгаа юм байна. Орон сууцны эрэлт байгаа боловч арилжааны банкуудын өндөр шаардлага, нөхцөлийг иргэд хангаж чадахгүй, худалдан авах чадвар хүрэлцэхгүй байгаа асуудлыг шийдвэрлэж ипотекийн зээлийг хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг хэлсэн.
Цаашид гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, зээлийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, “Ногоон хувийн орон сууц” загвар төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, аймаг бүрт "1000 айлын орон сууц" төсөл, “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэх, хот, суурин газруудад шинээр баригдах орон сууцны хорооллын инженерийн хангамжийн шугам сүлжээний техникийн шийдлийг хонгилын системээр төлөвлөн, хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг мэдээллийнхээ төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд 25 минутад багтаан мэдээлэл хийх бөгөөд Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийн төлөөлөл 25 минутад багтаан үг хэлнэ” хэмээн заасны дагуу Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал дүгнэлтийг бүлгийн дэд дарга Ж.Батзандан танилцууллаа.
Гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажил нь 2012 онд эхэлж бүтцийн байгууллагууд нь байгуулагдан бэхжиж, бодит бүтээн байгуулалт болж хэрэгжсэн гэдгийг танилцуулгадаа дурдлаа. Мөн Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг 2016 оны төгсгөлд Монгол Улсын Засгийн газар дүгнэж цаашид авах арга хэмжээг тодорхойлох байсан ч сүүлийн хоёр Засгийн газар ямар ч арга хэмжээ аваагүйд Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж байгааг тус санал дүгнэлтэд дурдсан юм. Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн бохирдолтой нийслэлээр нэрлэгдээд байгаа бөгөөд энэ бүхнийг шийдэхийн тулд 2012-2016 онд гэр хорооллын дахин төлөвлөлт, гудамж төсөл, газар шинэчлэн зохион байгуулах төсөл, түрээсийн орон сууц зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн боловч 2016 оны сонгуулийн дараа дээрх хөтөлбөрүүдийг үргэлжлүүлээгүйг шүүмжиллээ. Түүнчлэн татварын өөрчлөлтэй холбоотойгоор тус бүлгийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн гишүүд Улсын Их Хурлын бүрэн эрхийн үлдсэн хугацаанд улс орны өмнө тулгамдсан бүхий л асуудлын зөв гарцыг зөвшилцөж ойлголцон хамтарч шийдвэрлэхийг уриалсан.
“Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөр”-ийн талаарх Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг нийслэлд төдийгүй орон нутагт явуулах, тэр дундаа Орхон аймгийн Баян-Өндөр суманд орон сууцны дэд бүтцийг өргөжүүлэх шаардлагатайг хэллээ. Нийслэлд агаар, орчны бохирдлын асуудал тулгамдаад байгаа учир гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал яригдаж байгаа. Харин аймгийн төв бүрт “Аймгийн төвийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө” бий, энэ төлөвлөгөөний дагуу жил бүр улсын төсвөөс санхүүжилт хийж, тодорхой ажил хийдэг талаар Барилга, хот байгуулалтын сайд мэдээлэл өгөв. Түүнчлэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын инженерийн шугам сүлжээг 2018 онд өргөтгөхөөр улсын төсвөөс гаргаж буй санхүүжилт, энэ чиглэлээр тус аймагт хийсэн зарим бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь агаар орчны бохирдлыг шийдвэрлэх нэг гарц гэдгийг хэлээд энэ төрлийн зээлийн хүртээмжийн өнөөгийн нөхцөл байдлын талаар болон БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр барьж буй орон сууцны хорооллын талаар тодруулсан юм. Улс орнуудад халамжийн болон түрээсийн орон сууцны системийг бүрдүүлснээр дахин төлөвлөлтийг амжилттай явуулж ирсэн туршлага бий гэдгийг тэрбээр онцолж байв. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буйтай холбогдуулан ипотекийн зээлийн хөтөлбөрийг төсвийн шинжтэй санхүүжилт гэж үзэн ипотекийн зээлийг Монголбанкны эх үүсвэрээр санхүүжүүлэхийг хязгаарласан.
Иймээс ипотекийн зээлийг Засгийн газар өөрийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр болж Монгол Улсын 2017 оны төсвөөс 111.0 тэрбум төгрөгийг, Монголбанкнаас зээлийн үндсэн төлөлтийг буцаан таталгүйгээр 192.0 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг дахин санхүүжүүлсэн. Энэ оны тухайд Засгийн газраас 120.0 тэрбум төгрөг, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180.0 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа хэмээн Х.Баделхан сайд хариулав. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Ипотекийн зээлийн нөхцөлийг хөнгөвчилж, зээлийн хөтөлбөрийг олон хувилбарт хэлбэрээр хэрэгжүүлэх бодлого баримталж, зээлийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлнэ” гэж заасны дагуу хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Монголбанк, Төрийн орон сууцны корпораци, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр зэрэг газрын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийг 2017 онд байгуулж ажиллуулсан талаар гишүүдэд танилцууллаа. Ажлын хэсэг Засгийн газраас хэрэгжүүлэх орон сууцны зээлийн хөтөлбөрийг зээлдэгчийн нийт хугацаанд төлөх зээлийн дарамтыг бууруулах, түрээслээд эзэмших тогтолцоотой хослуулан хэрэгжүүлэх, уг арга хэмжээнд Монголбанкны ипотекийн зээлийн эргэн төлөгдөж буй эх үүсвэрийг ашиглах талаарх саналыг боловсруулж байгаа юм байна. Мөн Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсанаар гэр хорооллын дахин төлөвлөлтөөс орон сууц худалдаж авсан иргэдэд ипотекийн зээлийг 5 хувийн хүүтэй олгох боломжтой болсноор тус төслийн орон сууцны борлуулалт харьцангуй сайжирч байгааг мөн энэ үеэр хэллээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар Ерөнхий сайдын нэгдсэн хуралдаанд танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан гишүүдийн асуулт хариултыг 1 цаг 30 минутад багтаан зохион байгуулах дэгтэй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Эрдэнэбат нар мөн цөөнхийг төлөөлж Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс асуулт асуун, хариулт авсан. Засгийн газар Улсын Их Хурлын цөөнхийн санал, шүүмжийг хүлээн авч ажиллана гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд “Гадаад валютын албан нөөц 3 тэрбум ам.доллар болсон, төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ий 20 хувьтай тэнцэж байсан бол өнөөдөр 9 хувьд хүрсэн, төгрөгийн ханш ам.долларын эсрэг бага ч гэсэн чангарч байгаа зэрэг улс орны эдийн засгийн нөхцөл байдал аажмаар сайжирч байна. Дампуурлын ирмэгт ирсэн маш хүнд нөхцөл байдлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид туулсан бөгөөд тухайн үеийн Засгийн газар хүнд ч гэсэн оновчтой, зөв бодлогуудыг хэрэгжүүлж ирсний дүнд дээрх эерэг үр дүн гарсан гэдгийг би зориуд энд цохож хэлье. Долоон төрлийн татвар нэмсэн гэдэг шүүмжлэлийг өнөөдөр олонтоо хэлж байна. Улсын Их Хурал 2017 онд энэ шийдвэрийг гаргасан. Татварын асуудлаар би өнөөдөр Сангийн яаман дээр ажиллаж, холбогдох хүмүүстэй уулзсан.
Нэгдүгээр сарын 25-нд ОУВС-ийнхан ирнэ, тэр үеэр 1.5 сая төгрөгөөс дээш хэмжээний цалин, орлогод ногдуулах татварын талаар ярилцаж тохирох төлөвлөгөөтэй байна” гэлээ. Эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд гарч, тодорхой өсөлт гарч байгаа ч энэ үр ашиг дотоод болон гадаад өрийн төлбөрт зарцуулагдаж байгаа, 2018 онд зээлийн төлбөрт 3.6 их наяд төгрөг зарцуулж байгаа талаар мэдээлсэн. Зээлийн төлбөрийн энэ асуудлыг 2018 онд амжилттай шийдвэрлэж чадсан тохиолдолд 2019, 2020 онд эдийн засаг илүү дэвжиж, дээшлэх боломж бүрдэнэ гэв. Бодит байдал дээр өнөөдрийн эдийн засгийн өсөлт айл бүрийн гэрт, иргэн бүрийн халаасанд орохгүй байгаагийн шалтгаан нь зээлийн төлбөрт төсвөөс их хэмжээний зарлага гаргаж байгааг тайлбарласан.
ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж байгааг ихээхэн шүүмжилж байгаа ч улсынхаа эдийн засгийг аврахын тулд хамтран ажиллахаар бид урьж авчирсан гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлээд “Бид байгуулсан гэрээнийхээ хүрээнд хариуцлага хүлээн ажиллах ёстой. Ингэж байж бид хүнд нөхцөл байдлыг даван туулж байгаа юм. ОУВС жилдээ 0.2 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл, тусламжийг манайд үзүүлж байгаа, хэрвээ хамтран хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол Монгол Улс арилжааны зээл авах байсан. Энэ тохиолдолд манайд зээл өгөх улс орон, олон улсын санхүүгийн байгууллагын зээлийн хүү их өсөх байсан, энэ хэрээр улсын өр нэмэгдэх байсан” гэдгийг төгсгөлд нь хэлсэн юм.
Ерөнхий сайд “Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөр”-ийн талаар мэдээлэл хийв | ||
Үзсэн: 3310 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.