
Бэлгийн замын халдварт өвчний тархалт жил бүр нэмэгдэж эрүүл мэндийн салбарынхны хувьд тулгамдсан асуудал болж байна. Гэвч иргэд оношлуулж эмчлүүлэхгүй байсаар эрчүүд нь цэрэг татлагын үеэр, эмэгтэйчүүд нь жирэмсний хяналтад орох үеэр илэрсээр байгаа юм. Тиймээс бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Тус өвчлөл нь хувь хүний бэлгийн сахилга баттай холбоотой учраас иргэн бүр эрүүл мэнддээ санаа тавьж, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд тогтмол орж байх, амьдралын зөв дадал зуршилтай байх нь бэлгийн энэ төрлийн өвчлөлийн нэмэгдэх эрсдэлийг бууруулж, ирээдүй хойч үедээ авч үлдэнэ.
Орхон аймгийн БОЭТ-ийн бэлгийн замын халдварт өвчин судлалын кабинетад 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 2463 хүн үйлчлүүлснээс 80 нь бэлгийн замын халдварт өвчтэй гэдэг нь тогтоогджээ. Тэдгээрийн 30 нь тэмбүүтэй хэмээн оношлогдсон бөгөөд 14 нь жирэмсэн эхчүүд аж. Мөн дээрх 80 иргэнээс 9 нь нь заг хүйтэн өвчтэй нь тогтоогджээ. Насаар нь авч үзвэл 15-44 насныхан бэлгийн замаар халдварлах өвчлөлд өртөмтгий байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад тус аймгийн хэмжээнд тэмбүүтэй жирэмсэн эх 13-аар, тэмбүү өвчнөөр өвчлөх тохиолдолд 29-өөр нэмэгджээ. Дээрх тоо мэдээллүүд нь зөвхөн Орхон аймаг дахь БОЭТ-ийн бэлгийн замын халдварт өвчин судлалын кабинетаар үйлчлүүлж байгаа иргэдээс гарсан дүн юм.
Мөн Эрдэнэт хотод нөхөн үржихүйн чиглэлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг эмэгтэйчүүдийн эмнэлэг нь энэ төрлийн тайлан мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газарт огт өгдөггүй гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. Тиймээс хувийн хэвшлийн нөхөн үржихүйн эмнэлгүүдэд дүрмийг дагаж мөрдүүлэх нь орон нутаг, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал болж байгаа юм. Учир нь бэлгийн замын халдварт өвчин нь урьдчилан сэргийлж болох өвчин ч энэ өвчний тархац мэдээлэл дутмаг байдгаас иргэд хэнэггүй хандаж, мөн замбараагүй бэлгийн амьдралд хэвшсэнээр энэ өвчинд өртсөөр байна.
Бэлгийн замын халдварт өвчин нь урьдчилан сэргийлж болдог өвчин. Орон нутгийн төр захиргааны байгууллага, бусад эрүүл мэндийн байгууллагуудаас энэ жил "Эрүүл Эрдэнэт хүн" төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ төслийн хүрээнд 2018 онд 1600 орчим иргэнийг үзлэг оношилгоонд оруулж, үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулахаар төлөвлөж, нийт 78 орчим сая төгрөгийг төсөвлөжээ.
Бидний амьдарч буй орчинд энэ өвчний тархалт газар авсаар байгаа учир иргэн бүр, дор бүртээ хариуцлагатай байж, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд санаачлагаараа оролцож, аюулд өртөхөөс өөрсдийгөө, гэр бүл, хайртай дотны хүмүүсээ хамгаалах шаардлагатай гэдгийг энэ мэдээллээр дамжуулан хүргэж байна гэж Орхон аймаг дахь манай сурвалжлагч А.Саранчимэг мэдээллээ.
Бэлгийн замын халдарт өвчний тархалт нэмэгдсээр байна ... | ||
Үзсэн: 2438 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.