Шууд Chart

Цахим гадуурхлын хананы цаана хүүхдийн ирээдүй сүүдэртэй ...

2018-04-10 12:41:48

Өсвөр насныхны дунд нэг нэгнээ дээрэлхэх, гадуурхах явдал гарсаар байна. Энэ үзэгдэл зөвхөн саяхнаас бий болсон шинэ зүйл биш бөгөөд бүх л цаг үеэд ил, далд оршсоор ирсэн асуудал юм. Гэхдээ өсвөр үеийнхний дунд амьд харилцаанд тулгуурлаж үйлдэгддэг тул эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч нар нь цаг тухай бүрд энэ үзэгдлийг таслан зогсоох арга хэмжээг шуурхай авах боломжтой учраас ямарваа эрсдэлд үйлдэл хийх, өөрийгөө гэмтээх зэрэг сөрөг үр дагавар харьцангуй бага билээ.

Харин орчин үед өсвөр үеийнхэн нэгнээ гадуурхах нь цахим хэлбэрт шилжин дүрээ өөрчлөөд удаж байна. Энэ нь ёс суртахууны хэм хэмжээнээс хэтэрч, далд хэлбэрээр явагддаг нь илүү хор хөнөөлтэй үр дагавруудыг бий болгож байна.

Монгол Улсад 2012-2016 оны байдлаар 92 хүүхэд амиа хоролсны 20 гаруй нь цахим гадуурхалд өртсөн учраас амиа хорлосон гэдгийг цагдаагийн байгууллага тогтоожээ. Түүнчлэн цахим гадуурхалын хор уршиг зөвхөн Монголын асуудал биш бөгөөд дэлхийн нийтийн тулгамдсан асуудлын нэг болсон.

АНУ-ын өсвөр үеийнхнийг хамгаалах төвөөс хийгдсэн судалгаанаас харахад ихэнх улсад цахим гадуурхлын тархац хурдацтай нэмэгдэхийн зэрэгцээ арга нь улам бүр нарийсч байна хэмээн мэдээлсэн.

Тус стастистик тоо баримтын хамгийн их анхаарал татах үзүүлэлтүүдийг та бүхэнд хүргэе. Үүнд:

  • Нийт хүүхэд, залуусын 87 хувь нь ямар нэг хэлбэрээр цахим гадуурхалтын гэрч болдог.
  • Сурагчдын 34 орчим хувь нь цахим гадуурхалтад өртөж байсан.
  • Сурагчдын 15 хувь нь бусдыг цахим хэлбэрээр гадуурхаж, дээрэлхэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
  • Өсвөр үеийнхний 24 хувь нь цахим хэлбэрээр дарамтад өртвөл юу хийхээ мэдэхгүй.
  • Хүүхдүүдийн 39 хувь нь нийгмийн сүлжээн дэх хувийн мэдээллээ нууцлах тохиргоонуудыг идэвхжүүлдэггүй.
  • 3 хүүхэд тутмын 1 нь нийгмийн сүлжээнд байхдаа бодит амьдрал дээрхээс илүү хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмж авдаг.

Цахим гадуурхалтын төрлүүд:

  • Цахим гадуурхалтын 19 хувь нь цуу яриа түгээх хэлбэрээр үйлдэгддэг.
  • Цахим гадуурхалтын хохирогч болсон хүүхдүүдийн 13 орчим хувь нь бусад хүүхдүүдээс дайрсан шинжтэй сэтгэгдэл хүлээн авч байсан.
  • Нийт хүүхдүүдийн 72 хувь нь гадаад төрхөөсөө болж цахим гадуурхалтад өртөж байсан гэж мэдэгдсэн.
  • Цахим гадуурхалтад өртсөн хүүхдүүдийн 26 хувь нь үндэс угсаа, болон шашин шүтлэгээсээ болж гадуурхагдсан.
  • Дарамтад орсон хүүхдүүдийн 22 хувь нь бэлгийн чиг хандлага нь тэдний гадуурхагдах шалтгаан болдог гэж үздэг.
  • Үндэсний Аутизмын Нийгэмлэгээс Аутизмтай хүүхдүүдийн 40 хувь, Аспергерийн синдромтой хүүхдүүдийн 60 хувь нь цахим болон цахим бус хэлбэрээр гадуурхалтад өртөж байсан
  • Охидын 41 хувь болон хөвгүүдийн 28 хувь нь  цахим гадуурхалтад өртөж байна.
  • Охид “Snap chat” болон “Instagram” гэх мэт мэдээллийн шинжтэй хэрэгслийг, хөвгүүд түлхүү тоглоомын хэрэгслүүдийг ашиглаж нэгнээ гадуурхдаг байна.
  • Цахим хэлбэрээр бусдыг гадуурхаж байгаа хөвгүүд ихэвчлэн дайрсан шинжтэй зураг, бичлэгүүдийг нийтэлдэг.

Цахим гадуурхалтын нөлөөлөл:

  • 10 хүүхэд тутмын 7 нь цахим гадуурхалт тэдний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж байна гэж мэдээлсэн байна.
  • Цахим гадуурхалтад өртөгсдийн 83 хувь нь цахим гадуурхалт тэдний өөрийн үнэлэмжид сөргөөр нөлөөлж байна гэж  мэдээллэсэн.
  • Цахим гадуурхалд өртөгсдийн 30 хувь нь өөрийгөө гэмтээх үйлдэл хийх болсон. Харамсалтай нь энэ үзэгдэл нь 2013 оноос хойш 6 хувиар нэмэгдээд байна.
  • Гадуурхагдаж, дээрэлхүүлж байсан хүүхдүүдийн 30 хувь нь амиа хорлох талаар боддог. Энэ нь 2013 оны статистик үзүүлэлттэй харьцуулахад  5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
  • Хүүхдүүдийн 10 хувь нь дээрэлхэх, гадуурхалттаас болж амиа хорлох оролдлого хийж байсан.
  • Дээрэлхүүлж байсан хүүхдүүдийн 7 хувь нь өөрсдийн дарамт, шаналлаас үүдэлтэйгээр бусад хүүхдүүдийг дээрэлхэж, гадуурхсан.

Эдгээр тоо баримт цахим гадуурхалын хор нөлөө жил ирэх тусам өсч байгааг дэлхий нийтэд сануулж байна.

Түүнчлэн JOHN SULER гэх судлаач цахим гадуурхалыг хөхиүлэн дэмжих гол шалтгаануудыг тогтоосон байна. Үүнд:

  1. Цахим ертөнцөд нэрээ нууцлан хэн ч болж хувирч чадна

Гэрчийн нэрийг нууцалснаар гэмт хэргийн илэрц ихэсдэгтэй нэгэн адил цахим ертөнцөд нэрийн нууцлал, хэн нь мэдэгдэхгүй байх боломжийг олгосноор цахим гадуурхлын хэлбэр илүү хүндэрч, ёс суртахууны хэм хэмжээ алдагддаг байна. Энэ байдал нь олон нийт ч гэсэн хөхүүлэн дэмжих, даган дуурайх үзэгдлийг нэмдэг. Цахим гадуурхал нь зөвхөн гадуурхагч гадуурхуулагч хоёрын хооронд үүсэх харилцаа биш гадуурхуулагч нэгэн зэрэг олон  хүний дайралтад өртдгөөрөө илүү хор хөнөөлтэй юм.

  1. Амьд бус харилцаа тул өрөвдөх сэтгэл үл төрнө

Бодитоор бус ширээний цаанаас гадуурхлыг хийж байгаа тул гадуурхагч хэнийг ч үл хайхран харгис үг хэллэг, ёс зүйгүй байдал, доромжлол, тоглоом шоглоом зэргээр дайрахдаа хохирогчид ямар их  сэтгэлийн шарх болон тухайн хүний үнэлэмжид халдаж буйгаа мэдэхгүй байдгаас болж хэзээ өөрийн үйлдлээ зогсоох, даажигнал нь ёс зүйн хэм хэмжээнээс хэтэрч буйг анзаардаггүй. Өөрийн үйлдлийн хор хөнөөлийг мэдрээгүй хүн компьютерийн цаанаас гэмших нь юу л бол.

  1. Эрх чөлөөг мэдрэх мэдрэмж

Дэлхийн хаана ч эцэг эхийн хараа хяналт суларснаас хүүхдийн цахим хэрэглээ хэрээс хэтэрч байна гэж мэдээлж байна. Тэгвэл томчуудын хараа хяналт суларснаар өсвөр үеийнхэн дураараа байна гээд өөрийн эрх чөлөөгөө хэтрүүлэн хэрэглэх нь энүүхэнд. Бодит амьдрал дээр сул дорой нэгэн цахим ертөнцөд хүчирхэг нэгэн болж хувирах нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, өөртөө сэтгэл хангалуун болдог тул  цахим ертөнцөд үүсгэсэн хуурамч дүрээ хамгаалахын тулд тэд юу ч хийхэд бэлэн байдаг. Эдгээр сэтгэл зүйн хөөрөл, сэтгэл зүйн тогтворгүй, өөрийн үнэлэмжийн буруу ойлголт эргээд өсвөр үеийн хүүхдүүдийг эрсдэлд үйлдэл хийхэд гол сөрөг хүчин зүйл болж байна.

Зарим тохиолдолд хүмүүс цахим ертөнцөд өөрийн санаа бодлыг илэрхийлж байна гэж эндүүрэн цахим гадуурхагч болсноо ч мэдэхгүй байх тохиолдол олон бий. Та бүхэн нүүр номны сэтгэгдэл үлдээх хэсгийг нэг гүйлгээд уншаад үзээрэй, Нийт сэтгэгдлийн 30 хувь нь цахим гадуурхалын хэлбэртэй сэтгэгдэл үлдээсэн байгаа. Үүнээс дүгнэхэд өсвөр үеийн залуус маань яг үнэндээ томчууд бидний үйлдлийг даган дуурайж байгаа юм биш байгаа гэх сэрэмжлүүлэг төрж байгаа юм.

Иймд юуны түрүүнд бид өсвөр үе ч гэлтгүй ард нийтээрээ ёс суртахуунтай улс болон хөгжих хэрэгтэй байна. Хүн бүр дор бүрнээ цахим ертөнцөд гэлтгүй өөрийн үйлдэл, хэл ярианд эзэн нь болж, бусадтай харилцахдаа “ХҮНДЛЭЛ” -ийг эрхэмлэх нь бидний цахим гадуурхалыг зогсоож чадах өчүүхэн нөлөөлөл нь болж болох юм.

Мэдээллийн эх сурвалж:

  1. С. Чимэг. Сурагчдад цахим гадуурхал асуудал болов(2017)
  2. Teensafe. Cyberbullying Facts and Statistics (2016)
  3. 熊希灵.从心理学角度来看,为什么网络上容易出现极端行为?(2015)

Цахим гадуурхлын хананы цаана хүүхдийн ирээдүй сүүдэртэй ...  
Үзсэн: 3726 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй