Шууд Chart

“Шилжин суурьшигчид”-ыг шинжихүй

2021-03-03 14:37:05

. Мэдээж шилжин суурьшигчдын тоо олон саяар огцом нэмэгдсэн учраас ажилгүйдэл, ядуурал газар авч, нийгмийн бусад сөрөг үзэгдлүүдийн цар хүрээ тэлэхэд бидний ярьдаг эрх чөлөөний орон нэг хэсэгтэй л тэвдэж, энэхүү сөрөг үзэгдлийг даван гарах гэж багагүй цаг хугацаа, хөлс хүчээ зориулжээ. Ер нь Америкийн ард түмний шилжилт хөдөлгөөний түүхийг судлах юм бол дотор нь асар олон сэтгэл эмзэглүүлсэн түүхүүд бий. Энэ тухай бүр “Шилжигч эх” хэмээх дэлхийн шилдэг гэрэл зураг ч бий. Яахаа мэдэхээ байсан, ирээдүйд итгэх итгэл, найдварынх нь гал нүдэнд нь бөхөж, сэтгэлд нь унтарч зөвхөн төр засгийн зүгээс авах зөв арга хэмжээг хүлээж, хоол хүнс, орон байр, эрүүл мэндийн тусламж авч чадахгүй болсон өлсгөлөн эх, хүү хоёрын тэрхүү гэрэл зураг одоо ч түүхийн гэрч болсоор байгаа.

Тэгвэл тэртээ нэгэн цагт холын Америкийг доргиогоод байсан шилжилт хөдөлгөөн, түүнийг дагасан хүндрэл, бэрхшээлтэй асуудлууд Монгол улсад нүүрлээд даруй 20 гаруй жил болж байна. Уг нь Үндсэн хуульд Монгол Улсын иргэн хүссэн газраа суурьшин амьдарч болно гэж заасан байдаг. Гэвч хөдөө орон нутагт ажилгүйдэл, ядуурал газар авч, иргэдийн амьжиргааны түвшин илтэд доройтсон учир хот суурин газар руу амьдрал хайж ирсэн иргэдийн тоо өнгөрсөн 2010-2020 оны хооронд 300 гаруй мянгад хүрсэн бол зөвхөн 2020 онд 39 мянган хүн Улсын бүртгэлийн ерөнхий газарт ханджээ. Энэ бол зөвхөн бичиг баримтаа шилжүүлж, хотын харьяалалтай болохыг хүссэн иргэдийн тоо. Цаана нь хэд, хэчнээн бүртгэлгүй шилжин суурьшигчид байгааг таамаглах аргагүй.

Шилжилт хөдөлгөөн ийнхүү эрчээ авч буурахгүй байгаа нь нийслэл хотын даацыг хэтрүүлж, агаар, ус, хөрсний бохирдол үүсгэж, хүн амын хэт төвлөрөлт бий болгож, эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн үйлчилгээг явуулахад хүндрэл үүсгэж байгаа юм. Мөн ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг, архидалт зэрэг сөрөг үзэгдлүүдийг дагуулж, аливаа хот суурин газрын хөгжил дэвшлийг саармагжуулдаг талтай. Нөгөөтэйгүүр хөдөөнөөс хотыг зорьж байгаа иргэд шилжин суурьших шийдвэр гаргахдаа өмнө нь ямар нэгэн судалгаа хийгээгүй, төлөвлөөгүй, хот, суурингийн амьдралын арга, хэлбэрийг мэдэхгүй ирж байгаа нь ихээхэн сорилт, бэрхшээлийг дагуулж, шилжин суурьшигчийн амьдралд илүү их дарамт учруулах тохиолдол олон байгаа юм. Гэтэл өнгөрсөн хугацаанд шилжин суурьшигчид руу хандсан мэдээлэл, судалгаа, сурталчилгааны ажлыг маш хангалтгүй түвшинд зохион байгуулж, үндсэндээ энэ хүмүүсийг орхиж байсныг албаны хүмүүс хэлж байна. Угтаа шилжилт хөдөлгөөний тухай бодитой мэдээ, мэдээллийг хөдөө орон нутгийн иргэдэд цаг тухайд нь зөв, зүйтэйгээр түгээж чадсан бол Улаанбаатар хотын ачаалалд мэдэгдэхүйц өөрчлөлт орох байсныг ч мөн тэмдэглэж байна. Тэгвэл Нэгдсэн үндэсний байгууллагын шилжилт хөдөлгөөний байгууллагаас санаачилж “Нүүх үү, Суух уу, Судалъя” аяныг өрнүүлж, энэ аяны хүрээнд “Шилжин суурьшигчид” баримтат киног “Цэгц” фильмийн уран бүтээлчид хийжээ.

“Шилжин суурьшигчид” баримтат кинонд Завхан аймгийн Отгон сумаас Улаанбаатар хотыг зорин нүүж байгаа Амгаланбаатарын гэр бүлийн тухай өгүүлсэн байна. Чингэхдээ хөдөөнөөс хотыг зорих иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөж, малчин хүн хотын иргэн болоход гардаг саад, бэрхшээлүүдийг ямар нэгэн зохиомол зүйлгүй бодитоор үзүүлсэн нь үзэгчдэд нэгийг бодогдуулж, хоёрыг санагдуулахаар болжээ.

Амгаланбаатар бол Завхан аймгийн Отгон суманд насаараа мал маллаж амьдарсан нэгэн. Гэвч сүүлийн жилүүдэд малын ханш унаж, малаас гарах ашиг шим үнэгүйдсэн тул Амгаланбаатарын эхнэр нь хоёр хүүхэдтэйгээ хотод ирж ажил хийх болжээ. Ингээд тэдний гэр бүл хоёр тусдаа амьдрах болсон байна. Гэвч тусдаа амьдрах нь амар, хялбар биш болохоор тэдний гэр бүл шилжин суурьшиж, хотод амьдрахаар шийдэж байгаагаар кино эхэлнэ. Улмаар хотод нүүж ирээд хөлсний хашаа хайж олох, хороондоо бүртгүүлэх, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хамруулах, өөрөө ажил хайж олох гээд дөрвөн улирлын аясыг дагаж тааваараа нүүдэллэн амьдарч байсан малчин хүн хот суурин газар идээшин дасахын тулд хэд, хэчнээн давааг давж байгаа тухай “Шилжин суурьшигчид” өгүүлнэ.

“Шилжин суурьшигчид” баримтат кино хэнийг ч үгүйсгэсэнгүй, хэн лүү ч дайрч, давшилсангүй. Харин “Нүүх үү, Суух уу, Судалъя”  гэдэг уриалгыг дэвшүүлж, хот сууринд шилжиж ирсэн хөдөө орон нутгийн иргэн эдгээр давааг давж байж сая шинэ амьдралтай золгодог шүү гэдгийг тод томруун харуулжээ. Үүний зэрэгцээ шилжилт хөдөлгөөн хийхээсээ өмнө урьдчилан сайтар судалж, мэдэж, төлөвлөх зайлшгүй шаардлагатай шүү гэдгийг хэлжээ

“Цэгц” фильмийн уран бүтээлчид урд өмнө нь “Чойномын гэрээслэл”, Өдөр бүрийн талх, Хар нүдний шил тэргүүтэй олон баримтат кино бүтээж, үзэгчдийн талархлыг хүлээж байсан юм.

“Шилжин суурьшигчид” баримтат киног бүтээхэд Нэгдсэн үндэсний байгууллагын Шилжилт, хөдөлгөөний байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллажээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Шилжин суурьшигчид”-ыг шинжихүй   
Үзсэн: 1415 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй