Шууд Chart

Анне Франкын өдрийн тэмдэглэл буюу нулимстай нүднүүд

2021-07-06 13:50:49

1920-оод оны сүүлч. Германы Франкфурд бол эртний түүхтэй, хөгшин Европын нэр хүндтэй хотуудын нэг билээ. Энд амьдраад багагүй хугацааг өнгөрөөсөн ноён Отто Франк, хатагтай Эдит Франк нар хоёр дахь хүүхдээ хүлээж байлаа. Том охин Маргот Франк гурван настай тул энэ тэрийг шулганан, дүүтэй болох өдрөө өөрийн бяцхан ухаандаа цаг хугацаанаас гуйна. Ноён Отто Франкын гэр бүл еврейчүүд байсан ч тэд Иудейн шашны хатуу ёсыг баримталдаггүй, зөвхөн сэтгэл зүрхэн дотроо бурханд залбирч чаддаг, чөлөөт, ардчилсан үзэлтэй хүмүүс байв.

1929 оны зургаадугаар сарын 12-ны өдөр. Удаан хүлээсэн дараагийн нэгэн аз жаргалт өдөр ирлээ. Сайхан сэтгэлт залуу эр Отто Франкфурд хотын төв эмнэлгийн үүдэнд зогсоод дэгжин бүрхээ авч духнаасаа халзарсан үсээ илээд тэнгэр өөд ширтэнэ. Түүний царайнд инээмсэглэл тодорчээ. Алтан шаргал наран агаар тэнгэрийн чинадаас асан дүрэлзэн, аз жаргалт эрийн инээдийг уламч ихээр гэрэлтүүлнэ. Хорвоод шинэ хүн ирлээ. Оттогийнх хоёр охинтой боллоо. Булцгар цагаан царайтай, хүнхэр хэрнээ хачин дулаахан, итгэл найдварын оч нуугдсан нүдтэй, өндөр хамартай тэр охиныг  Анне Франк гэж нэрлэв...

    Цаг хугацаа улирч охид тэрсхэн өснө. Шаргал гитарын хөнгөн аялгуу салхитай хамт хийсч байгаа юм шиг өдөр, хоногууд өнгөрч байлаа. Бяцхан Маргот Франк дүү Аннадаа хамгаас илүү хайртай, дандаа түүнийг инээлгэхийг оролдоно. Ноён Отто Франк үүрийн цагаан гэгээнээр ажилдаа гарч, үд нэлээн хэвийж байхад инээсээр гэртээ ирнэ. Тэгэхдээ хүнсний мухлаг, номын дэлгүүр орж, цаасан уут дүүрэн эд зүйлс барьсаар орж ирнэ. Тэр бас тоглоомын дэлгүүр орохоо ч мартахгүй. Охид торнисоор. Маргот үг дуу цөөнтэй ажилсаг, төлөв даруу үлгэр жишээ нэгэн болж байхад балчирхан Анна харин ч үгүй. Тэр бусдаас алив зүйлсийн учир шалтгааныг асуух дуртай, уншиж чадахгүй хэрнээ аавынхаа асар баялаг номын санд орж, эртний мэргэдийн тэртээ нэгэн цагт тэрлэж үлдээсэн ном судруудыг онгично. Аннагийн тарьсан хэргийг Маргот арилгана. Аз жаргалтай өдөр хоногууд дорно руу нүүх үүлсийн араас одно. Магадгүй тэд Оросын их ой моддын дээгүүр өнгөрөөд, Монголын өргөн талыг туулж, Хятадын цагаан хэрмийг гаталдаг байхдаа. Яг л усны шувууд шиг...

Анна Франк дөрвөн нас хүрлээ. Одоо тэр уншиж чаддаг болжээ. Алаг нүдээ эргэлдүүлсэн охиныг хүн бүхэн хайрлана. Анна үнэхээр хүмүүсийн хайрыг татсан нэгэн болжээ. Тэр хурдан хурдан алхаж, гэрийнхээ ойролцоо зөрж өнгөрсөн хүн бүхэнтэй халуун дотноор мэндлэн, зөөлөн бор үсээ бүлээн салхинд дэрвүүлэн, үргэлжид инээж, бас бусдыг баярлуулна. Ноён Отточ урдын адил ажлаасаа шууд гэр рүүгээ яаран яаран ирж, хатагтай Эдит халуун хоолоо зэхнэ. Маргот  сургуульд орсон болохоор хичээлээ хийх шаардлагатай. Бас хайртай дүүгээ харах хэрэгтэй.

Чингэж байтал 1933 оны гуравдугаар сард санаанд оромгүй зүйл боллоо. Герман орны гутамшигт өдрүүд эхэлж, тэдний сэтгэл мөс болтлоо царцах цаг хугацаа амиллаа. Дэлхийн нэгдүгээр дайнд их бууны хороо командалж, холбоотны цэргийн өмнөөс тулалдаж байгаад тун ч тааруухан газраа шархадсан ноён Гитлерээр удирдуулан Нацист нам сонгуульд ялж, төрийн эрхэнд гарч ирэв. Ари үндэстнийг мунхаг харанхуйн сүүдэр нөмөрч, хүн хүндээ яг л араатан мэт хандах аймшигт өдрүүд ирлээ.  Ноён Отто Франк номын сандаа гунигтайгаар суусан үдэш байлаа. Ширээний бүдэгхэн гэрэлд юуг ч юм бэ эргэцүүлэн байх түүний дэргэд охидоо унтуулсан хатагтай Эдит очив. Тэд нэгэн чухал зүйлийн тухай удтал ярилцсаны эцэст хатагтай Эдит нөхрийнхөө мөрөөр тэвэрч үнсээд, “Чинийхээр болъё, хайрт минь” гэж хэлэв. Анхандаа Оттогийн зөв байлаа.

Маргааш өглөө нь тэр ажилдаа явахдаа өмнөх шиг ээ жаргалтай байсангүй. Буцаж ирэхдээ бүр ч гунигтай байлаа. Тэгээд ойр зуурын эд, бараагаа цэгцлэж дууссан тэд Голланд орныг зорин, хөлсний тэрэгний хөндий бүхээгт суув. Тэдэнтэй хамт нацизмаас ирэх аюулыг бодитоор мэдэрсэн гурванзуун мянган еврейчүүд Голланд руу дүрвэсэн юм. Толь шиг замаар хурдлан  давхих хар машины бүхээг дотор явах Оттогийн сэтгэлээс гуниг сэмэрсээр. Хатагтай Эдит халуун алгандаа хайртай нөхрийнхөө гарыг атгана. Тэд үнэхээр тун удахгүй ямар нэгэн аймшигтай зүйл болно гэдгийг мэджээ. Маргот цонхоор ширтэж, Анна дуу дуулна.

Ноён Оттогийн гунигт бодол түүний сэтгэлээс арилаагүй, хатагтай Эдит эр нөхрөө аргадаж амжаагүй, том охин Маргот юуг ч юм бэ? хэлж чадаагүй, Анне Франк дуулж дуусаагүй байтал тэд Амстердам хотод ирлээ. Голландын хамгийн сайхан хот болох Амстердам Отто Франкын гэр бүлийг халуун дотноор угтаж авав. Отто ажилсаг, хичээнгүй, багагүй хөрөнгө цуглуулсан нэгэн байсан тул хотын хаа нэгтээ тохилог, саруулхан сууцтай боллоо. Энэ бол 1934 оны явдал билээ. Анне шинэ газар, шинэ байшин, шинэ орчиндоо тун хурдан дасч, байсан бол Маргот тэгсэнгүй. Тэр дассан орчин, сургууль, найз нараа үгүйлэн байжээ. Гэхдээ угийн дуу цөөтэй Маргот үүнийгээ тэр болгон ил гаргахгүй. Дахиад л намуухан өдрүүд үргэлжиллээ. Гэхдээ энэ нам гүм бол Франкфурдынхээс илүү учир битүүлэг нам гүм...  Ямар нэгэн зүйлийг хүлээгээд байгаа юм шиг, түгшүүртэй тийм нам гүм...

Амстердамын хавар ирж, зун болоод, навч хийсгэсэн намар дуусч, жихүүн өвөл эхэллээ. Аль хэдийнэ 11 настай болсон Анна номонд дуртай, бүр түүгээр амьдарч,  мөрөөдөж, номоор ертөнцийг харсан нүдтэй нэгэн болжээ. Гэвч энэ Анна нөгөө л балчирхан Анна Франк  хэвээрээ байсаар. Магад тэр үүрд ийм хөгжилтэй, хэзээ ч гунигт үл ялагдах,  үл шантрах, хэрхэвч итгэл найдвараа эс алдах биз ээ.

    Аниргүй өдрүүд удаан үргэлжилсэнгүй. 1940 онд Нацистын хамгийн хүчирхэг, хамгаас аймшигт арми болох SS-ынхэн Голланд руу дайран орж ирлээ. Амьгүй, хүйтэн, хүнд хуягаараа эртний уран барилгын гайхамшигтай дурсгалуудыг хайр найргүй булга татаж, ногоон тал, өргөн хөндийн үржил шимт хөрсийг урж тасдан, хар төмөр гинжээрээ хүмүүсийн дээгүүр явах тэдний танкуудын довтолгоог хэн ч үл зогсоож дийлнэ.

    Голланд Нацистуудын бүрэн мэдэлд очлоо. Дарлагдан, хавчигдсан, доромжлуулан, шахагдсан амьдрал. Немцүүдийн хувьд Жүүдүүд хэн ч биш, юу ч биш. Тэднийг хөнөөх, хорих, зодох, занчихад ямар ч ял, хууль үгүй. Доромжлогдсон аймшигт өдрүүд ингэж ирэх ёстой байжээ. Еврейчүүдийг нийтийн унаанд суулгахыг хориглоно, Еврейчүүд зөвхөн явган, эсвэл унадаг дугуйгаар зорчих ёстой. Мөн тэд ямар ч ажил хийх ёсгүй, тэдний өлбөрч үхэх нь бидэнд хамаагүй. Жүүд хүүхдүүд зөвхөн Еврей сургуульд сурах ёстой, бас тэдэнд хоол хүнсийг  бага хэмжээтэй, картаар олгоно... Герман хэлээр бичсэн ийм үгтэй ухуулах хуудас Амстердамын гудамж, талбайгаар хийсч, бас цагаан хоолойгоор дуугарна. Амьдрах эрхгүй амьдрал...

    Ноён Отто ийм зүйл болно гэдгийг бүр эртнээс мэдэж байжээ. Тийм болохоор орших уу, эс орших уу хэмээх айдас дагуулсан асуултад хариулахын тулд өөрийн зүгээс чадах бүхнээ хийсэн байлаа. Үнэндээ түүнийг тэр л ой тайга шиг чимээгүй өдрүүдийн дунд хоргодох байр бэлдэж, бүтэн жилийн хүнсний нөөц базаасан гэж хэн ч мэдээгүй юм.

Анне Франк болон түүний гэр бүлийн хоргодох байр дээврийн өрөөг оролцуулаад таван давхар байшинд байрлана. Ингэхдээ гурван давхрын арын хэсэгт байрлах шалнаас, тааз хүрсэн номын тавиуранд орших нууц хаалгаар орж, дээшээ шатаар өгсөнө. Шатаар явсаар эхний давхарт гарахад Оттогийн хоргодох байр, угаалгын өрөө байна. Дараагийн давхарт тэдэнтэй хамт бүгэн, нуугдсан Петерын гэр бүлийнхний нуугдах байр оршино. Хоргодох байранд ямар ч тавилга байхгүй. Хоргодогсод шалан дээр амьдарна.

    SS-ын штабаас еврейчүүдийг дуудсаар, эсвэл хүчээр баривчлан одсоор. Оттогийнх одоохондоо хоргодох байрандаа ороогүй. Анне Франк гэрээсээ  гаралгүй хаалттай хөшигний завсраар ширтэж, гадаа гудамжинд буу дуугарах бүрт бүжин шиг цочино.

    Өглөөний нар хаалттай хөшгийг нэвтлэн тусах гэж хамаг байдгаараа гэрэлтсэн тэр нэгэн өглөө гэнэт утас тачигнав. Хатагтай Эдит бүлээн цагаан гараараа харилцуурыг барьж аваад авч чадалгүй тавилаа. Яг л өргөж даахгүй байгаа юм шиг. Ноён Отто эхнэрийнхээ араас очиж, түүнийг энгэртээ тэврээд дахин дахин гасалж байгаа юм шиг дуугарах утсыг автал тэдний зөв байжээ. SS-ынхан Оттог штаб дээр ирэхийг тушаан, захирангуй, хахир хоолойгоор харилцуурын цаанаас хашгичиж, хараан зүхэж байхад Эдитийн нулимс Оттогийн цамцыг нэвтэлж байлаа. Хоргодох байрандаа орох цаг нь болжээ. 1942 оны долоодугаар сарын хүйтэн салхи үлээсэн өдөр Отто Франк эхнэр Эдит Франк, охин Анна Франк, Маргот нарынхаа хамт болон өөр гурван хүний хамт нуугдах байранд бүгэв. Тэд буг чөтгөрүүдийн дундаас  бурхан тэнгэрийг дуудаж эхлэв.

Хоргодох байранд орохоос нэг сарын өмнө буюу 1942 оны зургаадугаар сарын 12-ны өдөр Анне Франкын 13 насны төрсөн өдрөөр Отто охиндоо нэгэн гайхамшигт зүйлийг бэлэглэсэн юм. Тэр анхандаа байдаг л нэг тэмдэглэлийн дэвтэр байв. Гэвч хоргодох байранд энэ тэмдэглэлийн дэвтэрт зовлон дундах хүүхдийн чин сэтгэлийн үгс бичигдсэн юм. Анна хүмүүсээс нуугдаж эхэлсэн анхны өдрөөс өдрийн тэмдэглэл бичиж эхэллээ. Тэр хамаг зүрх сэтгэлээ энэ л дэвтэртээ хэлж, жирийн нэгэн өдрийн амьдралаас эхлээд, хүсэл тэмүүлэл, аз жаргал, хойч ирээдүйн тухай огтхон ч эргэлзэхгүй бичнэ. Хоргодох байр бол хоргодох байр. Түүн дотор чанга дуугарах нь бүү хэл, чөлөөтэй хөдлөх, ярих, явах эрхгүй. Хоргодох байранд байгаа Анне Франк муур шиг явж, сүүдэр шиг шивнэнэ.

“Агуулах дахь бусад хүмүүс бидний ярихыг сонсч магадгүй тул өдрийн турш бид шивнэлдэж, аажуухан гишгэдэг байв. (Анне Франк... 1942 оны долоодугаар сарын 11-ний өдөр),  Өрөөнийхөө хөшгийг гурван см төдий ч онгойлгох эрхгүй байна.  (Анне Франк 1942 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр), Английн радиогоор Еврейчүүдийг  хорт хийн утаагаар хөнөөсөн гэж мэдээлэв. Надад маш аймшигтай байна. ( Анне Франк 1942 оны аравдугаар сарын 9-ний өдөр)...

    1944 оны наймдугаар сарын 4-ний өдөр бүхэл бүтэн хоёр жилийн хоргодох байрны амьдрал эцэс боллоо. SS-офицер өөр гурван цагдаагийн хамт Анне Франк болон тэдний гэр бүлийн нуугдах байрны нууц хаалгыг цөм өшиглөн орж ирлээ. Дайн дуусахыг хүлээж, өрөвдөлтэйгөөр амьдарч байсан тэднээс хүнс зөөдөг хоёр хүний нэг нь урважээ. Гэхдээ сайхан сэтгэлт Мип бол үгүй...

Хананы цаана байсан хүчирхийлэл, доромжлол тэдний цөхрөлийг шалан дээгүүр цацаж орхиход Анне Франкын өдрийн тэмдэглэл бас газар уналаа. Дахиж тэд хэзээ ч дахиж уулзахааргүй үүрд хагацлаа... Охид орь дуу тавин хашгиралдаж, бүсгүй хүн цурхиран уйлах, өвдсөндөө эр хүн дуу алдах чимээнд хана, тааз цуурна. Хадагтай Эдит 1945 оны нэгдүгээр сард Берген-Бельзений хорих лагерт харуусалтайгаар амьсгал хураасан юм. Анна Франкыг эгч Маргот Франкын хамт Аушвицын хорих лагер руу, хүн шатаах зуух руу тууж яваад эргэж ирсэнгүй. Алагхан нүдээрээ инээж явдаг охин хүн байтлаа, хорхойд хоргүй байтлаа холбоотны цэрэг Берлиныг эзлэхээс хэдхэн сарын өмнө өөр хүмүүст туугдан яваад буцаж ирсэнгүй... Харин түүний өдрийн тэмдэглэлийг тэдэнд хүнс зөөдөг байсан Мип хэмээх эмэгтэй, хоргодох байрны шалан дээрээс олжээ. Анне Франкын тэмдэглэл дэлхийн хоёрдугаар дайны үед Нацистуудын гарт өртсөн еврейчүүдийн эмгэнэлт хувь заяаг  хүн төрөлхтөнд ярьж өгсөн юм. 
   
Би Аннег тэмдэглэл хөтөлдөг байсныг мэддэг байсан. Охин минь жижиг цүнхэнд тэмдэглэлийнхээ дэвтрийг хийж миний орны дэргэд тавьдаг байсан. Би охиндоо түүний тэмдэглэлийг үзэхгүй гэж амласан, түүндээ ч хүрсэн. Дайн дууссаны дараа би эхнэрээ нас барсныг сонсоод охидоо амьд байгаасай гэж их найдсан. Тэднийг эргэж хэзээ ч ирэхгүйг мэдсэний дараа Мип надад Аннегийн тэмдэглэлийн дэвтрийг өгсөн. Би Аннегийн сэтгэлийн үгсийг уншаад үнэхээр их гайхсан. Яг үнэндээ, ялангуяа өөрийнхөө үзэл бодлыг бичсэн хэсгүүд нь миний мэддэгээс шал өөр охин тэнд оршиж байсан. Тэр хэзээ ч дэвтэртээ бичсэн мэдрэмжүүдээ ил гаргаж байгаагүй. Отто Франкын дурсамжаас...

Анне үргэлж цовоо цолгиун, хөдөлгөөнтэй, хэзээ ч дуугүй байхгүй байнга ямар нэг юм ярьж бусдыг хөгжөөдөг байсан. Манай ээж хэлэхдээ “Бурхан бараг л бүгдийг мэднэ. Харин Анне Франк бүгдийг мэднэ” гэдэг байж билээ. Анне Франктай хамт Берхен Белсен хорих лагерт хоригдож байсан Ханнелл Госларын дурсамжаас...

Анне бид хоёр үерхдэг байсан. Анне их сэргэлэн, авхаалжтай бусдыг татах увидастай охин байсан. Тэр надад маш их таалагддаг байсан. Тэр өдөр бид хоёр уулзахаар тохирсон юм. Гэтэл тэр ирээгүй... Аннегийн найз хөвгүүн Петрийн дурсамжаас... Баяртай Анне Франк, чамайг бид үүрд дурсах болно.


Анне Франкын өдрийн тэмдэглэл буюу нулимстай нүднүүд  
Үзсэн: 4361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй