Шууд Chart

Т.Сүхбаатар: Д.Сүхбаатар төрөөгүй бол Ардын хувьсгал амжилттай болох эсэх нь эргэлзээтэй

2021-07-15 07:58:47

Монголын Зэвсэгт хүчний мөрдэстэй эрдэмтэн, судлаач генерал, хурандаа нарын үргэлжлэл Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн

МОНГОЛ ЖАНЖИД, ЦЭРГҮҮД ХАР ТАМХИНЫ ДАЙНД ОРЧИН ЦАГИЙН ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ ЕВРОПЧУУДТАЙ МАШ САЙН БАЙЛДСАН

-Монголд 1911 онд мэргэжлийн цэрэг арми байсан уу. Тайж язгууртнууд, лам нар, малчид л тулалдаад Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг хийсэн гэж дүгнэх хүмүүс байдаг?

-Монголчууд Манжийн дарлалыг анхнаас нь эсэргүүцэж тэмцсэн. Тухайлбал, Галдан Бошгот, мөн Амарсанаа, Чингүнжав нарын бослого. Манж Чин улсын дарлалын үед Монголын цэрэг армийг бүрэн үгүй хийсэн үү гэвэл үгүй. Монголд цэрэг арми байсан. Монголчууд Манжийн төрд хүлээсэн үүрэг нь татвар төлөх, шаардлагатай үед цэрэг гаргаж өгөх. Тиймээс Монголоос цэрэг дайчлахад амар болгож, газар нутгийг аймаг, хошуу хэлбэрт оруулж хуваасан. Монголчууд нэг хошуунаас 100 цэрэг ч юм уу гаргаж өгөх зэргээр шаардлагатай үед нь Манжид тусалдаг байсан. Амарсанаа, Чингүнжав нарын бослогын үед ч эсрэг талд нь монгол цэргүүд тулалдсан шүү дээ. Ингэж Монголыг монголоор нь даруулсан.

-Тухайн үед монгол цэргүүд ямар зэвсэг хэрэглэлтэй байсан бэ?

-Монголчуудад галт зэвсэг байсан. Монголд галт зэвсэг бүр дээр үед орж ирсэн. Манжууд монголчууд галт зэвсэг эзэмшчих юм бол өөдөөс нь тэмцэнэ гэдэг үүднээс бодлогоор сайн эзэмшүүлээгүй.

Хятадад өрнөсөн Англи, Францтай хийсэн Хар тамхины дайнд монгол жанжид, цэргүүд орчин цагийн галт зэвсэгтэй европчуудтай маш сайн байлдсан. Энэ дайнд Монголоос 20 мянга орчим цэрэг татаж байсан. Учир нь Монголын хүн ам цөөн. Мөн олноор нь цэрэг татах, монгол цэргүүдийг нэг дор байлгахыг хориглодог. Учир нь өмнө нь Чингүнжав, Амарсанаа нар Манжийн жанжин байсан ч монгол цэргүүдээ бөөнөөр нь дагуулж, оргож боссон. Монголчууд удмын дайнч чанартай, тусгаар тогтносон улс болох хүсэл дотор нь байсан учир  бослого гаргах вий гэхээс манжууд болгоомжилдог байсан.

МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛ АХУЙ ЦЭРГИЙН СУРГУУЛЬ БАЙСАН

-Амарсанаа, Чингүнжав тэргүүтэй олон ноён, тайж болон ард цэргийн эрдэм боловсролыг өндөр зэрэгт эзэмшсэн байдаг. Тэд ахуйгаасаа цэргийн эрдэмд суралцдаг байв уу?

-Монголчуудын цэргийн сургуулилт Чингис хааны үе бүр Хүннүгээс эхлэлтэй. Эрэгтэй хүүхдийг таван настайгаас нь морь унаж, 12-13 нас хүрэхэд нь нум бариулж сургадаг. Учир нь энэ насан дээрээ нумын хөвч татах чадалтай болдог. Ерөөсөө монголчуудын амьдрал ахуй цэргийн сургууль байсан. Хүүхдээ анд авч явна. Нум сум харвах, цавчиж, өвчих зэргийг заадаг. Хээр өөрийгөө хооллох, амьдрах, зүг чиг баримжаалах, яаж нойтон газар гал түлэх вэ зэрэгт сургана. Бидний өвөг дээдээс нараар цаг баримжаалах, одоор зүг чигээ олох зэргийг үр хүүхдэдээ заадаг даа. Энэ бүгд цэргийн эрдэм, сургуулилт. Энэ сургалтын системийг хэн ч, бүр манжийн дарлал ч дарж чадаагүй. Яаж дарсан бэ гэхээр шашнаар дарсан. Энэ өв соёлыг устгахын тулд эрчүүдийг нь лам болгож, “хүний аминд хүрэх бүү хэл бөөсөө ч алж болохгүй” гэж сургасан байгаа юм. Ийн монголчуудын дайчин чанар алдагдаж, номхон хүлцэнгүй болсон. Мөн монголчуудын нумыг хурааж авч, сумыг нь зэвний оронд булцуутай болгосон. Төмрийн маш хатуу хяналт тогтоосон нь төмөр өгвөл зэвсэг хийчихнэ гэж эмээсэнтэй холбоотой. Ийн голцуу ширмэн тогоонд хоол унд хийдэг болсон. Манжууд хурааж авсан учир Монголоос эртний зэр зэвсэг барагтай олддоггүй. Тэр байтугай зэр зэвсэг хийдэг дархдуудыг бурхан урладаг болгосон. Ийн цэрэг дайны ухаан мартагдаж эхэлсэн.

1755 оны Чингүнжав, Амарсанаа нарын бослогоос хойш том бослого Монголд гараагүй ХХ зуун гартал 200 жил тэмцэлгүй цаг хугацаа өнгөрсөн. Дунд нь цэрэг Онолт, Энхтайваны зэрэг эсэргүүцлүүд болсон. XIX зууны сүүлчээр Монголоор аялсан европын аялагч судлаачид “Монгол ертөнцийн хамгийн харанхуй бүдүүлэг, бөглүү алс хязгаар газар байна” гэж хэлсэн байдаг. Тэр үед Африкийн ширэнгэ хүртэл англичууд төмөр зам тавиад аль хэдийн хөгжил дэвшилтэй холбогдчихсон байсан.

Богд хаант Монгол улс өдгөөгөөс 110 жилийн өмнө байгуулагдаад хамгийн эхэнд таван яам байгуулсны нэг нь тухайн үеийн Цэргийн яам. Яагаад вэ гэхээр Манжийн дарлалд 200 жил байсныхаа дараа хүчирхэг цэрэг арми байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон цаг үе.

-Богд хаан шашны ёс, үзэл номлолоор хүмүүжсэн ч цэрэг армид онцгойлон анхаарал хандуулдаг байжээ?

-Тийм ээ. Тухайн үед яагаад VIII Богд Жавзандамбыг хаан суудалд залсан гэхээр Монголын хамгийн том лидер байсан. Хэдий шашин шүтлэгт нь хүний амь хороохыг хориглодог байсан хэдий ч Богд хаан /төр, цэргийн бодлого хосолмол байх ёстой гэдгийг ойлгосон учир Цэргийн яамыг байгуулж, анхны сайдаар Гомбосүрэн тайж томилогдсон. Мөн нэгэн томоохон үйл явдал нь Хаант Орос улсаас тусламж авч орчин цагийн армийн эхлэлийг тавьж чадсан байдаг. Хаант Оросоос сургагч нар ирж Хужирбуланд анхны цэргийн сургуулийг байгуулж, удаа дараа төрөл бүрийн хэлэлцээр хийсэн, зээл, олон тооны буу зэвсэг авсан. Улмаар 1912 онд Ховдыг чөлөөлсөн нь ХХ зууны түүхэнд монголчууд гадны цэрэг армийн ямар ч оролцоогүй буюу дангаараа байлдаж ялсан үйл явдал болсон. 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд монголчууд оросын цэрэг армитай хамт байлдсан. Тиймээс Амарсанаа, Чингүнжаваас хойш анх удаа монголчууд бие даасан тулалдаан хийсэн гэсэн үг. Мөн Ховдыг чөлөөлөх тулалдаан Монгол үндэстний тэмцэл байсан. Энэ тулалдаанд ойрад, цахар, барга, буриад гээд бүх монгол угсаатан, үндэстэн оролцсон. Дараа нь Өвөр Монголчуудыг чөлөөлөх Таван замын байлдаан хийхэд мөн л зөвхөн монгол үндэстнүүд тулалдаж, тухайн үеийн Хятадын цэргийг хиар цохисон. Хятадууд цэргүүд нь ар араасаа ялагдсаны ард “Монголчууд Өвөр Монголтойгоо нэгдчихвэл араас нь Буриадыг нэгтгэх гэж үзнэ” гэж Орос руу шахалт үзүүлж энэ хоёр их гүрэн хуйвалдсанаар аргагүйн эрхэнд монгол цэргүүд буцсан. Гэхдээ монголчуудын байлдах эрдэм, дайчин чанар алдагдаагүй нь Таван замын байлдаанаас харагдсан.

1919 онд Хятадын Сүй Шу жан Монголд орж ирэхдээ цэрэг армийг тарааж, зэр зэвсгийг нь хураасан. Сүй Шу жаны энэ тэнэглэл эсрэгээрээ монголчуудын тэмцэгч чанарыг улам бадраасан нь улмаар Ардын хувьсгал болоход хүргэсэн.

Д.СҮХБААТАР БОЛ ХХ ЗУУНД ТӨРӨН ГАРСАН ЦЭРГИЙН ГАРАМГАЙ СТРАТЕГИЧ, МОНГОЛЫН СУУТ ЖАНЖДЫН НЭГ

-Орчин цагийн Зэвсэгт хүчний түүхийг яагаад 1911 оноос биш түүнээс арван жилийн дараагаас тоолж эхэлсэн бэ?

-Олон хүн ингэж асуудаг. “Богд хааны цэргүүд нум сумаар байлдаж байсан юм шиг л орчин цагийн зэвсэгт хүчний түүхэд хамааруулахгүй юм. Тухайн үед их буутай, винтовтой, пулемёттой байсан гэж хэлдэг”. Хүнээр жишээ авъя хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэн тогтоод арван сарын дараа төрнө. Хүүхдийн насыг бичиг баримтад нь бүрэлдэн тогтсон цагаас нь биш эхээс төрсөн өдрөөр нь бүртгэдэг. Үүнтэй адил 1911 он бол Монголд орчин цагийн зэвсэгт хүчин бүрэлдэж байсан үе. Харин 1921 онд бий болж, өнөөгийн Зэвсэгт хүчний Жанжин штаб байгуулагдаж, европ маягийн зохион байгуулалтад орж орчин цагийн зэвсэгт хүчний өнгө төрхөө олсон.

-Д.Сүхбаатар жанжны тухай сайн болон саар олон цуу яриа байдаг. Бүр Ардын хувьсгал хийх үедээ нас нь намтарт нь бичсэнээс ч залуу байсан гэдэг юм билээ?

-Дамдины Сүхбаатар 1893 онд төрсөн. Ардын хувьсгалын он жилүүдэд 27, 28 настай л байсан. Монгол эрэгтэй хүүхдүүд 12, 13-тайгаасаа эхлээд цэргийн эрдэм мэдлэг эзэмшиж эхэлдэг гэж би түрүү хэлсэн. Д.Сүхбаатар ч тийм л байсан. 17 настайдаа Хужирбулангийн цэргийн сургуульд элснээсээ хойш арав орчим жилийн хугацаанд бүрэн цэргийн хүн болсон. Сүүлийн үед Д.Сүхбаатарыг мөрийтэй тоглоомчин байсан гэх мэтээр их мушгиж байна. Мөн намтар түүхэнд нь өнгөрсөн 70 жилийн хугацаанд үзэл бодлын нэмэлт хачир ч орсон. Тухайлбал, Д.Сүхбаатар В.И.Ленинтэй уулзаж байгаагүй. Уран сайхны хэтрүүлгээр энэ хоёр хүний уулзалт болсон мэтээр дээхэн үеийн монгол кинонуудад гаргадаг.

Миний хувийн дүгнэлтээр Д.Сүхбаатар цэрэг армийн шилдэг жанжин байсан. Харин улстөрчийн хувьд туршлагагүй, торгон мэдрэмжгүй байсан болов уу гэж боддог. Д.Сүхбаатарын хашиж байсан албан тушаалыг харахад Ардын журамт цэргийг бүгд ерөнхийлөн захирах жанжин, Цэргийн хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны дарга ба Бүх Цэргийн жанжин, Цэргийн яамны сайд гээд улс төрийн гэхээсээ илүүтэй цэргийн албан тушаал хашиж байсан.

Хэрвээ Дамдины Сүхбаатар төрөөгүй бол өөр хүн Хиагтыг чөлөөлөөд Ардын журамт цэргийг удирдаад явах байсан уу гэвэл хэцүү, 1921 оны хувьсгал амжилттай болох байсан нь эргэлзээтэй. Тухайн үед Маршал Чойбалсан залуухан байсан. 1911 оны хувьсгалын он цагт Богд хаан лидер байсан бол Сүхбаатар дайн тулаанд оролцоод шалгарчихсан 1921 онд хэдийн монголчуудын лидер болчихсон. Д.Сүхбаатар бол ХХ зуунд төрөн гарсан цэргийн гарамгай стратегич, Монголын суут жанждын нэг. Д.Сүхбаатарын байлдааны арга тактик, зохион байгуулалтыг харахад Монголынхоо үүх түүх, монгол цэргийн байлдааны арга техникийг сайтар судалсан, цэргийн өндөр мэдлэгтэй хүн байсан нь мэдэгддэг. Хужирбуланд цэргийн сургуульд сурч байхдаа, орос сургагч нараас ч цэрэг армийн тал дээр маш их зүйл сурсан. Өөрийнх нь дурдатгалд Монгол цэргүүд, орос сургагч нарыг хараад монгол цэргүүд хаана хоцрогдсон байгааг, шинэчлэгдэх ёстойг, дээл хувцастайгаа байлдаанд оролцох боломжгүй юм байна гэдгийг ойлгосон гэж бий. Тийм дээ ч Сүхбаатар европ маягийн хувцас өмсдөг байсан нь тухайн үеийн зарим гэрэл зургаас харагддаг. Д.Сүхбаатар цэргийн шинэчлэлийг эхлүүлсэн учраас орчин цагийн зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулагч гэж үздэг. Д.Сүхбаатарын санаачилгаар анхны цагдаа, автотээврийн газар, цэргийн эмнэлэг, цэргийн хувцас хэрэглэлийн оёдлын үйлдвэр зэрэг олон газар байгуулагдсан.

МАРШАЛ Г.ДЭМИД Д.СҮХБААТАРЫН ДАРАА ТӨРӨН ГАРСАН ЦЭРГИЙН ГАРАМГАЙ ЖАНЖИН БАЙСАН

Д.Сүхбаатар бага насандаа бичиг үсэг тайлагдсан, хэвлэлийн газар ажиллаж байсан учир ном их уншдаг, шинэчлэлээс хоцордоггүй хүн байсан. Ер нь 1921-1937 он бол Монголын орчин цагийн зэвсэгт хүчнийг бэхжүүлсэн он жил. 1937 онд хэлмэгдүүлэлт болж, завсар гарсан. Тэр хэлмэгдүүлэлтээр одоогийн генерал цолтонтой дүйцэх цэргийн дарга нарын 95 хувийг Японы тагнуул, тайж язгууртны үр удам зэрэг шалтгаанаар хэлмэгдүүлж үгүй хийсэн. Тухайн үед Монголын Зэвсэгт хүчин 15-16 мянган хүнтэй байсны 10 хувийг нь маш харамсалтайгаар хэлмэгдүүлсэн.

Мөн тухайн он цагт Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд, өрлөг жанжин (маршал) Г.Дэмид Монголын Зэвсэгт хүчинд хамгийн нөлөөтэй Монголын цэрэг арми өөрсдийгөө хамгаалж чадна гэсэн байр суурь баримталдаг, цэргийн шинэчлэлийг зоригтой хийдэг, Д.Сүхбаатарын дараа төрөн гарсан цэргийн гарамгай жанжин байсан. Г.Дэмид жанжныг болон түүнийг тойрон хүрээлдэг, дэмждэг байсан цэргийн хүмүүсийг хэлмэгдүүлсэн. 1939 онд Халхын голын дайны эхэн үед манайхан ялагдсан. Учир нь цэргийн боловсон хүчин байхгүй, 18-19 настай хөдөөний залуусыг дайнд оруулаад тавдугаар сарын 28-нд бут цохиулаад зургаадугаар морьт дивизийн дарга Ч.Шаарийбуу амь үрэгдэж, Л.Дандар баатар чадварлаг цэргийн хүн байсан болохоор хохиролгүй хороогоо авч үлдсэн. Энэ алдаан дээрээсээ сургамж авч 1945 оны чөлөөлөх дайнд 21 мянган чадварлаг цэрэг оролцож ялалт байгуулсан.

-Өдгөө Монголын зэвсэгт хүчний ур чадварыг НҮБ болон гадаадын батлан хамгаалах салбарынхан маш өндрөөр үнэлдэг. Харин Монголын зэвсэгт хүчний салбарынхан ур чадвартаа дүйцэх цалин хангамж, авч чаддаг уу?

-Монголын зэвсэгт хүчний ур чадвар маш өндөр болж, монгол цэрэг дэлхийн цэрэг болсон. Афганистан, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдын дунд марш тактикийн тэмцээн болдог. Эхний 10-20 байрыг дан монгол цэргүүд эзэлдэг. Монгол цэргүүд манаанд гарахад бусад орны энхийг сахиулагчид тайван амгалан байж чаддаг гэж байгаа юм. Яагаад гэхээр монгол цэргүүд хариуцлагатай, бэлтгэл сайтай, тэсвэр хатуужилтай, маш дэг журамтай.

Гадныхан монгол цэргүүд яагаад чадварлаг байдаг вэ гэхээр дэлхийг эзэлсэн бахархах түүхтэй учир өвөг дээдсийнхээ нэр хүндийг өндөрт өргөхийн тулд улам хичээдэг гэж дүгнэсэн байгаа юм. Чингис хааны үед ч Хүннүгийн түүхээр, Амарсанаа, Чингүнжав, Галдан бошигтын үед ч Чингисийн үеийн түүхээр, одооны монгол цэргүүд ардын хувьсгалын, 1939, 1945 оны түүхээрээ гээд монгол цэргүүдэд бахархах цэргийн түүх олон. Монголоос энхийг дэмжих ажиллагаанд оролцсон хүмүүс тодорхой хэмжээнд өндөр цалин мөнгө авдаг, албан тушаал, орон сууцаар хангагддаг. Ингэснээр нийгмийн баталгааг нь шийдэж өгч байна. Өндөр хөгжилтэй оронтой харьцуулахад бага ч гэлээ Монгол Улсынхаа эдийн засагтай дүйцүүлбэл боломжийн цалин хангамжтай байгаа. Африкийн орнуудын энхийг сахиулагчдын цалин хангамж манайхаас муу. Тэд манай энхийг сахиулагчдыг сайн цалин хангамжтай гэдэг.

БИО-ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЦЭРЭГТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-Та шийдвэр гаргах түвшний хүн биш ч гэлээ бодлого боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг цэргийн түүхч, судлаач хүн учир танаас энэ асуултыг асуух нь зүйн хэрэг болов уу. Дараагийн зуунд Монголын Зэвсэгт хүчин хэрхэн хөгжих ёстой, ямар алдааг давтахгүй байх хэрэгтэй вэ?

-Орчин үед дайн байлдаан болохгүй учир зэвсэгт хүчин хэрэггүй гэсэн мэр сэр яриа гардаг. Зэвсэгт хүчингүй улс орон гэж байхгүй. Манай улс орчин цаг, үетэй нийцүүлэн Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулж Хуурай замын, агаарын, барилга-инженерийн, кибер аюулгүй байдлын, тусгай хүчний гэсэн таван төрлийн цэрэгтэй болсон нь маш зөв. Орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдаад нэгэн зуун өнгөрлөө. Дараагийн 100 жилийн хөгжлийн дүр зургийг харахад илүү гэрэл гэгээтэй харагдаж байна. Яагаад гэхээр ирэх зуунд манай зэвсэгт хүчний хөгжил дэвшил технологид суурилна. Энэ зуун угаас технологийн зуун. Гадны орнуудын батлан хамгаалах салбар том өргөн фронтоор бус цомхон хүчээр хурдан түргэн тулалдах тусгай хүчнээ илүүтэй хөгжүүлж анхаарал хандуулах болсон. Тухайлбал, агаарын цэргийн салбартаа онгоц бус байлдааны дронуудыг хөгжүүлж байна.

Миний хувийн бодлоор манай улс нэмж био-терроризмтой тэмцэх цэрэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Орчин цагт биологийн дайн болох магадлалтай. Халхын голын дайны үед Японы 731 дүгээр отряд хими бактериологийн зэвсэг туршиж байсан. Энэ үйл явц одоо ч гэсэн өрнөж байна гэж зарим судлаач дүгнэж байгаа. “Ковид-19” улс орнуудын цэрэг армийг зогсонги байдалд оруулсан. Би “Ковид-19”-ийг нэг төрлийн байлдааны арга тактик, стратеги гэж хардаг. Яагаад гэхээр “Ковид-19”-өөс болж нууцын бус болон нууцын зэрэглэлтэй бүх л бичиг баримтыг дамжуулах, хурал зохион байгуулах гээд бүх л зүйл цахим хэлбэрт шилжиж байна. Энэ хэрээр цахим, кибер халдлага их хэмжээгээр явагдаж байгаа.

Үүнээс гадна Монголын зэвсэгт хүчний өнгөрсөн үеийн алдаа дутагдлаас харахад төр, цэргийн хосолмол бодлогыг тасралтгүй авч яваасай гэж хүсдэг. 1970-1980-аад онд яагаад Монголын ардын арми хүчтэй байсан бэ гэхээр Монгол Улсын Батлан хамгаалах зөвлөл байгуулагдаж дарга нь маршал Ю.Цэдэнбал байсан. Тухайн үед дотоодын нийт бүтээгдэхүүний 10-20 хувийг Зэвсэгт хүчинд хөрөнгө оруулдаг байсан. Үүгээрээ би бүрэн цэрэгжсэн нийгэм болоосой гэж хэлж байгаа юм биш. Төр, цэргийн бодлогыг битгий орхигдуулаасай, учир нь төр, цэргийн бодлого нэг нь нэгээ түшиж тулж, монгол гэрийн хоёр багана шиг явах ёстой. Энэ бодлогыг орхигдуулахгүй авч явснаар Монголын зэвсэгт хүчний хөгжил ирэх зуунд гэрэл гэгээтэй байна.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын судалгаа бүтээлд тань өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Хүннү гүрэн байгуулагдсаны 2230, Их Монгол улсын 815 жилийн ой, Лигниц, Шайо голын тулалдааны 780 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110, Батлан хамгаалах яамны 110 жилийн ой, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ой давхацсан өлзийт энэ жилийн баяр наадмын мэндийг хүргэе. Монголын түүх бол Монгол цэргийн түүх билээ. Өнгөрсөн одоо ирээдүйн түүхийг бүтээлцэж буй Чингис хааны одонт Монголын зэвсэгт хүчний яруу алдар үүрд мандан бадрахын ерөөл дэвшүүлье. Хотол олноороо сайхан наадаарай.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Т.Сүхбаатар: Д.Сүхбаатар төрөөгүй бол Ардын хувьсгал амжилттай болох эсэх нь эргэлзээтэй  
Үзсэн: 6230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй