
Бадамсэрээжид Цэрэннадмидын
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын уугуул Цэрэннадмидын Бадамсэрээжид (1925-2017) нь Монгол Үндэсний бөх барилдахын зэрэгцээ Хүндийн өргөлтөөр хичээллэж хот, улс, олон улсын тэмцээнд оролцож, 1956 оны Хүндийн өргөлтийн БНМАУ-БНХАУ-ын уулзалт тэмцээнд оролцож, 1957 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, 1964 оныг хүртэл Алдар нийгэмлэгийн багийг дасгалжуулан оролцуулж байжээ. Ц.Бадамсэрээжид 1950 оны наадмаар 7 давж Заан цол, 1954 оны наадмаар 8 давж үзүүрлэн Арслан цол, 1959 онд 8 давж үзүүрлэн Хурц Арслан болжээ. Тэрбээр бөх тайлбарлагч байсан бөгөөд 1997 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.
Оргодол Самдангийн
Төв аймгийн Баянбараат (өнөөгийн Баян-Өнжүүл) сумын уугуул Самдангийн Оргодол (1927-2002) 1955 онд хуучин уламжлалаар сугалаагаар барилдуулахад аймгийн заан цолтой байсан тэрбээр Улсын наадамд анх удаа зодоглож найм даван түрүүлж шууд БНМАУ-ын Арслан цол хүртжээ. Дараа жил нь зургаа давж тухайн жилийн түрүү бөх Дарийн Дамдинд (мөн л хүндийн өргөлтийн тамирчин, циркийн хүч тамирын жүжигчин) өвдөг шороодож Улам нэмэх чимэг авчээ. 1957 онд зургаа давж, долоогийн даваанд Ц.Бадамсэрээжид арсланд (хүндийн өргөлтийн тамирчин, Алдар нийгэмлэгийн хүндийн өргөлтийн дасгалжуулагч) дагуулж ачих мэхэнд нь унаж өсөх нэмэх чимэг авчээ.
1955 онд спортын төрөл бүрийн зэрэгтэй тамирчдыг төрүүлэх зорилгоор БНМАУ-ын спортын нэгдсэн ангиллыг батлан мөрдөж ажиллуулахад С.Оргодол арслан Монгол Улсын хүндийн өргөлтийн анхны тамирчдын нэг байсан бөгөөд 1955 онд Хятад, Монголын тамирчдын уулзалт тэмцээний үеэр нийлбэр дүнгээр 189 кг-ийг өргөж тэргүүн байр эзэлж байв. Тэрбээр 1956 онд зохион байгуулагдсан БНМАУ-ын Хүндийн өргөлтийн аварга шалгаруулах анхны тэмцээний 90 кг-ийн жингийн ангилалд түрүүлж Алтан медаль хүртэж байв.
Дамдин Дарийн
Дарийн Дамдин (1931-2002) нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд Уйлган голын хөндийд Пүрэвийн хүү болон мэндэлжээ. Түүнийг 6 настайд эцэг нь нас барсан тул эх Дариараа овоглох болсон байна. БНМАУ-ын Хүндийн өргөлтийн Улсын шигшээ багийн тамирчин, Хүндийн өргөлтийн улсын рекордийг 1967 оны байдлаар 5 удаа шинэчлэн тогтоожээ. Д.Дамдин Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Үндэсний бөхийн Дархан аварга, Гавьяат Жүжигчин цол хүртсэн циркийн жүжигчин хүн билээ. Бөхийн тайлбарлагчид «Гарлаа, өрлөө, давлаа» гэсэн гурван үгийг л хэлж амждаг байсан гэдэг.
Тэрбээр 1952 онд 6 давж Улсын начин, 1956 онд 9 давж түрүүлэн улсын арслан, 1957 онд түрүүлэхэд нь улсын аварга цол хүртээлгүй “Улам нэмэх” чимэг өгчсөн гэдэг. 1958 онд 3 дахиа 9 давж түрүүлэн Улсын аварга, 1959 онд 9 давж түрүүлэн даян аварга, 1960 онд 9 давж түрүүлэн Дархан аварга цол хүртжээ. Улсын наадамд 23 удаа шөвгөрснөөс 5 дараалан түрүүлсэн, мөн 5 удаа түрүү булаалдсан цагийг эзэлсэн их аварга билээ.
Гүрбадам Доржсүрэнгийн
Доржсүрэнгийн Гүрбадам 1933 онд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд мэндэлсэн. Цэргийн албанд ирээд Хурц арслан Ц.Бадамсэрээжидийн удирдлага дор Хүндийн өргөлтөөр хичээллэж 1957 онд 70+70+90=230 кг, 1961 оны МБАТ-ны Анхдугаар спартакиадад 82,5+77,5+105=265 кг, 1962 онд 75+77,5+105=257,5 кг өргөж байжээ. Тэрбээр 1961 онд Үндэсний бөхийн Улсын заан цол хүртсэн юм.
Шаравжамц Ширнэнгийн
Хэнтий Батширээт сумын уугуул, Өсөх идэр начин “Дамкрат” хэмээх Ширнэнгийн Шаравжамц (1933) 1957 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд 82 кг-ийн жингийн ангилалд хүрэл, 1958 оны 9 сард БНАГУ-ын Лейвциг хотод болсон Ах дүү армиудын спартакиадад оролцож байжээ. Тэрбээр 1961 оны МБАТ-ний анхдугаар спартакиад 82 кг-ийн ангилалд медаль хүртэж БНМАУ-ын олон удаагийн аврага болж байжээ.
Бордух Баттогтохын
Баянхонгор аймгийн Жаргалант сумын уугуул Баттогтохын Бордух (1932) нь Хүндийн өргөлтийн шигшээ багийн тамирчин төдийгүй Үндэсний бөхөөр барилдаж Улсын начин болжээ.
Б.Бордуx харуулын тусгай салаанд Д.Дамдин аварга цуг цэргийн алба хааж, хоёулаа байнга барилдаж байжээ. 1958 оны 6 сард БНАГУ-ын Лейвциг хотод болсон Ах дүү армиудын спартакиадад БНМАУ анх удаа оролсон юм. МАА-ийн багийн бүрэлдэхүүнд Х.Намсрай, Г.Бадарч, Г.Агваанжанцан, Ш.Шаравжамц, Б.Бордух, дасгалжуулагчаар А.Гунгаа нар багтжээ.
Уг тэмцээний хагас хүнд жингийн ангилалд Б.Бордух 277,5 кг өргөж VI байр эзэлжээ. Б.Бордух 1961 онд зохион байгуулагдсан МБАТ-ны Анхдугаар их наадмын Гирийн тэмцээнд 32 кг-ийн гирийг 3 төрлийн өргөлтийн нийлбэрээр 129 удаа өргөж аварга болж байжээ. 1968 онд Герман улсад болсон Хүндийн өргөлтийн Олон улсын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж 1962 онд улсын аваргаар 32кг -ийн тухайг 119 удаа өргөж спортын мастерын болзол хангаж, зээрэнцэг, бөөрөнцөг шидэлтээр УАШТ-нээс 3 алт 4 мөнгө, 2 хүрэл медалиуд хүртэж байжээ.
Авхиа Жарантайн
Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Жарантайн Авхиа (1923 -2005) 1947 оноос үндэсний бөхөөр барилдаж Харцага цол хүртсэн төдийгүй хүндийн өргөлтөөр хичээллэж өөрөө тэмцээнд оролцохын сацуу Алдар нийгэмлэгийн тамирчидыг дасгалжуулдаг байв. Тэрбээр 1961 оны МБАТ-ний Анхдугаар спартакиадад Алдарын багийг дасгалжуулж багаараа 2-р байр эзлэж байжээ. 1954-1968 онд Хүндийн өргөлтийн шүүгчээр ажиллаж байв.
Цэдэвсүрэн Содномын
Содномын Цэдэвсүрэн (1940) “Правда” сонины нэрэмжит 1962 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн 75 кг-ийн ангилалд Хоршоолол, (Улсын начин), Цэдэвсүрэн (1967 оны байдлаар 2 рекорд тогтоож байжээ)
Бээжин Чойжилын
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын уугуул Чойжилын Бээжин (1934 - 1986) 1961 оны МБАТ-ний анхдугаар спартакиадын Хүндийн өргөлтийн тэмцээнд 82 кг-ийн ангилалд Алдар нийгэмлэгээс өрсөлдөж байв. Ч.Бээжин 1957 онд начин, 1959 оны Монголын Залуучууд Оюутны Анхдугаар Их Наадмын 37 бөхийн тойргийн барилдаанд 32 даван 2-р байр эзэлж, Улсын заан, 1961 онд 7 давж дөрөвт үлдэн Арслан, 1970 онд 9 даван түрүүлж Улсын аварга цол хүртжээ.
Эрдэнэ-Очир Өлзийсайханы
Төв аймгийн Баянзүрх сумын (өнөөгийн Эрдэнэ сум) уугуул Өлзийсайханы Эрдэнэ-Очир (1936-2017) Хүндийн өргөлтийн тамирчин, Үндэсний бөхийн Улсын арслан, Чөлөөт бөхийн спортын гавьяат тамирчин (1968) юм. 1957 онд Улсын начин, 1961 онд Монголын Бүх ард түмний анхдугаар спартакиадад 28 бөхийн тойргийн барилдаанд 25 давж, улсын заан, 1976 онд 7 давж дөрөвт үлдэн Улсын арслан цол хүртжээ.
Банди Цэдэвийн
Цэдэвийн Банди (1903-?) нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, үндэсний бөхийн Улсын арслан. Тэрбээр хүндийн өргөлтөөр хичээллэж уралдаан тэмцээнд орж байсан бөгөөд 1922 онд Уул тайллагын наадамд 5 давж начин, 1924 онд Уул тайллагын наадамд 7 давж түрүүлэн Улсын заан, 1938 онд 9 давж үзүүрлэн Улсын арслан цол хүртжээ.
Дашдаваа Лувсандоржийн
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Лувсандоржийн Дашдаваа (1940) Хүндийн өргөлтөөр хичээллэж 1959 онд сумынхаа наадамд түрүүлж сумын заан,.1963 онд Монголын бүх ард түмний 2-р спартакиадад 24 хүчтэнг өвдөг шороодуулж, 4-р байр эзлэн Улсын начин цол хүртжээ. 1967 онд зургаа давж “Өсөн нэмэх” чимэг, 1974 онд зургаа давж “Үнэн хүчит” чимэг, 1976 онд тав давж “Тун ч гарамгай” чимэгүүдийг хүртжээ.
Гочоосүрэн Чимэдийн
Архангай аймгийн Хотонт сумын уугуул Чимэдийн Гочоосүрэн (1952) нь Хүндийн өргөлтөөр хичээллэж мөн Монгол үндэсний бөхөөр барилдаж Монгол улсын заан цол хүртэж, Чөлөөт бөхийн төрлөөр ОУХМ болжээ. Ч.Гочоосүрэн 1975 онд Улсын начин, 1981 онд 6 давж Улсын заан цол хүртжээ.
Жаамаа Сэрээнэндоржийн
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Сэрээнэндоржийн Жаамаа (1939) 1964 оны Хүндийн өргөлтийн УАШТ 82 кг-ийн ангилалд Барилгачин нийгэмлэгээс оролцож байсан бөгөөд тэрбээр 1969 оны наадмаар Улсын начин цол хүртсэн юм.
Ё.Дамдин, Ж.Төмөрхуяг "Хүндийн өргөлтийн түүх" номноос
Хүндийг өргөлтийн тамирчин бөхчүүд | ||
Үзсэн: 1375 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.