Шууд Chart

Монгол Улсын дунд хугацааны Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо

2022-06-25 17:39:09

Хөгжлийн зорилтот хөтөлбөр нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Монгол Улсын хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичиг болох юм. Энэ нь 2020 оны 6 дугаар сард УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг дунд хугацаанд хэрэгжүүлэхэд чиглэнэ.

“Алсын хараа-2050” нь Монгол Улсын ирээдүйн 30 жилийн хөгжлийг тодорхойлсон, Монголын Эзэнт гүрний түүх, нүүдэлчин соёл иргэншил, үндэсний давтагдашгүй онцлогт суурилж, дэлхийн хөгжлийн дэвшилтэт үзэл баримтлалтай хослуулсан “Монгол хөгжлийн загвар” юм. Алсын хараа-2050 нь 2030, 2040, 2050 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжинэ.

Уг урт хугацааны бодлогын эхний үе шатны 2030 онд хүрэх үр дүнг хангахад чиглэсэн Хөгжлийн 7 зорилтот хөтөлбөрийг боловсруулахыг УИХ-аас үүрэг болгожээ. Энэ дагуу Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн зорилтот хөтөлбөр болох Шинэ сэргэлтийн бодлогыг 2021 оны 12 дугаар сард Засгийн газраас боловсруулж, УИХ баталсан. Уг бодлогын хүрээнд эдийн засаг, дэд бүтцийн салбарын хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлүүдийг тодорхойлж, шийдвэрлэхээр зорьсон.

Алсын хараа-2050 бодлогын баримт бичгийн үндсэн үзэл баримтлал, загварт суурилсан Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр, Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр, Байгаль орчны зорилтот хөтөлбөр, Засаглалын зорилтот хөтөлбөр, Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр, Үндэсний өрсөлдөх чадварын зорилтот хөтөлбөрийг тус тус боловсруулан батлуулах ажил өнгөрсөн оны 7 дугаар сараас эхлэн, одоо эцэслэх шатандаа ороод байна.

Эдгээр зорилтот хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд салбар салбарт салангид байдлаар тодорхойлон, хэрэгжүүлж ирсэн 500 гаруй хөгжлийн бодлогыг нэгтгэжээ. Ингэснээр салбарын уялдаа хангагдаж, төрийн бодлого бүрэн хэрэгжих, салбарын үйл ажиллагаа хөгжлийн нэгдмэл үр дүнд чиглэх боломж хангагдах юм.

Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төсөл боловсруулахдаа үр дүнд суурилсан төлөвлөлтийн арга зүйд тулгуурлан, хөгжлийн тулгамдаж буй гол асуудлууд, хэрэгцээ шаардлагыг нөхцөл байдлын шинжилгээ, холбогдох судалгаагаар илрүүлэн гаргаж ирж, тэдгээрийг шийдвэрлэхэд чиглэсэн 2030 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх үндэсний түвшний хөгжлийн томоохон зорилго, зорилт, бодлогын шинэчлэлүүдийг тусгасан нь өмнө хийгдэж байсан бодлогуудаас ихээхэн онцлог байна.

Уг ажилд энэ оны 1 дүгээр сард шинээр байгуулагдсан Эдийн засаг, хөгжлийн яам манлайлан оролцож, Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төсөл боловсруулах Ажлын дэд хэсгүүдийг нэгдсэн арга зүй, удирдамж, чиглэлээр ханган, зохион байгуулалтыг хийж ажиллахын зэрэгцээ боловсруулалтын үе шат бүрд олон түвшний олон талт оролцогчдын оролцоог хангаж, олон хэсэгчилсэн уулзалт, хэлэлцүүлэг, семинарыг зохион байгуулж ажиллаж иржээ.

Түүнчлэн Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн нэгдсэн болон хөтөлбөр тус бүрийн үр дүнг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, хөгжлийн үндсэн үзүүлэлтүүдтэй хэрхэн уялдаж байгааг хянаж, тодорхойлсны үндсэн дээр холбогдох санал, дүгнэлтийг гарган төсөлд тусгаснаа танилцууллаа. Хэлэлцүүлэгт иргэний нийгмийн төлөөлөл, хувийн хэвшлийнхэн, эрдэмтэд судлаачид идэвхтэй оролцож, санал солилцлоо.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд хэрэгжсэнээр 2030 он гэхэд Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшилнэ гэж үзэж байна. Тухайлбал, эдийн засгийн жилийн дундаж өсөлтийг 6 хувьд, хүний хөгжлийн индексийг 0.74-өөс 0.85, дундаж наслалтыг 70.2-оос 78 болгож нэмэгдүүлэх, ядуурлын түвшнийг 28.4-өөс 15 хувь болгож бууруулах, Засаглалын үр нөлөөг 45.7 хувиас 71.9 нэгж болгон өсгөх замаар бүтээмжийг нэмэгдүүлэх юм байна. Түүнчлэн, Монгол Улс дэлхийн топ 1000 их сургуулийн эрэмбэд багтаах, халдварт бус өвчлөлөөс шалтгаалсан нас баралтын түвшинг бууруулах, хүнс, эмийн хангамжийн найдвартай, аюулгүй байдлыг дээшлүүлэх, орчны бохирдлыг бууруулах зэрэг зорилтуудыг дэвшүүлжээ.

Энэхүү 2030 оны хөгжлийн бодлогын баримт бичгийг 06 дугаар сард багтаан Засгийн газраар хэлэлцүүлэн, Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байна гэж Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээллээ.


Монгол Улсын дунд хугацааны Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй