Шууд Chart

Т. Хэрүүга: ХААИС төгсөгчид өөртөө ажлын байр бий болгож, ажил олгогч болно

2022-06-27 15:21:15

"Хүнсний аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологийн инноваци" үндэсний зөвлөгөөн Монгол Улсын Ерөнхийлөгчий ивээл дор "Корпорейт хотел энд Конвеншн центр"-ийн их танхимд болж байна.

Зөвлөгөөнөөр ХААИС-ийн ректор Т.Хэрүүга “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөц” гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм. Түүнээс илтгэлтэй нь холбоотой дараах тодруулгыг авлаа.  

-Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд манай улсад нэн тэргүүнд ямар салбарын, хичнээн эрдэмтэн, мэргэжилтэн шаардлагатай байгаа тооцоо байна вэ?

-“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн салбарт ажиллах боловсон хүчин, хүний нөөцийг бэлтгэн бүрдүүлэхэд юуны өмнө тухайн салбаруудын тэргүүлэх чиглэлийн хүрээнд эрэлттэй байгаа мэргэжил, мэргэжилтнүүдийг тодорхойлох нь чухал байна. Ингэхдээ Засгийн газраас санаачилан хэрэгжүүлж буй хөгжлийн томоохон хөтөлбөрүүдтэй уялдуулж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилан эхэлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал, “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод” хөдөлгөөн гэсэн 3 том, шинэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хамгийн эхлээд шинжлэх ухаан дээр суурилсан судалгаа чухал байна. Мөн тэдгээрт ажиллах боловсон хүчин, хүний нөөц нэн тэргүүнд тавигдаж байгаа. Энэ хүрээнд бид судалгаагаа эрчимжүүлж, гадаад хамтын ажиллагаа, харилцаагаа өргөжүүлэхээр хэд хэдэн судалгааны төсөл эхлээд байна.

-Яг одоо ХААИС-д хэдэн төсөл, ямар чиглэлээр хэрэгжиж байна вэ?

-Одоо манай сургууль дээр 60 орчим тэрбум төгрөгийн санхүүжилттэй, 205 төсөл хэрэгжиж эхэлж байна. Дээр нь бид түрүү дурдсан, төр, засгийн хөтөлбөрүүдийн хүрээнд, нэгдсэн байдлаар Уур амьсгалын өөрчлөлтийг судлах Үндэсний төв байгуулахаар манай судлаачид ажиллаж байна. ХААИС-д өнөөдрийн байдлаар 10 мянган хүн бакалавр, магистр, докторт суралцаж байна. Үүнээс 5 мянга орчим нь бакалаврын зэргээр суралцаж буй. Шинэ хөтөлбөрүүдтэй уялдуулаад 2 жилийн хугацаанд 3 мянга орчим бакалаврын түвшний мэргэжилтнүүд зайлшгүй шаардлагатай байгаа. Ер нь улсын хэмжээнд “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг хэрэгжиж буй нийт төсөл, хөтөлбөрийг тооцвол 39 мянга орчим инеженер, техникийн ажилтан хэрэгтэй байна гэсэн судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар манай улсад бүх салбарыг оролцуулаад нийтдээ 20 мянга орчим инженер, техникийн ажилтан бэлтгэж байна. Ингээд тооцохоор дахиад бид 19 мянган хүнийг сургах шаардлагатай нь харагдаж байна. Нэг хөтөлбөрийн хүрээнд 3 мянган оюутан бэлдэх захиалгатай байсан. Энэ жил энэ нь 3300 болж байна. Дараагийн 2 жилд жилд бэлтгэх мэргэжилтний тоо 5 мянгад хүрнэ гэж тооцоолж байна.

-Танай сургууль ямар мэргэжил, чиглэлээр хичнээн оюутан бэлтгэж байна вэ?

-Манай сургуулийг жилд 1300-1500 оюутан төгсөж байгаа. Хөдөө аж ахуйн инженер, агрономич, мал аж ахуй, газар тариалан, малын эмч, ХАА-н эдийн засагч гэсэн үндсэн 5 чиглэлээр сургадаг. Манай төгсөгчид аль ч мэргэжлээрээ холбогддог учир ХАА-н үйлдвэрлэлд бизнес эрхлэх боломжийг бүрдүүлдэг. Тийм учраас бид төгсөгч бүрийг ажилтай, бизнес төлөвлөгөөтэй гаргахаар хүний нөөцийн, боловсон хүчний хөтөлбөрийн шинэчлэлээ хийж байгаа. Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 93.3 мянган ААН, байгууллагаар авч үзвэл, хүний нөөц хамгийн их хэрэгтэй, шаардагдаж байгаа салбар нь худалдаа, хамгийн бага нөөцтэй нь 3.3 хувиар хөдөө аж ахуйн салбар орж байна. Тиймээс бид боловсон хүчин, хүний нөөцийн хөтөлбөрийн шинэчлэлийг хийхдээ тухайн ажлын байранд шаардлагатай байгаа мэргэжилтэнг бэлтгэх, мөн ажлын байрыг шинээр бий болгож чадах тийм төгсөгч, мэргэжилтэнг гаргахын төлөө явна.

Нийтэлсэн: Д.Баяржаргал

Т. Хэрүүга: ХААИС төгсөгчид өөртөө ажлын байр бий болгож, ажил олгогч болно  
Үзсэн: 806 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй