Шууд Chart

А.Бүрэнбаатар: 88, 55 жилийн ойн баяр бол зөвхөн МҮОНРТ-ийн баяр биш, энэ салбарт ажиллаж буй бүх хүний баяр

2022-09-27 17:12:30

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой энэ сард тохиож байна. Энэ ойг тохиолдуулан MNB.mn сайт МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ажилтнуудын “8855” цуврал ярилцлагыг хүргэж байгаа билээ. Бид энэ удаад

-Юун түрүүнд танд Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Заа баярлалаа.

-Таны амьдралын зам жим Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз гэсэн их айлтай анх хэрхэн холбогдсон бэ?

-Анх гэвэл 2003 онд “Та таа тунгаа” нэвтрүүлэгт их, дээд сургуулийн сэтгүүлзүйн ангийн оюутнууд оролцсон юм. Тэр нэвтрүүлэгт одоогийн малчин, сэтгүүлч Х.Эрдэнэбулган, манай телевизийн сэтгүүлч, редактор А.Мөнхбаатар болон би сургуулиудаа төлөөлж оролцож, би тэр тэмцээнд түрүүлсэн. Тэр нэвтрүүлгийн зураг авалт “Студи-600”-д болж тэгж би анх телевизийн студид орж үзсэн. Тэрний дараа би уртын болон үйлдвэрлэлийн дадлагаа “Монголын мэдээ” агентлагт хийсэн. Радио, телевизийн ахмад сэтгүүлч Цэндийн Сүхбаатар гуай бол миний багш. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар надад анх мэдээ яаж бичихийг зааж өгч байлаа. Гаваа, Өлзийбаяр ах, Энхбаяр агсан тэргүүтэй хүмүүсээр заалгаж дадлагаа дуусгасан. Их сургуулиа төгсөөд “Монгол HD” телевиз үүсгэн байгуулагдсан цагаас ажилласан. 2017 онд МҮОНТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлгийг хөтлөх урилга ирсэн. Тэр дагуу гурван жил ажиллаад нэг жилийн хугацаанд хувийн ажлуудаа цэгцэлчихээд МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцож, сонгогдоод ажиллаж байна.

-МҮОНРТ-ийн 88 болон 55 жилийн ой бол дан ганц энэ байгууллагын бус Монгол Улсад радио, телевизийн салбар үүссэн баярын өдөр. Энэ ойн хүрээнд ямар арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа вэ?

-Есдүгээр сард радио, телевизийн маань хоёр ой тохиодог. Монголын радиогийн маань ой есдүгээр сарын 1-нд тохиодог. Энэ жил их онцлогтой Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 гэсэн хоёр тэгш ой тохиож байна. Тиймээс бид өнгөрсөн жилүүдээс өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр зорьсон. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан спортын, урлагийн арга хэмжээ зохион байгуулагдаагүй учир ойн хүрээндээ хэвлэл мэдээллийн байгууллагуудын аварга шалгаруулах спортын гурван төрөлт тэмцээн зохион байгуулсан. Мөн салбарынхаа эрдэмтэн судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчид, мэргэжилтнүүдийг оролцуулан эрдэм шинжилгээний хурал аравдугаар сарын эхээр зохион байгуулна. Үүнээс гадна зураглаачдынхаа “Камер амсхийх зуур” үзэсгэлэнг байгууллагадаа гаргалаа. МҮОНТ-ийн салгаж ойлгож болохгүй нэг хэсэг нь “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр. Хагас зуун жилийн түүхтэй энэ мэдээллийн хөтөлбөрийн “Цагийн хүрд – Түүхий хүрд” баримтат киног үзэгчиддээ хүргэлээ. Өнгөрсөн хугацаанд Монгол соёлоо экспортлох зорилгоор “Нүүдэлчин зөн” контемпорари арт цуврал уран бүтээл хийсэн. Энэ уран бүтээлээ энэ сарын 27-нд /өнөөдөр/ албан ёсоор нээнэ. Мөн Монголын түүхийн эх сурвалжуудын тухай таван ангит баримтат кино Турк улсад очиж хийсэн. Энэ олон ангит баримтат киноны нээлтийг мөн хийнэ. Түүнчлэн байгууллага хамт олны баярын хурал, концерт зохион байгуулагдана.

-Таны МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад өрсөлдөхдөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн тань биелэлт хэдэн хувьтай явж байгаа вэ?

-Би мөрийн хөтөлбөртөө шинэ медиа шилжилт рүү шилжинэ гэсэн төлөвлөгөө дэвшүүлсэн. Радио, телевизийн эфирийг өргөн нэвтрүүлгээс гадна 21 дүгээр зуунд тренд болж байгаа сошиал орчин, бусад сувгаар хүргэх судалгаа хийгээд төлөвлөгөөгөө гаргачихсан явж байна. Өөрчлөлтийг хурдан хийх амаргүй байдаг юм байна. Гэхдээ бид зорилтынхоо хүрээнд ажиллаж байгаа. Мөрийн хөтөлбөртөө олон улс руу экспортлох уран бүтээл хийнэ гэдгээ хэлсэн. Энэ хүрээнд “Нүүдэлчин зөн”-г хийсэн. Одоо дараагийн төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байна. Мөн МҮОНРТ энэ оныг “Хүний хөгжлийн жил” болгон зарлаж уран бүтээлч, ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэг оношилгоонд бүрэн хамруулж чадлаа. Уран бүтээлчдээ дэмжиж, урамшуулж, хөгжүүлж байж сайн, чанартай уран бүтээл төрнө гэж үзсэн учир байгууллага дотроо маш олон сургалт, судалгааны ажил зохион байгуулсан. Үндэсний томоохон их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ үзэглэсний дагуу олон уран бүтээлч маань магистр, докторын зэрэг авахаар суралцаж байна. Гадаад харилцаагаа нэлээд өргөжүүлж, гадаадад уран бүтээлч, ажилтнуудаа сургах чиглэлээр судалж, эхнээсээ ажил хэрэг болоод явж байна гэх мэтчилэн мөрийн хөтөлбөрөө биелүүлээд явж байна. Яг тухайн үед дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө өнөөдөр МҮОНРТ-ийг удирдаад явж байхдаа эргэн харахад зөрүүтэй зүйл ч байгаа. Энэ тохиолдолд өөрчилж, сайжруулж байна. Бид цалингийн системээ илүү оновчтой болгох, хөдөлмөрийн үнэлэмжийг илүү тодорхой болгох зэрэг өөрчлөлтийг эхлүүлээд, шийдвэр гаргаад явж байна.

-УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Радио, телевизийн үндэсний сүлжээний Радио нэвтрүүлэх төв станц (Хонхорын станц)-д ажиллахад та хамт нөхцөл байдалтай нь танилцсан.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай, хариуцсан сайдтай боллоо. Ямар үр дүнгүүд хүлээж байна вэ?

-Миний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт Радиогийн дахин дамжуулах станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хүчин чармайлт гаргах, радиогийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил багтсан. МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар сонгогдсоноосоо хойш энэ тал дээр тогтмол ажиллаж байгаа. Радио нэвтрүүлэх төв станц (Хонхорын станц)-д би сая гурав дахь удаагаа очсон. Радио, телевизийн үндэсний сүлжээний удирдлага, хамт олонтой байнга ажил хэргийн уулзалт зохион байгуулж байгаа. МҮОНРТ-д ирж ажилласан УИХ-ын гишүүд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газрын дарга удирдлагад радио өргөн нэвтрүүлгийн ач холбогдол, хүртээмжийг нь нэмэгдүүлснээр гарах өөрчлөлтийн талаар ярьж ойлгуулсан.

Мөн Н.Учрал сайд ажлаа аваад радиогийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар ажиллалаа, бид ч байр сууриа илэрхийлсэн. Салбар хариуцсан сайдтай болсон учир энэ ажил хурдтай урагшлах байх. Өргөн уудам нутагтай Монгол Улсын хувьд хамгийн хямд өртгөөр мэдээ мэдээллийг хамгийн хүртээмжтэй түгээх хэрэгсэл бол радио. Хэдий Монгол Улс цахимжиж байгаа ч гэлээ интернэтийг бид импортолж авдаг. Заавал шилэн кабель, тусгай төхөөрөмж шаарддаг гэх мэтээр эдийн засгийн хувьд зардал ихтэй байдаг. Харин радио долгион өртөг зардал хямд.

Радиогийн өргөн нэвтрүүлгийг дахин дамжуулах станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг Хонхорын станцаас эхлүүлсэн нь зөв гэж харж байгаа. Салбарын сайд шинэ арга барил, менежменттэйгээр ажиллана гэж харж хүлээж байна.

-Радио долгион нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй ч хязгаарлагдмал нөөцтэй байгалийн баялаг гэж явдаг. Монголын үндэсний олон нийтийн радиогийн 90 жилийн ой хоёр жилийн дараа тохионо. Энэ хугацаанд та радио руу чиглэсэн ямар ажлуудыг хийж амжуулахыг зорьж байна?

-МҮОНР дижитал руу шилжихэд бэлэн болчихсон. МҮОНР-ийн 90 жилийн ойг угтан Унгар улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй МҮОНР-ийн архивын шинэчлэлт хийх төсөл амжилттай хэрэгжиж байна. Нэлээн өндөр төсвөөр хийгдэж буй урт хугацааны ажил болж байна. Бид МҮОНР-ийн архивыг дижитал болгох, олон улсын чанар стандартад нийцүүлэх шийдлийг олсон. МҮОНР 90 жилийн ойгоо угтахдаа бүрэн цахимжсан, бүрэн дижитал болчихсон, цацалтын хүрээ ч нэмэгдчихсэн байна гэдэгт эргэлзэхгүй байна. МҮОНР дотооддоо архивын өрөө тасалгаа, хадгалалт хамгаалалтаа шинэчилнэ. МҮОНР дижитал руу шилжчихвэл дотоод бүтэц, зохион байгуулалтаа шинэчлэх шаардлага тулгарна гэж харж байна.

Монгол Улсын зөвлөх инженер О.Ганхүү зайгаар, цахилгаанаар ажилладаг, bluetooth-тэй радио хүлээн авагч угсарсан. МҮОНРТ дэргэдээ Инновацын төв нээж радио хүлээн авагч үйлдвэрлэх боломжтой гэж харж байна. Хэрвээ радио хүлээн авагч дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол импортыг орлоно. Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн радио хүлээн авагчийг МҮОНРТ үйлдвэрлэж, сонсогчдодоо санал болговол том дэвшил болно гэж харж байна.

-БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид МҮОНРТ-д зочилж, та хүлээн авч уулзсан. Маш үр дүнтэй ажил хэрэгч уулзалт боллоо гэж харсан. Тэр уулзалтаар ярилцсан зүйлсээс тоймлон хэлж болох уу?

-БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хун, дэд ерөнхийлөгч Гү Ён Шиг, Ким Хе Вон, Им Вон Шиг, Солонгосын сэтгүүлчдийн холбооны ажлын албаны ахлах мэргэжилтэн Ким Сан Хён зэрэг нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Энэ хүрээнд МҮОНРТ-д зочилсон. Хоёр тал сэтгүүлч, уран бүтээлчдээ сургах, туршлага солилцох талаар өргөн хүрээнд санал солилцлоо. Мөн БНСУ-ын олон нийтийн телевиз KBS-тэй хамтарч ажиллах хүсэлтэй байгаа илэрхийлсэн. KBS телевиз ч бид нартай адилхан бэрхшээлийг туулж байгаа юм билээ. Тухайлбал, Хураамжаа нэмэгдүүлэх шаардлага байгаа ч байнгын маргаантай байдаг, хараат бус байдал, санхүүжилтийн тал дээр МҮОНРТ-тэй төстэй бэрхшээлүүд байдаг гэдгээ хэлж байсан.

МҮОНРТ NHK, DW, BBC зэрэг олон нийтийн радио, телевизүүдтэй хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх тал дээр ажиллаж байна. Мөн МҮОНРТ Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/-ны саналын эрхтэй гишүүн. ABU-ны бусад гишүүн радио, телевизийн байгууллагуудтай сэтгүүлч уран бүтээлчдээ сургах, техник технологийн тал дээр хамтран ажиллахаар гадаад харилцаан дээрээ нэлээд анхаарч ажиллаж байна.

МҮОНРТ Монгол Улсаа дэлхийд дахинд сурталчлах үүрэг хуулиар хүлээдэг. Энэ үүргээ биелүүлж Монгол соёлоо дэлхийд сурталчилсан уран бүтээл хийх, олон улсын зах зээлд уран бүтээлээ нийлүүлэх, олон улсын зах зээлээс олсон санхүүжилтээрээ соёлын үйлдвэрлэлээ дэмжих системийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд ямар зүйл заалт зайлшгүй оруулах шаардлагатай байгаа вэ. Энэ тал дээр зөвхөн МҮОНРТ-ийн удирдлага, уран бүтээлчдээс гадна олон нийт ч мөн улстөрчдийг шахаж шаардах шаардлагатай гэж боддог?

-Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал дээр их болгоомжтой хандах ёстой. Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлов болох бий гэж болгоомжилж байгаа. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн талаар яриа өрнөсөн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд МҮОНРТ-д ажиллахдаа Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж зөвлөмж, дүгнэлтээ өгсөн. Мөн УИХ-ын Судалгаа шинжилгээний албанаас Олон нийтийн радио, телевизийн тухай хууль дээр ажиллаж байгаа юм билээ.

Олон нийтийн радио, телевизийн тухай хууль 2005 онд батлагдсан. Тэр цагаас хойш нийгэм, манай салбар хурдтай хөгжсөн. Тиймээс хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй юу гэвэл тийм. Гэхдээ маш сайн судалгаа шинжилгээтэйгээр, салбарын мэргэжилтнүүдийн болон уран бүтээлчдийнхээ санаа оноог тусгаж байж өөрчлөлт оруулах хэрэгтэй.

-Олон нийтийг Олон нийтийн радио, телевизэд дургүй болгох гэсэн санаатай, санаандгүй үйлдэл гардаг. Та үүнд хэрхэн ханддаг вэ?

-Нэг сэтгүүлчийн санамсаргүй гаргасан алдаанаас болоод байгууллагаар нь буруутгадаг хандлага байдаг. Хүнээс, техникээс хамаардаг алдаа эндэгдэл гардаг. Тэр болгонд МҮОНРТ-ийн хамт олон нийтээрээ “балбуулдаг”. Гэхдээ бид алдаа гаргах эрхгүй.

Олон нийтийн радио, телевиз яагаад ихэнх улс оронд байна вэ гэдгийг бид бодож үзэх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад болж өнгөрсөн нийгмийн дуулиан шуугиантай хэрэг явдлуудын алин дээр нь МҮОНРТ бодитой мэдээ мэдээлэл хүргэж, алин дээр нь ноён нуруутай хандсаныг шүүн тунгаах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллага, шүүхэд МҮОНРТ-ийн сэтгүүлч, уран бүтээлчтэй холбоотой ажлын хариуцлага алдсан гэсэн гомдол очсон нь маш ховор. Очсон нь сэтгүүлч, уран бүтээлч мэргэжлийн ёс зүйн алдаа гаргаагүй гэдэг шийдвэр гарсан. Үүнээс тогтсон бодлоготой редакц маш чухал гэдгийг харж болно. МҮОНРТ-ийн уран бүтээлчид ажилтнууд хуулиар хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлж байна.

Мөн МҮОНРТ-ийг дуугахарад Монгол Улс дуугарч байна гэж дэлхий харж байдаг. Дотооддоо ч мөн адил. Тиймээс МҮОНРТ-ийн сэтгүүлч, тоймч, уран бүтээлч, ажилтан байна гэдэг асар өндөр үүрэг хариуцлагатай ажил. Үүнээс гадна манай байгууллагын газарт нь болдог юм уу, байшинд нь болдог юм уу юунд нь болдог юм харлуулах гэсэн, сайн сайхныг нь ч хүртэл муулдаг хүмүүс байдаг. МҮОНРТ сенсац хөөх үүрэг байхгүй. Иргэдийн заавал мэдэх ёстой мэдлэ,г мэдээллийг хүргэхийн төлөө ажилладаг. Монгол Улсын 330 сум, алс хол Хилийн застав, тариаланч, малчид дээр МҮОНРТ-ийн уран бүтээлчид л очдог.

-Та МҮОНРТ-д гэнэт тооноор ороод ирсэн хүн биш. Босгыг нь давж, баг хамт олонтойгоо олон арван уран бүтээлүүд дээр ажиллаж, сүүлд удирдах албан тушаалд очсон. Тийм дээ ч МҮОНРТ-ийн уран бүтээлч ажилтнуудын жаргал, зовлонг хамгийн сайн мэдэх удирдлага гэж санадаг. Уран бүтээлчид, ажилтнууд руугаа чиглэсэн ямар ажил хийж байгаа вэ, цаашдын төлөвлөгөөнөөсөө дурдаж болох уу?

-Бид 2022 оныг Сургалт хөгжлийн жил болгон зарласнаас гадна уран бүтээлчид ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулсан. Одоо боловсрол руу нь анхаарч, ажилтан уран бүтээлчдээ, хүүхдүүдийг нь сургах гэж байна. Манай “MNB-гийн хүүхдүүд” цэцэрлэг ажилтнуудынхаа хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургаж байгаа. Ингэснээр нийгмийн нэг асуудлыг нь шийдэж байгаа ажил гэж ойлгож байна. Цаашид цалингийн системээ илүү оновчтой болгож, цалин урамшуулал хэрхэн бодогддогийг шударга, нээлттэй болгоно. Мөн уран бүтээлч, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэхээр зорьж байна. Манай байгууллагын уран бүтээлч, ажилтнууд их залуужсан. Залуу хүмүүст орон сууц, хүүхдүүдийн цэцэрлэг, сургуулийн төлбөрийн асуудал тулгардаг. Тиймээс цалин, урамшууллаа нэмэхээр судалж байна.

Нөгөө талаас уран бүтээлчдээсээ уран бүтээлээ үзүүштэй, сонирхууштай хийхийг шаардана. Чанартай, сайн, сонирхолтой уран бүтээл хийж буй уран бүтээлч ажилтнуудаа урамшуулах чиглэлд ажиллана. Ахмад, дунд, залуу гурван үеийн холбоогоо, шавь сургалтаа дараагийн түвшинд гаргана. Тэтгэвэртээ гарах гэж буй уран бүтээлчдэдээ залуу үеэ сургаж өгөөч гэдэг санал тавьж байна. МҮОНРТ бол томоохон сургалтын байгууллага гэж хэлж болно. Манайхаас даль жигүүрээ дэлгэж гарсан амжилттай явж байгаа маш олон радио, телевизийн уран бүтээлчид ажилтнууд бий. Тэд нарт ахмад, дунд үеийнх нь уран бүтээлч нар зааж сургасан байдаг. МҮОНРТ-д ажиллаж байсан уран бүтээлч, ажилтнуудыг өөр байгууллага дуртай ажилд авдаг. Учир нь МҮОНРТ-д маш сайн шавь сургалт байдаг. Үүнийг улам төгөлдөржүүлэх, мэргэшүүлэх хэрэгтэй юм байна гэж бид нар боддог.

-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган, халуун дулаан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Сүүлийн хариултыг танд асуултгүйгээр үлдээе.

-88, 55 жилийн түүхтэй энэ том байгууллагыг удирдаж байгаа нь их том аз завшаан гэж боддог. Гэхдээ маш том хариуцлага гэж үздэг. Судалгаа, шинжилгээтэй ажиллах гэдэг дээр илүү төвлөрч ажиллаж байна. Хойшдоо энэ албан тушаал дээр мөнх байгаад байхгүй. Одоогийн удирдлагын баг цалин урамшууллын системийг зөв голдиролд нь оруулаад хэн удирдаж байхаас үл хамаарах зөв тогтолцоог бий болгож үлдээх юмсан гэж зорьж байна.

МҮОНРТ 21 дүгээр зууны шинэ медиа корпорац болно гэсэн том амбиц тавьсан. Салбараа түүчээлдэг, дагуулдаг, зарим төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг хэмжээнд очихыг хүсч байна. Дэргэдээ медиа контент хөгжүүлдэг инкубатор төвтэй болохыг зорьж байгаа. 21 дүгээр зууны шинэ медиа корпорац болохын тулд бидэнд хийх, шинэчлэх, өөрчлөх олон зүйл байна. Уламжлалаа хадгалаад хөгжүүлээд авч явах зүйл ч маш их бий. Манай “Алтан сан хөмрөг”-т хадгалагдаж буй радио, телевизийн маш олон сонирхолтой уран бүтээлүүдийг эргэлтэд оруулах чухал ажил бий. Удаан хугацаанд мартагдсан чанартай хуучин зүйл шинэ зүйл байдаг гэдэг шиг манай “Алтан сан хөмрөг”-т үнэлж баршгүй уран бүтээлүүд зөндөө байгаа. Энэ уран бүтээлүүдийг хэрхэн нийтийн хүртээл болгох, эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр судалгаа шинжилгээ хийж байна. Ирэх жилээс дорвитой өөрчлөлтүүд хийхээр төлөвлөж байна.

Нийт уран бүтээлчдэдээ Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ойн баярын мэнд хүргэе. Үзэгч, сонсогчдодоо мөн баярын мэнд хүргэе. Энэ ойн баяр бол зөвхөн MNB-ийн, МҮОНРТ-ийн баяр биш ээ, энэ салбарт ажиллаж буй бүх хүний баяр. 88 жил Монголын түүхийг бичилцсэн, 88 жил Монгол Улсаа дэлхийд сурталчилсан, 55 жил Монголын түүхийг бичиж авч үлдсэн, 55 жил Монгол Улсаа дэлхий дахинд сурталчилсан радио, телевизийнхээ үе үеийн уран бүтээлчид, инженер техникийн ажилтнууд, удирдлага, ажиллаж байсан бүх хүн, энэ салбарын бүх хүнд 88, 55 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

А.Бүрэнбаатар: 88, 55 жилийн ойн баяр бол зөвхөн МҮОНРТ-ийн баяр биш, энэ салбарт ажиллаж буй бүх хүний баяр  
Үзсэн: 1832 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй