Шууд Chart

М.Энхбаатар: Дээл нь үндэсний гэхээс илүү төрийн хувцас юм

2023-02-14 11:30:57

СУИС-ийн Сономын Лувсанвандангийн нэрэмжит Соёл урлаг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Мижиддоржийн Энхбаатартай ярилцлаа. МҮОНТ-ээс “Өв түгээ ...” төсөл хэрэгжиж байгаа билээ.

Уг төсөл нь өв соёлоо ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхэд гол зорилгоо болгож байгаа бөгөөд М.Энхбаатарын хувьд мэндлэх хүндлэх ёс, үндэсний хувцасны хэрэглээ, уул овоонд гарах дэг зэргийг онцлон ярьсан юм.

Хэдхэн хоногийн дараа “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин усан туулай жилийн цагаан сар болох гэж байгаа тул уншигчдад ч сонирхолтой байх болов уу.

-Монголчуудын мэндлэх хүндлэх ёсны тухай ярилцлагаа эхэлье. Энэхүү эрхэм ёсыг та хэрхэн тайлбарлах вэ?

-Монгол туургатан мэндлэх ёсны олон төрөлтэй. Тэдгээр нь баяр ёслол, ажил хөдөлмөрт ч гардаг. Зарим үед мэргэжлийн шинж агуулсан байдаг. Мэндэнд мордогчийн үг гэж ч бий. Жишээ нь залгаа нутгаас элч ирэхэд тосож авах хүн нь элчийн хэлсэн үгийг цээжилж эзэнд нь дуулгадаг. Түүнчлэн цагаан сарын үеэр бид өөрөөсөө гадна малын мэндийг мэддэг шүү дээ. Тодруулбал,

Даага далантай

Бяруу булчинтай

Төлөг сүүлтэй

Тором бөхтэй

Шүдлэн хэрсэнтэй ... онд мэнд сайн оров уу гэж. Зөвхөн энэ мэндийг цааш нь задалж ярихаар аж ахуй эрхлэлтийн арга ажиллагаа гэдэг зүйл байна. Дээрх мэндэнд дандаа хоёр настай малын тухай ярьсан байгаа биз. Жишээ нь дааганы далан гэдэг нь чухам юу юм бэ. Адуу гэдэг амьтан дэл орчмоосоо хамгийн их даардаг. Тэгэхээр далан нь зузаан байж гэмээн даарах нь бага байх нь. Хонины хувьд тарга хүч нь сүүлээрээ тодорхойлогддог учир сүүл томтой байгаасай гэдгийг билэгдэж байгаа хэрэг.

-Цагаан сарыг эрт цагт намар, хавар тэмдэглэдэг гэж хоёр талтай ярьдаг. Түүхэнд яг аль улиралд тэмдэглэдэг байж вэ?

-Их эзэн Чингис хааныг хаан ширээнд залах хүртэл намрын тэргүүн сард тэмдэглэдэг байсан бол 1206 онд их хааныг их Монгол Улсын хаан ширээнд залсанаас хойш хавар тэмдэглэдэг болжээ гэсэн судалгаа бий. Тэгэхээр дээр миний хэлсэнчлэн төл мэнд сайн оров уу гэдэгтэй нийлж байгаа юм.

-Мэндчилгээ ажил хөдөлмөрт багтсан байдаг уу?

-Тийм. Ажил хийж байгаа боловч зан байдлын шинж тэмдэг илтгэгддэг. Тухайлбал, ноос савж байгаа хүмүүстэй таарвал “Саваа шандас савсан ноос нь мяндас болог ...” уяачтай уулзвал “Морь нь хурдан уяа нь эвтэй байг” гэж хэлдэг. Тухайн ажил хөдөлмөрөөс шалтгаалаад мэндийн үг өөр өөр байхаас гадна үргэлж бүтэмжтэй байхыг зөгнөдөг. Монголчууд бид эртнээс үгийн билэгдлийг ихэд дээдэлдэг байсан нь ч тодорхой харагдаж байгаа юм. Цаашлаад ахмадтайгаа хэрхэн мэндлэх, ан гөрөөнд явж байгаа хүнтэй хэрхэн мэндлэх гэх мэт өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг.

-Хэдхэн хоногийн дараа цагаан сар болох гэж байна. Тэгэхээр энэ баярын үеэр хэрхэн мэндлэх учиртай вэ?

-Хэдхэн хоногийн зөрүүтэй дүү байсан ч гэсэн ах хүнээсээ урьтаж мэнд мэддэг. Энэ нь цаагуураа насны эрэмбэ, дэг ёс харагдаж байгаа юм.

-Тэгвэл цагаан сарын идээ шүүс хөндөх ёсыг хэрхэн гүйцэтгэдэг вэ?

-Хоол ундны хэрэглээ, соёлын олон утга илэрхийлсэн байдлын талаар ярих нь зүйтэй. Жилийн дөрвөн улирал, малын төрөл зүйлээс урган гарсан онцлог бий. Хүйтэн сэрүүний улиралд махан хоол түлхүү хэрэглэдэг онцлогтой. Үүнийг ажил хөдөлмөртэй нь холбож болно. Тухайлбал, адуучин залуу нэлээн их мах идсэнийхээ дараа адуутайгаа харьцаж, уургалах, хазаарлаж чөдөрлөх зэргээр 20 орчим минут зарцуулахад өмнө нь идсэн хоол нь шингэсэн байдаг. Харин суурин газар тэр хэмжээний хоол идсэн хүнд шингэх байдал өөр. Тэгэхээр бид хоол ундаа ямар нөхцөл байдлаас шалтгаалаад зохицуулах шаардлагатай болж байгаа юм. Таны асуусан асуултанд хариулахад хурим, наадам, цагаан сарын идээ ундаа өөрийн гэсэн хувиарлалттай байдаг. Жишээ нь хонины толгойноос сүүлний үе хүртэлх бүх яс зан үйлийн утгатай. Тэр ч бүү хэл тухайн айл хүргэн болох гэж байгаа хүүгээ шинжихдээ мах идэж байгаагаас нь харж болдог. Морины уяан дээр буухаас нь эхлээд л харна. Морио уячихаад эмээлийнхээ олмыг суллаж байна уу, гэрт орж ирээд хэрхэн мэндэлж, сууж байна вэ гэдгээс нь анзаарна. Ахмад хүний өмнүүр дал иддэггүйг мэдэж байна уу гэх зэргээр.

-Үндэсний хувцасны талаар асуувал та юу гэж хэлэх бол ...

-Нутаг нутгийн онцлогоос хамаарч загвар нь өөр байдаг. Энэ бол тодорхой зүйл учир ярих нь илүүц болов уу. Харин адуучин хүн богино хормойтой дээл өмсдөг бол хоньчдод төдийлөн ямар байх нь хамааралгүй мэт. Адуучин хүн яагаад богино хормойтой дээл өмсдөг вэ гэвэл мориндоо мордож, буухад хөл тушигдаад байхгүй гэж. Нөгөө талаар адуучин, хоньчин хоёр төө зайтай шүү гэдэг эрэмбийг илтгэж байна. Орчин үеэс жишээ авбал, дээл өмссөн хүн гэрлэн дохиогоор зөв гарч байгаа харагддаг. Европ хувцас өмссөн үедээ улаан гэрэл асч байхад гүйгээд гарчихдаг. Харин дээл өмссөн болохоороо хувцасаа хүндлээд, өөрөө цэгцтэй, намбатай байх үүднээс өөрийн эрхгүй алдаа гаргахгүй байхыг хичээдэг. Түүнчлэн “Мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, түших төрийн гутал” гэж хэлдэг. Тэгэхээр төрийн хувцас гэж ойлгож болно.

-Цагаан сараар олон хүн уул овоонд гарч нар хардаг. Энэ ер нь зөв зйүл мөн үү. Сүүлийн үед нэгнээ дуурайсан хэлбэр болоод ч байх шиг ...

-Байгаль дэлхийгээ хүндэтгэж байгаа үзүүлэлт юм. Мөн нарны эрчим авах гэж тэр. Малчин ардууд тэнгэртэйгээ харьцаж малаа хааш нь бэлчээхээ шийддэг. Тэгэхээр тэнгэртээ залбирч байгаа ойлголт юм. Монголчуудын хэлдэг “Бут болгон бурхан, хад болгон хайрхан” гэсэн үг бий. Аливаа зүйлийг амьтай болгох гэсэн утгаар. Тэгэхээр тухайн газрын уул болгоны оройд гарвал энерги шингэнэ гэж билэгдэж очдог. Тэгж бодохоор ажил үйлс нь бүтээд байгаа мэт. Үндсэндээ билэгдлийн ард түмэн шүү гэдгээ л илтгээд байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Энхбаатар: Дээл нь үндэсний гэхээс илүү төрийн хувцас юм  
Үзсэн: 1729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй