Шууд Chart

Төөрсөн сураггүй болсон, цасанд суусан дуудлагаар 27 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав

2023-03-22 10:30:48

Энэ сарын 20-21-ний өдрүүдэд Архангай, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар 1.0-7.0 мм цас орж, 1-7 цаг цасан шуурга шуурч, Баянхонгор, Говь-Алтай аймгийн өмнөд хэсгээр салхины хурд 16-24 м/с, зарим үед 28 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурч,цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас энэ сарын 20-нд Дундговь, Завхан аймагт тус бүр нэг, Увс аймагт-2,  өчигдөр буюу  21-нд Сэлэнгэ, Говь-Алтай, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймагт аймагт тус бүр нэг, Хэнтий аймагт 6 (үүнээс 1 хүүхэд) буюу нийт 16 иргэн малдаа явж байгаад болон автомашинтай зорчиж яваад төөрсөн сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 13 иргэний амь насыг аварч, нэг иргэний цогцсыг олж, ар, гэр, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн бол Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод аймгийн Баян-Уул суманд 2 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь аймагт автомашинаар зорчиж яваад цасанд суусан 14 зорчигчтой 3 автомашиныг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Харин хүчтэй салхи, шуурганы улмаас Увс аймагт 1, Өмнөговь аймагт 2 айлын гэр нурсан бол Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн 35 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 дугаар тулгуур багана унасан бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 22:00 цагт хэвийн ажиллагаанд оруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Төөрсөн сураггүй болсон, цасанд суусан дуудлагаар 27 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав  
Үзсэн: 225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй