Шууд Chart

Б.Осоржамаа: Манай гэр бүлийн амьдрал төмөр зам дагуух өртөө зөрлөг даган хөвөрсөн

2023-04-12 09:30:03

Би гэдэг хүн чинь төмөр замд ажиллах хугацаандаа  нэг байгууллага хоёр даргатай байхыг ч үзсэн хүн дээ. Гишүүдээ учирч болох ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлж байгууллагынхаа даргыг ажилтнуудтай зүй бус харьцаж, ажлын байрны дарамт үзүүлсэн, харилцааны таагүй байдал үүсгэж, ажилтан хүн ажлын байрандаа тайван хөдөлмөрлөх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байсан асуудлыг Замын удирдлага уламжлан   хөдөлмөрийн гэрээг нь цуцлуулах хүртэл шийдвэр гаргуулж байсан гээд яривал урт түүх хөвөрнө дөө. Ажил олгогчтойгоо ойлголцох асуудал намайг ҮЭ-ийн хорооны даргаар сонгогдсон эхний дөрвөн жилд маш хэцүү байсан. Гэсэн хэдий ч хамт олныхоо итгэлийг дааж, ҮЭ-ийн  ажлыг  урагшуулахын  төлөө тууштай тэмцэж зүтгэсэн. Ийм эсэргүүцэл, ээдрээтэй жишээнүүдтэй тулгарсан ҮЭ-ийн хорооны дарга тийм ч олон байдаггүй болов уу. Гэхдээ миний дэвшүүлсэн асуудлыг Замын удирдлага “Зөв” хэмээн дүгнэж байлаа. Саяхан ажлаа хүлээлгэн өгөх хүртэл ажил маань сайхан ч жигдэрсэн ... хэмээснээр бид хоёрын яриа эхэлсэн юм.

Би дээрх үйл явдлын тухай анх сонсоод “Замын IV ангийн ҮЭ-ийн дарга асан Б.Осоржамаа гэж нэлээд “галтай тэмцэгч”, хэл үгээр бол хэнийг ч дагуулахгүй нэгэн юм байна даа” гэсэн бодол төрж байсныг нуух юун. Түүнтэй нүүр учран танилцснаас хойш сонссоноороо тодорхойлсон анхны бодол минь буруугүй болохыг төвөггүй ойлгосон юм. Тэр бол хаа газар инээд баясал, хөгжөөн наргиан “тарьж” явдаг тийм нэг гэгээхэн хүмүүсийн нэг. Ийм төрлийн хүмүүс бүхний өмнө гол дүр болоод байхыг эрмэлзэхгүй ч бусдыг л инээлгэж байвал өөрөө онигооны “баатар”, ярианы сэдэв болохыг юман чинээд боддоггүй юм шиг санагддаг. Яг л ийм цагаан цайлган зантай, хөгжилтэй яриатай нэгнийг энэ удаагийн зочин хоймортоо урьж оролцуулснаа уншигч та бүхэнд хүргэе.

Ажлынхан нь түүнийг ихэвчлэн “Жамаа” гэж дуудна. Өөрөөс нь хэд дахин дүү хүн байсан ч энэ л нэрээр нь авгайлна. Өөрөө ч “Намайг үл хүндэллээ” гэж уурлахгүй. Өглөө бүр хамт олны зорилтот бүлгэмд “Өглөөний мэнд” гэсэн зурагт мэндчилгээ илгээгээд доор нь ёс юм шиг “О.Jamaa” гэж тодотгодог гэнэ.

Ажлын зав чөлөөгөөр түүний илгээсэн зурвасуудыг харсан хүн бүр нүүрэндээ баясал тодруулна. Тэрүүхэндээ хөнгөн хошигнол солилцож стрессээ тайлна. Чухамдаа нас, онцгой чадвар ч гэмээр... Тэрбээр “Би нэг танилцсан хүнтэйгээ хэдэн ч жилийн дараа тааралдсан таньдаг. Энэ нь магадгүй миний бусдаас ялгарах онцлог байх” хэмээн өөрийгөө тодорхойлсон. Борисын Осоржамаа нь анх худалдааны мэргэжил эзэмшсэн ч 1990-ээд оны зах зээлийн шилжилтийн ороо бусгаа үе таарсан учраас үндсэн мэргэжлээрээ тууштай ажиллах боломж олдоогүй аж. Гэсэн хэдий ч амьдралын шаардлагаар ханийнхаа татсан жимээр замнаж явсаар нэг л мэдэхэд төмөр замчин болчихсон гэдэг. Энэ тухайгаа тэрбээр “Миний хань замын инженер мэргэжилтэй болохоор манай гэр бүлийн амьдрал яалт ч үгүй төмөр зам дагуух өртөө зөрлөг даган хөвөрсөн. Ингээд би гэдэг хүн нэг л мэдэхэд төмөр замын салбар руу яваад орчихсон доо. Нэлээд хожуу 2007 онд эрх зүйч, 2012 онд  замын техникчийн мэргэжил эзэмшиж, албан ёсоор төмөр замчин болсон. Өнгөрсөн хугацаанд  худалдагч, замчин, замын ангийн диспетчер зэрэг албан тушаалыг хашиж байгаад 2015 онд ҮЭ-ийн хорооны даргаар сонгогдон ажиллаж байв.

Миний хань 2002 онд ТЗДС-ыг төгсөөд УБТЗ-ын Замын дөрөвдүгээр ангийн дөрөвдүгээр хэсгийн  мастераар томилогдсон. Нэг гэр бүлийн хүмүүс хоёр талд ажиллаж амьдрана гэдэг бэрхшээлтэй гэдэг агууллагаар би Өргөн зөрлөгийн төмөр замын дэлгүүр худалдагчаар ажилд орж байлаа. Тэндээ жил гаруй ажиллаад Дорнод аймгийн Баянтүмэн тасаг руу шилжсэн. Дорнодод есөн жил ажиллаад, сүүлийн 10 жилд нь Дорноговьд суурьшлаа. Манай гэр бүл Баянтүмэн тасагт ажиллаж амьдарч байхдаа төмөр замын ажил ямар сайхан, төмөр замчид хэчнээн эвсэг, найрсаг хамт олон бэ гэдгийг анх мэдэрсэн. Тэр үеийг эргэн санахад их сайхан дурсамж бүтээж дээ. Төмөр замчдын ажил их нарийн дэгтэй, өндөр сахилга баттай гэдгийг би анх төсөөлөө ч үгүй байсан цаг. Өглөө замчид зам суман дээрээ цуглаад л өртөөний СЦБ-ын дэвтэр дээр бичлэг хийсний дараа ажилдаа гарах гээд хүлээгээд зогсож байгаа ажилчдыг “Хүүе манайд орж ирж цай ууцгаа” гээд л хашхирдаг сан. Нөхөр маань “Албан ажилтай хүмүүст саад боллоо” гээд л зэмлэнэ. Одоо ч нэг үеэ бодвол төмөр зам гэдэг байгууллага ямар системээр явдаг, удирдлагууд нь хэрхэн ажилладаг, хөдөлгөөнтэй холбоотой байгууллагуудын харилцан уялдаа холбоо ямар байдаг, төмөр замчин хүнээс хэр хэмжээний хариуцлага шаарддаг зэргийг гадарлах хэмжээнд очсон. Манай хань 20 гаруй жил төмөр замд ажиллахдаа дийлэнх хугацаанд нь удирдах алба тушаал хашсан. Ер нь  хааны алба халаатай, эзний алба ээлжтэй учраас зон түмэн дотроо аль болох нийтэч нээлттэй явах ёстой гэдэг зарчмыг манай гэр бүл баримталдаг. Хэрвээ би даргын гэргий гээд ихэмсэг бардам, бусдад хүндлэлгүй ханддаг бол удирдах албан тушаалын цаг хугацаа дуусгавар болоход чин сэтгэлийн найз нөхөд гэх хүнгүй үлдэнэ шүү дээ. Хар бага наснаасаа олон дунд бужигнаж өссөн хүмүүжил маань ч үүнд мэдээж нөлөөлдөг байх. Бид хоёр ханилаад эдүгээ 30 гаруй жил, төмөр замчин гэх алдрыг хүртээд 20-иод жилийг ардаа орхиж дээ. Цаг хугацаа гэж юутай хурдан” гэв.

Хөргийн маань эзэн баруун аймгийн гаралтай хүн. Говь-Алтай аймгийн төвд бага насаа өнгөрүүлсэн бөгөөд есөн хүүхэдтэй өнөр өтгөн айлын дундах нь. Нэг ах, гурван эгчтэй. Бас нэг эмэгтэй, гурван эрэгтэй дүүтэй. Аав нь жолооч, ээж нь холбооны залгагчаар ажилладаг байжээ. Тэдний эгч дүүс  эмч, санхүүч, автын механик, жолооч  гээд төрөл бүрийн мэргэжил сонгосон байна. Эдүгээ дөрвөн дүү нь гадны оронд ажиллаж амьдарч байгаа бол Осоржамаа гэр бүлээсээ ганцаараа төмөр замчин болжээ.

“Манай нутаг говь, тал хосолсон онцлогтой болохоор зарим үед хэт халдгийг эс тооцвол Дорноговьтой ер нь адилхан. Гэхдээ сүүлийн жилүүдэд говийн бүс хэт халахаа больж, зуны улиралд ч сэрүүн байдаг болсон. Ер нь, жилээс жилд говьд амьдрах таатай болоод байгаа” хэмээн яриан дунд суугуул нутгаа магтаад амжив. Тэр ч бүү хэл “Нөхөр маань ажлын онцлогоосоо шалтгаалж байнга хөдөө, гадаа томилолтоор явна. Нарийн тооцож үзэхэд жилийн гурван сард нь л хамт байдаг юм билээ. Манай хүн дөрвөн жил дараалан ээлжийн амралтаа авч чадаагүй үе байх жишээтэй. Авсан ч дундаас нь буцаж дуудагдах нь их. Ирж л байдаг явж л байдаг. Одоо ч нэг ёсондоо манай гэр бүлийн харилцаанд дархлаа сууж дээ. Хамт олон дунд маань дээхнэ “ҮЭ-ийн хорооны даргын нөхөр нь хот руу шилжин ажиллахаар болсон болохоор удахгүй араас нь шилжинэ” гэсэн яриа ч гарсан л сонсогддог. Миний хувьд хот суурин газар нэг их идээширхгүй юм. Говь нутгийн агаар нь цэнгэг, хүмүүс нь эгэл даруухан, сайхан сэтгэлтэй дээ. Гэтэл хотод гадагшаа гарлаа л бол мөнгө. Цалингийн минь урьдчилгаа ганц дэлгүүр ороод л дуусчихна шүү дээ. Бусдын нөхөр Солонгос яваад ажиллаж амьдраад болж л байна. Оюутолгой руу уурхайн ажилд явж, ирж болоод л байна. Өндөр настан болоход 5,6-хан жил дутуу энэ сайхан хамт олондоо жаахан хорогдоод байгаа шүү ” гэж ярих нь түүнийг хэзээний л говийн хүн болсныг тод томруунаар илтгэх шиг...

Түүнээс ҮЭ-ийн сонгуульт ажил нь хэрхэн хийгдэж байсан талаар тодруулахад “Үйлдвэрчний ажлыг чамбай хийхийн тулд хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй байхаас гадна  санхүү, компьютерийн зохих мэдлэгтэй байх зайлшгүй шаардлага тулгардаг. Мөн тухайн байгууллагын дүрэм журам, ажилтнуудынхаа ажлын онцлогийг маш сайн ойлгодог байх ёстой. Миний хувьд ажил амьдралынхаа туршлагаар дээрх мэдлэгүүдийг тодорхой хэмжээнд эзэмшсэн учраас ҮЭ-ийн даргын сонгуульд өрсөлдсөн. Хамт олон минь харин надад хоёр дахин итгэл хүлээлгэж энэ ажлыг найман жил хийх үүрэг оноосон.  Өмнө нь “ҮЭ-ийн байгууллага гэдэг хүнийг ядарч, зүдэрсэн үед нь тусалж дэмждэг чиг үүрэгтэй” гэсэн нийтлэг ойлголт байсныг үгүйсгэхгүй. Одоо харин нөхцөл байдал тэс өөр болсон. Хүмүүсийн хандлага ч цаг үеэ даган өөрчлөгдөж байна. Орчин цагийн ҮЭ бол хүний эрх, хүмүүсийнхээ тогтвор суурьшлыг хангах, залуу ажилтнуудын хэрэгцээ шаардлагыг мэдрэх, ахмад үеийн туршлагыг өнөө цагтай холбох, тухайн байгууллагынхаа соёлыг түгээн дэлгэрүүлэх гээд маш өргөн хүрээний үүргийг гүйцэтгэж байгаа. Төмөр замчин бүр зарчимч, хариуцлагатай байдалд сурчихсан байдаг. Ямар нэгэн зүйлийг амь аргацааж, хуудуутай хийе гэсэн оролдлого огт гардаггүй нь надад хамгийн сайхан санагддаг. Ялангуяа, өнөөгийн нийгэмд ажилтныхаа ар гэр, ахуй амьдралд бүхэлд нь анхаарал хандуулж, хүүхдүүдийнх нь сургууль цэцэрлэгийг хүртэл шийддэг байгууллага байхгүй шүү дээ. Манай замын дөрөвдүгээр анги ҮЭ-ийн хороотойгоо нийгмийн түшлэлийн хүрээнд хамгийн сайн дэмжин ажиллаж ирсэн. Тийм болохоор би ҮЭ-ийн байгууллагад өөрийн чадах мэдэх бүхнээ зориулсаар ажлаа хүлээлгэн өгсөн. Аливаа байгууллага нэн тэргүүнд хүнээ маш сайн боддог байх хэрэгтэй. Манай ангийн өнөөгийн удирдлагын баг энэ чиглэлд маш сайн ажилладаг. Баг гэж хэлдгийн учир ажил нь сайн яваа байгууллагад ганцхан дарга төдийгүй хүний нөөц, эдийн засагч, санхүү тасаг гээд олон хүний хичээл зүтгэл цогцоороо байж энэ бүх амжилтыг бүрдүүлдэг. Эдгээр хүмүүс хууль дүрмээ маш сайн мэддэг чадварлаг байж гэмээнэ ажилчдын эрх ашиг хөндөгдөхгүй. Замын хэмжээнд манай ангийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд өндөр яваад байгаа нь үүнтэй л холбоотой. Алслагдсан өртөө зөрлөгт ажиллаж амьдарч байгаа замчдынхаа ая тухтай байдлыг хангах чиглэлд бид их хичээсэн. Хүүхдийн цэцэрлэгийг л гэхэд хоёр ч зөрлөгт шинээр нээлээ. Орчин цагийн залууст зориулж чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх спорт талбайг бүтээн байгууллаа. Аль ч зөрлөгийн хамт олон хүнсний ногоогоо өөрсдөө тарьдаг, хичээлээ хийгээд суухад нь ая тухтай сургалтын танхимыг тохижуулах, дэвшилтэт технологийг хаана ч ашиглах боломжтой болгох гээд манай ангийн захиргаа өндөр ач холбогдол өгч ажилласан. Үйлдвэрчний хороо ч эрвийх дэрвийхээрээ дэмжсэн. Манай замчид ямар ч тохиолдолд гэр орондоо тохь тухтай, хэний ч өмнө нүүр улайхгүй сэтгэл тэнүүн орчинд ажиллаж амьдрах нь бидний гол зорилго байсаар ирсэн. Ийм орчин, нөхцөл ангийн бүх хэсэг цехэд  бүрдсэнд хамгийн ихээр баярладаг даа” хэмээн яриагаа үргэлжлүүлсэн юм.

Тэрбээр, говийн бүсийн төмөр замчдын тогтвор суурьшлийн талаар ч сэтгэл чилээж явдгаа өгүүлэв. “Хувийн төмөр замууд гарч ирснээр хүмүүс санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг эрмэлзэж тийш шилжих тохиолдол ажиглагдаж байгаа. Гэхдээ шилжсэн хүмүүс маань эргэж ирж эхэлж байна. Тэд ээнэгшин дассан хамт олноо орхихыг хэзээ ч хүсэхгүй. Гагцхүү богино хугацаанд өндөр цалин авч, өр зээлээ төлөхийг л гол зорилгоо болгож байгаа. Тухайн төсөл нь хэрэгжих хугацаандаа л өндөр цалинтай байх юм байна гэдгийг тэд ойлгож байна. Буцаж ирсэн хүмүүс бол “УБТЗ шиг ажилтнуудынхаа нийгмийн хангамж, ар гэрийн ая тухтай байдалд бүх талаас нь анхаардаг байгууллага үнэхээр байхгүй юм байна” гэдэг. Манай замчид маш их хүлээцтэй, уужуу хүмүүс. Юм бүхнийг дагаад шуураад байдаггүй ул суурьтай зарчим нь бусад салбарынхнаас ялгарч ирсэн гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу. Яах вэ, сөрөг хандлагатай цөөн тооны хүн бий л дээ. Тэд болсон зүйлээс ч өө хайж л байдаг. Гэсэн атлаа болгохын төлөөх хөдөлмөр зүтгэлд өөрийн гар бие, санаачилгыг зориулдаггүй. Ийм төрлийн хүмүүсийг хамт олон аанай л мэддэг болчихсон байдаг. Үнэндээ тэдний шүүмжлэл дунд авах зүйл ч байдаг учраас миний хувьд хэлсэн үг бүрт нь эмзэглээд байдаггүй. Зарим үед дуудаж уулзаад ний нуугүй ярилцдаг. Юмны хажуугаар дуугүй өнгөрдөггүйгээ шударга үнэний туйл гээд бодчихдог хүмүүс ч бий. Гагцхүү тэдэнд бодит байдлыг зөвөөр ойлгуулж, үлгэрлэн харуулах нь л чухал. Чин үнэнийг хэлэхэд сүүлийн жилүүдэд ялангуяа дунд шатны удирдлагуудыг говийн бүсдээ тогтвортой ажиллуулах гэж бүх талаас нь анхаарлаа хандууллаа. Гэр бүлийнх нь хүнийг ажлын байраар хангах, хүүхдийг нь цэцэрлэгт хамруулах, орон байрыг нь засаж өгөх гээд Захиргаатайгаа хамтраад чадах бүхнээ зориуллаа. Тэгэхээс ч аргагүй ангийн удирдлага, ҮЭ хоёр нэг зорилгын төлөө хоёр талаас нь мацаж байгаа хүмүүс шүү дээ. Тиймээс ҮЭ ажил олгогч хоёр хэдий чинээнд хамтарч чадна тэр хэмжээнд л ажилтнууд нь хождог. Харин энэ хоёр хүч хоорондоо тэрсэлдээд үл ойлголцоод байвал хохирогч нь ажилтнууд л байдаг. Тиймээс би ажил олгогчидтой дүрэм журам ярьж бичиг цаас шидэхээсээ илүү аливаа асуудал гарсных нь дараа бус эрсдэлтэй зүйлд урьдчилж зөвлөлдөхийг хичээдэг дээ. Үйлдвэрчний эвлэлийн ажлыг төдийлөн ойлгодоггүй хүмүүс үеийн үед байсаар ирсэн. Цаашид ч байх л болно. ҮЭ-ийн ажилтан бол яах аргагүй хамгийн их баялагийг бүтээх чадамжтай хүн. Ажилтны ая тухтай, тогтвор суурьшилтай байдал. Цалин хөлс нь өндөр, эзэмшсэн мэргэжилдээ урам зоригтой ажиллах шалтгаан гээд ажлын байранд гарах бүхий л гэрэл гэгээтэй зүйл ҮЭ-ийн ажилтны бүтээсэн баялагийн үр дүнгээс шалтгаална. Миний хувьд өнгөрөгч наймдугаар сарын 31-нд Замын даргын тушаалаар батлагдсан “Говийн төмөр замчин” хөтөлбөрт үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Замын урд хэсэглэлийн удирдах ажилтны ажлын хэсэг энэ хөтөлбөрт маш сайн ажилласан гэдгийн онцлон хэлмээр байна. Тухайн хөтөлбөрт тусгуулахаар нийт 5000 гаруй санал төмөр замчдаас ирсэн байдаг. Тэдгээрээс 19 шигшигдэж үлдсэн. Тухайн саналуудыг бүгдийг нь дээрх хөтөлбөрт тусгуулж чадсан нь бидний гол амжилт. Дээрх хөтөлбөр 2030 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжих юм. Энэ бол ялангуяа замчдад маш их хэрэгтэй хөтөлбөр. Жишээ нь, замчин өөрөө хүсвэл төв суурин газраас ажлаа хийх боломжийг дээрх хөтөлбөрийн хүрээнд нээж өгсөн. Харин алслагдсан зөрлөгт голомтоо сахиад үлдэж байгаа замчдыг орон сууцны хөтөлбөрт хамруулна. Дээр нь “Говьд ажилласны нэмэгдэл” бол хамгийн бодитойгоор мэдрэгдэхүйц дэмжлэг. Ийм сайхан бодлого хэрэгжиж байхад тогтвор суурьшил маш сайжрах болов уу гэж бодож байна” гэв.

Тэрбээр ярилцлагынхаа төгсгөлд “Магадгүй ҮЭ-ийн ажлыг мэдэхгүй хүн хөндлөнгөөс харвал юу хийх нь тодорхойгүй хүмүүс шиг бодогддог байх. Гэвч бидний ажлыг 20 гаруй шалгуур үзүүлэлтээр улирал тутамд дүгнэдэг юм шүү дээ. Манай хорооны ажил сүүлийн гурван жилд нийт хороод дундаас эхний гурван байрт эрэмбэлэгдсэн. 2021 онд  МТЗ-чдын ҮЭ-ийн Холбооны “Шилдэг сонгуультан”-аар шалгарсан энэ нь хамт олныхоо төлөө хичээсэн зүтгэлийн минь хариу. Мөн УБТЗ-д зориулсан 20 гаруй жилийн минь хөдөлмөрийг үнэлж  2022 оны долоодугаар сард “Тэргүүний төмөр замчин” хэмээх хүндтэй тэмдгээр энгэрийг минь мялаасан. Би үүнд үнэхээр их урамшсан. Энэ эрхэм шагналыг авангуутаа “Цаашид би юу хийх ёстой вэ гэж” л боддог юм билээ. Надаас түрүүлж төмөр замд орж, надаас хэд дахин илүү хариуцлагатай албан тушаал хашиж ирсэн нөхөр маань аваагүй шагналыг авахад нэг бодлын эмээх сэтгэл төрснийг нуугаад яах вэ. Гэхдээ манай хүн надаар маш их бахархсан” хэмээн ярьсан юм.

Түүнтэй хөөрөлдөж суухад  “Манай байгууллагын дарга “Залуус маань хайрцагнаас гарч сэтгэх хэрэгтэй. Хувийн хэвшилд ажиллаж тэндхийн жаргал зовлонг нь мэдэрч үзэг. Ажлын туршлага сууг. Дараа нь үндсэн байгууллагадаа буцаж ирэхдээ гадны байгууллагад байгаа тэргүүн туршлагыг авч ирэг. Манай байгууллагад нэвтрүүлж болохуйц ямар сайн сайхан зүйл байна вэ гэдгийг судлаг гэсэн зарчмыг баримталдаг. Тиймээс “явъя” гэсэн бүхэнд хатуу шаардлага тулгадаггүй. Хувь хүний хандлага нь сайн, мэдлэг чадвар өндөр, хийж бүтээх хүсэл эрмэлзэл нь өрнүүн байгаа тохиолдолд буцаад ирэхэд нь тосоод л авдаг. Нэг ёсондоо ажилчдаа амьдралын сургалтад явуулахаас огт цааргалдаггүй” хэмээн ярьсан нь ихэд сонирхолтой санагдав.

Хатуу зарчим баримталдаг. Хагас цэрэгжсэн, босоо удирдлагатай гэж ярьдаг байгууллагын хувьд ийм ардчилсан бодлого, алсыг харсан шийдвэр гаргаж буйг нь тухайн байгууллагын тогтсон соёл болоод зогсохгүй тус ангид ээнэгшин дасах, эргэж хургах том шалтгаан нь болж байх шиг. Чухамдаа ийм л сонсоход жижиг мэт боловч өргөн агуулгатай зүйлд амжилтын нууц оршдог гэлтэй.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Осоржамаа: Манай гэр бүлийн амьдрал төмөр зам дагуух өртөө зөрлөг даган хөвөрсөн   
Үзсэн: 638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-04-18 14:37
Эрдэнэбаатар, Осоржамаа дүү нартаа эрүүл энх, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Төмөр замдаа хоёргүй сэтгэлээр үнэнчээр зүтгэж, үр шимийг нь хүртэж яваа дүү нартаа баярлаж явдаг шүү.

Бидэнтэй нэгдээрэй