Шууд Chart

Ч.Отгонтуяа дагаж барилдана

2023-09-19 11:10:35

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ДАШТ Сербийн Белград хотноо энэ сарын 16-24-нд болж буй. Гурав дахь өдрөө үргэлжилж буй тус тэмцээнд есдүгээр сарын 18-нд эрэгтэй 65, 97 кг, эмэгтэй 55, 59 кг жингийн барилдаан боллоо.

Эрэгтэйчүүдийн 65 кг-д 42 орны 45 тамирчин өрсөлдлөө. Манай улсаас ДАШТ-ий хүрэл медальт Төмөр-Очирын Тулга эхлээд гоц мөргөж, хоёрын даваанд Германы Александер Семисоровыг 9:2-оор буулган авсан ч дараагийн тойрогт олимпын мөнгө, хүрэл, дэлхийн гурван удаагийн аварга Азербайжаны Хажи Алиевийг 3:2-оор ялж яваад сүүлийн оноогоор торгуулснаар 3:3-аар ялагдлаа. Манай тамирчныг эргэлзээтэй хожсон Х.Алиев шөвгийн наймд Арменийн Вазган Теванянд 12:2-оор оноогоор цэвэр ялагдсанаар тэмцээнээ өндөрлөв.

Энэ жинд 32 орны 35 бөх зодоглов. Манай улсаас Балтмөнхийн Бадамдорж эхний тойрогт Молдавын Раду Лефтертэй барилдлаа. Б.Бадамдорж барилдааны эхэнд бүхэл дөрвөн оноогоор өрсөлдөгчөө илүүрхэж байсан ч сүүлийн долоон оноог дараалан алдаж, ялагдлаа. Р.Лефтер 16-д жингийн лидер АНУ-ын алдарт бөх Кайл Снайдерт дийлдсэн юм.

Есдүгээр сарын 18-нд мөн эмэгтэй бөхчүүдийн барилдаан эхэлсэн. Эмэгтэйчүүдийн 55 кг-д 16 орны 19 тамирчин оролцохоор бүртгүүлснээс Чинболдын Отгонтуяа улсаа төлөөлсөн юм. Тэрбээр эхний тойрогт дэлхийн хошой аварга Японы Харүна Окүнод 2:9-өөр дийлдсэн. Япон бүсгүй хагас шигшээд Молдавын Мариана Драгүтаныг ялснаар дэлхийн аваргын шигшээд шалгарсан юм. Ингэснээр Ч.Отгонтуяа дагах барилдаан хийх эрхтэй боллоо.

Эмэгтэйчүүдийн 59 кг-д 19 орны 22 нядхан зодоглож буй. Манай улсаас Хүрэлхүүгийн Болортуяа эхний даваанд Беларусийн Кристина Сазикинаг цэвэр ялсан ч дараагийн даваанд Азербайжаны Алёна Колесникт 6:3-аар дийлдлээ гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.


Ч.Отгонтуяа дагаж барилдана  
Үзсэн: 882 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй