Дээд лигийн тэмцээн Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны шигшээ багийн өдрүүдээр хэсэг хугацаанд завсарласны дараа эргэн үргэлжиллээ. Багуудад 1-2 тоглолт хийгээд лигийн тэмцээний хаврын тойргийн тоглолтууд өндөрлөх хуваарьтай байсан юм.
"СТАЛЛИОНС" 11 ДЭХ ХОЖЛОО АВЛАА
Лигийн 17-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, онцлох тоглолт хүснэгтийн топ дөрөвт өрсөлдөж байгаа “Централ Сталлионс”, “Дэрэн багуудын хооронд боллоо. Багуудын онооны зөрүү 6 байсан учраас хэрвээ “Дэрэн” энэ тоглолтод хэрвээ хожвол онооны зөрүүг ердөө 3 болгож ойртуулах боломжтой байв.
Эхний хагаст “Централ Сталлионс” багаас О.Энх-Оргилын дамжуулалтаар Марело Жуниорын мөргөж оруулсан гоолоор 1:0 харьцаатай тэргүүлсэн. Улмаар 2-р үед ч давуу тоглолт үзүүлж Б.Сүлд-Эрдэнэ сөрөг довтолгоогоор гоол оруулж, багийнхаа тэргүүллийг бататгасан юм. 18 настай жигүүрийн довтлогч Б.Сүлд-Эрдэнэ энэ жил “Сталлионс”-ын довтолгооны гол тоглогчдын нэг болоод байгаа бөгөөд одоогоор 10 гоолд шууд оролцсон үзүүлэлттэй байна. Тодруулбал тэрээр 4 гоол оруулж, 6 гоолын дамжуулалт өгчээ.
Дэрэнчүүдээс Б.Батмөнх 86 дахь минутад торгуулийн цохилтоос нэг гоол оруулсан ч баг нь дахин гоол оруулж чадалгүй тоглолт 2:1 харьцаатай өндөрлөлөө. “Централ Сталлионс” ийнхүү Дээд лигийн тэмцээний хүснэгтийн 2-р байраа хадгаллаа. Тэд улирлын 15 тоглолтоос 36 оноо авсан үзүүлэлттэй байна.
ТЭРГҮҮЛЭГЧИД ОНООНЫ ЗӨРҮҮГ ХАДГАЛЛАА
"Дээд лиг"-ийн хүснэгтийг тэргүүлж буй “Улаанбаатар” баг энэ тойрогт “Хоромхон” багтай учраа тааран тоглолоо. Энэ тоглолтод лигийн 2 удаагийн аварга “Улаанбаатар” баг илүүрхэж, үндсэн цагт 7:0 харьцаатай хожсон байна. Хаврын тойргоос эхлэн багийн бүрэлдэхүүнд нэгдээд байгаа З.Лхагваа энэ тоглолтод 3 гоол оруулж онцлох тоглолтыг үзүүлсэн бол Н.Сайнбуян 2 гоол, Акихиро Сүзүки, Б.Цэнд-Аюуш нар нэг гоол орууллаа.
Нийслэлчүүд энэ тоглолтод гарааны хэд хэдэн тоглогчоо суулгаж, ирэх 17-ны өдөр “Централ Сталлионс” багтай хийх чухал тоглолтод нөөсөн юм. Ийнхүү тэд "Дээд лиг"-ийн тэмцээний хожигдолгүй цувралаа үргэлжлүүлж, улирлын 13 дахь хожлоо авлаа. Мөн энэ улирал 40 оноонд хүрсэн анхны баг болж, нийт 41 оноотой хүснэгтийг тэргүүлж байна. Б.Ганбат дасгалжуулагчтай “Улаанбаатар” баг "Дээд лиг"-ийн хаврын тойрог эхлээд 7 тоглолт дараалан хожсон сайн үзүүлэлт гаргалаа.
"ХАНТЕРС" ХАВРЫН ТОЙРОГТ 14 ОНОО
Хаврын тойргийн тоглолтууд эхлээд “Централ Сталлионс”, “Дэрэн” зэрэг хүчтэй багуудаас оноо салгаад байсан “Хантерс” баг энэ улирлын хоёрдугаар тойргийн сүүлийн буюу 16 дахь тоглолтоо “Ховдын Хүлэгүүд” багтай хийлээ. Тоглолтын 90 минутын турш “Хантерс” баг давуу тоглож 10:1 харьцаатай хожлоо.
БНСУ-ын легионер тоглогч Мин Ки-Тэе, Ким Тае-Мин нар тус бүр 3 гоол оруулж, хеттрик хийн багаа хожилд хөтөллөө. Мөн С.Цэрэндорж 2 гоол, Э.Мөнгөнбагана, Б.Балжинням нар нэг гоол оруулсан байна. Тэдний энэ улиралд нэг тоглолтод хамгийн олон гоол оруулсан тоглолт нь энэ боллоо. Өмнө нь “Хантерс” баг 1-р тойрогт “Улаангом” багийн эсрэг 8 гоол оруулсан нь хамгийн олон гоол оруулсан амжилт нь болоод байсан юм.
Ийнхүү Мо Жеон Ил дасгалжуулагчтай “Хантерс” багийн залуус улирлын 7 дахь хожил, 25 дахь оноогоо авлаа. Тэд намрын тойрогт 11 оноо авч байсан бол энэ тойрогт 4 хожил, 2 тэнцээ нийт 14 оноо авсан сайн үзүүлэлт гаргалаа. “Хантерс” ийнхүү 5-р байраар энэ тойргийн тоглолтуудаа дуусгалаа.
"УЛААНГОМ СИТИ" ЭХНИЙ ОНООГОО АВЛАА
"Дээд лиг"-ийн “Улаангом Сити” болон “Ховд Вестерн” гэсэн лигийн шинэ багууд энэ тойрогт учраа таарч, гоолгүй тэнцлээ. Энэ нь “Улаангом” багийн хувьд Дээд лигийн тэмцээний эхний оноогоо авсан тоглолт болсноороо онцлогтой байлаа.
Харин “Вестерн” баг лигийн хаврын тойрог эхлээд 7 тоглолтоос 2 хожил, 3 тэнцээ авсан сайн үзүүлэлттэй байна. Тэд одоогоор хүснэгтийн 6-р байрт бичигдэж байна. Тус багийн энэ улиралд хаалгандаа гоол алдаагүй 4 дэх тоглолт нь боллоо.
Дээд лигийн тэмцээний хүснэгт (17 тойргийн дараах байдлаар):

Дээд лигийн 18-р тойргийн тоглолтуудын хуваарь:

| “Дээд лиг”-ийн 17-р тойргийн тойм… | ||
| Үзсэн: 97 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.