Шууд Chart

Ё.Басхүү алт, Э.Ариунболд, Л.Сосорбарам нар хүрлийн төлөө барилдана

2023-09-24 15:29:42

“Ханжоу 2022” Азийн олимпын жүдо бөхийн төрөлд өнөөдөр эмэгтэй 48, 52, эрэгтэй 60, 66 кг барилдаан үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү эхний даваанд Лаосын Оуанвилай Кесоныг иппоноор буулгасан ч дараагийн даваанд БНСУ-ын И Хе Ёнд ялагдсан. Улмаар дагах барилдаанд шилжсэн ч БНАСАУ-ын Жон Су Ёнд вазаригаар дийлдэж, тэмцээнээ өндөрлөжээ.
 
Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д зодоглосон Л.Сосорбарам Балбын Дебаки Майаг цэвэр ялж, Казахстаны Галя Тынбайеваг вазаригаар илүүрхсэн ч хагас шигшээд энэ жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Диёра Келдиёровад вазаригаар хожигдсоноор хүрлийн төлөө Индонезийн Марьям Махаранитай барилдана.
 
Эрчүүдийн 60 кг-д Э.Ариунболд эхлээд Вьетнамын Чу Дак Датыг илт давуу ялаад шөвгийн наймд Тажикистаны Суфиев Мерзодыг нэмэлт цагт иппоноор ялсан ч хагас шигшээд Хятадын Тайпэйгийн Ян Юү Вэйг дийлсэнгүй. Манай тамирчин хүрлийн төлөө БНАСАУ-ын Чаэ Вон Жинтэй хүч сорих юм.
 
Эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү Хонконгийн Мартин Лао, Тажикистаны Обид Жедов, Узбекистаны Сардор Нуриллаев нарыг төвөггүйхэн цэвэр ялсаар алтан медалийн төлөө Японы Риома Танакатай туналаа.
 
Жүдогийн шигшээ барилдаан 16:00 цагаас эхэлнэ хэмээн Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

 


Ё.Басхүү алт, Э.Ариунболд, Л.Сосорбарам нар хүрлийн төлөө барилдана  
Үзсэн: 2177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй