Шууд Chart

БНФУ: Парисын олимпын нээлт болох газар өөрчлөгдөж магадгүй

2024-04-16 16:14:13

Энэ зуны хамгийн хүлээлттэй үйл явдлуудын нэг болох Парисын олимпын наадмын нээлт урьд өмнөх олимпын наадмуудынхаас өөр болно гэж Франц улс амлаад байгаа билээ.

Олимпын наадмын нээлтийг анх удаа олон нийтийн газар буюу Парис хотын дундуур урсдаг Сена мөрний эрэг дээр зохион байгуулна гэсэн мэдээлэл гарсан.

Тэгвэл өнөөгийн геополитикийн нөхцөл байдал, болзошгүй эрсдэлээс улбаалж олимпын наадмын нээлтийг төлөвлөсөн ёсоор Сена мөрний эрэг дээр хийхгүй ч байж магадгүй гэж Францын Ерөнхийлөгч Эммануел Макрон хэлжээ.

Парисын олимпын наадмын нээлт Сена мөрний эргийг дагаж урт үргэлжилсэн талбайд, усан үзүүлбэр зэрэг үзүүштэй үйл ажиллагааны хамт болохоор төлөвлөгдөж байгаа ч эрсдэлт нөхцөл байдлаас шалтгаалж хамрах зай талбай нь хумигдаж, Эйфелийн цамхагийн бэл дэх "Трокадеро" цэцэрлэгт хүрээлэнд болж магадгүй гэж Францын Ерөнхийлөгч Эммануел Макрон дурдсан байна.

Эсвэл бүр тэр чигтээ өөрчлөгдөж, уламжлал ёсоор Францын төв цэнгэлдэх хүрээлэнд ч болж магадгүй гэжээ.

Урьд төлөвлөсөн ёсоор бол нээлтийн ёслолд оролцох тив дэлхийн 10 гаруй тамирчин Сена мөрнөөр 6 км-ийн турш завиар аялж ирэх ёстой юм. 160 орчим завиар хүрэлцэн ирэх тамирчдын мэндчилгээг Сена мөрний эрэг дээр 600 мянган хүн үзэх боломжтой гэж тооцоолж байжээ.

Гэхдээ одоогоор энэ тоог нөхцөл байдлаас шалтгаалж 300 мянга болгон бууруулсан байна. Түүнчлэн анх төлөвлөсөн ёсоор олимпын наадмын нээлтийг гадны жуулчид чөлөөтэй үзэх боломжтой байсан ч тэр нь цуцлагдсан гэдгийг зохион байгуулагчид нь дурджээ.

Нээлтийн ёслолыг зөвхөн урилгатай хүмүүс үзэж, газар дээрээс нь очиж үзэх боломжгүй болж байгаа юм байна. Францын Ерөнхийлөгч Эммануел Макрон олимпын наадмын нээлтийн ёслолыг үнэхээр гадаа хиймээр байгаагаа дурдаж, дэлхийд анхдагч гэж тодорхойлсон байна.

Мөн бид чадна гэвэл хийх л болно гэж өмнө нь дурдаж байсан юм. Гэвч олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж тэрбээр анх удаа Б төлөвлөгөө боловсруулж байгаагаа мэдэгджээ.

Бидэнд Б, В гээд олон хувилбарууд байна. Бүгдийг нь зэрэг бэлдэх болно. Нөхцөл байдлыг бид газар дээр нь шууд шинжилж, зохимжтой хувилбарыг сонгох болно гэж Францын Ерөнхийлөгч Эммануел Макрон ярьсан байна.

Франц улс ийм олон хувилбар дэвшүүлэх болсон нь болзошгүй террорист халдлагаас сэрэмжилж байгаатай холбоотой.

Өнгөрсөн долоо хоногт Парис, Мадрид, Лондонд болсон Аваргуудын лигийн хагас финалын хөлбөмбөгийн тоглолтын үеэр Европ хараа хяналтаа чангалж эхэлсэн. Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт "Исламын улс" бүлэглэлийн Афганистан дахь салбар бүлэглэл болох IS-K-ийн олон улсад хандсан зурвасыг Аль-Азаим гэх хэвлэл нийтэлж түгээснээр сэрэмж улам нэмэгдсэн.

Уг нийтлэлд "Исламын улс" бүлэглэлийг дэмжигч дэлхий даяар оршин суугаа хүмүүс урам зориг авсан гэсэн утга агуулга шингэсэн байжээ. Улмаар "Исламын улс" бүлэглэлийн болзошгүй террорист халдлага Франц зэрэг Европын улс орнуудын түгшүүрт асуудал болоод байна. Гуравдугаар сард Москвад "Сити холл"-д болсон халдлагыг мөн л "Исламын улс" бүлэглэл үйлдсэн гэж өөрсдөө зарласан.

Цаашид ийм халдлага гарах эрсдэлтэй гэж улс орнууд ихээхэн сэрэмжилж байна.

Франц улс мөн өнгөрсөн хугацаанд "Исламын улс" бүлэглэл тэргүүтэй террористуудын халдлагатай хэд хэдэн удаа нүүр тулж, хохирол амссан түүхтэй. Тиймдээ ч энэ жил Парисын олимпын наадам шиг дэлхийн хэмжээний томоохон үйл ажиллагааг зохион байгуулахын хувьд хараа хяналтаа өндөржүүлсэн бэлэн байдалд чангатгаж байна.

Долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11 хүртэл үргэлжлэх олимпын наадам, наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8 хүртэл үргэлжлэх паралимпын наадмын үеэр 20 мянган цэрэг, 40 мянган цагдаа хүчнийнхэн хамгаалалтад гарна гэсэн мэдээлэл байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНФУ: Парисын олимпын нээлт болох газар өөрчлөгдөж магадгүй   
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй