
Увс аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид аймгийнхаа 90 жилийн ойд зориулан “Шарс отгийнхон хаана байна...” бүжгэн жүжгийг найруулан тоглолоо. Тэртээх 1755 онд Зүүнгарын хаант Улсын нэгэн бүрдэл Шарс отгийнхон Монголоо тэмцэн бэдэрч, тэнгэр уул, их цөлийг гатлан ирж өдгөөгийн Алтайд суурьшсан тухай түүхэн баримт бий. Энэхүү түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн бүжгэн жүжгийг үзэгчид талархан хүлээн авч байв. Тус бүжгэн жүжиг нь Түүхийн ухааны доктор, Ойрад судлаач Н.Сүхбаатарын хоёр дахь бүтээл юм. Тэрбээр өмнө нь эвлэвэл хүчирхэг байдаг гэдгийг харуулсан “Ээрэн хүрээ” дуулалт жүжгийн зохиолыг бичсэн бол "Шарс отгийнхон хаана байна..." бүтээлээрээ эв эвдрэлцвээс цуцарсан дээс мэт хүчин мөхөс болно гэдгийг харуулахыг зорьжээ. Увс аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчдийн бие даан тавьж буй хоёр дахь уран бүтээл "Шарс отгийнхон хаана байна..." бүжгэн жүжгийг МУГЖ, бүжиг дэглээч Л.Ганчимэг дэглэн найруулсан байна. Энэхүү бүжгэн жүжиг нь Ойрад монголчуудын бий биелгээг ахуйн зан үйлтэй хослуулан илэрхийлснээрээ онцлог юм.
"Шарс отгийнхон хаана байна..." | ||
Үзсэн: 1651 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.