
Зүрхний цагаахан хүлэг үүрсэхнээ
Зүүсгэл гоёлоо далдхан зэхэнхэн
Зүүдний дууч шувуухай нисэхнээ
Зүрэн сонор сэмхэн анирданхан
Ай амраг минь ээ хө
Тамирын голоор солонго татаад л байна аа
Таван хошуу дөтлөсхийгээд л айсуй чиг юм уу
Ташуур хэтээ буулганхан чиг саатаад л байна уу
Тааран шанзны эгшигт хүлэнхэн чиг уяраана даа хө Амрагийг ээ
Зүүдний гэгээн таалалтхан мину зэ
Зүрхний цагаан хүлэгтэн мину зэ
Хайлан сэтгэлийн чавхдас чичрэхнээ
Байлан хуудсыг бийрээр татланхан
Гуулин хөгжмийн аялгуу гансрахнээ
Гоолингоо түүнийг нууцхан хүлээнхэн
Ай амраг минь ээ хө
Цахирын хөндийд тогоруу бүжээд л байна аа
Цахлайн жигүүрээр дүүлсхийгээд л ирээ чиг юм уу
Цахиур гаансаа хээлэнхэн чиг ширтээд л байна уу
Цэцгэн охьтой шaд нэрэнхэн чиг согтооно доо хө Амрагийг ээ
Зүүдний гэгээн таалалтхан мину зэ
Зүрхний цагаан хүлэгтэн мину зэ
Бодлын цэгээхэн хун хөвөхнээ
Босон суун гэнэхэн гэгэлзэнхэн
Хагд өвсний бялзуухай зүүрмэглэхнээ
Хайрын үгсээ оддод шигтгэнхэн
Ай амраг минь ээ хө
Бургалтайн аманд шаазгай шагшраад л байна аа
Буурал дэлтээ хатируулсхийгээд л зорио чиг юм уу
Булган дахаа тайланхан чиг талимаарaaд л байна уу
Буман жилээр жаргал урланхан чиг уяна даа хө Амрагийг ээ
Зүүдний гэгээн таалалтхан мину зэ
Зүрхний цагаан хүлэгтэн мину зэ
А.Сүглэгмаа
Зүрхний цагаан хүлэгтэн | ||
Үзсэн: 374 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.