Шууд Chart

Б.Даваадалай: Эдийн засаг ирэх жилийн хоёрдугаар хагасаас сэргэнэ

2016-09-21 09:06:33

Дэлхийн банк  Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг судлаад “Өрийн өнөөгийн хандлага үргэлжилбэл Засгийн газрын нэрлэсэн өр  ДНБ-ний 90 хувийг давахаар байгаа”-г анхааруулсан. Тиймээс ч тус банк Засгийн газар, Төв банкийг шаардлагатай арга хэмжээ авахыг зөвлөөд байгаа юм. Чухам ямар зөвлөгөө өгч байгаа, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах арга зам, цаг хугацааг хэрхэн тодорхойлж буйг тодруулахаар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын  эдийн засагч  Б.Даваадалайтай ярилцлаа.    

-Татварын бааз суурийг өргөтгөх, хувь хэмжээг нэмэх, зарим халамжийг бууруулах, зогсоох гээд Засгийн газар Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголд өмнө гарч байгаагүй саналыг оруулсан ч дэмжлэг аваагүй. Гэтэл Дэлхийн банк тийм л арга хэмжээ авахгүй бол байдал хэцүүднэ гэж анхааруулсаар байна. Одоо бидэнд энэ нөхцөл байдлаас гарах ямар арга зам байна вэ?    

-Асуултад хариулахын тулд эхлээд төсвийн нөхцөл байдлыг яримаар байна. Монгол Улсын 2016 оны төсвийг нийтэд нь аваад үзэхээр нэлээд тэлсэн байдлаар хэрэгжсэн. Улсын төсөвт суусан зардлууд нь бүгд төлөвлөж байснаас өндөр үзүүлэлтээр  тэлсэн. Дээр нь төсөвт огт суугаагүй “Сайн малчин”, “Сайн хувьцаа”, “Сайн хашаа” гээд “Сайн” тодорхойлолттой хөтөлбөрүүдийн зардал  байна.  Эдгээр хөтөлбөрт  Засгийн газар үндсэндээ энэ оны эхний хагаст 550 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байгаа юм. Эхний 6 сарын байдлаар энэ зарцуулалт төсөвт суугаагүй явж байсан гэсэн үг. Тэгээд 7 дугаар сарын гүйцэтгэлээр энэ зардал төсөвт шинээр сууж орж ирснээр Монгол Улсын төсвийн  зардал өндөр өссөн. Мөн хөрөнгө оруулалтын зардал жилийн өсөлтөөр 20 хувиар нэмэгдсэн  байгаа юм.

Энэ нь төсвийн алдагдлыг хоёр их наяд төгрөгт хүргэлээ. Үүнийг өмнөх оны 7 дугаар сарын байдалтай харьцуулахад алдагдал бараг гурав дахин өссөн. Энэ нөхцөл байдал дээрээ үндэслээд Засгийн газар төсвийн тодотголд төсвийн орлогыг 1.6 их наяд төгрөгөөр буурах, зардлыг  1.7 их наяд төгрөгөөр өсөхөөр  тооцсон байсан. Дэлхийн  банк  үүнийг Засгийн газар орлогоо өмнөх онуудтай харьцуулахад  нэлээд  бодитой төсөөллөө гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, орлого дутахыг  бодитой  харж  байна.  Нөгөө талд  төсвийн гадуурх  зардлуудыг төсөвт суулгахыг оролдсон. Ялангуяа түрүүнд хэлсэнчлэн “Сайн” хөтөлбөрүүдийн зардал байна. Ингээд оны эцэст улсын төсөв 4 их наяд төгрөгийн алдагдалтай гарах  төсөл оруулсан.  

Тэгвэл  батлагдсан тодотголыг эхний төсөлтэй харьцуулахад зардлыг бага зэргээр бууруулснаас нэг их  өөрчлөлт ороогүй. Зардлыг нийтдээ 50 тэрбум орчим  төгрөгөөр хаслаа. Орлогыг  анх төсөл дээр  байсан дүнтэйгээ ижил буюу 1.6 их наяд төгрөгөөр  тасрах, төсвийн алдагдал 3.6 их наяд төгрөг буюу өндөр хэмжээнд байхаар тооцсон. Сангийн яамны мэдээллээр Засгийн газар энэ алдагдлын 70 хувийг бонд гаргаж, 30 хувийг зээл авах байдлаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Төсвийн тодотголын дүнг аваад  үзвэл нэг  их наяд төгрөгийн гадаад зээл авахаар суусан байна. Засгийн газраас үүнд дэлгэрэнгүй тайлан, тайлбар өгөөгүй учраас яг ямар төрлийн зээл авах, ямар байдлаар санхүүжүүлэхийг хэлж мэдэхгүй байна.   

Мөнгөний бодлого талдаа Төв банк 2015 оны эхнээс  хумих бодлого хэрэгжүүлж эхэлсэн гэж бид харж байгаа.  “Үнэ тогтворжуулах” болон өөр хэд хэдэн хөтөлбөрийг эдийн засгийнхаа нөхцөл байдалтай  уялдуулаад 2015 оны эхнээс хумиж эхэлсэн.  Гэтэл энэ оны эхний хагаст мөнгөний бодлого эсрэгээрээ тэлсэн байдлаар хэрэгжлээ. Учир нь түрүүн хэлсэнчлэн Засгийн газрын “Сайн”  хөтөлбөрүүд ихэвчлэн төсвөөс биш Монголбанкнаас санхүүжиж байсан.

Ингээд харахад  энэ оны эхний хагаст  мөнгөний бодлого сул хэрэгжлээ гэж үзэж байна. Харин Төв банк өнгөрсөн сард бодлогын хүүгээ нэлээд огцом нэмлээ. Төгрөгийн ханш долоодугаар сарын дундаас наймдугаар сарын эцэс хүртэл  сар гаруйхны хугацаанд  15-20 хувиар буюу түүхэнд  байгаагүй өндөр түвшинд суларсан. Үүний эсрэг Төв банк бодлогын хүүгээ 4.5 нэгжээр өсгөсөн. Үүнийг Дэлхийн банк  бодлогын  нааштай алхам  гэж харж  байна.  Ялангуяа эдийн засгийн  суурь хүндрэлтэй ийм орчинд Төв банкнаас авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний нэг хувилбар нь энэ байлаа. Мөн банкуудын сул чөлөөтэй байгаа төгрөгийн илүүдэл нөөцийг өөр дээрээ татахын тулд 3 сарын хугацаатай  “Төв банкны үнэт цаас” гэсэн шинэ хэрэгсэл нэвтрүүллээ. Дээрээс нь банкуудын Төв банкинд байршуулдаг заавал байлгах нөөц дээр нь урамшуулал тооцож хүүгээ нэмсэн байна.  Энэ арга хэмжээнүүд нь эдийн засаг дахь суурь төсөв болон гадаад тэнцэлд үүссэн хүндрэлийг шийдэх,  ханшин дээр ирж буй дарамтыг багасгахын тулд авч хэрэгжүүлж байгаа шат дараалалтай арга хэмжээ гэж харж байна. Энэ арга хэмжээнүүд өнөөгийн эдийн засгийн орчинд зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдтэй  нийцсэн бодлогын алхам гэж  үзэж байна.  

-Гэтэл үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид эдийн засаг  хүндэрсэн,  хөрөнгө оруулалт саарчихсан энэ үед  мөнгөө татлаа гэж Монголбанкны энэ арга хэмжээг эсэргүүцэж байна. Нөгөө нэг хэсэг нь  мөнгөний бодлогыг чангатгах нь  түр зууртаа л гэхээс алсыг харсан арга хэмжээ биш гэж үзэж байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Энэ асуултад хариулахын тулд бид эдийн засгийн суурь хүндрэлээ авч үзэх нь зүйтэй байх. Тухайлбал, 2011, 2012 оноос эхлээд гадаадын шууд хөрөнгө, орлого огцом татарч эхэлсэн. 2011 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.4 тэрбум долларт хүрч байсан бол өнгөрсөн онд 200 сая ам.доллар хүрэхгүй шахам  болтлоо багаслаа. Нөгөө талдаа экспортын орлого мөн тогтмол буурч эхэлсэн. Тэгэхээр нийт дүнгээр эдийн засаг дахь гадаад валютын эх үүсвэр бага түвшинд ирчихсэн.  

Энэ нөхцөлд эдийн засгийн гол бодлогууд бусад оронд яаж явдаг вэ гэхээр төгрөгийн эх үүсвэрээ гадаад валютын эх үүсвэртэй нягт зөв уялдуулах байдлаар бодлогын өөрчлөлтүүдийг хийдэг. Нэгэнт валютаар орж ирдэг орлого татарчихсан, гадаадын хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэхгүй байгаа үед Төв банк бодлогын алхамуудаа аль болохоор эдийн засгийнхаа бусад суурь үзүүүлэлтэд нийцтэй байдлаар хийх ёстой.   

-Нэг хэсэг нь савнаасаа  хальсан хэрэглээ мөнгөний ханшийг унагааж байна. Энэ хэрэгцээнд зориулсан татварын зохицуулалт хэрэгтэй гэдэг байдлаар  ханддаг.  Дэлхийн банк ч татвар нэмэх Засгийн газрын саналыг  дэмжиж байсан.  Ер нь  бусад улс орны жишиг ямар  байдаг юм бэ?

-Сая Засгийн газраас ойролцоогоор найман төрлийн татварыг өсгөх, орлогыг нэмэгдүүлэх санал оруулсан. Сүүлд буцаагдсан шалтгаан нь улс төрийн шийдвэр юм байна гэж  ойлгож байгаа. Ялангуяа Ерөнхий сайдын мэдээллээс  улс төрийн шийдвэрээр татвар өсгөх саналаа буцааж авлаа гэж ойлгосон.   Дэлхийн банкны зүгээс Засгийн газрыг аль болох орлогын бааз сууриа нэмэгдүүлэх, боломжтой орлого бүрдүүлэлтийг хайх, эдийн засгийн  бусад үзүүлэлтүүдэд нийцүүлж,  хувийн секторт сөрөг нөлөөгүй байдлаар татварын системээ шинэчлэх боломжийг судлах, ер нь орлогынхоо бааз суурийг нэмэгдүүлэх зөвлөмжийг өгдөг.

Ер нь манай улс бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага татвартай.  Мөн татварын шатлалгүй улс.  Бусад орны туршлагаас харвал орлогын  татвар  үе шаттай байдаг.  Өндөр орлоготой нь илүү татвар, бага орлоготой нь  бага татвар төлдөг. Энэ нь илүү шударга систем. Ийм  байдлаар татварынхаа системийг сайжруулах гарц  Монголд байж болно. Энэ Засгийн газар бага орлоготой, ядуу иргэдэд сөрөг нөлөө багатайгаар эдийн засгийнхаа одоогийн нөхцөл байдалтай уялдуулж орлого бүрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд болохгүй юм байхгүй.

Дэлхийн банкнаас өгсөн өөр нэг зөвлөмж нь  мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёулаа бодлогын өөрчлөлтөө эдийн засгийн дунд, урт хугацааныхаа суурь нөхцөл байдлыг сайжруулахын тулд тууштай хэрэгжүүлэх ёстой.  Сангийн  сайд  ажлаа авсныхаа дараа Монгол Улсын эдийн засгийн суурь нөхцөл байдал ямар байгааг  мэдээлсэн.   Хувийн секторууд, иргэд янз янзаар л хүлээн авч байх шиг байна.  Бидний  зүгээс эдийн засгийнхаа суурь нөхцөлийг бодитой авч үзсэн нь нааштай алхам гэж үзсэн. Тэгэхээр  аль болох нэг чиглэлд уялдаа холбоотой, эдийн засгийнхаа суурь хүндрэлийг шийдэхэд чиглэсэн бодлогоо дорвитой авч хэрэгжүүлэх ёстой. Ялангуяа төсвөөс гадуурх  зардлуудаа  төсөвт бүрэн оруулж тооцох хэрэгтэй байна. Хөгжлийн банкны арилжааны зээлүүд  одоо болтол төсвийн гадуур хэрэгжиж байна. Орон сууцны 8 хувийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг ихэвчлэн Монголбанк гаргаж ирсэн. Одоо тэгвэл Засгийн газарт шилжсэн  энэ хөтөлбөрийн  санхүүжилтийг  хэрхэн шийдэх вэ,  төсөвт суулгах уу, эсвэл...  гэх зэргээр. Хэрвээ Засгийн газрын хөтөлбөр л юм бол төсөвт суух ёстой. Ийм байдлаар аль болох төсвийн бодлогоо нэгдмэл, ил тод болгож бусад орнуудын жишгээр энэ алхмуудыг хийгээчээ гэж зөвлөж байгаа.

-Яг ийм зөвлөмжийг өнгөрсөн хугацаанд /2012-2016 онд/ Монгол Улсын Засгийн газарт яаж өгч байв?  

-Ер нь цаг хугацааны асуудлаар олон улсын байгууллагууд байнга зөвлөлдөж, зөвлөмж өгдөг. Дэлхийн банкны тухайд цаг тухай бүрт нь сануулж байсан. Ялангуяа Төв банкнаас хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн тухайд төсвийн шинжтэй хөтөлбөрүүд учраас Засгийн газраас хэрэгжүүлэх ёстой. Төв банкны оролцоо бага байх хэрэгтэй гээд. Мөн Хөгжлийн банкны зээлүүдийг төсөвт тусгаач. Хэрвээ тусгахгүй бол танай зардал нэлээд өндөр харагдахаар байна. Алдагдал  нэмэгдэхээр  байна. Зардлуудаа төсөвт суулгаж аль болох зөв чиглэлд нь оруулвал хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлнэ. Бусад эдийн засгийн суурь үзүүлэлтүүдэд зөв мэдээлэл очно.  Ингэснээр гадаад зах зээл дээр ч  гэсэн Монгол Улсын Засгийн газар болон бусад байгууллагуудын нэр хүнд сайжирна. Засгийн газрын бондын өгөөж, хүү нь буурах боломжтой болно. Зардал нь багасна. Аль болох бодлогын зөв чиглэлд явж байгаа гэдгээ гадаад ертөнцөд ойлгуулна гэх зэргээр байнга зөвлөж ирсэн. 

-Дэлхийн банкны зүгээс Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хямрал гэж тодорхойлж байна уу,  эсвэл  хүндрэл үү?   

-Нэгдсэн, эсвэл тогтсон ойлголт одоогоор байхгүй байна. Эдийн засгийн хямрал боллоо гэж Засгийн газар, Монголбанк  мэдэгдэж  байгаа.  Харин бидний зүгээс эдийн засгийн хүндрэл гэж нэрлэвэл дээр байх гэж үзэж байна. Учир нь Дэлхийн банкны тооцоо, шинжилгээ, бусад орны ижил төстэй нөхцөл байдалтай Монголын эдийн засгийн энэ  нөхцөлийг харьцуулахад нэлээд хүндрэлтэй байдал үүссэн байгаа нь ажиглагддаг.

-Тэгвэл эдийн засгийн энэ хүндрэлийг 2009 оны хямралтай харьцуулахад нөхцөл байдал нь юугаараа ялгаатай, юугаараа ижил төстэй байна вэ?

-Мөн энэ удаагийн эдийн засгийн хүндрэл ихэвчлэн гадаад сектороос  шалтгаалсан. Экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, дээр нь төсвийн эмзэг байдал  томоохон хүчин зүйл байна. Ялангуяа төсвийн огцом тэлэлтүүд, төсвийн гадуурх их хэмжээний зардлуудыг хэлэх хэрэгтэй.  Дээр нь  Төв банк уламжлалт бус аргыг хэрэглэсэн нь бас нэг шалтгаан.  2012 оноос өмнө томоохон хөтөлбөрүүдэд Төв банкны оролцоо бага байсан. 2012 оноос эхлээд төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг Монголбанк хэрэгжүүлсэн нь өмнөх хямралын онцлог шинжүүдээс нэлээд ялгаатай тал нь. Инфляцитай мөнгөний нийлүүлэлт хийх замаар тэмцэх арга хэрэгслийг ашигласан нь өөрөө нэлээд онцлог, шинэлэг  байсан. Төв банк нь  төсвийн шинжтэй ийм хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг туршлага цөөхөн оронд бий. Өөрөөр хэлбэл, Төв банк төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэггүй. Энэ нь  Засгийн газрын ажил гэсэн үг. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр инфляцийг бууруулахад тодорхой хэмжээнд үр өгөөжөө  өгсөн.  Харин нөгөө талд энэ  хөтөлбөрийн  мөнгөний нийлүүлэлт эдийн засгийнхаа бусад суурь үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөлсөн.

-Аливаа юманд гарц шийдэл бий. Хөндлөнгөөс ажиглаж байхад бидэнд эдийн засгийн хүндрэлээс гарах ямар боломж байгаа бол?

-Энэ бол зөвхөн Монголд тохиолдож байгаа хүндрэл биш. Тухайлбал, энэ түүхий эдийн орлогоос  хамааралтай ижил төстэй орнуудад энэ байдал их ажиглагдаж байна.  Бүс нутагтаа аваад үзвэл Тимор-Лесте,  Мьянмарь  зэрэг  улс манайх шиг жижиг эдийн засагтай. Дээрээс нь түүхий эдийн үнээс нэлээд хамааралтай. Яг л манайх шиг ийм хүндрэлүүд тэнд үүсч байна. Тиймээс ч  Зүүн өмнөд Азийн онцлох сэдэв нь энэ болоод байх жишээтэй.

Манай Засгийн газар, Төв банк өөрөө эдийн засгийн байдлаа зөвөөр үнэлээд аль болох хөрөнгө оруулагчдын сэтгэлийг сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийнхаа суурь хүндрэлийг шийдье гэсэн хүсэл зорилготой байгаа нь нааштай алхам. Энэ нь өөрөө цаашид нөхцөл байдлыг сайжруулахад эерэгээр нөлөөлнө гэж харж байгаа.

Бидэнд ирэх хүндрэлүүд нэлээд байна. Засгийн газар ирэх хоёр жилд нэг тэрбум гаруй долларын гадаад зээл төлөхөөр байна. Ирэх оны гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая доллар, 2018 оны нэгдүгээр сард Чингис бондын эхний ээлжийн 500 сая доллар төлөгдөх ёстой. Энэ төлбөрүүд нь мэдээж төлбөрийн тэнцэл гадаад валютын нөөц болон гадаад тэнцэлд нэлээд дарамт учруулна. Төсөвт ч гэсэн энэ төлбөрүүдийг яаж хийх вэ, бөөн дүнгээр төлж чадах уу, чадахгүй тохиолдолд үүнийг дахин санхүүжүүлэх буюу зээлээр  зээлийг хаах уу гээд хүүгийнх нь түвшинг багасгаж зардлаа бууруулах боломжуудыг Засгийн газар хайж байгаа байх. Эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлээд эхэлж байна гэдэг нь өөрөө бүх хүлээгдэж байгаа хүндрэлүүдийг аль болох зардал багатай, нааштайгаар шийдэх эхний алхам гэж харж байна.  Ялангуяа хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, валютаар ордог орлогоо өсгөх, орлогын бааз сууриа сайжруулах, төсвийн зардлаа багасгах, мөнгөний бодлого нь эдийн засгийн суурь нөхцөлтэйгээ уялдах, зөв бодлогын шийдвэрүүдийг гаргахад чухал. Энэ нь эдийн засаг  сэргэх,  тогтвортой орчин бүрдэх  хандлагыг өөрөө бий болгоно. Энэ ирээдүйд хүлээгдэж буй томоохон төлбөр бусад хүндрэлүүдийг даван туулах хамгийн эхний чухал алхмууд гэж харж байна.

-Эдийн засгийн хүндрэлийг давахын тулд нийт дутагдаад байгаа хөрөнгийн  30 хувийг зээлээр шийдэх гэж байгааг та түрүүн хэлсэн. УИХ зээлийн өрийн таацыг нэмэгдүүлэх эсэх талаар ч ярьж эхэлсэн. Үүнд ямар  байр суурьтай байгаа вэ?

-Төсвийн тоон дээр харахад л Засгийн газрын бонд хэлбэрээр 3.6 их наяд төгрөгийг 70 хувь санхүүжүүлж оруулна гэсэн байна билээ. 30 хувь нь бол Засгийн газрын зээл байдлаар. Тэр тусмаа гадаад зээлийг нэг их наяд төгрөгөөр авна гэсэн тоо харагдаж байсан. Энэ бол Засгийн газрын өөрийнх нь шийдвэр,  бодлогын хувилбар. Засгийн газарт өөр олон төрлийн хувилбар байгаа. Тэгэхээр энэ удаагийн нарийн санхүүжилтийнх нь нөхцөл байдал, Засгийн газрын дэлгэрэнгүй тайлбаргүй нөхцөлд үүнд тодорхой дүгнэлт хийхэд эрт байх.

-Улс төрийн шийдвэрээс болоод татварын бааз суурийг өргөтгөх санал буцсан гэж та түрүүн дүгнэж хэлсэн. Тэгвэл  төсөв мөнгөний бодлого дээр эрс шинэчлэл хийх боломж энэ Засгийн газарт, ирэх 4 жилд улс төр талаасаа ямар байх  бол?

-МАН энэ удаагийн УИХ-ын сонгуульд олонх болсон.  Энэ нь аливаа бодлогын шийдвэр гаргах, эдийн засагт болон бусад салбарт шийдвэр гаргахад нэлээд дөхөм болно. Сүүлийн төсвийн тодотгол болон УИХ болон Засгийн газарт хэлэлцэж байгаа асуудлаас ажиглахад одоогийн улс төрийн хүчин Засгийн газар, УИХ  эдийн засгийн нөхцөл байдал бусад үүссэн  хүндрэлийг шийдэх нэгдсэн тууштай зорилготой байгаа юм байна гэж харагдаж байна.  

-Үүнийг тодруулж асуусны учир Засгийн газар төсвийн тодотгол дээр гэнэтийн шийдвэрүүд гаргаж зүтгүүлээд эрхгүй буцлаа. Энэ нь сонгогчдоо алдахгүй гэсэн нам доторх улс төрөөс боллоо ч гэж зарим нь дүгнэж байсан?   

-Тухайлбал, татварын  шинэ заалтууд батлагдсан бол 2017 оноос хэрэгжихдээ жилд  200 тэрбум төгрөгийн л орлого төвлөрүүлэхээр байсан. Ийм л өөрчлөлт гарах байсан. Татварын өсөлтийн эерэг, сул талыг ч нэлээд сайн хэлэлцсэн байх. Нам дотроо, Засгийн газар ч, УИХ ч гэсэн. Тэгээд улс төрийн энэ шийдвэрийг гаргасан байх гэж бодож байна.

-Аж ахуй эрхлэгч, хувь хүн эдийн засаг хүндэрлээ гээд дээрээс шийдвэр хүлээгээд, эсвэл хэн нэгнийг туслахыг хүлээж суух нь буруу байх?  

-Нэгдүгээрт, богино хугацааны эдийн засгийн нөхцөл байдлын хүндрэл нийтлэг тохиолддог. Харин манай орны дунд, урт хугацааны ирээдүй, бусад нөөц боломжийг харах юм бол эдийн засгийг нэлээд өөдрөгөөр харж болохоор байгаа юм. Одоо тохиолдож байгаа хүндрэлийг богино хугацааных гэж бид тооцож байна.  Тиймээс   иргэд маань илүү хүлээцтэй өөрсдийнхөө урд урдын ажлыг бүтээмж өндөртэй хийж, эдийн засгийнхаа хүнд нөхцөлийг давахад  дэмжлэг үзүүлэх сэтгэлээр ажиллах  хэрэгтэй юм. Засгийн газрын төсөөлөл ч байна, олон улсын байгууллагын төсөөллөөр ч гэсэн ирэх оноос эдийн засаг сэргэхээр байгаа. Ялангуяа “Оюутолгой”-н төслийн нөлөөллөөр томоохон хөрөнгө оруулалтуудын нөлөөгөөр, уул уурхайн бус салбарын идэвхжил нэлээд сэргэх байх. Ирэх оноос жил болгон нэг тэрбум долларын гадаадын хөрөнгө оруулалт зөвхөн “Оюутолгой” компаниас орж ирнэ гэсэн мэдээллийг тус компани  өгсөн байгаа. Энэ нь эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийг дагуулах болно. Мөн дээрээс нь манайд хүлээгдэж байгаа томоохон гадаад төлбөрүүдэд дэмжлэг болох байх гэж бодож байна.

Тэгэхээр эдийн засагт үүсээд байгаа хүндрэл богино хугацааных юм. Ирэх жилийн хоёрдугаар хагасаас эдийн засаг маань аажмаар сэргэнэ. Дээрээс нь уул уурхай, түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ эргээд өсвөл тодорхой дэмжлэг үзүүлнэ. Мөн Засгийн газар, Төв банк  бодлогын  зөв алхмаа тууштай үргэлжлүүлж хэрэгжүүлэх юм бол эдийн засгийн хүндрэл шийдэгдэх боломжтой юм.                                                           

Нийтэлсэн: Д.Даваадулам

Б.Даваадалай: Эдийн засаг ирэх жилийн хоёрдугаар хагасаас сэргэнэ  
Үзсэн: 3167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
mongol [103.242.47.xxx] 2016-10-07 09:55
oplogo bvpdvvlex bas neg apga bol 1 sapaas deesh 2,3 jileer tsalint supdagiig bolix shvv
rty [103.242.47.xxx] 2016-10-07 09:57
tsalintaigaa tegeed oopiinxoo xvsleep supj baigaa ni utaggvi xepeg
Зочин [202.126.89.xxx] 2016-10-06 12:49
дэлхийн банк муудна гэснийг буруу орчуулж дээ энэ залуу
poki [202.179.23.xxx] 2016-09-21 21:55
ediin zasag sn bn gj er n bdimuu end tendgui l im bn tim bn gdg. edin zasag sergesen ch ard irgeded nolooldimu

Бидэнтэй нэгдээрэй