Шууд Chart

"Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төслийн баг Германы туршлагаас судаллаа

2022-11-28 13:33:33

БШУЯ, БОАЖЯ, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа "Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төслийн Үндэсний зөвлөн зохицуулах баг ХБНГУ-ын Тогтвортой хөгжлийн боловсрол /ТХБ/-ын институтчлэл, тогтвортой хөгжлийн боловсролыг иргэддээ олгож буй туршлагаас судалж, суралцахаар 11 дүгээр сарын 9-15-ны өдрүүдэд тус улсын Хессэн мужид ажиллалаа. 

Энэ хугацаанд тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр сургууль, сургалтын төв болон орон нутгийн иргэддээ дэмжлэг үзүүлэн ажилладаг Байгаль орчны сургалтын гурван төвд ажиллаж, сургалтын арга барил, арга аргачлалтай танилцан, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Тус төвүүд нь байгаль орчин, хүрээлэн буй орчны талаар бүх насныханд зөвлөгөө, мэдээлэл өгч, боловсрол олгох сургалт явуулдаг байна. Герман улсын хамгийн том мужуудын нэг Хессэн нь 6.1 сая хүн амтай, 700 мянган сурагчтай, 2000 гаруй сургууль, 65 000 багштай. Дээрх үйл ажиллагааг Швейцарын хөгжлийн агентлаг дэмжсэн байна. 

 Амарч аялангаа мэднэ, өөрчлөгдөнө, өөрчилнө

Амарч аялангаа, зугаацаж тоглонгоо мэдэрнэ, мэднэ, өөрчлөхөд оролцоно. Тогтвортой хөгжлийн боловсролыг хүүхэд, томчуудад олгож буй хэлбэр нь энгийн, хялбар.

Туршлага судлах баг Герман улсын Хессэн мужийн Ханау хотын Байгаль орчны төвөөс ажлаа эхэллээ.  

2002 онд байгуулагдсан тус төв нь сургалт танин мэдэхүйн танхим, цэцэрлэгт хүрээлэнгээс гадна тахь нутагшуулах том талбайтайгаараа бусдаас онцлог. Тиймээс бүгдтэй нь танилцаж, мэдьe гэвэл бүтэн өдөр хүрэлцэхгүй. 

Энэ төвийн сургалтын танхимаас усанд ороход, утсаа цэнэглэхэд, машинаар явахад хичнээн мод шатаадаг, бороо, ус юунаас үүсдэг, яаж ордог, дэлхийн уур амьсгал хэрхэн яаж өөрчлөгдөж байгаа, өөрийн хотдоо юуг хүсч мөрөөддөг, өөрчлөхөд өөрөө юу хийж чадах вэ зэрэг асуултын хариуг тоглонгоо, оролдож үзэнгээ олдог байх нь. Төвийн цэцэрлэгт  хүрээлэн нь 10 гаруй төрлийн жимс, хэдэн зуун төрлийн ургамал, олон төрлийн модтой. Ой хээр гал түлэх, чулуун дээр хөл нүцгэн гишгэх, нугын цэцэг, ойн жимс ямар үнэр, амттай байдаг, хаана ямар мод, жимс ургадаг зэргийг тус цэцэрлэгээс мэдэж авдаг байна.  

Жил бүр 4-10 дугаар сар хүртэл сургууль, өдөр өнжүүлэх төвүүдэд  байгаль орчны сэдвээр 300 гаруй сургалт явуулж, 12 000-15 000 оролцогчийг хамруулдаг гэж танилцууллаа.

Мөн тус төв Монгол тахь нутагшуулан маллаж байна. Одоогоор 3-18 настай 13 тахьтай. “Германд ямар л газар байна мод ургах тун дуртай. Тиймээс энэ талбайгаа модгүй тал хээрийн бүс нутаг шиг байлгахын тулд монгол тахь, хонийг бэлчээрлэхэд тохирохоор байсан. Тиймээс бид Монгол тахь тэжээж байна” гэж Байгаль орчны төвийн мэргэжилтэн танилцууллаа. 

Хүүхдүүд тогтвортой хөгжлийн боловсролын сайн түгээгч нь

Төслийн багийнхны дараагийн танилцаж туршлага судалсан газар нь Германы Франкфурт хот дахь Байгаль_орчны_мэдээллийн төв.  Бүх насныханд хүрээлэн буй орчны боловсрол олгодог энэ төв мөн л сургалтын бодит орчныг бий болгожээ. Тоглонгоо байгалийн шинжлэх ухаан, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг танин мэдэж, зөв дадал хэвшилд суралцахад чиглүүлж, нөлөөлдөг байна. Тиймээс ч сургалтын хэрэгсэл нь мөн ихэвчлэн тоглоом.

Жилд 18 000 орчим хүүхэд, томчууд энэ төвийн сургалтанд хамрагдаж, цэцэрлэгт хүрээлэнтэй нь танилцдаг. Мөн бусад төвийн адил сургууль, өдөр өнжүүлэх газрууд дээр  очиж сургалт явуулна.

Германы Франкфурт хот дахь Байгаль орчны сургалтын төвийн ахлах багш Майкел Шлехтай ярилцлаа.   

-Танай төвийн гол суралцагч, хэрэглэгчид нь аль насныхан бэ?

-6-10 нас, 10-аас дээш насныхан гээд хоёр бүлэгт хуваагддаг. 

-Энд ирсэн хүүхэд, томчууд тоглож, туршиж үзэж, өөрөө гол дүрд орж сурч мэдэж байна. Арга нь сонирхолтой санагдлаа.

-Тийм ээ. Бид самбарын өмнө багш ярихаас өөр арга хэлбэр сонгохыг хичээдэг.  Сурагчидтайгаа хамтарч, тэдний оролцоотой сургалтаа явуулдаг. Сургуулийн багш нар энэ  санааг авч хэрэглээсэй гэж хүсч байна. Тогтвортой хөгжлийн боловсролын сургалтыг бүх хичээлээр дамжуулж оруулах боломжтой. Сэдвээсээ хамаараад биологи, физик, улс төр, нийгмийн гээд аль ч хичээлийн хөтөлбөрт шингээн оруулж болдог.   

-Танай төв, өөрөөр хэлбэл ТББ  25 жил тасралтгүй ажиллаж байна гэлээ. Үүнд санхүүжилт чухал. Хаанаас яаж санхүүждэг нь сонирхол татаж байна вэ?

-Тогтвортой хөгжлийн боловсрол олгодог төвүүд мужийнхаа төсвөөс буюу төрөөс санхүүждэг. Сургууль, суралцагчдаас маш бага мөнгө авдаг.

-Тогтвортой хөгжлийн төлөөх та бүхний энэ үйл ажиллагаа ямар үр дүн авчирсан, одоо ямар нөлөө үзүүлж байна гэж дүгнэж байгаа вэ?

-Хэмжихэд хэцүү. Бидний зорилго хүн бүр, хүүхэд болгон дэлхийн уур амьсгалын асуудлыг бууруулахад миний чадах зүйл, оролцоо, нөлөө юу вэ гэдгээ мэдээд өөрсдийнхөө үйлдлээр туслах санаа аваасай. Тэгж дадаж хэвшээсэй. Бид жилдээ нэг удаа салхины баяр ч гэдэг юм уу томоохон үйл ажиллагааг хотдоо зохиож, сэдэл санаа өгдөг. Хүүхдүүдэд  маш их таалагддаг. Гэртээ хариад бүх хүнд ярьж, хамт хийж үзэхийг хүсдэг. Хүүхдүүд тогтвортой хөгжлийн боловсролыг сайн түгээгч нь. Тэр нь их сайхан. Миний бодлоор манай төвөөс суралцагчид шинэ мэдээ мэдээллээс гадна 21-р зуунд өдөр тутмынхаа амьдралд байгаль орчиндоо хэрхэн ээлтэй амьдрахыг суралцдаг. Хоол хүнс хомс, байгалийн эрсдэл нэмэгдэж байгаа цаг үед түүнийг даван туулж, зөв амьдрах арга зүйд мөн суралцдаг гэж бодож байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн сэдэвт өдөрлөг нь ТХБ олгоход  том  түлхэц болдог

Сургалтын гурав дахь өдөр Хэссэн мужийн Боловсрол, соёлын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуйн яам, Тогтвортой хөгжлийн боловсролын “Дугуй ширээ”-ний төлөөлөгчид биднийг хүлээн авч уулзан, Хэссэн мужийнхаа Тогтвортой хөгжлийн боловсролын бодлого, хэрэгжилтийг танилцууллаа. 

ХБНГУ 1980 онд энэ чиглэлээр анхны бодлогын баримт бичгээ батлаж, 16 муж нь байгаль орчин, тогтвортой хөгжлийн боловсролыг албан боловсролын хөтөлбөрт оруулахаар санал нэгдэж байжээ. Харин улс даяраа Тогтвортой хөгжлийн боловсролыг нэг ижил түвшинд, нэгдсэн нэг хөтөлбөрөөр сургуулиудад 2017 оноос нэвтрүүлж хэрэгжүүлж эхэлсэн бол ТББ, сургалтын төвүүд албан бус сургалтаа хэдийнэ эхэлсэн байв. Тус улсын муж бүр тусдаа яамдтай, бодлоготой. Мужийн Боловрол, соёлын яам, Байгаль орчны яам, Эрүүл мэндийн яам Тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр бодлогоо нэгтгэн гаргаж, ТББ-уудтай хамтран нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлдэг тухай Боловсрол, Соёлын яамны мэргэжилтэн хадагтай Silke_Bell мэдэгдлээ.  

Тогтвортой хөгжлийн боловсролыг хэрэгжүүлэгч гол хүч нь ТББ, сургалтын төв, сургуулиуд болох нь албан  мэдээлэл, сургалтын төвүүдийн үйл ажиллагаанаас ажиглагдаж байсан юм. Бидний ажилласан Хессэн муж 2000 гаруй сургуультайгаас 230 гаруй нь, мөн 15 ТББ, сургалтын 60 гаруй төв тогтвортой хөгжлийн боловсролын үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлж, сургалтандаа жилд 150 мянга орчим хүүхэд, томчуудыг хамруулж байна. Мөн жилд дунджаар 200 гаруй төрийн байгууллагын удирдлага ТХБ-оор суралцдаг тухай мэдээллээ.

Хессэн муж нь байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөөр жилд нэг удаа томоохон арга хэмжээг зохиодог нь уламжлал болжээ. Энэ жилийн уур амьсгалын өөрчлөлтийн сэдвээрх өдөрлөгт 75 000 хүн оролцсон гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуйн яамны төлөөлөгч Силвиа Финглэр хэллээ.

Байгалийн шинжлэх ухааны мэдлэг тогтвортой хөгжлийн боловсролын суурь нь

Хессэн мужид Тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр ажилладаг ТББ-ууд тогтвортой хөгжлийн төлөөх “Хессэний холбоо”-г байгуулан ажиллаж байна. 2014 оноос эхтэй, үйл ажиллагаагаа “дугуй ширээ”-ний зарчим, хэлбэрээр явуулдаг энэ байгууллага нь Тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр саналаа гаргах, ТББ-уудад зөвлөн туслах, сурталчлах, тодорхой ажлуудыг санаачлан төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх үүрэг хүлээж ажилладаг байна. Холбооны гишүүд болох Тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр өндөр мэдлэг, туршлагатай 30 гаруй байгууллагын төлөөлөл нь сайн дураараа ажилладаг гэлээ. Иргэддээ Тогтвортой хөгжлийн боловсрол олгох, зөв дадал хэвшил тогтоох нь энэ холбооны гол зорилго нь гээд Тогтвортой хөгжлийн боловсрол олгоход мэдлэгээс гадна нарийн ур чадвар шаарддаг болохыг онцлов.  

Мөн байгалийн шинжлэх ухааны мэдлэг тогтвортой хөгжлийн суурь учраас энэ чиглэлээр мэдлэг олгоход анхаардаг гэж байлаа.

Цeмeнтгүй, хуванцаргүй цэцэрлэгт

Цэцэрлэгт хүрээлэн, ойн зурвас, бэлийг тохижуулах санаанууд энд байна даа гэж Франкфурт хотын Рейнмайны цэцэрлэгт хүрээлэнтэй танилцаад бодогдож байв.

Өвөрмөц загвартай модон байшин, загас жараахай, зэгэстэй цөөрөм, төрөл төрлийн цэцэг, ургамал, мод буттай бэл нуга, амрах тухлах отог гээд Франкфуртын Рейнмайны цэцэрлэгт хүрээлэнг зураглавал их хотын өнгө төрхөөс огт өөр. 

1990-ээд онд эндхийн улс төрчид байгаль орчны мэдлэг олгох төв байгуулах санал гаргаж, олон жил ажилласан хайрганы карерь, хогын цэгийг булж, нөхөн сэргээж Бүс нутгийн байгаль орчныг хамгаалах төв байгуулжээ. Төвийнх нь модон байшин, өрөөнүүдийнх загвар, сургалтын хэрэгсэл зэрэг нь тогтсон нэг хэв загвараас ондоо, байгалийн гэрэл гэгээг ашигласан, өөр өнгө дизайн, шийдэлтэй нь сонирхол татав. 

Тус төв нь цэцэрлэгт хүрээлэндээ жил бүр адал явдалт 300 гаруй аялал зохион байгуулдаг байна. 2020 оноос БОЯ-тай хамтран “Тогтвортой байдлын төлөөх хичээлийн шинэ жил” төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн зохицуулагч Патрика Бертрам “Манай төв Хессэн мужийн БОЯ-ны санхүүжүүлтээр тус төслийг хэрэгжүүлж байна. Төслийн сургалтад 108 сургууль хамрагддаг. Төсөл хэрэгжүүлэхэд ТББ-уудын 40 гаруй сургагч багш, сайн дурынхан тусалж байна” гэлээ.     

Мөн сургалтандаа томчуудыг татахын тулд цахимаар мэдээллээ хүргэж,  эчнээ сургалттай сургуулиудтай хамтран ажилладаг гэв. 

Нийтэлсэн: Д.Даваадулам

"Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төслийн баг Германы туршлагаас судаллаа  
Үзсэн: 1434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй