Шууд Chart

1987-1997 он

1987-3-29. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа илгээлтийн эзэд, залуусын ажил хөдөлмөр, тогтвор суурьшилын тухай асуудлыг ихэвчлэн хөндөж ярилцаж байсан “Редакцийн томилолт” нэвтрүүлгийн анхны дугаар энэ өдөр гарав.
 
1987-7-11. “Найрамдлын дуудлага” Москва-Улаанбаатар хоорондын телевизийн шууд нэвтрүүлэг /телемост/ энэ өдөр гарчээ. Эрхэлсэн найруулагч Б.бадар-Ууган.
 
1987-8-1. Сайд нарын зөвлөлийн 239 дүгээр тогтоолоор Сангийн яам, Гадаад худалдааны яам болон холбогдох бусад байгууллагатай урдчилан тохиролцсоны үндсэн дээр Телекино үйлдвэрт бүтээсэн киног гадаад оронд худалдаж байхыг МРТУХ-нд зөвшөөрчээ. 
 
1987 он: Телекино үйлдвэрийн  бүтээл “Ингэн эгшиг” 2 бүлэг баримтат кино олон улсын телевизийн ардын уран бүтээлийн “Солонго” их наадмын тэргүүн шагнал авчээ. Зохиогч Ж.Бадраа, найруулагч Д.Хишигт, зураглаач Б.Донров.
 
1988-1-2. “Морин хуур”, 1987 оны шилдэг дуу шалгаруулах нэвтрүүлэг явжээ. Х.Нарангэрэл. 
 
1988-5-7. Сэтгүүлч, зохиолч  Д.Дожоодоржийн өөрөө бэлтгэн хөтөлж Б.Цагааны найруулж байсан “Хариуцлага” нэвтрүүлэг ихээхэн ажил хэрэгч үр нөлөөтэй нэвтрүүлэг болж үзэгч олны анхаарлыг татаж байв. 
 
1988-10-4. Англи хэлний хичээлийн анхны дугаар оров. МУИС-ийн гадаад хэлний тэнхимтэй хамтран бэлтгэж давталттай явуулж байв. 
 
1988-11-8. Ардынхаа уламжлалт ёс заншлыг сэргээн сурталчилсан залуучуудад зориулсан “Дөрвөн бэрх” асуулт хариултын уралдаант нэвтрүүлгийн анхны дугаар энэ өдөр дэлгэцнээ гарчээ.
 
1988-12-28. Радио, телевизийн шинэ төв ашиглалтанд оржээ.
 
1989-1-1. Шинэ төв ашиглалтанд орж телевизийн нэвтрүүлгийг өргөтгөх боломжтой болсныг харгалзан оройн ээлжинд ажиллаж суралцагсдад зориулж долоо хоног бүрийн мягмар, пүрэв, бямба гаригт өглөө бүр 3 цагаар давталт, сургалтын программ нээж явуулах чиглэлээр үндэсний нэвтрүүлгийнхээ цагийг хэмнэв.
 
1989-1-8. Монгол бичгийн хичээл эхэлжээ.
 
1989-10-2. “Алтан намар-89” морин хуурын наадмын нэвтрүүлэв.
 
1990-1-21. “Өөрчлөлт шинэчлэл, хэвлэл мэдээлэл” улсын шуурхай зөвлөлгөөнийг нэвтрүүлэв.
 
1990-1-25. Хүүхдэд зориулсан “Тахиа цаг” нэвтрүүлгийн эхний дугаарт Баянхонгор аймгийн пионер сурагчид оролцов. 
 
1990-2-25. Зохиолч сэтгүүлч Д.Дожоодоржийн гардан хийж байсан “Түүхийн өмнө хариуцлага” цуврал нэвтрүүлгийн анхны дугаар Ю.Цэдэнбалын улс төрийн хөрөг”-өөр бэлтгэгдэн гарчээ.
 
1990-2-18. Монголын ардчилсан холбооны анхдугаар их хурлыг шууд дамжуулав. 
 
1990-5-6. Ахмад настангуудад зориулсан “Насны намар” шинэ нэвтрүүлэг эхэлжээ.
 
1990-5-10. Дархан, Улаанбаатар хотын хооронд шууд нэвтрүүлэг хийжээ.
 
1990-8-16. “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд зориулсан шинжлэх ухааны академийн ёслолын өргөтгөсөн чуулган, баярын концертыг соёлын төв өргөөнөөс шууд дамжуулав.
 
1990-9-22. Азийн спортын зуны 11-р их наадмын нээлтийн ёслолын ажиллагааг Бээжингээс шууд дамжуулав.
 
1990-11-3. БНМАУ-ын улсын бага хурлын чуулганы нээлтийг сурвалжлав. 
 
1990-11-26. Монгол телевиз “Гал”, “Марал”, “Цацал” гэсэн уран бүтээлийн гурван нэгдэлтэй болж, өдөр өдрөөр нэвтрүүлэг хариуцан хийж эхлэв. Энэ өдрийн нэвтрүүлгийг бүхэлд нь “Гал” нэгдэл хариуцаж хийв. 
ВЕТЕКАМ гэдэг шинэ форматын төхөөрөмжийг анх ашиглаж эхлэв. 
 
1990-12-4. “Токиод сурвалжилсан тэмдэглэл” нэвтрүүлгийн анхны дугаар гарчээ. 
 
1991-1-1. Америкийн телевизийн нэвтрүүлгийг хүлээн авах ёслолын ажиллагаа Монголын радио, телевизэд болов. 
 
1991-1-18. “Итгэлт баяны сургууль” эдийн засгийн хичээл эхэлжээ.
 
1991-2-26. “Хувьсгалын түүх эндээс эхэлсэн”. Ардын хувьсгалын 70 жилийн ойд зориулсан цуврал нэвтрүүлгийн эхний дугаар оржээ.
 
1991-4-18. Ардын хувьсгалын 70 жилийн ойд зориулсан “Миний ард түмэн” цуврал нэвтрүүлгийн анхдугаараар барга ястны уламжлал, ёс заншлаас танилцуулжээ.
 
1991-5-10. Жижиг үйлдвэр байгуулахыг сонирхогчдод зориулсан шууд нэвтрүүлгийг сургалтын редакциас зохион байгуулжээ.
 
1991-7-9. “Гоо бүсгүй-91” тэмцээнээс хийсэн сурвалжлага бүтэн цагаар оржээ.
 
1991-7-11,12. Төрийн хошой шагналт зохиолч Д.Намдагийн “Шарай голын гурван хаан” жүжгийн зохиолоор телевизийн найруулагч Б.Жаргалын найруулсан “Шарай голын гурван хаан” телевизийн хөгжимт 2 ангит шинэ кино өдрүүдэд эхэлж гарав. 
 
1991-10-18. Франц хэлний хичээл эхлэв. 
 
1991-11-27. “Аав, ээж, би” гэр бүлийн уралдаант шинэ нэвтрүүлэг эхэлжээ.
 
1991 онд Монгол телевиз Ази, номхон далайн орнуудын телевизийн байгууллага АБУ-д гишүүнээр элсэв. 
 
1991 онд Монгол телевизийн үндэсний нэвтрүүлгийг сансрын холбооны “Азиасат” системийн хиймэл дагуулын тусламжтайгаар орон даяар үздэг болжээ. 
 
1991 онд Телекино үйлдвэрийн бүтээл “Дэмбээ минь дээ хөө” хоёр бүлэг баримтат кино олон улсын ардын уран бүтээлийн “Солонго” их наадмын тэргүүн шагнал хүртжээ. Зохиогч, найруулагч Д.Хишигт, зураглаач Л.Ихбаяр.
 
1992-1-15. Монгол улсын үндсэн хуулийн уг эхийг нотлох, шинэ сүлд, далбааны эхийг залах ёслолын ажиллагааг шууд нэвтрүүлэв.
 
1992-3-21. Герман хэлний хичээл эхлэв.
 
1992-4-17. Манай үзэгчдийн таашаан үздэг уралдаант цэнгээнт томоохон нэвтрүүлгийн нэг “Агшин” нэвтрүүлгийн анхны дугаар дэлгэцнээ гарчээ.
 
1992-4-25. Төрмандах захиралтай “Чөлөөт телевиз”-ийн нэвтрүүлэг эхэлжээ.
 
1992-5-25. Д.Гарам-Очир захиралтай “Мэдээлэл арилжааны чөлөөт суваг” /МАЧС/ анхны нэвтрүүлгээ явуулав.
 
1992-6-6. “Жолоо” зохиогчийн телевизийн хөтөлбөр оржээ.
 
1992-9-7. “Улаанбаатар” телевиз анхны нэвтүүлгээ явуулжээ.
 
1992-10-3. “Үдшийн хэмнэл” уран сайхны цэнгээнт томоохон нэвтрүүлгийн анхны дугаар “Бидний араншин”, “Амрах агшинд” гэсэн хоёр хэсэгтэйгээр эфирт гарчээ.
 
1993-1-8. Спортын нэвтрүүлгийн “Цэнхэр гариг” хамтлаг байгуулагдаж, спорт мэдээллийн анхны хөтөлбөрөө 1993 оны 2 дугаар сарын 16-нд бэлтгэн явуулжээ. Редактор Н.Тамир, найруулагч Ө.Нарангэрэл.
 
1993-1-12. “Теле бирж” байгуулагдаж анхны зар сурталчилгаагаа явуулав.
 
1993-1-29. “Урам” уран сайхны нийтлэлийн теле сэтгүүлийн анхны дугаар гарчээ. 
 
1993-2-11. “Сайн явж ирэв үү?” Дэлхийг дугуйгаар тойрсон Монгол телевизийн сэтгүүлч Г.Жаргалсайхан ахлагчтай “Таван хуруу” багийнхан бүтээсэн цуврал нэвтрүүлгийн эхний дугаар гарчээ.
 
1993-3-23. Монгол телевизэд  мэдээллийн агентлаг байгуулагдаж /ТВМ/ ерөнхий редактораар Ц.Мөнхтөр томилогджээ. Энэ өдөр ТВМ агентлагийн анхны нэвтрүүлгийн сэтгүүлч Д.Чулуунбаатар хөтлөн явуулав.
 
1993-6-20. “Үдшийн хэмнэл” студиэс бэлтгэсэн “Та та тунга” нэртэй тэмцээнт шинэ нэвтрүүлгийн анхны дугаар гарав. Нэвтрүүлгийн редактор Б.Чимэг, найруулагч Б.Баяр
 
1994-11-23. Анхдугаар үндсэн хууль баталж, бүгд найрамдах улс тунхагласны 70 жилийн ойд зориулсан “Төрийн сүлд өршөө” уран сайхны олон ангит шинэ киноны 1 дүгээр анги гарчээ. Найруулагч Б.Бадар-Ууган.
 
1995-2-21. “Улаанбаатар” телевиз долоо хоногийн 6 өдөр “Өглөө” хөтөлбөр гаргаж эхлэв. 
 
1995-12-25. ВЕТЕКАМ-ын иж бүрдэл бүхий студи ашиглалтанд оров. 
 
1995 он: МРТХЭГ-ын дэргэд хүүхэлдэйн кино, компьютар-графикийн “Боролдой” студи байгуулагджээ.
 
1996-1-16. БНХАУ-ын телевизийн бүтээл, “Баруун этгээдэд аялсан тэмдэглэл” уран сайхны олон ангит үлгэрийн кино гарч эхлэв.
 
1996-2-21. Монгол телевизийн ТВМ агентлаг, Японы компанийн дуран толины тусламжтайгаар нэвтрүүлэгчид цаас харалгүй уншдаг телевизийн техник хэрэгслийг ашиглаж эхлэв.
 
1996-3-10. Энэ ням гаригийн 10.00 цагаас Монгол телевизийн өглөөний хөтөлбөр мэдээгээр эхэлж 13.00 цаг өнгөртөл үргэлжлэв. Үүнээс хойш долоо хоног бүрийн ням гаригт “Өглөөний хөтөлбөр” өгдөг болж, 3 дугаар сарын 17-ноос уран бүтээлийн нэгдлүүд ээлжээр хариуцан хийж эхлэв.  “Тулга” нэгдэл эхэлжээ.
 
1996-3-27. Радио, телевизийн нэвтрүүлгийн техникийг тус тусын салбарт нь шилжүүлэв.
 
1996-9-30. МРТХЭГ-ын дэргэд радио, телевизийн дээд сургууль байгуулагдаж нээлтээ хийв. Нээлт дээр МРТХЭГ-ын дарга Ц.Мөнхтөр, тус сургуулийн захирал Б.Бадар-Ууган нар үг хэлэв.  Маргааш нь буюу 1996 оны 10 дугаар сарын 1-нд радио, телевизийн дээд сургуулийн хичээлийн шинэ жил эхэлж, өглөөний 8 цаг 40 минутаас анхны хичээлийг Монголын радио, телевизийн түүхийн сэдвээр ахмад ажилтан, сэтгүүлч Н.Шаравдорж заав.
 
1996-10-24. ТВМ агентлагийг хуучнаасаа өргөн хүрээтэй “ММ” агентлаг гэж нэрлэв.
 
1996-12-15. “Цэнхэр гариг” нэвтрүүлэг энэ өдрөөс эхлэн “Шинэ цаг” студи болон өргөжсөнөө зарлаж, Н.Тамир анхны нэвтрүүлгээ хөтлөн явуулав. 
 
1996-12-22. МРТХЭГ, МУАХ-ны оны тэргүүний уран бүтээл шалгаруулах уралдаан Монгол телевизийн “Үдшийн хэмнэл” студийн захирал сэтгүүлч Гомбын Золжаргал 1996 онд хийсэн “Үдшийн хэмнэл” теле сэтгүүл, сурвалжлагууд болон “Онцлох хүн”, “Би чадна”, “Та та тунга” зэрэг олон нэвтрүүлгийг уран сайхны өндөр түвшинд хийж чадварлаг хөтөлж явуулсны төлөө 1996 оны шилдэг хөтлөгч, тэргүүний редактораар, найруулагч Ө.Цэвэлсүрэн “Ирж яваа цаг” нэвтрүүлгээрээ шилдэг найруулагчаар тус тус шалгарч, 1996 оны соёл урлагийн шилдэг бүтээлд олгох “Гоо марал” шагналыг анх удаа гардан авлаа. 
 
1997-2-15. Монгол телевиз бие даасан студийн шинэ тогтолцоонд орж зохион байгуулагдав. Одоогийн байдлаар “Үдшийн хэмнэл”, “Шинэ цаг”, “Тулга”, “Таван эгшиг”, “ЭСС”, “Хар энтертейнмент”, “Эй Ди Си”, “Ханилаг”, “Эв эе”, “Хар хул”, “Алслал”, “Малчин”, “Замилин”, “Тэнхлэг”, “Эрүүл мэнд”, сургалт сурталчилгааны ТВ студи гэх зэрэг 15 студи ажиллаж байв. 
 
1997-3-9. Монгол телевизийн уран бүтээлчид нар бүтэн хиртэх ховор үзэгдлийг /өглөөний 8 цаг 45 минутаас Улаанбаатарт 2 минут хиртэй харанхуй болсон/ Дархан хотоос шууд нэвтрүүлэн үзүүлэв. 
 
1997-9-27. Монгол телевиз байгуулагдсаныхаа 30 жилийн ойг тэмдэглэв. Энэ үеэр “Зурагт зулын хойморт заларсан нь” дуртгал, тэмдэглээл, нийтлэлийн ном, “Монгол телевиз-30” баримтат шинэ кино, “Хүннүү” уран сайхны кино бүтээж, ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулан шоу үдэшлэг явуулав.

1987-1997 он   
MNB