Шууд Chart

МҮОНТ-Танилцуулга

УРАН БҮТЭЭЛИЙН I НЭГДЭЛ

Бүтэц зохион байгуулалт, онцлог: Уран бүтээлийн 1-р нэгдэл нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Нэгдлийн дарга нь сэтгүүлч Ж.Эрдэнэцогт, МУСГЗ, сэтгүүлч Ш.Гүрбазар, Зохиолч, сэтгүүлч П.Алтанцэцэг, СТА найруулагч А.Машмаа, СТА найруулагч Р.Аля гээд ахмад туршлагатай уран бүтээлчдээс гадна телевизийн үе үеийн уран бүтээлчид энэ нэгдлийг бүрдүүлдэг.

Манай албаны онцлог нь нийгмийн бүхий л салбарт өрнөж байгаа үйл явдлыг телевизийн бүхий л төрөл жанраар гаргаж үзүүлдэг. Тэр ч утгаараа уран бүтээлчдээс маш их ур чадвар, авьяас мэдлэг шаарддаг онцлогтой.

Бэлтгэдэг нэвтрүүлгийн чиглэл зорилго: Уран бүтээлийн 1-р нэгдэл байгаль экологи, уул уурхай, эдийн засаг, хууль эрх зүй, нийгэм улс төр гээд нийгмийн бүхий л салбарын тухай нийтлэл нэвтрүүлэг бэлтгэдэг. “Нээлттэй хэлэлцүүлэг”, ”Олон нийтийн цаг”, “Эзэнгүйдэл”, ”Эргэх 4 цаг”, ”Face to face”, ”Хариулахгүй ч байж болно” гээд үзэгчдийн танил болсон нэвтрүүлгүүдээс гадна 2010-2011 оны нэвтрүүлгийн шинэ сүлжээнд “Эко ертөнц”, “Баялаг” “Уул уурхай”, “Бизнесийн мэдээлэл”, “Хуулийн цаг”, “Ариусахуйн гүмүда”, “Иргэдийн индэр”, “Үзэгчдийн захидал”, “Зохиогчийн хөтөлбөр” гээд олон нэвтрүүлгүүдийг шинээр бэлтгэж байна.

УРАН БҮТЭЭЛИЙН II НЭГДЭЛ

Бүтэц зохион байгуулалт, онцлог: Уран бүтээлийн 2-р нэгдэл нь нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд нэгдлийн даргаар найруулагч Ж.Батбаяр хариуцан ажиллаж байна. Тус нэгдэлд МУ-ын Төрийн соёрхолт, зохиолч, сэтгүүлч Д.Норов, МУСГЗ сэтгүүлч Ш.Ёолк, зохиолч, сэтгүүлч Ж.Сарантуяа, найруулагч Х.Нарангэрэл, П.Баяраа гээд олон жил ажилласан туршлагатай уран бүтээлчдээс гадна телевизийн үе үеийн авьяаслаг хамт олон энэ нэгдлийг бүрдүүлдэг юм.
Манай нэгдлийн онцлог нь дэлхийн болоод монголын соёл урлагийн салбарт болж буй бүхий л мэдээ мэдээлэл, арга хэмжээ, Өглөө хөтөлбөр, Гэрэлтэй цонх хөтөлбөр, үндэсний ёс зан заншил болон сонгодог урлагийн, танин мэдэхүйн, суут хүмүүсийн тухай сонирхолтой олон нэвтрүүлгүүдийг бэлтгэн үзэгч олонд хүргэдэг юм. Тэр ч утгаараа уран бүтээлчдээс урлагийн нарийн мэдрэмж, ур чадвар, авъяас мэдлэг шаарддаг онцлогтой.

Бэлтгэдэг нэвтрүүлгийн чиглэл зорилго: Уран бүтээлийн 2-р нэгдэл нь Өглөө, үдшийн хөтөлбөрөөс гадна “Соёл-Эрдэнэ” теле сэтгүүл, Утга зохиолын эрдэнийн сан, Сонгодог урлаг, Хүсэлтийн хариу, Урлагийн сүлжээ, Алтан язгуур, Монголын урлаг соёлын алдартай хүмүүсийн тухай “Хөрөг” нэвтрүүлэг болон томоохон концертуудыг бэлтгэн хүргэдэг.
2010 онд манай нэгдлийн найруулагч О.Энхболд “20-р зуун” төслийн ерөнхий найруулагч, Ж.Батбаяр нь “Энх мэндийн хадаг” ОУ-ын концерт, “Тусгай салаа” олон ангит киноны ерөнхий найруулагчаар, “Баярын мишээл” нэвтрүүлэгт Г.Энхтөр ерөнхий найруулагч, Г.Бямбажав, Б.Болор-Эрдэнэ нар зохиогч, редактороор ажиллаж байна.
2009 оны шилдэг найруулагч Н.Энхтүвшин, шилдэг редактор Д.Энхцэцэг нар манай нэгдлийн уран бүтээлчид юм. МҮОНТ-ийн нийт эфирийн цагын ихэнхийг буюу сард 4000 гаруй минутын нэвтрүүлэг бэлтгэж байна. 2010 оны шинэ жилийн 10 шинэ нэвтрүүлэгт, зохиомж, концертыг бэлтгэж байна.


УРАН БҮТЭЭЛИЙН III НЭГДЭЛ

Бүтэц зохион байгуулалт, онцлог: Тус нэгдэл нь нийт 25 хүнтэй. Нэгдлийн дарга Д.Эрдэнэцэцэг, редактор 3, сурвалжлагч 5, найруулагч 8, асс.найруулагч 2, эвлүүлэгч 2, туслах 1. Уран бүтээлийн 3-р нэгдлийн дэргэд “Теле театр” дугуйлан ажилладаг. Дугуйланд 07-25 насны хүүхэд залуус суралцаж нэвтрүүлгийн хөтлөгч, теле зохиомжинд тоглох жүжигчин бэлтгэж байна. 7 хоногт 3 удаа тогтмол хичээллэж 3 сарын хугацаатай сургалт явуулж эхний төгсөлтөө хийсэн. Анхны төгсөлтийн хүүхдүүдээс бүрдсэн “Хорооны хүүхдүүд” 3 ангит теле зохиомжийг бэлтгэн гаргасан.

Бэлтгэдэг нэвтрүүлгийн чиглэл, зорилго: Уран бүтээлийн 3-р нэгдэл нь хүүхэд, сургалт, танин мэдэхүй, эрүүл мэнд, гэр бүлийн чиглэлээр нэвтрүүлгээ бэлтгэдэг.
“Мазаахай”,” Сониучхан”, “Тоглоомын тойрог”,”Тунгаамал”, “Үндэсний хэл бичиг соёл” гэх мэт аль хэдийн үзэгчдийн танил болсон нэвтрүүлгүүдээс гадна 2010-2011 оны нэвтрүүлгийн шинэ сүлжээнд “Эрүүл мэндийн теле сэтгүүл”,”Хатагтай” ток шоу “Шилтгээн”,“Талст”зэрэг нэвтрүүлгийг шинээр үзэгчиддээ хүргэхээр ажиллаж байна.
Манай нэвтрүүлгүүдийн талаарх санал бодлоо доорх хаягаар ирүүлж бидэнтэй байнга холбоотой байгаарай.


УРАН БҮТЭЭЛИЙН IV НЭГДЭЛ

Бүтэц зохион байгуулалт онцлог: Уран бүтээлийн 4-р нэгдлийн дарга зохиолч, сэтгүүлч М.Эрдэнэбат, 5 редактор, 6 сурвалжлагч, 6 найруулагч, 4 ассистент, 1 компьютер графикч, 1 туслах гээд 24 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай хамт олон хөрвөх чадвар сайтай, нийтлэл нэвтрүүлгийн олон төрөл жанраар уран бүтээл туурвин аливаа мэдээллийг хүнд ойлгомжтой, энгийн, амьдралд ойрхон хэлбэрээр хүргэж чаддаг.

Бэлтгэдэг нэвтрүүлгийн чиглэл зорилго: Уран бүтээлийн 4-р нэгдэл залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг мэдлэг мэдээллээр хангах, бие бялдарын өв тэгш хүмүүжилтэй болгоход нэвтрүүлгийн бодлогоо чиглүүлэн спорт, цэнгээнт төрлийн нэвтрүүлгүүдийг хүргэж байна.
Шижигнэсэн чадварлаг 20 гаруй залуу уран бүтээлчдээс бүрдэх Уран бүтээлийн 4-р нэгдэл байгуулагдсан цагаасаа хойш сүлжээнд спортын өдөр тутмын мэдээ мэдээллээс гадна 7 хоног тутам “Үндэсний спорт”, “Адуучин”, “Аваргууд”, “Дэлхийн тамирчид” зэрэг спортын нэвтрүүлэг, мөн залууст зориулсан “Залуус хөтөлбөр”, “АСК”, “Hey hey”, “Агшин” цэнгээнт нэвтрүүлэг, “Амьдралын үргэлжлэл”, “Шинжлэх ухаан танин мэдэхүйн теле сэтгүүл” зэрэг нэвтрүүлгүүдийг тогтмол хүргэж байгаагаас гадна “Шигтгээ” загварын нэвтрүүлэг, “Music station” хөгжим мэдээллийн хөтөлбөр, “Зуун мянга” зэрэг нэвтрүүлгийг үзэгчиддээ хүргэхээр бэлтгэж байна.
Өнгөрсөн онд “Hey Hey” уралдаант цэнгээнт нэвтрүүлэг хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгээр шалгарч олон залуу уран бүтээлчид Залуучуудын холбооны Тэргүүний залуу алтан медаль, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс олгодог Ган үзэгтэн, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан зэрэг цол тэмдгээр энгэрээ мялаасан юм.
Өнгөрсөн хугацаанд “Тамхины эсрэг хамтдаа”, “Би Улаанбаатар хотын иргэн” реалити шоу, “Урагшаа залуусаа”, “Наадмын хуушуур” зэрэг томоохон нэвтрүүлгийг бэлтгэн үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.


УРАН БҮТЭЭЛИЙН V НЭГДЭЛ

Бүтэц зохион байгуулалт, онцлог: 5-р нэгдлийн дарга МУСГЗ Д.Цоодол. Тус нэгдэлд МҮОНТ-ийн нүүр царай, дуу хоолой болсон үе үеийн нэвтрүүлэгчид болох Жамьяандоржийн Бямбаа, Дашцэрэнгийн Нарантуяа, Даваахүүгийн Цовоо, Нордовын Баярмаа, Батхишигийн Ганбаатар, Чимэддамбын Ичинхорлоо, Гомбосүрэнгийн Чоглоонамжил, Пүрэвийн Адьяадорж нар ажилладаг. Мөн орчуулагч редактор 5, дуу оруулагч жүжигчин 3, дууны инженер 2, кино сан хөмрөгийн эрхлэгч 1, найруулагч 1, ассистент найруулагч 1, туслах найруулагч 1 нийт 24 хүний бүрэлдхүүнтэй шинэ зохион байгуулалтаар ажиллаж байна.

Бэлтгэдэг нэвтрүүлгийн чиглэл зорилго: Уран сайхны кино болон шинжлэх ухаан танин мэдэхүйн баримтат кино, гадаадын телевизүүдийн нэвтрүүлэг, хүүхдийн болон хүүхэлдэйн киноны орчуулга, дуу оруулалтыг мэргэжлийн өндөр түвшинд хийж эфирт явуулж байна.
Монголын нэртэй орчуулагч Хасбаатарын Мэргэн, мэргэжлийн чадварлаг орчуулагч Ч.Ганчимэг, В.Гэрэлчимэг, Ж.Тэгшээ, Л.Мягмар нарын орчуулж туршлагатай авьяаслаг жүжигчид, нэвтрүүлэгчдийн дуу оруулсан МҮОНТ-ийн кино бусад телевизийн орчуулгын киноноос эрхгүй ялгарч үзэгчид талархалтай ханддаг нь манай онцлог юм.
Киноноос гадна “Дэлгэц амилуулсан аялгуу” нэвтрүүлгийг 40 минутаар сард 4 удаа бэлтгэдэг. Одоо “Гайхамшигт урлаг” нэвтрүүлгийг шинээр эрхлэн бэлтгэхээр ажиллаж байна. Манай нэгдлийн бэлтгэдэг кино нэвтрүүлгүүд давтагдсан хугацаатайгаа нийлээд МҮОНТ-ийн нийт эфирийн 3/1-ийг эзэлдэг.

Холбогдох хаяг: МҮОНРТ-ийн Бодлого Төлөвлөлт, Маркетингийн Хэлтэс
И-мэйл хаяг: marketing@mnb.mn
Утас: 328334
Дотуур утас: 2210
Гар утас: 89001331


МҮОНТ-Танилцуулга   
MNB