Шууд Chart

Монголын Дуу Хоолой

Дэлхийн олон орны сонсогчдод зориулан Монгол орныг  сурталчлах  гадаад хэлний нэвтрүүлгийн редакци Монголын Радиод 1964 онд  байгуулагдсан юм. 1964 оны  9-р  сарын 1-нээс монгол,хятад,орос, англи, франц, казах хэлний нэвтрүүлгүүд ээлж дараалан  нээгдсэн түүхтэй.
Монголын тухай мэдээлэл дэлхий нийтэд хомсхон байсан тухайн цаг үед Радиогийн гадаад нэвтрүүлэг анх цацагдсан өдрөөсөө эхлэн дэлхийн олон орны сонсогчдын анхаарлыг татаж, захидал,хүсэлт тасралтгүй ирж эхэлсэн байна.
 Жишээ нь 1965 оны эхний арван сард Энэтхэг, Австрали, Индонези, Япон,Канад, Америк, Мехсик зэрэг дэлхийн 20 гаруй орны 200 гаруй сонсогчдоос захидал ирсэн нь тухайн цагтаа томоохон үйл явдал болж, гадаад сурталчилгааг цаашид хөгжүүлэх нь зүйтэй гэдгийг нотолсон байна.
Цаг хугацааны явцад хамгийн олон сонсогчтой монгол, орос, англи, хятад хэлний  нэвтрүүлгүүдийг бэхжүүлж,  японы сонсогчдын хүсэлтээр 1989 оны  1-р сараас  Япон хэлээр нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж эхэлсэн юм.
Монголын Радиогийн Гадаад нэвтрүүлгийн нэр хүнд ,үр нөлөө жил ирэх тусам  өсч зарим жилд байнга захидал бичдэг сонсогчдын тоо 5000-д хүрч байлаа. Мөн Ази Номхон Далайн орнуудын Радио нэвтрүүлгийн холбоо 1972 онд гишүүнээрээ  бүртгэн авсан юм.  Монголын Дуу Хоолой- радиод өнөөгийн байдлаар  дэлхийн 40 гаруй орноос 3 мянга гаруй  сонсогч байнга захидал бичиж байна.
Тус радиогийн байнгын сонсогчид  Японы Осака, Энэтхэгийн Дели, Хятадын Тэнжин хотуудад сонсогчдын клуб байгуулан  нэвтрүүлгийн сонсогдолт ямар байгаагаас эхлээд ямар сэдэв хамгийн их сонирхол татаж байгааг байнга мэдээлж байна. Өнөөдөр  богино долгионы зэрэгцээ www.vom.mn” интернет  хаягаар “Монголын дуу Хоолой”-гийн нэвтрүүлэг дэлхий дахинаа  түгж байна.
 

Монголын Дуу Хоолой   
MNB