Шууд Chart

Хүүхэд, Залуучуудын редакц


 
Монголын радио байгуулагдсан цагаас эхлэн радио өргөн нэвтрүүлэгт хүүхэд, залууст зориулсан нэвтрүүлэг тодорхой хувийг эзэлж иржээ. Хожим 1964 онд Сургууль хүүхдийн редакци байгуулагдсан нь одоогийн Хүүхэд, Залуучуудын редакцийн үндэс суурь байлаа. Тэр цагаас хойш хүүхэд багачууд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, тэдэнтэй холбоотой нийгмийн бүх хүрээг хамарсан нийтлэл, нэвтрүүлгийн бодлого барьж, үе үеийн иргэдийг хүмүүжүүлж ирсэн гэж хэлэх үндэстэй. Бүх насны хүүхдэд зориулагдсан “Залгамжлагчийн дуудлага”-аас эхлээд “Өглөөний мэнд”, “Үдшийн үлгэр”, “Таамаа Оньсгохон хоёр”, “Баатарчууд”, “Хүүхдийн төлөө”, Байгаль Байгалмаа” хоёр зэрэг үе үеийн сонсогчдын хэзээний танил нэвтрүүлэг олонтой байв.
         Наяад оны сүүлээр Хүүхэд, залуучуудын редакци болж өргөжин нийтлэл нэвтрүүлгийнхээ хүрээг тэлж, хүүхдийн төдийгүй залуусын сонсох дуртай олон олон нэвтрүүлэг бэлтгэх болов. Зохиомжит, хөгжөөнт, танин мэдэхүйн, спортын болон шоу маягийн, тэр бүү хэл нийгэм улс төрийн шинж чанартай нэвтрүүлэг бэлтгэн нэвтрүүлж байлаа. /Тухайн үед С.Цогтсайхан, Б.Баттогтох, А.Авирмэд нарын зэрэг чадварлаг сэтгүүлчид тус редакцид ажиллаж байв/
         2010 оноос эхлэн Хүүхэд Залуучуудын редакци болон ажиллаж байна. Бид хүүхэд залууст зориулсан 10 гаруй нэр төрлийн нэвтрүүлэг бэлтгэн сонсогчдод хүргэдэг. Цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд оюутан сурагчид, ахлах насныхан, цаашлаад эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид манай редакцийн идэвхтэн сонсогчид байдаг юм. 48 жилийн түүхтэй- хүүхдийн мэдээллийн хөтөлбөр болох “Өглөөний мэнд” нэвтрүүлэг одоо хэрнээ сонсогчидтойгоо хамтдаа байдаг юм.   Авто машин эзэмшигч, жолооч, зорчигчдод зориулсан “Авто радио сонин”, боловсролын мэдээ мэдээллийг багтаасан “Боловсрол” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхэд зориулсан “Алхам алхмаар”, зүйр цэцэн үгийн утгыг тайлбарлан хүргэдэг “Цэцэн үг цээжинд”, хүүхдийн эрүүл мэндийн тухай ярилцах “Хүүхэд-Эрүүл мэнд” гээд олон нэвтрүүлэг энэ редакцийнхний бүтээл. Түүнчлэн хүүхэд, сурагчдын монгол хэлний дүрмийн мэдлэгийг ахиулах зорилготой “Цээж бичиг” шууд нэвтрүүлгийг долоо хоног бүр 20 минутын хугацаатайгаар явуулж байна. Мөн хэвлэл мэдээлэл дэх хүүхдийн оролцоог дэмжих зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сантай хамтран хот, хөдөөд өсвөрийн сурвалжлагчдын баг байгуулан “Хамтдаа хөгжье” нэвтрүүлгийг 2009 оноос эхлэн бэлтгэх болсон. Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдэд зориулан зайны сургалтын “Радио цэцэрлэг” нэвтрүүлгийг амжилттай явуулж байна.
Өнөөдрийн байдлаар тус редакци нь 4 сурвалжлагч, 2 редактор, тоймч, ерөнхий редактор гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 7 хоногтоо 300 минутын нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн ажиллаж байна.
 
Бидэнтэй холбоо барих утас: 320803.

Хүүхэд, Залуучуудын редакц  
MNB