Шууд Chart

1974-1994 он

1974 оны есдүгээр сарын нэгэн буюу 40 жилийнхээ ойгоор Монголын радио төрийн дээд шагнал Д.Сүхбаатарын одонгоор шагнагджээ.

БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1971 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр зарлигаар Төмөрийн Чимиддоржид мөн оны долоодугаар сарын 02-ны өдрийн БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 133 дугаар зарлигаар МРТУ-ын хорооны хөгжмийн ерөнхий зөвлөгч Самбын Гончигсумлаад БНМАУ-ын ардын жүжигчин цол, Монголын радиогийн нэвтрүүлэгч Доржпаламын Балжирт Соёлын гавъяат зүтгэлтэн цолыг тус тус олгож байсан бол БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1974 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 233 дугаар зарлигаар радиогийн нэвтрүүлэгч Сандагийн Гунгаад БНМАУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн цол, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1981 оны долоодугаар сарын 25-ны өдрийн 263 дугаар зарлигаар радиогийн нэвтрүүлэгч Содномын Батцэрэн, Гончигжавын Чулуунбат нарт “БНМАУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн” цол олгожээ.
1974 онд БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын холбооны салбарыг хөгжүүлж радио телевизийн нэгдсэн сүлжээ байгуулахад зориулж ЗХУ-аас 60 сая рублийн буцалтгүй тусламжийн бэлгийн объект байгуулж өгөхөөр хоёр улсын засгийн газрын хооронд хэлэлцээр байгуулжээ. 1976 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1975 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 581 дүгээр тогтоолоор сөрөг сурталчилгаанд чухал үүрэгтэй радио сонсголын албыг редакц эрхтэйгээр байгуулжээ.   Радио нэвтрүүлгийг “шаардлага хангасан”, “илүү сайн”, “чанар” гэсэн гурван зэрэгт үнэлгээнд оруулж, үнэлгээний шалгаваруудыг тогтоов.
МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1977 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн 03дугаар тогтоолоор Монголын радиод орос хэлний радио их сургууль нээжээ. 1978 оныесдүгээр сард Улаанбаатар хотын радио өргөн нэвтрүүлгийн станцын өргөтгөл мөн онд Говь-Алтай аймгийн Алтай, Дорнод аймгийн Чойбалсан, Өмнөговь аймгийн Даланзадгад хотуудад дахь радио өргөн нэвтрүүлгийн станцыг тус тус ашиглалтанд оруулжээ.
1979 онд Монголын радиогийн дэргэд хүүхдийн сайн дурын “Улаан бүч” чуулга, залуучуудын “Инээмсэглэл” чуулга тус тус байгуулагдаж, 1981 онд Радиогийн хүүхдийн “Улаан бүч” чуулга, Монголын пионерийн байгууллагын 60 жилийн ой угтаж зарласан “Мөнгөн хонх” уралдаанд тэргүүн байр эзлэсэн түүхтэй.Радиогийн залуучуудын “Инээмсэглэл” чуулга ДЗО-ны ХII их наадамд оролцжээ.
1980 онд Дорноговь аймгийн Сайншандад 1981 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод радио өргөн нэвтрүүлгийн станц ашиглалтанд оржээ.
1978-1981 он. ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар-Алтай-Баян-Өлгийн чиглэлд болон Улаанбаатар-Дашинчилэн-Булган-Эрдэнэтийн чиглэлд радио релейний шугам тавьснаар радио нэвтрүүлгийн сонсгол сайжирч уг шугамын дагуух нутагт телевизийн нэвтрүүлэг хүлээн авч үзэх хүрээ өргөжив.
1980-1981 он. Монгол радиогийн хамт олон ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулсан “Ардын хувьсгалын намтар” радио тууж, “Монголын сайхан орон”, “Монголын ард түмэн”, “Найрамдал-дружба” гэх зэрэг дугаар бүр нь нэг цагаас доошгүй хэмжээтэй, тус бүр 8-60 удаагийн томоохон цуврал нэвтрүүлгийг бүтээжээ. Энэ бүхэн Монгол улсын хөгжил дэвшлийн амьд түүх болон манай радиогийн алтан фондод үлджээ. Зөвлөлт- Монголын сансрын хамтарсан нислэгийн сурвалжлах тусгай группийг Улаанбаатар, Москвад томилон ажиллуулжээ. 1981 оны гурав дугаар сарын 22-нд ЗХУ-ын баатар, сансрын нисэгч В.Жанибеков, Монгол улсын сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарын анх сансарт нислэг хийсэн тухай радиогийн сурвалжлагч Г.Одхүү Сансрын нислэгийн гараан дээрээс шууд сурвалжилжээ.
1981 оноос эхлэн “Залуучуудын уулзалтын цаг”, “Социалист өмчийн радио штабаас ярьж байна”, “Хөгжим мэдээллийн программ”, уран бүтээлчдийн дунд “Шинэ оны ажилд түрүүлж оръё”, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан “Орос хэлний радио хичээл”, “Ардын хөгжмийн сан”, “101 минутын төлөө”, “Алтан микрофоны төлөө”, “Хөгжилтэй нисдэг тэрэг”, “Найргийн хур”, “Амжилт ялалтын ая эгшиг”, “Музейн танхимаас”, “А-гаас Я хүртэл”, “БНМАУ-ыг хэн сайн мэдэх вэ”, “Өнөөгийн хөдөө”, “Малчин” радио станц, “Газар, хүн хоёр”, “Хэний цай амттай, хэний яриа сонин бэ?”,  “Улаан харандаа”, “Залуу үе”, “Залгамжлагч” радио, “Жүжигчний микрофон”, “Эрин цаг, үйл явдал”, “Залуу нас-мөнхийн дуудлага”, “Чиний амьдралын байр суурь”, “Гуч хүрсэн хүүхдүүд”, “Радио гүүр”, “Та өөрчлөлт шинэчлэлтийн хаана явна вэ? “, “Иргэн ба хууль”, “Ил тод илэн далангүй ярилцъя”, “Түүх бичилцсэн дуунууд”, “Хүн анхаарлын төвд”,  “Мөнгөн хонх”, “Монголын сайхан орон” хөгжмийн их наадам, “Шинэ эриний дуудлагаар”, “Бага үд”, “Пүрэв гарагийн уулзалт”, “Бүх нийтийн чанарын үзлэг”, “Нийслэл хотоо хэн сайн мэдэх вэ?”, “Манай байр-Миний гэр”, “Цэнхэр самбар”, “Нийслэлийн сонин” нэвтрүүлэг, “Түүх дурсгалаа хамгаалах радио клуб”, “Хуудас цаас”, “Шил савны тухай яриа”, “Зүсэм талх”, “Гарын үсэг”, “Шинэ ном очсон уу”, “Зай тэжээл байна уу”, “Өсвөр сүрэг”, “Сонсогч таны хаягаар”,”Дунд дүнгийн учир”, “Хэцүү хүүхэд”, “Эмээ нарт хэлэх үг байна”, “Гэм зэмгүй гэмтэн”, “Хоолны амт”, “Удирдах урлаг”, “Геологичдын ар тал”, “Сансрын зууныханд ердийн хөсөг хэрэггүй гэж үү”, “Өвгөд хөгшид минь”, “Биеэ оторлох уу, малаа оторлох уу”, “Чингэлэгтэй тээвэр”, “Монгол ган”, “Холбоогүй холбоо”, “Туул гол тунгалаг байх ёстой”, “Болор тунгалаг Хөвсгөл бохирдох ёсгүй”, “Ажилчны нээлттэй микрофон”, “Радио гүүр”, “Захидал аваад замд гарлаа”, “Түрээс”, “Мал аж ахуй зогсонги байдалд ороогүй гэж үү”, “Дөрөө даах гутал байна уу?”, “Өндөр бүтээлийн ажил”, “Нэвтрүүлгийн нэрэмжит ажил”, “Алтан төлий эзэн хэн бэ?”, “100 суурийн дуудлага”, “1000 суурийн дуудлага, мөнгөн төлийн эзэн”, “Нэгжийн өгөөжийг дээшлүүлье”, “Дуслыг хураавал тонныг хэмнэнэ” сэдвийн дор радио өргөн нэвтрүүлгийн бүхий л зүйл төрлөөр олон түмний сонорыг мялаасан, сэтгэлд нь шингэж амьдрал ахуйд нь тусыг хүргэж дэмжлэг үзүүлсэн радиогийн уран бүтээлчдийнтуулж өнгөрүүлсэн түүх радиогийн 80 жилийн нэрийн хуудас болж алтан фондод үлджээ.
1985 онд Радио нэвтрүүлгийг энх тайвны зорилгод ашиглах тухай олон улсын конвенцид нэгдэн орж,  гадаад хэлний нэвтрүүлэгт долоо хоног бүр Азийн сэдэв, Өвөр Монголын чиглэлд явуулдаг монгол хэлний нэвтрүүлэг, Япон, Энэтхэгийн чиглэлд явуулдаг англи хэлний нэвтрүүлэгт уран зохиолын тусгай программаар явагддаг болжээ.
1986 онд. Өвөрхангай, Ховд-Дорнод аймагт МОНЦАМЭ, радио, телевизийн аймаг дундын сурвалжлах хэсэг байгуулагдан ажиллаж, Өвөрхангайд сэтгүүлч С.Бараанасан, теле оператор Д.Нямсүрэн, Ховдод сэтгүүлч Х.Силам, теле оператор М.Биндэръяа, Дорнодод сэтгүүлч Д.Түвдлувсан, теле оператор Ч.Баяраа нар томилогджээ.
1987 оноос гадаад сурталчилгааны уран сайхны программд нилээд ахиц дэвшил гарсан юм. “Аюуш” туужаар бэлтгэсэн радио жүжиг, ардын домогт дуугаар хийсэн радио зохиомж, “Бямба гарагийн ая дуу” хөгжмийн программ зэрэг нь гадаадын сонсогчдын сонирхол татаж олон арван захидал, цахилгаан, хүсэлтийг хүлээн авч байжээ. 1987 онд Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Шверин /БНАГУ/ хотуудын хооронд хийсэн радио шууд уулзалтаар хоёр орны залуучуудын их наадам угтаж, их хурлуудын шийдвэрийг хэрэгжүүлэхэд залуучууд юу хийж хэрхэн ажиллаж байгаа тухай харилцан ярилцаж санал бодлоо чөлөөтэй солилцсон юм.
1987 онд  “Жүжигчний микрофон” нэвтрүүлгээр М.Горькийн “Эх” Ч.Лодойдамбын “Алтайд”,  Д.Намдагийн  “Цаг төрийн үймээн” зэрэг романыг  уншуулсан нь манай нэвтрүүлгийн эрлийн санд шинэ зүйл болсон юм. В.Шекспирийн “Гамлет” жүжгийг радиод анх удаа ганц хүний тоглолтоор нэвтрүүлжээ.
1988 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Зөвлөлтийн тусламжаар баригдсан радио, телевизийн шинэ төв ашиглалтанд оржээ. Радиогийн ахмад ажилтан сэтгүүлч Б.Дэндэвийн үг, Урлагийн гавъяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Т.Чимиддоржийн зохиол “Ургацын далай” нэвтрүүлэг, радиогийн ахмад ажилтан Д.Батсүрэн, хөгжмийн зохиолч Ж.Шараа нарын зохиосон “Өглөөний мэнд”, ахмад сэтгүүлч Лувсандоржийн үг, Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Батсүхийн хөгжим “Таван-Эрдэнэ” дуу бүхэн нь радио сонсогчдын сэтгэлд мөнхөд шингэж үлджээ.
1990 он. Цагаан морин жилийн шинийн нэгэнд хөдөөгийн хөдөлмөрчдөд зориулсан “Эргэх дөрвөн цаг” хэмээх мэдээлэл, танин мэдэхүй, уран сайхны нэвтрүүлэг бүхий радиогийн II программ нээгджээ. Энэ үеэс эхлэн Монголын радиогийн хувьд аль нэгэн нам улс төрийн хүчний бодлогоос ангид бие даасан хараат бусаар чөлөөтэй үйл ажиллагаагаа явуулах эхлэл тавигдсан юм. Монголын эртний уран зохиолын нэгэн оргил “Монголын нууц товчоо”-гоор 12 удаагийн радио уран зохиол явуулжээ. Нэвтрүүлгийн хөтөлбөрийг “Өглөөний”, “Бага үдийн”, “Их үдийн”, “Үдээс хойших”, “Оройн”, “Үдшийн” гэж нэвтрүүлгийн хөтөлбөрөө ангилан зарладаг болгосон байна.
Энэ оноос радио нэвтрүүлгийн бүтцэд мэдээлэл, уран сайхны нэвтрүүлгийн жин өссөн байна. Тухайлбал: улс төр мэдээллийн “Өглөө” хөтөлбөр, “Дөрвөн зүг, найман зовхист”, “Асуулт хариулт”, “Сонсогчидтой уулзах цаг”, “Хүний мөс”, “Эх түүхээ эргэн харахад” нэвтрүүлгүүд, төр засгийн мэдээллийн “Соёмбо” хөтөлбөр бий болжээ. Мөн  “Хөгжмийн тойрон аялал”, “Саран хөхөө”, “100 билэг”, “Он цагийн дуулал”, “Уран бүтээлчийн хөрөг”, “Цагаан лавайн эгшиг” гэсэн олон сайхан сонирхолтой нэвтрүүлгийг  сонсдог болов. Улс төрийн намууд ”Намуудын индэр”, байгууллага хамт олон “Захиалгат нэвтрүүлгийн цаг”, хүүхэд багачууд маань “Мэргэн  бөөдий”, нийслэлийнхэн “Нийслэлийн долгион”, Монголын радио өөртөө “Радиогийн шилдэг нэвтрүүлгийн цаг” гэсэн шинэхэн  нэвтрүүлгүүдтэй болжээ. Манай сонсогчдын сонсох дуртай “Олонд хүргэх зар”, ”Бие сувилах хийх эрдэм, санамж”, “Монгол хүн”, “Монгол ухаан”, “Зуун захидал, зуун бодол” нэвтрүүлгүүд энэ оноос эхэлжээ.
1991 онд Монгол туургатны их бичгийн хүн, монгол романч Ванчинбалын Инжинаашийн “Хөх судар” романаар хийсэн радио зохиомж 32 удаагийн цуврал нэвтрүүлэг болон радиогоор нэвтэрч алтан сан хөмрөгт хүндтэй байраа эзэлжээ. “Өөрийн хүчинд тулгуурлана”, “Хүмүүс”, “Ойлголцохуй”, “Боловсрол”, ”Дуулгах сонин, Урт чихт хамтлаг”, “Гижиг, гижиг, ичиг, ичиг” наргиант нэвтрүүлгүүд урын сангаа нээжээ.
1993 оны сүүлийн хагас жилд  Монголын радиогийн амьдралд мэдээллийн “Хурд” агентлаг”, “Шинэ эрин” радио станц байгуулагдлаа. Монголын радиогийн 310007-ийн утсан дээр олон тооны зочид хүрэлцэн ирж сонсогчдын сонирхсон асуултанд шууд хариулан, зарим асуудлыг шийдвэрлэдэг боллоо.
“Чин сэтгэлээсээ ярилцая”, “Хүүхдийн утас”, “Хүүхнүүд ээ, сэтгэлээ нээцгээе” шинэ нэвтрүүлгүүд төрөн гарчээ. Сонсогчдын хүсэлтээр шинэ дуу заах булантай боллоо. Мөн энэ онд “Зах зээл”, “Улаан шугам”, “Хот, хүмүүс” зэрэг нэвтрүүлэг бий боллоо. “Хүрээ танил”, “Залуусын долгион”, “Могжоохон даагатай жогжоохон хүү” зэрэг уралдаант ба цэнгээнт нэвтрүүлгүүд эхэлжээ.
1993 оны долоодугаар сард. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар монголын радиогийн редактор, сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж “Сүүтэй чулуу”, “Эрдэнэ засгийн унага” роман, “Нас тогтох сайхан”, “Тоодог шандын зүлэг” шүлэг, дууны үг туурвисны учир Монгол Улсын төрийн соёрхол хүртсэн байна. Энэ онд байгуулагдсан “Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” эрхлэх “Буянт мал, бузар гар” нэвтрүүлэг эхлэв.Монгол улсын Засгийн газрын 1994 оны дөрөв дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаас Монголын радиогийн 60 жилийн ойг орон даяар тэмдэглэхийг Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газарт зөвшөөрчээ.
1993-12-18. Монгол улсын ерөнхийлөгчийн 122 дугаар зарлигаар Монголын радиогийн найруулагч Сосорбарамын Бүргэд Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртжээ.
Радиогийн нэвтрүүлэгтбодитой шуурхай мэдээ, зар сурталчилгааны цагийг нэмэгдүүлж, сонсогчдын амралт, чөлөөт цагт зориулсан урлаг, уран сайхны болон танин мэдэхүй хөгжөөн наргиантай нэвтрүүлгийн цагийг нэмжээ.
“Мэдээллийн хорин хором”, “Амьдралын шивнээ”, ”Радио ил захидал”, “Халуун яриа”, “Уран жиргээ”, “Амьдралын харгуй”, “Улс төрийн нэвтрүүлгийн хоёрдугаар танхимаас ярьж байна” зэрэг шинэ нэвтрүүлэг, “Шаазгайн 9 шагшраа” сонирхолтой мэдээний цоморлиг, “50:5000” хүүхдийн танин мэдэхүйн уралдаант нэвтрүүлэг бий болсон  байна.
Монгол орны нутаг дэвсгэр өргөн уудам, хүн амын суурьшил сийрэг, дэд бүтэц зэрэг онцлог нөхцөл байдлаас шалтгаалан үндэсний төв радио үүсэн бий болсон цагаасаа эхлэн өргөн олон нийтэд шуурхай мэдээллийг тасралтгүй найдвартай хүргэх гол хэрэгсэл болж ирсэн онцлогтой. Одоо МҮОНР-гийн I програм өдөр бүр 17 цаг, II програм 16 цаг, III програм буюу Р-3 радиогийн 16 цагийн, нийт 50 орчим цагийн нэвтрүүлгийг тогтмол явуулж байна. “Монголын дуу хоолой” радио станц  монгол, англи, орос, хятад, япон хэлээр өдөр тутам 2-3 удаа 30 минутаас нэг цагийн тусгай нэвтрүүлгийг хилийн чанад дахь сонсогчдод зориулан бэлтгэж эфирт гаргаж байна.
МҮОНР-ийн I суваг: (орон даяар) 164 кГц, 209 кгц, 227 кгц-ийн урт, 882 кгц-ийн дунд, Улаанбаатарт 106 Мгц хэт богино долгионоор,II суваг: (орон даяар) 7260 кгц, 4830 кгц, 4865 кгц, 4895 кгц-ийн богино долгионоор, III суваг:  Улаанбаатарт 100,9 мГц -ийн хэт богино долгионоор нэвтрүүлгээ сонсогч олон түмэндээ хүргэж байна.
Манай хамт олны дундаас Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Нямаа, Ч.Буянхишиг, Д.Дамбадаржаа нарын ажил үйлсээрээ бусдыгаа ямагт хошуучлагч сайчуудаараа манай хамт олон ямагт бахархаж байдаг юм. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн хүрээнд МҮОНР үндэсний хэмжээнд сонсогчиддоо зориулсан төрөл бүрийн мэдээ, мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөн цэнгээх хөтөлбөр, нэвтрүүлгийг утга агуулгын хувьд чанартай бэлтгэж нийтийн хүртээл болгож, сонсогч олныхоо зүгээс талархал хүлээдэг нь манайд хэвшил болжээ. Хуулиар олгогдсон бүрэн эрх үүргийнхээ хүрээнд ОХУ, БНХАУ-ын олон улсын радиогийн байгууллагуудтай харилцан хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. МҮОНР-ийн ажилч хичээнгүй гар нийлэмжтэй хамт олон үйл ажиллагаандаа ямагт хараат бус байх, бодит мэдээ, мэдээллийг олж авах иргэдийнхээ эрхийг хүндэтгэн олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэн аж ахуйн нэгж, албан байгууллага, албан тушаалтан, хувь хүний болон аливаа нам улс төрийн хүчний эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг ямагт дээдлэх үндсэн зарчмыг удирдлагаа болгон ажиллаж байна.
 

 “MNB” сайтад зориулан Радиогийн захирал М.Чойжил агсаны “Чихнээ сонсголонт радио” хэмээх тэмдэглэл /2004 он/-ээс хураангуйлан нийтлэсэн МҮОНР-ийн захирал сэтгүүлч Л.Цэрэн-Очир

 


1974-1994 он  
MNB