Шууд Chart

1954-1974 он

1954 онд Радио сурвалжлагыг анх удаа хөдөөгийн малчны хотоос Улсын радио хорооны дарга Л.Пүрэв, оператор техникч Д.Пүрэв, инженер Ц.Мятав, Ч.Лодойдамба нар хийсэн түүхтэй.
1954 онд Монголын радиогийн дуу хөгжмийн “Алтан сан” хөмрөг үндэслэгджээ. Ахмад ажилтнуудын дуртгалд “Радиогийн дуу хөгжмийн фонд”-ыг радиогийн хөгжмийн нэвтрүүлгийн ерөнхий редактор хөгжмийн нэрт зохиолч С.Гончигсумлаа эмхлэн цэгцэлж төрөлжүүлэн байгуулжээ. Фондын анхны эрхлэгчээр радиогийн ууган нэвтрүүлэгч Л.Рагчаа томилогдон ажиллаж  байжээ. 
Соронзон хальснаа шингэсэн энэ алтан сан хөмрөгт ардын билэг авъяастны зохиосон дуу хөгжмөөс эхлээд орчин цагийн манай урлагийн нэрт мастеруудын туурвисан дуу хөгжмийн шилдэг бүтээлүүд бий. Дэлхий дахинаа алдаршсан хөгжмийн суут зохиолчдын бүтээлүүд ч бас байдаг. Манай радио сонсогчдын сайн танил В.Шекспир, Гёте, М.Горький, Гоголь, А.Чехов түүнчлэн манай шинэ үеийн ууган зохиолч Д.Нацагдоржийн алдарт зохиолууд, жүжгийн нэрт зохиолч Д.Намдаг, Л.Ванган, Ч.Ойдов нарын жүжгүүд, энэ санд хадгалагдаж байна. Мөн ардын хувьсгалын партизан, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, улс ба хөдөлмөрийн баатрууд, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, соёл урлаг, ардын боловсрол, шинжлэх ухааны алдарт хүмүүсийн яриа дуртгалууд энд амьдаараа мөнхжин үлджээ.
Найруулагч Ж.Бадраа, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, техникч оператор Д.Бадамдорж нар 80 кг-ийн жинтэй, МАГ-8 аппаратаар Хөвсгөл аймгаас соёлын ордны жүжигчдийн дуу хөгжмийн бичлэг, оператор техникч Д.Лхасүрэн зүүн дөрвөн аймгаас жүжигчдийн дуу хөгжмийн бичлэг, редактор С.Цэдэв, С.Гончигсумлаа, Д.Бадамдорж нар Дорнод аймгаас “Хурим” жүжиг, Сүхбаатар аймгаас “Тоорой бандь” хөгжимт жүжгийг тус тус бичиж ирсэн нь Монголын радиогийн хөдөөд хийсэн анхны томоохон бичлэгүүдийн нэгэн болж манай “Алтан фондод” хадаглагдаж байна. 1956 оны 10 дугаар сард Л.Ванган “Тожоо жолооч” жүжиг радиогийн алтан сан хөмрөгт оржээ.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Намын Төв Хорооны 1956 оны зургаадугаар сарын 316/195 дугаар тогтоолоор Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын радио нэвтрүүлгийн ба радиожуулгын хороог БНМАУ-ын Соёлын яамны дэргэдэх “Улсын радио хороо” болгон шинэчлэн зохион байгуулжээ. Мөн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Намын Төв Хорооны 1958 оны наймдугаар сарын 07-ны өдрийн 259/246 дугаар тогтоолоор “Улсын радио хороо”–г Соёлын яамнаас тусгаарлаж биеэ даасан Улсын хороо болгосан байна. 
МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний1957 оны зургаадугаар сарын 04-ний өдрийн 345 дугаар тогтоолоор Москвагийн радиод редактор ажиллуулахаар болж,  Базаргүрийн Өсөхбаярыг томилсон нь Москва дахь манай анхны редактор хэмээн радиогин түүхэнд бичигджээ. 1957 онд Москва хотноо болсон ДЗО-ны ҮI их наадмыг улс төрийн редактор Б.Гаваа, Гадаад харилцааны хэлтсийн ажилтан, орчуулагч Д.Лодойдамба нар сурвалжилжээ. 1957 онд Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, засгийн төлөөлөгчид ЗХУ-д айлчлах үеэр Зөвлөлтийн радиотой хамтарч ажилчлалын тухай шууд сурвалжлагыг Москвагаас эх орондоо дамжуулжээ. 1958 онд Монголын радио ОИР-ийн шугамаар зохиогдсон “Энх тайван, нөхөрлөл” хэмээх олон улсын радиогийн хөгжмийн нэвтрүүлгийн уралдаанд оролцсон байна.
1958 онд хуурай зайгаар ажиллах үүргийн авсаархан магнитфон хэрэглэх болсноор сурвалжлагын хүрээ тэлж, төрөл жанр олшрон, радио нэвтрүүлгийг улам шуурхай амьд сонирхолтой хийх сайхан боломж бүрджээ.
1958 оны долоодугаар сарын нэгнээс БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 212 дугаар тогтоолоор “Радио хорооны хөгжмийн оркестрийг симфони оркестр” болгон өргөтгөв. Энэхүү симфони найрал хөгжим хожмоо “Улсын филармонид шилжиж Улсын симфони найрал хөгжим”-ийг бүрэлдүүлсэн юм.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, Намын Төв Хорооны 1959 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 325/300 дугаар тогтоолоор Улаанбаатарын шугамаар нийслэлийн хөдөлмөрчдөд зориулсан радио нэвтрүүлэг явуулах тухай шийдвэр гарчээ.
1959 оны наймдугаар сарын 09-ний өдөр Ардын хувьсгалын 40 жилийн ой угтаж зарласан соёлын довтолгооны зорилтыг биелүүлэхэд чиглүүлж “Соёлч” хэмээх анхны радио сонин бий болов. Тэр үед Ч.Лодойдамбын “Алтайд” роман, “Хугараагүй ноён нуруу” зэрэг зохиолыг жүжиглэн тоглох аргаар нэвтрүүлэн уран зохиолын нэвтрүүлгийн нэг төрөл болох радио зохиомж үүсчээ.1959 онд “Аргат шар үнэг дээлийн зах болсон нь”, “Ер бусын өрсөлдөөн” зэрэг хэд хэдэн радио жүжгийг бид тэр үед хийсэн юм даа гэж радиогийн хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн анхны найруулагч Ж.Бадраа дурсан өгүүлжээ. 1959 оноос эхлэн радиогийн бүх нэвтрүүлгийг соронзон хальсанд бичиж нэвтрүүлэх журамд шилжсэн нь радио нэвтрүүлгийн үйл ажиллагаанд бас нэгэн дэвшил болжээ.
1959-1960 онд Чехословакийн радиогийн туршлагаар “Радио соёлын их сургууль” байгуулж түүнд эчнээ суралцсан 2000 гаруй хүнд үнэмлэх олгосон байна. 1959-1960 онд Багш нарын мэргэжил дээшлүүлэх институттэй хамтарч ерөнхий боловсролын сургуулийн багш нарын радио семинар зохион байгуулжээ.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1960 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 102 дугаар зарлигаар Мэдээллийн ба радиогийн хэрэг эрхлэх газрыг өөрчлөн   БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Мэдээлэл, радиогийн улсын хороо”болгож зохион байгуулжээ.
1960 онд их хүчний радио станц, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглосон холбоо, радиогийн нэгдсэн барилга, шинэ студийг ашиглалтанд оруулснаар гадаад, дотоодын мэдээг цаг алдалгүй хүлээн авч сонсогч түмэндээ хүргэх ажлыг улам шуурхай болгож, Радио өргөн нэвтрүүлэг I, II программаар өдөр бүр хоногт 21 цагийн нэвтрүүлэг явуулах чадалтай болж бэхжиж байлаа.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 163 дугаар тогтоолоор Мэдээлэл, Радиогийн улсын хорооны орон тоог 200.5 нэгжээр тогтоож, зохион байгуулалтын бүтэцийг дараах байдлаар баталжээ. Үүнд:
1. Удирдах хэсэг
2. Мэдээллийн хэлтэс -Сүүлийн үеийн мэдээллийн редакц
3. Нэвтрүүлгийн хэлтэс
·         Суртал нэвтрүүлгийн редакц
·         Хөдөө аж ахуйн редакц
·         Үйлдвэр, худалдаа, тээвэр холбоо, нийслэлийн хөдөлмөрчдөд зориулсан нэвтрүүлгийн редакц
·         Хүүхэд, залуучуудад зориулсан нэвтрүүлгийн редакц
4.    Гадаад мэдээллийн хэлтэс
5.    Программын хэлтэс
·           Жүжиг, уран зохиолын редакц
·           Дуу хөгжмийн редакц
6.    Лавлах тасаг
7.    Олон улсын харилцааны хэлтэс
8.    Захидал харилцааны тасаг
9.    Орчин үеийн Монгол улс сэтгүүл
10.Бичиг хэргийн товчоо
11.Техникийн хэлтэс
12.Захиргаа, аж ахуйн хэлтэс 
 
1960-аад оноос эхлэн Хөдөө аж ахуйн цаг үеийн чухал компанит ажлыг эрчимжүүлэхэд туслах зорилготой “Ширхэг тариа шижир алт”,”Тарган тавтай өвөлжихийн төлөө”, “Төл бүрийг мал болгоё” зэрэг цуврал нэвтрүүлэг явуулав. 1974 онд Сурагч, багачуудын хөгжмийн боловсролд зориулсан “Эгшигт хайрцаг” цуврал нэвтрүүлэг эхэлжээ. 1966 онд Сайд нарын зөвлөлийн 466 тооттогтоолоор Мэдээлэл, радиогийн улсын хорооны дэргэд Цахилгаан хөгжмийн чуулга байгуулсан нь хожим улсын филармоны “Баян монгол” чуулгын үндэс болжээ.
1974 он. “Радиогийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг бий болж,энэ оноос эхлэн хорооны уран бүтээлчид, инженер техникийн ажилтан, нийт ажилчдын дунд социалист уралдааныг ажил сайжруулах нэг чухал хөшүүрэг болгон өрнүүлж ирэв. Жил бүрийн хагас, бүтэн жилээр дүгнэж хорооны тэргүүний албан нэгж, ажил мэргэжлийн аваргуудыг шалгаруулж байв.

1954-1974 он  
MNB