Шууд Chart

1934-1954 он

Хоёр: Монгол улсад радио нэвтрүүлэг үндэсний хэмжээнд цацагдаж эхэлсэн нь

1934 оны есдүгээр сарын 01Монгол улсынхэмжээнд орон даяар радио өргөн нэвтрүүлгийг албан ёсоор эхлүүлсэн түүхэн тэмдэглэлт баярын өдөр.
Энэ өдрийн 11.00 цагаас БНМАУ-ын Ерөнхий сайд П.Гэндэн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Лувсаншарав, Холбооны яамны сайд Мэнд, Гэгээрүүлэх яамны сайд Дамбийням мөн Лосол, Нанзад, Өлзийбат, Сосорбарам ЗХУ-аас манай улсад суугаа элчин сайд зэрэг албаны хүмүүс “Радио нэвтрүүлэх  станц-ын газарт хүрэлцэн ирж, радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагааны баярын нээлтэд оролцсон байна.Холбооны яамны сайд Мэндийн радиогоор хэлсэн баярын нээлтийн үгийгУлаанбаатар хот хөдөө орон нутгийн 13 аймагт цацсан нь Монголд радио өргөн нэвтрүүлэг үүсч бий болсон тухай он цагийн түүхэн баримт юм.
 
“Анхаараарай, радио хорооноос ярьж байна” гэж эхэлсэн тэр түүхт өдрийн нэвтрүүлгийг “Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороо-ны орчуулагч бөгөөд радиогийн уран сайхны нэвтрүүлэгч Жалсрайн Батааг ийн дуу хоолойгооор орон даяар цацагджээ. 1935 оны нэгдүгээр сараас эхлэн радиод анхны эмэгтэй нэвтрүүлэгч Лувсангийн Рагчаа ажиллаж олон түмнийг соён гэгээрүүлэх үйлст эмэгтэйчүүд оролцож эхэлжээ. 
            1934 он гэхэд “Радиогийн харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороо нь нэг эрхлэгчтэй, хоёр нэвтрүүлэгчийн орон тоотой ажиллаж байлаа. Радио нэвтрүүлгийн нэг студитэй, 1700 гаруй радио цэгтэй.  Өдөрт 2-оос илүүгүй цагийн нэвтрүүлэг явуулдаг байжээ. Энэ үед дээрээ цаг бүхий цамхагтайСүхбаатарын талбайн баруун урд хоёр давхар байшинд тэр үеийн Холбооны яам байрлаж байсан бөгөөд Радио хороо ч мөн тэнд байрлаж байв.
            Монголын радио түүхэн хөгжлийнхөө явцад урлаг уран бүтээлийн шинэ шинэ хэлбэрийн ажлыг цаг ямагт эхлүүлж байсны анхдагч нь 1934 оны 12 дугаар сард зохион байгуулсан “Радио үдэшлэг бөгөөд түүнд  манай нэрт зохиолч С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Н.Наваан-Юндэн, Д.Намдаг, Д.Цэвэгмид, П.Хорлоо, Т.Нацагдорж, Л.Цэнд-Очир нар уригдан оролцсон нь өнөөгийн МҮОНР-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд уламжлал болон хэрэгжиж байгаа билээ. 1935 оны тавдугаар сарын 15-нд тусгай программаар ерөнхий эрдмийн хичээл заах “Нүд далдын сургууль” хэмээх анхны Радио сургууль нээсэн нь орчин цагийн “Зайн сургалт”-ын эхлэл ингэж тавигдсан гэж түүх судлаачид үздэг. 
1938 оны наймдугаар сараас эхлэн радио нэвтрүүлгийг “Радио сонин” хэмээн нэрлэж, түүний эрхлэгчийн үүргийг МАХН-ын Төв Хорооны ухуулан боловсруулах хэлтсийн ажилтан гүйцэтгэх болж,радиогийн өглөөний нэвтрүүлгийг хоёр цагаар нэмэгдүүлж, 7.00-11.00 цаг хүртэл явуулахаар шийдвэрлэж байжээ. 
1939 оны арван нэгдүгээр сарын 09-нд Радио нэвтрүүлгийн зөвлөгөөн болж түүнд   БНМАУ-ын албан яамд, аж ахуй, олон нийтийн байгууллагын сайд, дарга, радио уран сайхныг явуулахад хамрагддаг бүх байгууллагын хариуцлагатан нар оролцжээ. Төвийн радио нэвтрүүлгийн байдалд дүн шинжилгээ хийж цаашид авах арга хэмжээний талаар чухал заалт бүхий тогтоол батласан байна.
            1940 оны дөрөвдүгээр сарын 18-нд хуралдсан МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний хурлаас радио нэвтрүүлгийг харилцан нэвтрэлцэх холбооноос тусгаарлаж  МАХН-ын Төв Хорооны шууд удирдлагын дор ажиллах “Радио хороо” болгон зохион байгуулжээ.
1940оны арваннэгдүгээр сараас эхлэн МАХН-ын Төв Хорооны ухуулах боловсруулах  хэлтсээс  идэвхтэн лекторын групп байгуулж онол, түүх, олон улсын байдал, нам, засгийн цаг үеийн бодлогын асуудлаар сар тутам радио лекц явуулж, радиогийн шууд нэвтрүүлгийг “Соёлын ордон”,“Залуучуудын театр”, “Цэргийн театр”,  ”Улсын төв театр”-аас явуулдаг болж, “Гайхамшигт лимбэ”, “Цэнд комиссар”, “Өргөмөл сувд” хэмээх дуулалт жүжгийг радиогоор нэвтрүүлж эхэлжээ.Ардын хувьсгалын өлгий Алтанбулаг хотоос “Майн баяр”-ын концерыг  хүлээн авч улс орон  даяараа дамжуулан нэвтрүүлжээ.
1941 оноос эхлэн“Шоринофон” гэдэг аппаратаар кино хальсанд нэвтрүүлгээ  бичиж, дуу хураагч аппарат анх удаагаа хэрэглэж эхэлсэн нь радио нэвтрүүлэгт хүний хүч, хөдөлмөр, цаг хэмнэж нэвтрүүлгийг жинхэнэ амьд дуу хоолойгоор баяжуулсан нь радиогийн үүсэл хөгжлийн түүхэнд  нэгэн шинэ дэвшил болжээ.
1942 оны хоёрдугаар сараас эхлэн радио нэвтрүүлгийн цагийн ерөнхий сүлжээг бий болгож, “Өглөөний”, “Үдшийн” гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулж, “Үдшийн” улс төрийн нэвтрүүлгийг даваа, баасан гарагт Намын төв хороо, лхагва гарагт МХЗЭ-ийн Төв Хороо, пүрэв гарагт МҮЭ-ийн Төв Зөвлөл, баасан гарагт Шинжлэх ухааны хүрээлэнгээс эрхлэн хариуцаж  тогтмол цагийн  хуваариар явуулахаар болжээ.
1940-өөд он гэхэд радио нэвтрүүлгээр малын төл бойжуулах, хаврын тариалалт, хашаа, худгийг олшруулах, сүү тос, өөх тосны бэлтгэл, бог малын хээлтүүлэг, өвс хадлан зэрэг хөдөө аж ахуйн цаг үеийн ажлын тухай мэдээ материал зонхилж байлаа.
            Төвийн сонин хэвлэлийн нийтлэл, мэдээ мэдээллийг голчлон нэвтрүүлэхийн зэрэгцээ шинэ үеийн бичиг  үсэгт тайлагдсан  хүмүүс, хамт олны тухай,эх орны аугаа их дайн, Зөвлөлтийн ард түмний баатарлаг тэмцэл, фронтод туслах хөдөлгөөн, ялалтын тухай, Нюринбергийн шүүх хурлын тухай мэдээ материал чухал байр эзэлж байсан байна. 
Радио нэвтрүүлэгтэй өдөр бүрийн 9.00, 17.00 цагуудад Москвагийн  радиогийн сүүлийн үеийн мэдээг 10-15 минутаар орос хэлээр мөн Москва, Эрхүүгийн сонин содон мэдээ мэдээллийг дамжуулж  байжээ.
            Долоо хоног бүрийн мягмар гарагт казах хэлээр, пүрэв гарагт хятад хэлээр нэвтрүүлэг явуулж байлаа. Дэлхийн хоёрдугаар дайнд Монгол улс татагдан оролцсоноор “МХЗЭ-ийн Төв Хорооны суртлын хэлтэс”, “Уран сайхны хэрэг эрхлэх газрын утга зохиолын хэлтэс”, “Радио хорооны уран сайхны нэвтрүүлгийн редакц” хамтран радио программыг цэрэг татлагад зориулан явуулж байжээ. 1944 оны хоёрдугаар сард МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний тогтоолоор “Радио хорооны зөвлөл”-ийг шинэчлэн байгуулж, “Радио хороо”-ны даргаар Намын Төв Хорооны лекторын товчооны дарга Ч.Лодойдамбыг томилсон нь МҮОНР-ийн анхны дарга хэмээн түүхэнд бичигджээ.
Радио хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд МХЗЭ-ийн Төв Хорооны Дамдин, хотын намын хорооны нарийн бичгийн дарга Содномбалжир, Үнэн сонины эрхлэгч Дамдинсүрэн, Уран сайхны хүрээлэнгийн дарга Болд, Радио хорооны орлогч дарга Дуламдорж, Засгийн газрын ажилтан Дэндэв, Харилцан нэвтрэлцэх холбооны орлогч дарга Лувсанцэнд нарыг оруулан баталжээ.
1944 оны статистикийн мэдээгээр Улаанбаатар хотод бүх айл өрхийн 70%, хөдөө орон нутагт айл өрхийн 46%-ийг радиожуулсан нь радиогийн мэдээ мэдээлэл түгээх үйл ажиллагаа бүх нийтийг хамрах болсны баталгаа юм. Радиогийн үйл ажиллагаанд ЗХУ-ын мэргэжилтнүүдийн дэмжлэг туслалцаа ус агаар мэт хэрэгтэй байсныг радиогийн түүхэнд бичиж үлдээсэн нь ч байдаг юм. Техникийн засварын мэргэжилтэн В.С.Вяткин өөрийн бүтээсэн шоринофон аппаратынхаа кино хальснаа “Монгол интернационал” дууг бичиж “Радио өргөн нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд” сууж байсан байшингаасаа шууд дамжуулан нэвтрүүлж өгдөг байжээ.
1945 оны дөрвдүгээр сараас эхлэн өдөр бүр орос хэлний нэвтрүүлгийг явуулдаг болсноор 1945 оны тавдугаар сарын 09-ний өдрийн Ялалтын баярт зориулсан Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн цуглаанаас шууд сурвалжлагыг /Х.Намсрайжав/ хийж түүхэнд үлдээжээ. 1946 оноос Л.Мөрдорж хөгжим “Эх орон” дууны аялгуугаар Монголын радио өглөө бүрийн өргөн нэвтрүүлгээ эхлэх “Радио дохио” болгон өгч эхлээд түүхт 80 жилтэйгээ золгож явна.
МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1947оныесдүгээр сарын 12 -ны өдрийн 73 дугаар тогтоолоор “Радио хороо”-ны даргын албан тушаалаас Ч.Лодойдамбыг чөлөөлж, Г.Дуламдоржийг томилсон байна.
Радио хороог бие даасан байгууллага болгож, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх “Улсын радио нэвтрүүлгийн ба радиожуулгын хороо”-г байгуулж тус хороо нь улс төрийн нэвтрүүлгийн хоёр үндсэн хэлтэстэй, 12 хөгжимчин бүхий үндэсний хөгжмийн хэсэгтэйгээр зохион байгуулагджээ.
Өглөө бүр 7.00-9.00 цаг, орой 17.00-22.00 цаг хүртэл өдөрт долоон цагийн нэвтрүүлэг явуулж байлаа. Өглөөний нэвтрүүлгээр уран сайхан, дуу хөгжмийн концертыг плёнк ба пянзаар орой нэвтрүүлгээр“Улсын төв театр”, “Цирк”, “Дотоод яамны ансамбль”, “Цэргийн болон үлгэр жишээ клуб”, “Хятад ажилчдын  клуб”, “Сэргийлэхийн клуб”, “Комбинатын клуб”, “1, 2 ,3 дугаар хорооны клуб”, “Хэвлэх үйлдвэрийн уран сайханчид” зэрэг урлагийн газруудыг радио хороон дээр урин ирүүлж бэлтгэсэн концертыг нь шууд дамжуулдаг байжээ.
1947-онд Америкийн Атлантик Сит, 1948 онд Мексикийн Мехикод болсон өндөр үелзлэлийн радио нэвтрүүлгийн олон улсын бага хуралд монголын төлөөлөгчид оролцсон нь гадаад томилгооны анхных нь байлаа. 1949 оны есдүгээр сарын нэгэнд Орон даяар радио өргөн нэвтрүүлэг эхэлсний 15 жилийн ойг тэмдэглэжээ.
МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1949 оны аравдугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор радиогийн программд өдөр тутмын сонины тойм, олон улсын хоорондын байдал, онолын зарим асуудал, малчин, залуучууд, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, сонсогчдын захиалгат концерт, уран зохиолын нэвтрүүлэг, радио жүжиг, олон улсын ба зөвлөлтийн дуу хөгжим оруулж байхыг заажээ.
1946-1951 онд бүх сумдыг радиожуулахаар шийдвэрлэж, 1954 онд Улсын төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 500 багийг радиожуулсан нь радио нэвтрүүлгийг хөдөөгийн малчид, хөдөлмөрчдөд хүргэж, үр нөлөөгий нь өргөтгөхөд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон байдаг.
  1950-аад оноос эхлэн Хөдөлмөрчдийн улс төрийн хүмүүжилд зориулсан тусгай нэвтрүүлэг бэлтгэн радиогийн долоо хоногийн программд тогтмол оруулснаар радиогийн түүхэнд “Хөдөөгийн хөдөлмөрчдөд зориулсан нэвтрүүлэг” ингэж эхэлжээ. “Мал бол манай алтан фонд” нэрийн дор бог малын төл бойжуулахад зориулсан нэвтрүүлэг явуулсан нь манай радиогийн анхны томоохон цуврал нэвтрүүлэг төдийгүй “Малчин радио”, “Төл таван эрдэнэ” нэвтрүүлгийн үүсэл хөгжлийн эхлэл байжээ.
Москва хотноо суралцаж байсан Л.Цэнд, Д.Ням-Осор нарын манай оюутнууд нэвтрүүлгээ уншиж байсан бол 1952 оны долоодугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Москва хотод радиогийн монгол хэлний редакцид ажиллах Монголын радиогийн анхны нэвтрүүлэгчээр Дугарсүрэнгийн Цэдэвсүрэн томилогдож ажиллажээ. Сайд нарын Зөвлөлийн 1953 оны наймдугаар сарын нэгний өдрийн 311-р тогтоолоор Л.Пүрэвийг Монголын радио хорооны даргаар томилжээ. 1952 оны есдүгээр сард Монголын радио олон улсын радиогийн байгууллага ОИР-ийн гишүүнээр элсэж, Монголын радио хорооны дарга Г.Дуламдорж, холбооны инженер Чимиддорж нар Монголын радиог төлөөлөн ОИР-ийн их хуралд оролцжээ.
Монголын радиогийн гадаад харилцаа өдрөөс өдөрт улам өргөжин тэлж, 1953 оны есдүгээр сарын 13-ны өдөр Монголын радио Зөвлөлтийн радиогийн байгууллагатай хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ. Энэхүү хэлэлцээрт Монголын радио хорооны дарга Л.Пүрэв гарын үсэг зурсан байна. Дараа нь Хятад, Румины радиотой мөн гэрээ хэлэлцээр байгуулжээ.
МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1953 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 86/220 дугаар тогтоолоор “Радио хороо”-ны зохион байгуулалтыг өөрчилж  “Хорооны дарга”, “Улс төрийн нэвтрүүлгийн ерөнхий редакц”, “Уран сайхны нэвтрүүлгийн ерөнхий редакц”, “Сурвалжлагчдын хэлтэс”, “Программ ба нэвтрүүлэх хэлтэс”, “Техник хяналтын ба дуу бичлэгийн хэлтэс”, ”Гадаад харилцааны хэлтэ”, “Аж ахуйн хэлтэс”, “Үндэсний хөгжмийн оркестр”, “Дикторууд” гэсэн бүрэлдэхүүнтэйгээр баталсан нь өнөөгийн МҮОНР-ийн бүтэц зохион байгуулалтанд уламжлагджээ. 1954 оноос Радиогийн нэвтрүүлэгчдэд анх удаа 1,2,3 гэсэн мэргэжлийн зэргийн ангилал тогтоож тэдний мэрэгжлийн чадал чансааг харгалзан цалинжуулдаг байсан нь радио нэвтрүүлэгт чанарын ахиц гарчээ.

 


1934-1954 он  
MNB