
Манай улсын бүх шатны боловсролын байгууллагад багшлах боловсон хүчин дутагдалтай байгаагаас ЕБС-д бага ангийн 7800 багш хэрэгцээтэй байгаа статистик тооцоо бий. Багшлах боловсон хүчин ийм дутагдалтайн дээр БАГШ болох чин хүсэлтэй хүүхэд залуус жил ирэх тусам цөөрч багшийг үнэлэх, нийгмийн хандлагад өөрчлөлт оруулах цаг болсныг гэрчилдэг. Тиймээс багш бэлтгэж ирсэн Монгол Улсын ууган сургууль МУБИС, МҮОНР хамтран багш болох хүсэлтэй, багш болохоор их, дээд сургуульд суралцах элсэлтийн шалгалт өгөх төгсөх ангийн сурагчдын дунд “Радио конкурс” уралдаант нэвтрүүлгийг 2017 оны 2-р сарын 1-нээс 5-р сарын 31-нийг хүртэл орон даяар амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Нийт 18 аймаг, нийслэлийн төгсөх болон ахлах ангийн 120 гаруй сурагч оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөнөөс Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч Амгаланбаатарын Минжинсор тэргүүн байр эзэлсэн бол дэд байрт Архангай аймгийн Батцэнгэл сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч Д.Нямдулам шалгарлаа.
“Радио конкурс” уралдаант нэвтрүүлгийн хүрээнд МУБИС-ийн эрдэмтэн багш нарын баг ажиллаж, нэвтрүүлэг тус бүрийн асуулт даалгаврыг боловсруулан оноо үнэлгээг дүгнэснээс гадна МУБИС-иас төрсөн Монгол Улсын Гавьяат багш Цэрэнханд, Батсуурь нар нэвтрүүлэгт оролцогч хүүхдүүдэд багш болохын давуу талыг онцолж зөвлөгөө зөвлөмж өгч байлаа. Мөн МУБИС-д суралцаж байгаа шилдэг оюутнуудын төлөөлөл нэвтрүүлгийн зочноор уригдаж, тухайн сургуульд амжилттай суралцсанаар ямар боломж нээгдэх, мөн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж болох талаар мэдээлэл хүргэж байв.
МҮОНР-ийн ХЗР-ын уран бүтээлчид МУБИС-тай хамтран явуулсан “Радио конкурс” уралдаант нэвтрүүлгийнхээ явцад “МҮОНР Хүүхдийн нэвтрүүлэг” гэсэн пэйж хуудсыг ажиллуулж, тухайн өдрийн нэвтрүүлгийн даалгавар, зөв хариулт, оролцогч хүүхдүүдийн санал хүсэлтийг тухай бүрт нь бүртгэлжүүлж ажиллалаа.
Уралдаант нэвтрүүлэгт шалгарч тэргүүн байр эзэлсэн 1 сурагч МУБИС-д хүссэн ангиа сонгон суралцах эрхтэйгээс гадна, 1 жилийн сургалтын төлбөрөөс 100% хөнгөлөгдөх юм. /Цашид 3-аас дээш оноотой суралцвал захирлын нэрэмжит 9 төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой/
Уралдаанд шалгарсан дэд байрын 1 сурагч МУБИС-д хүссэн ангиа сонгон суралцахаас гадна 1 жилийн сургалтын төлбөрөөс 50% хөнгөлөгдөх юм.
Мөн уралдаанд амжилттай оролцсон 15 сурагчид МУБИС-д элсэх эрх олгох батламж гардуулав. Сурагчид маань алс холын аймгаас гэлтгүй хүрэлцэн ирж шагнал, батламжаа гардан сэтгэлийн үгээ хэлж, баяр хөөр дүүрэн буцацгаалаа.
ХЗР-ийн санаачлан хэрэгжүүлсэн энэ зорилтот нэвтрүүлэг хүүхдүүдийн бүтээлч оролцоог дэмжсэн, хүсэл тэмүүлэлд нь дөрөөлж мэргэжлээ сонгон суралцах хувь заяаных нь замд сайхан гарц нээсэн, үндэсний хэмжээнй томоохон ажил болсныг оролцогчид болоод тэдний ар гэрийнхэн чин сэтгэлээсээ үнэлж байлаа.
Та нар маань сайн багш болж, олон мянган хүүхдүүдийг эрдмийн замд төдийгүй хүн болох амьдралын замд гараас нь хөтлөх үнэ цэнэтэй мэргэжилтнүүд болоорой.
“Радио конкурс” нэвтрүүлгийн шилдэг оролцогчид
1. Амгаланбаатарын Минжинсор / Хэнтий Биндэр/
2. Нямдулам / Архангай Батцэнгэл/
Уралдаанд амжилттай оролцсон дараах 15 сурагчид МУБИС-д элсэх эрх олгох батламж гардууллаа.
1. Ренчинсэнгийн Энх-Амгалан / Өвөрхангай 4-р сургууль/
2. Ундрам / УБ 28-р сургууль/
3. Баярцэнгэлийн Сарнай / Дорнод/
4. Батбаярын Золжаргал / БЗД 87-р сургууль/
5. Марал-Эрдэнэ / УБ 28-р сургууль/
6. Баярмагнайн Эрдэнэтуул /Завхан Тэлмэн сум/
7. Хүдэрчулууны Анужин / Хэнтий Биндэр/
8. Өлзийдаваа / Говь-Алтай Бигэр сум/
9. Хонгорзул / Дорноговь Сайншанд/
10. Энхзаяа / Өвөрхангай 1 сургууль/
11. Одхүү / УБ БЗД 88-р сургууль/
12. Батцэцэг / Говь-Алтай 1-р сургууль/
13. Энхрийлэн / Хэнтий/
14. Хоролгарав / Хэнтий Тэмүүжин цогцолбор/
15. Б.Минжинсор / Хэнтий Биндэр/
“Радио конкурс” уралдаант нэвтрүүлгийн шагналыг гардууллаа | ||
Үзсэн: 1396 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.