Өнөөдөр “Уяхан замбуутивийн наран” дуугаараа зон олныг уярааж, уртын дууны шуранхайг тал нутгийн хөх тэнгэрийн дор эгшиглүүлсэн уртын дуучин Н.Норовбанзад агсны мэндэлсэн өдөр.
Тэрээр 1931 оны 12 сарын 10-нд Түшээт хан аймгийн Боржигин сэцэн вангийн хошуунд (өнөөгийн Дундговь аймаг) Сүүдэртийн улаан овоо гэдэг газар төрсөн юм. Түүнийг багад нь “бундан цагаан” хэмээн өхөөрдөн нэрлэдэг байжээ. Н.Норовбанзадын ээж Намжил нь дуу хуур, наадамд дуртай, лимбэ хөгжим үлээдэг, уран цэцэн үгтэй, үлгэр домог ярьдаг хүн байсан гэдэг.
Н.Норовбанзадын анхны дуулж сурсан уртын дуу нь “Сэрүүн сайхан хангай” байжээ. Тэрээр 1940 оны төмөр луу жилийн намар 9 настайдаа Дэлгэрцогт сумын бага сургуульд орсон бөгөөд тухайн үед алдарт дуучин Төмөр тус сургуульд багшилдаг байсан. Тухайн үед тэрээр сургуульдаа дуу дуулдгаараа алдаршиж “Дуучин шар” хэмээх хочтой болсон юм.
Түүнийг 3-р ангид орох жил буюу 1942 онд эцэг Дамдин нь нас барж, тэрээр сургуулиа орхин малчин болсон аж. Дэлхийн II дайн дууссан 1945 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойн баярт сайн дурын уран сайханч Н.Норовбанзад Нийслэл хотод ирж “Идэр Жинчин” -г дуулаад нутаг буцсан нь их урлагт хөл тавихын эхлэл болсон гэдэг.
1957 онд тухайн үеийн ЗХУ-ын нийслэл Москва хотод болсон Дэлхийн Залуучууд Оюутны VI-р Их Наадамд оролцож Н.Норовбанзад тус наадмын тэргүүн байр эзлэн, алтан медаль хүртжээ. Ингээд төрийн шагналт, МУГЖ Л.Цогзолмаа багшийн хамтаар 6 сар бэлтгэл хийгээд 7 дугаар сард Москва хотыг зорин, тус наадмаас мөн л алтан медаль хүртжээ. Н.Норовбанзад хэлэхдээ “Сэрүүн сайхан хангай бол миний зүрхний дуулал, миний сүлд дуу юм” гэсэн байдаг.
1961 оны төмөр үхэр жил Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярт "Уяхан замбуутивийн наран" дуугаа дуулсан нь өндөр үнэлгээ авсан байна.
Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад 1961 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, 1969 онд Монгол Улсын Ардын жүжигчин, 1984 онд Төрийн шагнал, 1993 онд Японы Фукуокогийн Азийн соёлын шагнал, мөн 1997 онд Монол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байв.
Монголын уртын дууны их оргил болсон тэрээр “Өвгөн шувуу хоёр”, “Дуртмал”, “Цэвцгэр хурдан шарга”-аас эхлээд дунд гарын “Алтан богдын шил”, “Урьхан хонгор салхи” бэсрэг дуу, “Зээргэнэтийн шил”, “Хүрэн толгойн сүүдэр”, “Сэрүүн сайхан хангай”, “Уяхан замбуутивийн наран” дууг дуулж Монголд болоод дэлхийд танигдсан билээ.
Тэрээр дуулахаас гадна мөн жүжиглэх авъяастэй нэгэн байсан аж. Дундговь аймгийн Мандалговь сумын клубт жүжигчнээр ажиллаж, “Далан худалч” жүжгийн Алимаагийн дүрийг бүтээж байжээ. Түүний амьдралын хуудсууд монголын уртын дууны болоод урлагийн тайзтай салшгүй холбоотой байсан юм. Н.Норовбанзад “Би жаргалтай хүн. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Зууны манлай гээд төр түмнээс хайрладаг алдар цол бүхнийг үлдээж тунгаалгүй бүгдийг хүртлээ. Би ер нь хаанахын ч бай хүн зонд дуугаа зориулж явахдаа жаргалтай байдаг. Ард олныхоо хайр ивээлийг өдөр тутам хүртэж явна. Тэр дундаа “Уяхан замбуутивийн наран” дуугаа дуулахдаа нэгэн ер бусын гайхамшигт ертөнцөд нисэн хүрэх мэт болж, үлэмж жаргал эдэлдэг юм даа” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэрээр 2002 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч түүний тухай таатай, гэгээлэг сайхан дурсамжууд ард олны дунд түгэн уламжлагдсаар байна. Түүний нэрэмжит сан байгуулагдан ажиллаад өдгөө 10 жилийг ардаа орхижээ. Мөн 2013 он 10-р сард Н.Норовбанзад түүний хань зохиолч, Н.Банзрагч нарын гэр музейг нээсэн билээ.
Монгол түмний соёлын өв болсон уртын сайхан дуугаараа дэлхийг эзэгнэсэн зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад агсны мэндлэсэн энэхүү өдөр MNB.MN сайтаас уншигч та бүхэндээ дурсамж хүргэхийн ялдамд эрхэм дуучны амьд сэрүүн ахуйдаа Японы NHK телевизэд бичүүлсэн “Уяхан замбуутивийн наран” дууны бичлэгийг хүргэж байна.
Өнөөдөр уяхан замбуутивийг эзэгнэгч Н.Норовбанзад агсны мэндэлсэн өдөр | ||
Үзсэн: 5937 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.