
Монгол киноны нэрт орчуулагч радио телевизийн тэргүүний ажилтан Бямбын Пүрэв хүнд өвчний улмаас 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр таалал төгслөө. Тэрээр 1956 онд Дундговь аймгийн Луус сумын “Зодох” гэдэг газар Бямбаагийн 4 дэх хүү болон мэндэлжээ.
Талийгаач маань бага насандаа эцэг эхийн хайр халамжинд өсч хүмүүжин, 1964-1974 онд Дундговь аймгийн 10 жилийн сургууль, 1974-1975 онд хуучнаар ЗХУ-ын Ленинград хотод хэлний бэлтгэл, 1975-1979 онд Омск хотын Технологийн дээд сургуулийг гэрэл зурагчны мэргэжлээр суралцан төгсчээ. 1979-1984 онд МОНЦАМЭ агентлагт гэрэл зурагчин, тусгай сурвалжлагчаар ажиллаж байгаад 1984-1990 онд Ардчилсан Герман улсын Лайпциг хотын их сургуулийг урлаг судлаач мэргэжлээр суралцан төгсчээ.
Талийгаач маань 1990 оноос Монгол телевиз хэмээх их өрх бүлд багтан оператор, кино редактор, орчуулагч, кино программын редакцийн ерөнхий редактороор тус тус ажиллаж байлаа. Талийгаачийн маань орчуулсан, Монголын ард түмний сэтгэлд хоногшсон кинонуудаас дурьдвал “Хатан хаан СиСи” “Мятрашгүй Жулиа”, “Напалеон”, “Загалмайлсан эцэг”, “Амьдралын хүрд”, “Өргөст модны шувуу” зэрэг нийт 100 гаруй дэлхийн сор болсон киног эх хэлнээ яруу тунгалагаар буулган үзэгч түмэндээ хүргэсэн юм.
Монгол киноны нэрт орчуулагч радио телевизийн тэргүүний ажилтан Бямбын Пүрэв таны гэгээн дүр, хөдөлмөрч, хичээнгүй, нөхөрсөг дүр төрх бидний сэтгэл зүрхэнд мөнхөд орших болно.
Ум сайн амгалан болтугай
Эмгэнэл | ||
Үзсэн: 3286 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.