Шууд Chart

“Босго Тотго” буюу жаргах ёсгүй түүхийн өмнөтгөл ба үргэлжлэл

2013-12-25 10:36:22

2013 оны есдүгээр сарын 16. Эл өдөр Монголын хилчдийн түүхийг өгүүлсэн “Босго тотго” түүхэн уран сайхны киноны анхны анги дэлгэцнээ гарч эхэлсэн юм. Түүнээс хойш хоёр сар гаруйн хугацаанд уг кино хилчдийг төдийгүй монголчуудыг цэнхэр дэлгэцийнх нь өмнө үдэш бүрийн 22.00 цагт сайтар бөх аргамжсан гэж хэлж болно. Хилчдийн итгэл, сэтгэл, МҮОНТ-ийн уран бүтээлчдийн чадварлаг хамт олон, мундаг жүжигчдийн тусламжтайгаар бүтсэн кино маань арваннэгдүгээр сарын 29-ний өдөр төгсгөлийн ангиа үзэгч түмэндээ өргөн барилаа. Жил хагасын хугацаанд зураг авалт нь үргэлжилсэн энэхүү бүтээл ХХБ-ын төдийгүй хүчний байгууллагын түүхэнд хийгдсэн анхны олон ангит, түүхэн кино гэдгээрээ онцлогтой. Агуулгынх нь хувьд аваад үзэхэд л энэ кино агуу бүтээл болсон гэдгийг бардам хэлье. Бид уран сайхны аргаар түүхээ өгүүлсэн маш сайхан кинотой болоод авлаа. Уран сайхны аргаар шүү. Түүнээс биш баримтат кино биш. Мэдээж мэргэжлийн хүний нүдээр харахад ганц нэг өчүүхэн гэмээр алдаа байсан. Гэхдээ түүх гуйваагүй. Тиймээс алдаа оноог дэнслэхээ түр орхиод орчин цагийн ХХБ-ын үүсч, хөгжсөний 80 жилийн хугацаанд хилчид бид түүхээ бичин үлдээж, уран сайхнаар мөнхөлж чадсан гэдгээрээ бахархъя. Тиймээс кино хийх санааг гаргасан, бүтээсэн, хэрэгжүүлсэн хүн бүхэн ХХБ-ын түүхэнд гавъяатай юм.

Саяхан л “Батыг яагаад үхүүлчихээ вэ?”, “Цаашдаа юу болох бол?” хэмээн сэтгэл догдлонгуйгаар шимтэн үздэг байсан киноныхоо төгсгөлийн ангийг хилчид МҮОНТ-ийн уран бүтээлчдийн хамтаар эл өдөр хүлээн авлаа. Киноны хаалтын ажиллагаа ХХЕГ-ын Соёлын төвд болсон бөгөөд МҮОНТ-ийн захирал, киноны ерөнхий продюссер М.Наранбаатар, Төрийн соёрхолт, зохиолч Д.Норов, ерөнхий найруулагч Н.Энхтүвшин, зөвлөх найруулагч СГЗ Б.Нагнайдорж, програмын захирал Г.Агааноров, продюссер Б.Ариунаа, ерөнхий зураглаач Н.Азжаргал, ерөнхий зураач Д.Батмөнх, зургийн дарга Ч.Баярлах, дууны найруулагч Ц.Гүндэгмаа, зураач Ж.Авид, туслах найруулагч М.Төгөлдөр, гэрэлтүүлэгч П.Учрал, эвлүүлгийн найруулагч Ж.Амартүвшин, нүүр хувиргагч Ч.Алтанзул, туслах редактор Р.Хонгорзул, хувцасны эрхлэгч С.Хулан, туслах найруулагч Э.Түмэн-Өлзий, хөгжмийн зохиолч, дэд хурандаа Т.Сэр-Од, “Босго тотго” киноны “Гүдэс аялгуу” дууг дуулсан СТА, дуучин Н.Гантулга нарын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн юм.
Уран бүтээлчид соёлын төвийн тайзны хойморт зассан суудалд тухалж, кино хэрхэн бүтсэн түүх болоод хилчдийн талаар өөрсдийн сайхан дурсамжуудыг хуваалцлаа. Мөн “Босго тотго” кинонд зориулан бүтээсэн “Бид мартахгүй”, “Миний эзэн”, “Хан хурмастын бүсгүй”, “Гүдэс аялгуу”, “Дэслэгч” зэрэг дуунууд энэ үеэр эгшиглэв. МҮОНТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарын хувьд “Босго тотго” кинонд хилчин хурандаа Зодовын дүрийг бүтээсэн. Тэрбээр, “Энэ кино Монголын ард түмнийг байлдан дагуулж чадсан. Хараат бус байгууллагын судалгаагаар кино гарахаас өмнө, гарсны дараах үзэгчдийн хандалтыг харахад тун өндөр үзүүлэлт гарсан. Ер нь Монгол Улсын дөрвөн захын цэгт хүрч бүтсэн уран бүтээл гэж байдаггүй. Энэ киноноос Монголын ард түмэн хилчид гэж ямар хүмүүс байдаг, ямар түүхэн гавъяа байгуулсныг нь олж харсан байх. Мөн “Босго тотго” кинонд зориулж таван сайхан дуу төрөн гарчээ. Эдгээр дуунууд бүгд хит болж чадлаа. Энэ киноны Батын дүр хүмүүсийн сэтгэлд их тод үлдсэн. Учир нь хүмүүс над руу залгаад “Батыг яагаад үхүүлчихэв?” гэж хүртэл асуусан. Харин би “Батыг Алимхан үхүүлсэн шүү дээ” гэж хошигнон хариулдаг байлаа. Анх МҮОНТ “Тусгай салаа” гэж кино хийхэд цэргийн албанаас зугтдаг залуус цэрэгт явъя гэдэг болсон. Харин “Босго тотго” гарснаар “Цэрэгт явах уу?”, “Явъя”, “Хаашаа?”, “Хилийн цэрэгт” гэж хариулдаг боллоо. Тиймээс киноныхоо нийт уран бүтээлчдээр, кинонд тоглосон хилчдээр бахархаж байна шүү” гэж хэлсэн юм.
 
 
Үнэхээр хоёр сарын хугацаанд кино үргэлжлэхдээ хилчдийг, ард түмнийг догдлуулж, дараагийн ангид ямар үйл явдал өрнөх бол хэмээн хүлээлгэж чадсан. Түүхийг уран сайхны аргаар дэлгэн харуулах тийм ч амар биш болохыг энэ үеэр уран бүтээлчид илэрхийлж байлаа. Харин эрхэм зочид хилчдийн түүхийг гуйвуулалгүйгээр үнэн бодитоор нь харуулахыг чармайсан гэдгээ мөн ярив. “Босго тотго” киноны анхны зураг авалт Булан дэрсний хилийн харуулд эхэлснээс хойш өнөөдрийн Хил хамгаалах алба үүсэх хүртэл киноны бүхий л зураг авалтад хилчид чадлаараа оролцсон. Тэр дундаа киноны арын албаны сайн муу бүхий л ажлыг жил хагасын хугацаанд хийлцэж явсан ХХЕГ-ын СЗССХ-ийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа М.Баатарсүрэн, Улсын хил судлалын секторын эрхлэгч, хурандаа Ж.Өвгөнбүргэд нарт өнөөдөр бид талархах нь зүйн хэрэг биз ээ. Уулзалт ярилцлагын үеэр кино зохиолыг бичсэн Төрийн соёрхолт, зохиолч Д.Норов, “Би хоёр жилийн хугацаанд хилийн албанд зүрх сэтгэлээрээ зүтгэлээ. Энэ бүх цаг хугацаанд хилчид надтай хамт байсан. Та бүхний түүхийг уран сайхны аргаар харуулах нь амаргүй даваа байсан шүү. Гэхдээ өнөөдөр зорьсон ажлынхаа ард гараад зогсч байхад сайхан байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр хилчдэд энэ сайхан баярын өдөр гэнэтийн бэлэгтэй ирснээ задаллаа. Зохиолч “Босго тотго” түүхэн роман өлгийдөн, түүнийхээ дээж болох 10 ширхэг номыг хэвлэх үйлдвэрээс урьдчилан авчруулжээ. Дээжийн хамгийн анхны эх хувийг киноны түүхийн зөвлөх, бэлтгэл хурандаа Г.Хүүжийд дурсгал болгон барив.  Мөн ХХЕГ-ын дарга, бригадын генерал Ш.Лхачинжавт номын дээжээс энэ үеэр гардуулан өгсөн юм. Бэлэгтэй, дурсамжтай уран бүтээлийн хойморт киноны аялгуут уран бүтээлүүд эгшиглэн удтал саатсаны эцэст хүсэн хүлээсэн мөч ирлээ. Хилчид, уран бүтээлчдийн хамтаар киноныхоо төгсгөлийн ангийг шимтэн үзэв. “Сайхан бүтээл болжээ” гэж хүн бүр сэтгэлдээ догдлол тээсэн нь илт. 
 
 
Тиймдээ ч киноны төгсгөлийн анги дуусмагц соёлын төвд цугласан хилчид уран бүтээлчиддээ өөрийн эрхгүй босч, алга ташиж, хүндэтгэл үзүүлсэн юм. Бид, тэдний хамтаар энэхүү нүсэр их ажлын ард гарч чадлаа. Хилчдээр овоглогдох олон ангит кинотой боллоо. Баярлахгүй байхын аргагүй. Мөн хийсэн бүтээсэн уран бүтээлчдээрээ бахархахгүй байхын аргагүй юм. Үүний дараа ХХЕГ-ын дарга болон Даргын зөвлөлийн гишүүд МҮОНТ-ийн уран бүтээлчдийг шагнаж урамшууллаа. “Онц хилчин” тэмдгээр МҮОНТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар, Төрийн соёрхолт, зохиолч Д.Норов, ерөнхий найруулагч Н.Энхтүвшин, зөвлөх найруулагч СГЗ Б.Нагнайдорж, ерөнхий зураглаач Н.Азжаргал, ерөнхий зураач Д.Батмөнх, Хилийн 0253 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Ц.Ганзориг, Б.Энхтайван нарыг шагнасан юм. “Хилийн төлөө” тэмдгээр ерөнхий продюссер Б.Ариунаа, зургийн дарга Ч.Баярлах, дууны найруулагч Ц.Гүндэгмаа нарын 13 хүнийг, “Хилчний алдар I” тэмдгээр Хилийн 0253 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Ц.Отгонбаяр, Хилийн 0164 дүгээр ангийн жолооч, ахлах ахлах М.Гантулга, Хилийн 0252 дугаар ангийн тэсэлгээчин, ахлах ахлагч С.Жанчивыг, “Хилчний алдар II” тэмдгээр Хилийн 0164 дүгээр ангийн жолооч, ахлах ахлагч Э.Батхүүг шагнасан юм. Харин ХХБ-ын “80 жилийн ойн тэмдэг”-ээр МҮОНТ-ийн Тамгын газрын дарга, О.Нарангэрэл, програмын захирал Г.Агааноров, дуучин СТА Н.Гантулга нарыг шагнасан. Үүний дараа МҮОНТ-ийн захирлын нэрэмжит шагнал хөврөв. МҮОНТ-ийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр ХХЕГ-ын дарга, бригадын генерал Ш.Лхачинжав, хошууч генерал Ц.Сэргэлэн, хурандаа Ж.Өвгөнбүргэд, дэд хурандаа М.Баатарсүрэн нарыг, МҮОНТ-ийн “Хүндэт жуух”-аар бэлтгэл хурандаа Г.Хүүжий, ахлах ахлагч Б.Энхтайван, Ц.Ганзориг, Ц.Отгонбаяр, Э.Батхүү, М.Гантулга, С.Жанчив нарыг шагналаа. Ийнхүү сэтгэл догдлол, алга ташилт, шагнал дунд хилчид киногоо өндөрлүүлэв. Мөн энэ үеэр МҮОНТ-ийн захирал М.Наранбаатар ХХЕГ-ын даргад киноны эх хувийг нь гардуулан өгсөн юм. Ингээд киноны уран бүтээлчдийн дурсамж яриа, сэтгэгдлийг тоймлон хүргэж байна.
 
 
Ерөнхий найруулагч Н.Энхтүвшин:
-Би хоёр жил гаруйн хугацаанд Монгол Улсынхаа хилийг бараг бүтэн тойрлоо. Кино зураг авалтын хугацаанд хамт байсан хилчиддээ баярлалаа. Та бүхний дэмжлэггүйгээр энэ кино бүтэхгүй байсан биз ээ. Тиймээс нийт хилчдийнхээ хил хамгаалах ариун үйлст өндөр амжилт хүсье.
Хөгжмийн зохиолч, дэд хурандаа Т.Сэр-Од:
-Би 2012 оны долдугаар сарын 20-нд энэ киноны хөгжмийн зохиолчоор ажиллах саналыг хүлээн авч байлаа. Тэгээд киноны бүх ангийн зохиолыг хэдэнтээ уншиж үзсэн. Уншиж байхад хилчдийн амьдрал, алба, гавъяа, тэмцэл сэтгэлд нэг л дотно санагдаж билээ. Ингээд арванхоёрдугаар сарын 8-нд Байтагийн заставын натурт очиж хэд хоносон. Тэр бүх үйл явдлаас надад мэдрэгдсэн аялгууг бүтээсэн. Нийт хилчиддээ киноныхоо төгсгөлийн ангийг хүртэл хамт байсанд баярлалаа гэж хэлье. Монголын хилчдийн яруу алдар үүрд мандан бадраг.
Зөвлөх найруулагч, СГЗ Б.Нагнайдорж:
-Би энэ киног хийснээр өөрийгөө хилчин болсон гэж боддог. Одоо хилчдийнхээ гарын хоолыг, тэднийгээ маш их санаж байна. Бид маш том ялалт байгуулсан. Монгол Улс хэрхэн тусгаар тогтнолыг олж авсныг кино дуусахад үзэгчид маань ойлгосон биз ээ. Тиймээс нийт үзэгч олныхоо өмнөөс хилчиддээ энэ газар нутгийг хамгаалж, тэмцэж ирсэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Зураг авалтаар явж байхдаа бид кино хэрхэн бүтдэг вэ гэдгийг харуулсан баримтат кино хийсэн. Үүнийгээ удахгүй дэлгэцээр үзүүлнэ. Тэрхүү баримтат киноноос хэн ямар үүрэг гүйцэтгэсэн, хэн бид бүхэнд сэтгэлийн дэм өгсөн гэдэг нь харагдах болно. “Босго тотго” киног бүтэхэд ХХБ маш их туслалцаа үзүүлснийг онцлон хэлэх хэрэгтэй байх. Тэр дундаа киноны түүхийн зөвлөх, бэлтгэл хурандаа Г.Хүүжий ах байгаагүй бол хилийн цэргийн түүхэнд ийм кино үлдэхгүй байсан гэдгийг онцолж хэлмээр байна.
Продюссер Б.Ариунаа:
-Уран бүтээлчид маань жил хагасын хугацаанд хээр хөдөөгүүр зурганд явсан. Телевизийн түүхэнд ийм урт хугацаанд хийсэн натур зураг авалт байдаггүй. Энэ кино Монголын хилчдийн халуун дулаан сэтгэл, дэмжлэгээр бүтсэн. Тиймээс хилчиддээ баярлалаа.

“Босго Тотго” буюу жаргах ёсгүй түүхийн өмнөтгөл ба үргэлжлэл  
Үзсэн: 2863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй