
“MNB энэ сард” сонин оны эцэст МҮОНРТ-ийн “Оны онцлох үйл явдал”-ыг нийтэлдэг билээ. Уламжлал ёсоор 2013 оны онцлох үйл явдлыг МҮОНР, МҮОНТ, ММ агентлагийн санал дээр үндэслэн Олон нийтийн мэдээлэл судалгааны төв нэрлэж байна.
1. МҮОНТ-ийн нэвтрүүлэг дамжуулах төвд техникийн бүрэн шинэчлэл хийв
МҮОНТ-ийн 150, 600 студи, удирдлагын төв аппарат тоон системд шилжиж шинэчлэгдлээ. Удирдлагын төв аппарат шинэчлэгдсэнээр сувгийн тоогоо нэмэх боломжтой боллоо.
2. Радиогийн архивыг тоон технологид шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэв
МҮОНР нь 2013 онд радиогийн архивыг тоон технологид шилжүүлэх ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгээд байна. Энэ томоохон хэмжээний техникийн шинэчлэл нь үндсэн 3 хэсгээс бүтнэ.
- Соронзон хальсыг шалгаж хуулах төхөөрөмж /Ingest system - Австри улсын NOA компаний бүтээгдэхүүн/
- РӨН-ийн цогц программ хангамж /Radio Assist - Франц улсын NETIA компаний бүтээгдэхүүн/
- Файл болгосон архивын материалыг хадгалах оптик хальсны төхөөрөмж /LTO tape library - DELL брендийн бүтээгдэхүүн/
Уг ажлыг хийж гүйцэтгэснээр тоон РӨН-ийн технологийн горимын дагуу нэвтрүүлгийг бэлтгэн дамжуулах үйл ажиллагааг хөнгөвчлөх, дууны файлын нууцлалыг сайжруулах, хадгалалтын хугацааг уртасгах, ажиллагааны явцад хяналт тавих боломжтой болж байна.
3. Ажилтан албан хаагчдын орон сууцыг ашиглалтанд оруулав
Ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж төмөр бетон бүрэн цутгамал, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй 12 давхар 120 айлын орон сууцыг ашиглалтанд оруулав.
4. МҮОНРТ-ийн цахим хуудас www.mnb.mn нээгдэв
Олон нийтэд МҮОНР, МҮОНТ, ММ агентлагийн мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгүүдийг түгээхийн зэрэгцээ өөрийн редакцийн хүчин чадал дээр тулгуурлан цаг үеийн, шуурхай, үнэн бодитой, хүртээмжтэй мэдээллүүдийг бэлтгэн хүргэхээр зорин ажиллаж MNB.mn сайт албан ёсоор нээгдсэнээс хойш 1 улирлыг ардаа орхиж байна. Тус сайт өдөрт цаг үе үйл явдлын болон бусад төрлийн 80-100 мэдээ мэдээллийг олон нийтэд түгээдэг бөгөөд өдрийн дундаж хандалт 7000-8000, хуудасны эргэлтийн хандалт нь 9000-12000, долоо хоногийн дундаж хандалт нь 145000 орчим болоод байна.
5. Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг 4 цэгээс шууд дамжуулав
МҮОНТ Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярыг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Их эзэн Чингис хааны талбай, Студи 600 гэсэн 4 цэгээс анх удаа орон даяар шууд дамжуулав.
6. Радиогийн сонсогдолт, телевизийн гаралтын талаар хэмжилт хийв
МҮОНРТ-ийн нэвтрүүлгийн гаралт хэр байгааг бодитой тогтоох зорилгоор Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий зэрэг аймгуудад холбогдох хэмжилт шалгалтыг хийж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нэвтрүүлгийн гаралтын асуудал зохих хэмжээгээр дээшилсэн байна.
7. “Босго тотго” түүхэн баримтат уран сайхны 60 ангит кино үзэгчдийн хүртээл болов
МҮОНТ, Хил хамгаалах ерөнхий газар хамтран бүтээсэн телевизийн 60 ангит “Босго, Тотго” уран сайхны кино нээлтээ хийж үзэгчдийн хүртээл боллоо. Киног бүтээхэд нийт 1000 гаруй хүн нэг жил зургаан сар ажилласан байна. Кино зохиолыг Төрийн соёрхолт зохиолч Д.Норов бичиж, найруулагчаар СТА Н.Энхтүвшин ажиллажээ.
8. "Цэнхэр хаяа" баримтат кино
ММ агентлаг Хил Хамгаалах Ерөнхий газартай хамтарсан "Эрэл" төслийн хүрээнд "Цэнхэр хаяа" түүхэн баримтат киног бүтээж өнгөрсөн есдүгээр сард Хил хамгаалах байгууллага үүссэний 80 жилийн ойгоор “Тэнгис” кино театрт нээлтээ хийж мөн МҮОНТ-ээр олон нийтэд хүргэлээ. "Цэнхэр хаяа" түүхэн баримтат киноны зураглаач, найруулагчаар Ч.Батгэрэл, ерөнхий редактороор Ц.Цэрэнжав ажилласан юм.
9. “Хүсээгүй бас хүсэхгүй 2...” баримтат кино
“Хүсээгүй бас хүсэхгүй 2...” нэртэй баримтат киног бүтээлээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэж эрх нь зөрчигдөж байгаа хүүхэд эмэгтэйчүүдийг хуулиар хамгаалах шаардлагатай болсныг харуулах зорилгоор баримтат киноны 2-р ангийг бүтээж эфирээр цацлаа. Найруулагч Н.Чингис, редактор Х.Эрдэнэбулган нар ажилласан.
10. МҮОНРТ-ийн 2009-2013 оны дунд хугацааны стратегийн төлөвлөгөө
МҮОНРТ нь “Олон нийтийн радио телевизийн тухай” Монгол улсын хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш анх удаа байгууллагынхаа стратегийн үзэл баримтлалыг боловсруулан Үндэсний зөвлөлийн 2007 оны 28 тоот тогтоолоор батлуулсан билээ. Үүнд үндэслэн 2009-2013 онд хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийн төлөвлөгөөг боловсруулан удирдлага, хамт олны төлөөллийг хамруулсан хэд хэдэн удаагийн уулзалт хэлэлцүүлгийг хийсний үндсэн дээр Үндэсний зөвлөлийн 2009 оны 11 тоот тогтоолоор батлуулсан болно. Энэхүү дунд хугацааны төлөвлөгөөнд “Хараат бус хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэн, олон нийтэд хүртээмжтэй хөтөлбөрийн бодлого боловсруулж, орчин үеийн техник технологиор бэлтгэсэн чанартай нэвтрүүлгийг үзэгч сонсогчдод хүргэнэ”, “Санхүүгийн тогтвортой орчинг бүрдүүлж баталгаажуулна”, “Ажиллах таатай орчинг бүрдүүлж, бүтээлч мэргэшсэн ажилтнуудтай байна” гэсэн стратегийн үндсэн 3 том зорилго дэвшүүлэн түүндээ хүрэх 9 зорилтыг тодорхойлсон болно. Энэхүү зорилго, зорилтын хүрээнд салбар нэгжүүдийн төлөвлөгөөний чиглэлийг мөн боловсруулан хэрэгжүүллээ. Ийнхүү МҮОНРТ-ийн анх удаа боловсруулан хэрэгжүүлж буй стратегийн төлөвлөгөө энэ онд дуусгавар болж түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх мөн дараагийн дунд хугацааны стратегийн төлөвлөгөөг боловсруулах ажил хийгдэж байна. Өөрөөр хэлбэл бид өнгөрөгч 5 жилийн хугацаанд хамтдаа хийж бүтээсэн ажлаа дүгнэх, байгууллагынхаа дараагийн дунд хугацааны хөгжлийн дүр зургийг хамтдаа тодорхойлох түүхэн чухал ач холбогдолтой цаг үе бидний өмнө ирээд байна.
11. МҮОНРТ-ийн бүтээл нь оюуны өмчийн хувьд баталгаажив
МҮОНРТ-ийн уран бүтээлийн оюуны үнэ цэнийг баталгаажуулах зорилгоор нэвтрүүлгүүдээ оюуны өмчийн газарт бүртгүүлж байгууллагын нэр дээр батламж, гэрчилгээг авах ажлыг эхлүүлээ.
МҮОНРТ-ийн 2013 оны онцлох үйл явдал | ||
Үзсэн: 2326 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.