Шууд Chart

Б.БАЯРСАЙХАН: Өгүүллэгийн уран уншлага учир эрхэмсэг газар хийе гэж бодсон

2014-01-10 14:52:52

-Юун түрүүнд МЗЭ-ийн 85 жилийн ойн баярыг танд хүргэе. Баярын ойн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

 -Баярлалаа. МЗЭ 85 жилийн ойгоо энэ өдрүүдэд хийж байна. 1929 оны нэгдүгээр сарын 09-ны энэ л өдөр МЗЭ үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байжээ. Шинэ үеийн утга зохиолын суурийг тавилцсан, үүсгэн байгуулагч Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарыг Монголын үе үеийн зохиолч, яруу найрагч, судлаач нар энэ өдрүүдэд нэхэн санаж, дурсаж, хүндэтгэл илэрхийлж байна. Харин ийм сайхан ойн баярын өдрүүдэд миний өөрийн уран бүтээлийн тоглолт болж байгаа нь билэг дэмбэрэлтэй сайхан явдал болж байна. 
 
-Гэнэт л тоглолтоо хийх болчихсон. Бэлтгэл ажлын тухайд?
 
-Өнгөрсөн оны 11 дүгээр сарын дундуур УДБЭТ-тай гэрээ хийсэн. Үндсэндээ хоёр сарын хугацаа зарцууллаа. Эхний үед  чимхлүүр ажлуудаа бэлтгэж, сүүлийн 20 хоногт эрчимтэй  шаргуу бэлтгэж эхэлсэн дээ. Ер нь тоглолтоо анхаасаа он гаргаад хийе гэж бодсон. Гэтэл хувь заяаны тохиолоор МЗЭ-ийн ойн баяртай давхцаж байгаад олзуурхан баярлаж сууна даа.
 
-Таны энэ тоглолт шинэ оны анхны тоглолтын нэг.  Агуулгыг нь товчхон илэрхийлээч?
 
-Би 2007 оноос хүүрнэл зохиол бичиж эхэлсэн бөгөөд 2008 оноос эрчимжиж эхэлсэн. “Хүн загасны цөөрөм”  тууж, өгүүллэгийн номоо 2008 онд гаргаж, “Өлөгчин” тэргүүт, өгүүллэгийн номыг 2009 онд бичсэн. Түүнээс хойш дөрвөн жил ном гаргалгүй явж байгаад 2013 онд “Тэнгэрийн санаа” өгүүллэгийн түүвэр гаргалаа. Энэ зохиол маань хүүрнэл, богино өгүүллэгийн “Алтан Өд” дээд шагналыг авсан. Тэгэхээр энэ тоглолт бол номын минь баяр байгаа юм. Номынхоо баярыг далайцтай хөрөнгө зарж  хийж байсангүй. Энэ ч утгаараа миний хувьд анхны минь тоглолт, анхны минь номын баяр болж байна. Бас  “Алтан Өд” шагналыг мялаалга гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл “Тэнгэрийн санаа” тоглолтод ямар нэгэн дуу дуулагдах, мялаалгын шүлэг унших, хэн нэгэн яруу найрагч гарч ирэн Бидэрийн Баярсайханы дуртгал, дурсамж ярихгүй. Номын баяр гэдэг утгаар нь номонд орсон таван өгүүллэгийг маань уран уншигчид үзэгчдэд хүргэнэ.
 
-Уран бүтээлийн тайлал тоглолтоос манай уран бүтээлчид ашиг олох зорилго байдаг шүү дээ?
 
-Миний хувьд бол үгүй юм.  Би тоглолтоо шоу, мөнгө олох гэсэн хэлбэр гэж харахгүй байгаа. Тэгээд ч УДБЭТ-ын ашигтай суудал 300 байдаг бол урилгын суудал 100, бельтажны суудал 100 байдаг учраас гарсан зардлаа л нөхнө.  Хамгийн гол нь “номын баяр” гэдэг тэрхүү чиг шугам нь нэн чухал юм. Өгүүллэгийн уран уншлага учраас  эрхэмсэг газар хийе, орж ирж буй үзэгч бүхэн УДБЭТ-ын хаалгаар орж ирэх үеэсээ сэтгэл нь өндөр байгаасай, хамгийн хойно мухарт сууж байгаа үзэгч  гэсэн шимтэн сонсоосой гэж бодсон. Хэрвээ ашиг орлого бодсон бол дундуур нь дуу,  мялаалгын шүлэг оруулаад Бөхийн өргөө,  UB Palace-д хийх байлаа.
 
-Тоглолтын найруулагчаар хэн ажиллаж байна вэ?
 
-УДБЭТ-ын  тайзны найруулагч, ерөнхий зураач нар миний тоглолтод оролцож байгаа. Ер нь бүхий л найруулгыг гардан хийж байгаа хүн бол МҮОНР-ийн Р3 радиогийн ерөнхий редактор, найруулагч Д.Батбаяр. Бид олон уран бүтээл дээр хамтарч ажилласан хүмүүс.  CD-ний эх бэлтгэх, радиогийн жүжиг хийх гээд л. Бие биенийхээ санааг маш сайн ойлгож ажилладаг. Манай Д.Батбаяр өөрөө их уйгагүй хөдөлмөрч, байнга шинийг эрэлхийлж, хайж байдаг, аливаа ажилд бүтээлч ханддаг уран бүтээлч л дээ.
 
-Энэ жил МҮОНР-ийн 80 жилийн ойн баяр тохиож байна. Тэр ч утгаараа та оны эхэнд өөрийн уран бүтээлээрээ ойн баярт “номон хадаг” барьлаа шүү дээ?
 
-Тиймээ, энэ жил МҮОНР-гийн 80 жилийн ойн баяр тохиож байна. Өөрөөр хэлбэл МҮОНР-ийн 80 жилийн ойн баярын хүрээнд миний радиод ажилласан 20 жилийн ажлын маань тайлан ч гэж бас хэлж болох л юм. Мөн “бэлэг” гэж хүлээж аваарай.
-Танд баярлалаа. Амжилт хүсье.

Б.БАЯРСАЙХАН: Өгүүллэгийн уран уншлага учир эрхэмсэг газар хийе гэж бодсон  
Үзсэн: 2157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Bold Adiyasuren [70.194.64.xxx] 2014-01-11 03:57
Bayar hurgii Bayaraa Uran buteeliin olj omog duuren baih boltugai

Бидэнтэй нэгдээрэй