Шууд Chart

Грек: Гал түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ

2021-08-11 11:52:37

Эгийн тэнгисийн Грек аралд их хэмжээний газар нутаг хамарсан ой хээрийн түймэр дэгдэж байгаагаас үүдэн тус бүс нутгийн олон мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Өнгөрсөн даваа гарагийн байдлаар далайн эргийн хамгаалалтынхан Эвиа арлын 2000гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ.

Грекийн хоёр дахь том арал Эвиа-д асаж байгаа түймэр Грек улсад сүүлийн 7 хоногийн турш асаж байгаа түймрийн зөвхөн нэг нь бөгөөд түймрийн улмаас Грект хоёр хүн амь насаа алджээ. Эвиа арлын түймэрт гэхэд олон зуун айл өрхийн орон гэр, байшин барилга, бизнесийн байгууллагууд сүйдээд байна.

Түймрийг унтраахад Грекийн онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүнээс гадна сайн дурынхан оролцож байна. Грекийн хөрш орнууд ой хээрийн түймэр унтраахад гал сөнөөгчид, ус асгах тоноглол бүхий нисдэг тэргээ илгээж, хамтран ажиллаж байгаа ч сүүлийн өдрүүдэд салхины хурд нэмэгдэж, гал түймэр улам эрчээ авчээ.

Сүүлийн 30 жилд Грекийн нутагт тохиогоогүй хэт халалт болсноос энэ жил ой хээрийн түймэр дэгдэж байна. Грект агаарын хэм сүүлийн өдрүүдэд цельсийн 45 хэм хүрч халж байгаа аж. Энэ үеэр Грекийн ерөнхий сайд гал түймрийг богино хугацаанд унтрааж дийлэхгүй байгаадаа уучлалт гуйж, байгалийн энэ гамшигт өртөж, хохирсон иргэн бүр, аж ахуй нэгж бүрдээ нөхөн олговор олгохоо амлажээ.

Мөн Грекийн Засгийн газар гал түймрийг унтраасныхаа дараа богино хугацаанд ойн бүсээ моджуулах, галд сүйдсэн тосгон сууринг сэргээн босгоно гэж амлаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Грек: Гал түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ   
Үзсэн: 1714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй